Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2021/0701

 

 

 

 

 

 

 

Ч.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа, нэхэмжлэгч Ч.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 680 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Ч.О-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон тус газрын Ёс зүйн зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 680 дугаар шийдвэрээр: “...Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 40 дүгээр зүйлийн 40.2, 48 дугаар зүйлийн 48.1 хэсэг, 51 дүгээр зүйлийн 51.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.О-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04/01 дүгээр тогтоол болон түүнийг үндэслэн 2019 оны 04 дүгээр улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг олгохгүй хассан үйл ажиллагааг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 1 хүртэл сарын хугацаагаар түдгэлзүүлж”,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий 04/01 дүгээр тогтоол болон мөнгөн урамшууллыг хассан үйл ажиллагаа хүчингүй болох болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгоно” гэж заасан.

Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04/01 дүгээр тогтоол нь хууль бус бүрэлдэхүүнтэй буюу хуралд ороогүй хүн гарын үсэг зурснаараа л тухайн тогтоол хууль бус, алдаатай болсон. Үүнийг анхан шатны шүүх ч хүлээн зөвшөөрсөн. Нэгэнт хууль бус тогтоол тул түүний улмаас нэхэмжлэгчийг хийгээгүй хэргийг хийсэн болгож, нотлох баримтгүйгээр буруутгаж, бараа материал хувьдаа авсан, авахаар завдсан гэж хүнийг гүтгэж, улмаар сануулах арга хэмжээ авсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул уг маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгох бүрэн боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчаар дахин акт гаргуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хоёр. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.2.а, 3.1.4.6-д заасныг зөрчсөн гэж буруутгасан. Гэвч буруутгасан зүйлээ хариуцагч нотолж чадаагүй. Тухайлбал барааг зөөсөн үйлдэл өөрөө ёс зүйн болон хууль зөрчсөн, хууль бус үйлдэл биш. Нэгэнт Мэргэжлийн хяналтын улсын байцаагч хяналтад байгаа болон хяналтаас гарсан барааг барьж үзэх, хянах шалгах бүрэн эрхтэй. Харин уг барааг хувьдаа завшиж авсан, авахаар завдсан гэж буруутгаж байгаа бол үүнийгээ хариуцагч бүрэн нотлох үүрэгтэй.

Гэвч нэхэмжлэгч уг бараа авсан, авахаар завдсан болон бусдын барааг ийнхүү авах, авснаар хэн нэгэн хохирох, гомдол санал гаргах, хариуцагч уг үйлдлийг нотлох бичлэг байгаа гэдэг боловч уг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Иймд Ч.О нь ямар үйлдэл гаргасны улмаас ёс зүйн зөрчил гаргасан эсэх нь тогтоогдоогүй, гэрч болон тухайн бараа, бүтээгдэхүүний эзэн холбогдогч зарим хүмүүсийн тайлбараар нэхэмжлэгч бусдын барааг авсан, авахаар завдсан зүйл тогтоогдоогүй болно. Нэгэнт ийнхүү тогтоогдоогүй тул анхан шатны шүүх үүнийг хариуцагчаар заавал дахин нотлуулах шаардлагагүй гэж үзэж байна.

Хариуцагч нотлох баримтаа гаргах, нотлох үүрэгтэй боловч ийнхүү нотлоогүй бол шүүхийг буруутгах үндэслэлгүй байна. Энэ талаар гэрчийн хяналт шалгалтын хуудаст бүрдүүлсэн баримт болон шүүх хуралдаанд түүний хариулсан хариултаас тодорхой харагдана.

Гурав. Хариуцагч өөрийн хяналтад байгаа барааг зөөсөн гэж буруутгасан боловч уг бараа нь Ч.О байцаагчийн хянасан бараа нь тухайн үед хяналтаас чөлөөлсний дараа буюу маргааш нь /2019 оны 06 дугаар сарын 04-ний/ өдөр нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй болно. Мөн дотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтсийн Ч.О-ийг буруутгахад үндэслэсэн баримт нь эргэлзээтэй баримтууд байсан бөгөөд эргэлзээтэй болохыг ч шүүх хүлээн зөвшөөрсөн.

Иймд нэгэнт хариуцагч нэхэмжлэгчийг буруутгах, арга хэмжээ авахдаа алдаа гаргасан, түүнийг ёс зүйн зөрчил гаргасан эсэхээ нотолж чадаагүй, хууль бус тогтоол гаргаж нэхэмжлэгчид сахилгын арга хэмжээ авсан тул анхан шатны шүүхийн дахин акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү”,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн зөвлөл нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 6.1-т “Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх асуудлаар эцэслэн дүгнэж шийдвэр гаргах эрх бүхий Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын дэргэд ажиллана”, 6.2-т “Ёс зүйн зөвлөлийн гишүүдийн тоог тухайн байгууллагын төрийн албан хаагчдын тоог харгалзан 3-7 гишүүнтэй байхаар тогтоож, төрийн албан хаагчдын саналыг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан гурван жилийн хугацаагаар томилно. Зөвлөлийн ажиллах журмыг томилох эрх бүхий албан тушаалтан батална” гэж заасны дагуу тус газрын даргын 2019 оны “Ёс зүйн зөвлөл байгуулах тухай” А/13 дугаар , “Зөвлөлийн ажиллах журам”-ыг А/19 дүгээр тушаалаар тус тус баталсан.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, мөн Монгол улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 6.5 дахь хэсэгт “Ёс зүйн зөвлөлийн хуралдаанд гомдол, мэдээллийг шалгасан албан тушаалтан болон ёс зүйн зөрчилд холбогдсон албан хаагчийг биечлэн оролцуулж тайлбарыг сонсож, асуулт тавьж, хариулт авч болно” тус тус заасны дагуу Ёс зүйн зөвлөлийн 3 дугаар хуралдаанаар Ч.О байцаагчийг биечлэн оролцуулж зөвлөлийн гишүүд асуулт асууж, тайлбар авч, холбогдох саналыг сонссон.

Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Ч.О-ийн ёс зүйтэй холбоотой асуудал нь дахин хяналт шалгалт хийж нэмэлт материал гаргуулах шаардлагатай тул Дотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтэст буцаах шийдвэр гарч ёс зүйн зөвлөлийн 4 дүгээр хурлаар уг асуудлыг хэлэлцсэн нь Ч.О-ийг заавал оролцуулах үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.8-д дурдсанаар тус дүрмийн 6.З.-т “Ёс зүйн зөвлөл нь төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдол, мэдээллийг энэ дүрмийн 5 дахь хэсэгт заасны дагуу шалгаж ирүүлсэн танилцуулга, материалыг гишүүдийн ердийн олонхийн ирцтэй хуралдан хэлэлцэж, шалгалтын дүнг үндэслэлтэй гэж үзвэл зөрчлийн шинж байдлыг харгалзан, зөрчил гаргагчид энэ дүрмийн 4.2-т заасан хариуцлагыг хүлээлгэх тогтоол гаргана” гэж заасны дагуу тухайн үед эрх зүйн мэргэжилтэнг чөлөөтэй байх хугацаанд эрх зүйн мэргэжилтэн нь ажлыг түр орлон гүйцэтгэсэн буюу тус газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.1 Хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа 2 буюу түүнээс дээш хоног ирэхгүй байх тохиолдолд ажил үүргийн хуваарийн дагуу орлон ажиллах албан тушаалтанд ажлаа хүлээлгэж өгнө” гэж заасныг баримталж ажиллан тус зөвлөлийн 04 дүгээр хуралдаанд оролцсон. Газрын даргын 2019 оны А/13, А/19 дүгээр тушаалуудын дагуу Ёс зүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдсон эрх зүйн мэргэжилтэн нь албан үүргээ гүйцэтгэх болон Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хөтөлж албажуулах, тогтоолд гарын үсгээ зурж баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан нь мөн юм. Тиймээс уг үйлдэл нь хууль ёсны байдлыг үгүйсгэсэн гэх нь үндэслэлгүй байна.

Тус дүрмийн 6.7-д Ёс зүйн зөвлөлийн тогтоолыг зөрчил гаргасан албан хаагчид танилцуулна”, мөн 7.1-д Томилох эрх бүхий албан тушаалтан төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг тухайн төрийн албан хаагчийн хувийн хэрэгт тэмдэглэж, байгууллагын дотоод сүлжээнд байршуулан мэдээлнэ” тус тус заасны дагуу Ёс зүйн зөвлөлийн тогтоолыг удирдах албан тушаалтанд буюу Хэлтсийн дарга хэлтсийн шуурхай хурлаар танилцуулсан Ёс зүйн зөвлөлийн 2019, 2020, 2021 оны мэдээг тухай бүр байгууллагын цахим хуудсанд байршуулж мэдээллэн ажиллаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг нийтэд мэдэгдэх бөгөөд захиргааны актыг үйлчлэх тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд хэвшсэн журмаар нийтэд танилцуулснаас хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно.”, хуулийн тайлбарт “Хэвшсэн журмаар нийтэд танилцуулах гэж захиргааны байгууллагын албан ёсны мэдээллийн самбар, цахим хуудас, орон нутгийн болон үндэсний шинжтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг ойлгоно” гэж заасан хууль тогтоомжид нийцсэн гэж үзэж байна.

Түүнчлэн Ч.О- байцаагч Дотоод хяналт шалгалт, мониторингийн хэлтсээс шалгалт хийхээс өмнө Боса импексийн Б гэх хүнээс гомдолгүй гэх тайлбар очиж авсан нь төрийн албаны ёс зүй хууль ёсны шаардлагад нийцэхгүй байна. Мөн Б нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Дотоод хяналт шалгалт мониторингийн хэлтэст гаргасан тайлбартаа “...уг байцаагч ачаа барааг шалгах гэж 10 цагаас 13 цаг хүртэл бичиг баримт шалгаж байна, ачаа шалгуулъя гэж маргалдаж гадаа талбайд гарч ирсэн ч өө хайн хүнд суртал гарган маргалдсан. Маргалдсан үедээ хэлтсийн даргыг дуудсан. Даргыг талбай дээр ажиллаж хяналт шалгалт хийх үед тэр хавьд байсан хүмүүсээр буфет рүү бүх ачаагаа зөөж байх үед мессеж бичин дарга болон С нар нь зураг хөрөг бүх зүйлийг баримтжуулан тэр үед маргалдаан дууссан гомдолгүй гэж бичиж өгөөч гэхээр нь би бичсэн ч өнгөрсөн зүйлийн хойноос одоо хүртэл материал дээгүүр ажлын цагаар баримт цуглуулах нэртэй манай компанийн нийт оруулж ирсэн ачаа бараа бүрийг шүүн хувийн ажиллагаа хийн компанийн дотоод зүйлд оролцох гэж үзэж байна. Тиймээс гомдол хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэсэн нь хангалттай нотлох баримт гэж үзэж байна. Ч.О- байцаагч төрийн ажлыг хүнд суртал гарган төрийн алба, төрийн албан хаагчийн ёс зүйд байж боломгүй үйлдэл гаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг үндэслэсэн нь Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаал “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг баталсан байдаг. Ёс зүйн зөвлөл нь Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг тогтоож өгсөн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт нь Ёс зүйн зөвлөлийн тогтоолын хууль, эрх зүйн үндэслэлээс ялгаатай зохицуулалт юм Тиймээс тус шүүхийн шийдвэр нь хууль эрх зүйн хувьд алдаатай, үндэслэлгүй шийдвэр байна.

Ёс зүй гэдэг нь хэн нэгэн ёс зүйгүй үйлдэл хийж байвал тэрээр буруу зүйл хийж байгаа эсхүл үйл хэргийг буруу арга барилаар гүйцэтгэлээ гэсэн үг болно. Төрийн албан хаагч нь тулгарах ёс зүйн асуудалд бэлэн байх, түүнийг үүсгэгч нөхцөл байдлаас зайлсхийх, тэдгээрийг шийдэх чадвартай байх хэрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч Ч.О нь гүний гаалийн хяналтын талбайд хяналт шалгалт хийхдээ өөрийн хяналтад байсан бараа бүтээгдэхүүнийг ямар ч лац тэмдэггүй, тэмдэглэл үйлдэлгүй, битүүмжлэлгүй адилхан нөхцөлтэй өрөө рүү зөөсөн нь зөвлөлийн хурлын 3 дугаар хурлаар нотлогдож байгаа бөгөөд улсын байцаагчийн хяналтад байгаагаас үл хамааран тухайн байцаагчийн зөөсөн үйлдэл нь өөрөө ёс зүйн асуудлыг хөндөж байна.

Уг асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгтэй холбож үзэх нь үндэслэлгүй юм. Энэ нь төрийн албан хаагчийн сахилга хариуцлагын асуудал биш, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал юм. Тиймээс Ч.О-ийн уг үйлдэлд Монгол улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр бүлгийн 4.2.2 “Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага” гэж заасны дагуу Ч.О-д ёс зүйн сануулах тогтоол гаргасан нь үндэслэлтэй” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04/01 дүгээр тогтоолоор тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Ч.О-ийн ёс зүйтэй холбоотой гомдлыг хэлэлцээд нэхэмжлэгч Ч.О-ийг Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.1.2.а-д “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоо ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах”, 3.1.4.б-д “Төрийн албаны нэр хүндийг ямагт дээдэлж, түүнд харшлах аливаа үйлдлийг цээрлэх” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Улмаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Дотоод журам шинэчлэн батлах тухай” А/83 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3.1-д “Захиргаа дараах үүрэг хүлээж, эрх эдэлнэ”, 3.1.6-д “Улсын ахлах байцаагч, албан хаагчдын ажлын үр дүнг дүгнэж, албан тушаал дэвшүүлэх, бууруулах, шагнаж урамшуулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, бууруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх”, 9.1.6-д “Гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүнгээр А, В үнэлгээтэй үнэлэгдсэн улсын байцаагч, албан хаагчдад тухайн жилийн цалингийн сангийн хэмнэлтэд үндэслэн урамшууллыг зохих хувиар бодож олгох” гэж тус тус заасны дагуу “С” үнэлгээгээр үнэлэгдсэн Ч.О-д 2019 оны 04 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал олгоогүй байна.

Нэхэмжлэгч Ч.О-өөс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04/01 дүгээр тогтоол болон түүнийг үндэслэн үр дүнгийн урамшууллыг олгоогүй хариуцагчийн үйл ажиллагааг эс зөвшөөрч шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх “хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн зөвлөлийн зүгээс нэхэмжлэгч Ч.О-ийг ёс зүйн зөрчил гаргасан болохыг хуульд заасан журмаар, холбогдох нотлох баримтуудаар хангалттай тогтоосон гэдэгт эргэлзээтэй байгаа тул түүний ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хассан хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын үйл ажиллагааг шүүхээс шууд дүгнэх боломжгүй бөгөөд харин ёс зүйн зөрчлийг шалгах хяналт шалгалтын ажиллагааг дахин явуулсны дараа хариуцагч өөрөө хуульд нийцүүлэн шийдвэрлэх боломжтой” гэж дүгнэн хариуцагч буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн зөвлөл болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дахин шинэ акт гаргах 1 хүртэл сарын хугацаа өгч, маргаж буй 04/01 дүгээр тогтоол болон түүнийг үндэслэн Ч.О-ийн 2019 оны 04 дүгээр улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хассан үйл ажиллагааны эрх зүйн үйлчлэлийг мөн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол;”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж тус тус хуульчилжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ч.О- нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Төрийн албаны зөвлөлд маргаан бүхий актуудыг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс уг гомдлыг хянан хэлэлцээд 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01/742 дугаар албан бичгээр “Төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн асуудлаар маргаан үүсгэх, хянаж шалгах бүрэн эрхийг Төрийн албаны зөвлөл харьяалан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтгүй тул тухайн асуудлаар шүүхийн байгууллагад хандах эрхтэй ... 2019 оны 04 дүгээр улирлын мөнгөн урамшууллыг нөхөн олгуулахтай холбоотой гомдлоо хуульд заасан хугацааны дотор ирүүлээгүй тул уг гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн агуулга бүхий хариу хүргүүлсэн байна.

Тодруулбал, Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04/01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах гомдлыг харьяалан шийдвэрлээгүй, хоёр дахь шаардлага болох 2019 оны 04 дүгээр улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг нөхөн олгуулах гомдлыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр гомдлыг шийдвэрлэхээс татгалзжээ.

Нэхэмжлэгч Ч.О- нь дээрх Төрийн албаны зөвлөлийн хариу албан бичгээс хойш 62 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан, мөн Төрийн албаны зөвлөлөөс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр Ч.О-ийн гомдлыг шийдвэрлэхээс татгалзсан асуудлыг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг шалгалгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу Ч.О-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон тус газрын Ёс зүйн зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04/01 дүгээр тогтоол болон түүнийг үндэслэн 2019 оны 04 дүгээр улирлын үр дүнгийн мөнгөн урамшуулал болох 770,380 төгрөгийг олгоогүйг нөхөж олгуулахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт даалгах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.8-д зааснаар нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 680 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.8-д заасныг баримтлан Ч.О-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон тус газрын Ёс зүйн зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04/01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Ёс зүйн зөвлөлийн 04/01 дүгээр тогтоолыг үндэслэн 2019 оны 04 дүгээр улирлын үр дүнгийн мөнгөн урамшуулал болох 770,380 төгрөгийг олгоогүйг нөхөж олгуулахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР 

ШҮҮГЧ                                                                Г.БИЛГҮҮН 

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ