Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 1188

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

     2020        06         26                                  2020/ШЦТ/1188

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Б.Уранцэцэг,   

нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

хохирогч Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Ю.Х, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Юийн Хт холбогдох эрүүгийн 2006 00000 1355 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ю.Х нь 2020 05 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хоррооны нутаг дэвсгэрт 05-1304 тоотод иргэн Б.Эрдэнэбаатарын дух, толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/         

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ю.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00000 1355 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Ю.Х нь иргэн Б.Эрдэнэбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

“Би эхнэрийн дүү Даваасүрэнгийн гэрт ирээд байж байх үед гаднаас 40-45 орчим насны эрэгтэй хүн орж ирээд Даваасүрэнгийн нөхөр Лхагвасүрэнгээс архи нэхээд байсан ба Лхагвасүрэн тэр хүнд мөнгө байхгүй талаараа хэлэхэд өөдөөс нь хэл амаар доромжилсон ба манай эхнэрийн дүү Даваасүрэнг “эр дагасан янхан” гэж хэлээд агсараад байхаар нь би “жаахан хүүхэдтэй айлд агсам тавьлаа” гэж хэлээд гэрээс гарах гэхэд намайг үсдэж дараад байхаар нь би тэр хүнтэй ноцолдож байгаад гэрээс гаргасан. Би гэрт орж ирээд цагдаад дуудлага өгсөн юм. Гэтэл нөгөө хүн араас орж ирээд “цагдаа дууддаг овоо гар вэ” гэж хэлээд толгойн хэсэгт гараараа цохисон. Миний толгой, дагз, чихний хэсгээр хөндүүрлэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 5872 дугаартай:

Б.Эрдэнэбаатарын биед тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15/,

 

Шүүгдэгч Ю.Хын мөрдөн байцаалтад өгсөн:

“2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр эсгийн үйлдвэр дээрээ Пүрэвсүрэнтэй нэг шил архи уусан. Төрсөн эгчийн хүүхэд Лхагвасүрэн эсгий үйлдвэрт надтай хамт ажилладаг юм. Ажил тараад би Лхагавсүрэнгээс архины мөнгө нэхэхэд “надад архины мөнгө байхгүй” гэж хэлээд өгөөгүй учир маргаан эхэлсэн. Хажуу талаас Лхагавсүрэнгийн эхнэрийн ах Эрдэнэбаатар орж ирээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь Эрдэнэбаатарыг барьж аваад баруун гараараа толгойн хэсэгт 3-4 удаа цохиж, үснээс нь доош дарсан. Уг хөнгөн зэргийн гэмтлийг би хохирогчийн биед учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20, 25/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/,

-хохирлын талаарх баримт /хх-ийн 39-40/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ю.Хын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 25/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 26/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/, хувийн байдалыг тодорхойлох бусад баримт /хх-ийн 31-33/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ю.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ю.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Ю.Х нь иргэн Б.Эрдэнэбаатарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Б.Эрдэнэбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 120.000 төгрөгийг нотлох баримтаар нэхэмжилсэн ба хохирлыг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ю.Х нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Югийн Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Хыг зургаан зуун далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун далан таван мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Ю.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 675 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 675.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эртэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ