Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 00059

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                              Б.Одгэрэлийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Т.Мөнх-Эрдэнэд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017   оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2017/00119 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : Б.Одгэрэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч  Т.Мөнх-Эрдэнэд холбогдох,

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 21-6 тоот 740 мкв газар, хашааг чөлөөлүүлж, өмчлөгчөөр тогтоолгох, нотариатчийн бүртгэл хууль бус, худалдах, худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн,

 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Ө.Есүйхэй нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 1979 онд Эрдэнэт хотод төрсөн. 1999-2000 онд Эрдэнэт хотоос Улаанбаатар хотод цэргийн алба хаасан. 2000 оноос Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна. Энэ үеэс Булаг багийн 21-р гудамж 06 тоот хашаа байшин эзэнгүй байсан. Булгийн 21-06 тоот хашаа байшингийн хууль ёсны өмчлөгч нь эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000030790 тоот гэрчилгээгээр нотолж байгаа. Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 21-06 тоот хашааг чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Б.Одгэрэл нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 21 дүгээр гудамжны 06 тоотод байрлах 740 м2 газар хашааг 2005 онд өмчилж авсан. Өмчлөх эрхийн гэрчилгээгээ үл хөдлөх хөрөнгийн газраас аваагүй бөгөөд хашаа газарт айл амьдруулж байтал уг айл маань болилоо гээд явсны дараа нэг хэсэг эзэнгүй байсан. Саран гэх эмэгтэй хашаанд маань амьдарч эхэлсэн бөгөөд хөдөө хээр голдуу ажил хийж явсан учраас сахиж байг гээд орхиод явсан гэдэг. Ингээд 2015 онд хашаанд байшинд барьж эхэлснээс хойш Саран гэгч эмэгтэйг хашаа суллаж өгөхийг шаардаж эхэлсэн ба суллаж өгөхгүй байсан тул шүүхэд хандтал Мөнх-Эрдэнэ гэх хүн гарч ирсэн байдаг. Мөнх-Эрдэнэ нь худалдах худалдан авах гэрээгээр Б.Одгэрэлээс авсан  баримтыг гаргаж ирсэн ба баримтыг нотариатч Т.Долгорсүрэн үйлдсэн гэх архивын баримтыг гаргасан. Уг баримт нь Мөнх-Эрдэнэ Б.Одгэрэл нар худалдах худалдан авах гэрээ хийснийг нотлох баримт гэдэг. Гэвч Б.Одгэрэл нь өмчлөх эрхээ бусдад шилжүүлэх хэлцэл хийгээгүй өмчлөх эрхийн гэрчилгээгээ Улсын бүртгэлээс 2005 онд буюу хэлцэл хийсэн гэх үед аваагүй тул уг бүртгэл гэх баримт хууль бус болохыг тогтоож, Б.Одгэрэлтэй худалдах худалдан авах хэлцэл хийгдээгүй учир худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 21-р гудамжны 06 тоотод байрлах 740 м2 газар хашааг Б.Одгэрэл өмчлөх эрхтэй өмчлөгч болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байгаа дэмжиж оролцоно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дамдинпүрэв шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Нэхэмжлэгч Одгэрэл нь Т.Мөнх-Эрдэнэтэй харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 21 дүгээр гудамжны 06 тоотод байрлах 740 м2 талбай бүхий газар, хашааны хамт 3 000 000 төгрөгөөр худалдаад, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Т.Мөнх-Эрдэнэ нь 2005 онд Эрдэнэт хотруу 7 хоног бүр очдог ажилтай байсан бөгөөд Эрдэнэт хотод очоод байх хашаа байшин хайж байсан. Тэр үед Одгэрэл гэдэг хүнтэй зарын дагуу утсаар ярьж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 21 дүгээр гудамжны 06 тоотод байрлах 740 мкв талбайтай хашаа байшинг нь үзээд сэтгэлд нийцсэн тул 3 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож Эрдэнэт хотод уулзсан. Б.Одгэрэлтэй худалдах худалдан авах гэрээ хийж мөнгийг нь төлөөд худалдаж авсан. 2005 онд худалдсан газар, хашаагаа 10 жил эзэмшиж ашиглахгүй байсан атлаа гэнэт 2015 онд хашаанд байдаг сахиул Саранг хашаа суллаж өг гэсэн утгатай нэхэмжлэлийг шүүхэд өгсөн ба удалгүй Т.Мөнх-Эрдэнийн өмч болохыг мэдээд дахин нэхэмжлэл гаргасан. Өмчлөх эрхийг нотлох улсын бүртгэлийн гэрчилгээ Т.Мөнх-Эрдэнэд байсаар байтал ийнхүү 10 жилийн өмнө худалдсан Б.Одгэрэлд бас гэрчилгээ байгааг ойлгохгүй байсан тул Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Улсын бүртгэгчийн алдаатай үйл ажиллагаанаас болж Улсын бүртгэлийн гэрчилгээг давхардуулан олгосон нь буруу болохыг тогтоож, Б.Одгэрэлийн өмчлөх эрх дуусгавар болсоныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан юм. Ийнхүү Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 08 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 459 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03- ны өдрийн 356 дугаартай тогтоолоор тус тус Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 21 дүгээр гудамжны 06 тоотод байрлах 740 мкв талбайтай, 130102266 нэгж талбарын дугаартай газрын улсын бүртгэлийг өөрчлөн Т.Мөнх-Эрдэний нэр дээр улсын буртгэлийг бүртгэхийг даалгасан өөрчлөлт оруулж, улмаар Б.Одгэрэлийн өмчлөх эрх дуусгавар болсон. Иймээс нэхэмжлэлийн өөрчилсөн /нэмэгдсэн/ шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 119 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Т.Мөнх-Эрдэнэд холбогдох  нотариатчийн бүртгэл хууль бус, худалдах худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 21-6 тоот 740 м2 газар хашааг өмчлөх эрхтэй өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Одгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Одгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Б.Одгэрэлийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Мөнх эрдэнэд холбогдох хэрэгт нэхэмжлэгч Орхон аймаг Баян өндөр сум Булаг баг 21-06 байрлах 740м1 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөлөө бусдад хууль бусаар алдсан асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа нотлох баримтыг бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хангахаас татгалзсан. Үүнийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх боломжгүй бол ИХШХШ тухай хуулийн 38.6 зааснаар шүүх бүрдүүлнэ гэсэн зеаалтыг анхаарч үзэлгүй гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн. Дээрх өмчлөх эрхээ хууль ёсны дагуу шилжүүлсэн эсэхээ нотлох зорилгоор хийлгүүлэхийг хүссэн гарын үсгийн шинжилгээ нь хэрэгт ач холбогдолтой нотлох баримт бөгөөд өмчлөгч хууль ёсны дагуу өмчлөлийн эрх шилжсэн эсэхийг нотлох баримт болох байсан. Ялангуяа энэ хэрэгт худалдах худалдан авах гэрээ байхгүй, байх ёстой гэх эрх бүхий байгууллагуудаас гарч ирээгүй ирсэн гэх баримт нь гэрээ хийснийг бүрэн нотлоогүй байхад өмчлөх эрх хууль ёсны дагуу шилжигдсэн байна гэж дүгнэхэд дээрх гарын үсгийн шинжилгээ ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

П.Одгэрэл, Т.Мөнхэрдэнэ нар нь худалдах худалдан авах гэрээг хийсэн гэдгийг Т.Долгорсүрэн нотариатчийн 1629 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийн дэвтрээр нотлож байна гэж дүгнэсэн. Дээрх дүгнэлт хийж буй баримтад П.Одгэрэл гарын үсэг зурсан эсэхийг нотлох зорилгоор гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлт тавьсан, гэтэл тухайн хүсэлтийг хүлээж аваагүй атлаа гэрээ хийсэн байна гэж шүүх дүгнээд байгаа нь хариуцагч талын мэтгэлцэж буй үндэслэлийг нотлоход ач холбогдолтой нотлох баримт болгон үзэх үндэслэлийг шүүх өөрөө санаачилсан үндэслэл болж нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчлөө гэж үзэж байна.

Захиргааны хэргийн шүүх нь манайх гарын үсгийн шинжээчийг томилж гарын үсэг мөн эсэхийг тогтоох боломжгүй, манай харьяалалын маргаанд хамааралгүй гэж дүгнэж байсан учир иргэний хэргийг хянан шийдвэрлэх үед уг асуудлыг шийдвэрлэх хүсэлтийг гаргаж байсан Иймд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.20 ны өдрийн 119 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                                ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч  Б.Одгэрэл нь хариуцагч Т.Мөнх-Эрдэнэд холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 21-6 тоот 740 мкв газар, хашааг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага, 2017 оны 01 дүгээр сарын 04 ний өдөр нотариатчийн бүртгэл хууль бус, худалдах, худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Орхон аймгийн  Баян-Өндөр сумын Булаг багийн 21-6 тоот 740 мкв газар, хашааны өмчлөгч болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Т.Мөнх-Эрдэнэд холбогдох  нотариатчийн бүртгэл хууль бус, худалдах худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 21-6 тоот 740 мкв газар хашааг өмчлөх эрхтэй өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Одгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Одгэрэл нь Орхон аймгийн  Баян-Өндөр сумын Булаг багийн 21-6 тоот 740 мкв гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газраа өмчилж авсан болох нь Улсын бүртгэлийн 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 30723, Г-600 /2101000600/ дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогджээ.

            Нэхэмжлэгч Б.Одгэрэл нь Т.Мөнх-Эрдэнэд газраа 3.000.000 төгрөгөөр худалдсан болох нь 2005 оны 10 дугаар сарын 07 –ны өдөр Т.Мөнх-Эрдэнэтэй худалдах, худалдан авах гэрээг байгуулсан болох нь тогтоогджээ. /хх-ийн 93-94 хуудас/,   

Анхан шатны шүүхийн нотариатын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан бусад баримт бичиг гэдэгт нотариатч Т.Долгорсүрэнгийн бүртгэлийн дэвтэр нь хамааралтай байх бөгөөд түүнийг нотариатын баримт гэж ойлгож болно. Мөн хуулийн 26.1-д нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ. 26.3-т үйлчлүүлэгч, нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, бусад оролцогч нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурна. 26.4-т нотариатын үйлдэл хийсэн баримт бичигт дарсан баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар нь тухайн бүртгэлийн дугаартай ижил байна гэсэн нь зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг, уг гэрээ 1629 дугаартай байсан болохыг тус тус нотолж байна.

Аливаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ уг хөрөнгө, эрх нь тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нотлох эрхийн баримт бичгийг үндэслэл болгохоор Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7-д заасан байх тул эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Одгэрэл нь 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан байх үндэслэлтэй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар, 4.2-т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, мөн хуулийн 19.1.1-д үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих, 24.3-т өмчлөх эрх шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг эрхээ шилжүүлж байгаа болон шилжүүлэн авч байгаа этгээдийн аль нь ч гаргах эрхтэй байхаар зохицуулсан байна.

Б.Одгэрэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэсэн шалтгаанаар эгч Б.Түмэнжаргал хүлээн авсан болохоо Захиргааны хэргийн шүүхийн үзлэгийн явцад  зөвшөөрдөг ба хэрэгт цугларсан нотлох баримтаас ирүүлсэн баримтаас үзвэл 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 30723 Г-600 /2101000600/ гэрчилгээг Б.Одгэрэлд олгосон, 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 2005 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 30790 Г-2101000758 гэрчилгээг Б.Түмэнжаргалд олгосон болох нь зохигчдын тайлбар, үзлэгийн тэмдэглэл, Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий болсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байх бөгөөд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 08 дугаартай шийдвэрээр болон Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн магадлал, Улсын Дээд Шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 356 дугаартай тогтоолоор Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 21 дүгээр гудамжны 06 тоотод байрлах 740 м2 талбай бүхий газрын өмчлөх эрхийг Б.Одгэрэлээс Т.Мөнх-Эрдэнэд шилжүүлснийг бүртгээгүй Орхон аймгийн Улсын бүртгэл статистикийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газрын өмчлөх эрхийн Г-2101000758 дугаартай улсын бүртгэлд Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24.8-д заасан журмын дагуу зохих өөрчлөлт хийхийг Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт даалгасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар өмчлөгч Б.Одгэрэлийн эрх хэлцлийн үндсэн дээр Т.Мөнх-Эрдэнэд шилжиж, Б.Одгэрэлийн газар өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг зөв хянан шийдвэрлэжээ.

2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат нь Т.Долгорсүрэн нотариатчийн 1629 тоот бүртгэлийн 59,60 дугаарт авагдсан гэх бүртгэл дээрх Буурайхүүгийн Одгэрэл гэх бичвэрийн эгнээнд зурагдсан гарын үсэг Б.Одгэрэл биш гэж мэтгэлцдэг бөгөөд түүний гарын үсэг мөн эсэх талаарх шинжээчийн дүгнэлтийг гаргуулах хүсэлтэй байна.Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж өгсөн гэрчилгээ хүлээлгэн өгсөн гэх баримтад байгаа Одгэрэл гэх бичвэр бүхий гарын үсэг Б.Одгэрэлийн гарын үсэг мөн эсэхийг шинжээч томилж дүнэлт гаргуулах хүсэлтэй байна гэжээ. /хх-ийн 96 дугаар хуудас/,

2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүгчийн захирамжаар дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна./хх-ийн 97-99 дүгээр хуудас/,

            2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 119 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат нь дээрх хүсэлтийг шүүх хуралдаан эхлэхэд гаргасан ба хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 130 дугаар хуудас /,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т зааснаар шүүгч дээрх хүсэлтүүдийг хянан шийдвэрлэсэн байх ба  шүүх хуралдааны явцад дээрх хүсэлтийг мөн хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь энэ хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан үндэслэлийн дагуу хийгдсэн ажиллагаа байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдлын хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Одгэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 142/ШШ2017/00119 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Б.Одгэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

                                                  

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧИД                                                    С.УРАНЧИМЭГ

                                                                                                 Б.БАТТӨР