Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/00947

 

“М” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/02154 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 428 дугаар магадлалтай

“М” ХК-ийн нэхэмжлэлтэй

Ө.С-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Ө.С-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндаваа, хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанийн борлуулалтын менежер Д.Оюунаа нь Хүчит шонхор захын махны худалдагч Ө.С-д 6957,1 кг х 5500 төгрөг буюу 38 264 200 төгрөгийн хонины мах хүлээлгэн өгсөн боловч Ө.С- нь хонины махны төлбөрт 32 064 200 төгрөг өгч, үлдэгдэл 6 200 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Иймд Ө.С-гаас хонины махны үлдэгдэл төлбөр 6 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Д.Оюунаагийн хар дэвтэрт надад 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мах хүлээлгэж өгсөн гээд биччихсэн байна. Дэвтэрт он байхгүй, сар өдөр л байсан. Би Д.Оюунаагийн хар дэвтрийг өмнөх падаан шиг хуурамч гэж үзэж байна. Би Д.Оюунаагаас 2013 оноос хойш мах авдаг байсан. Тухайн жил махны үнэ маш өндөрт хүрсэн учир махны үнийг барих зорилгоор хүнсний захууд дээр махны борлуулагч нар гарч, мах борлуулж байсан. Тэд 200-205 төгрөгийн зөрүү харж зориуд махны ченжүүдэд өгдөг байсан. Хамтарч ажиллаж байх хугацаандаа би тодорхой хэмжээгээр урьдчилгаа 1 500 000 төгрөг, 2 000 000 төгрөг өгдөг байсан. Урьдчилгаа мөнгө өгөхгүйгээр мах хүлээж авах боломжгүй. Д.Оюунаагийн дэвтэрт тэмдэглэгдээгүй гэх тэмдэглэлээ миний дэвтэрт бичигдсэн байгаа. Миний дэвтэрт он, сар тодорхой биш, бичигдээгүй байгаа ч гэсэн мөнгө өгсөн нь тэмдэглэгдсэн байна. Би мөнгөний хэмжээг тодорхой харуулах гэж мөнгөний тоог дардаггүй. Дугуйлаад доор нь тооцов гэж, зарим онцгой тохиолдолд нэмэлт тайлбар бичиж дугуйлаад тооцов гэж бичдэг. Д.Оюунаатай хар дэвтрээр нь тооцоо нийлж байгаагүй. Иймд Д.Оюунаагийн хар дэвтрийг зөвшөөрөхгүй байна. Намайг өвчтэй байхад буюу 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр надад мах өгсөн гээд тэмдэглэчихсэн байна. Миний хувьд өөрийн тооцооны бүртгэлийн дэвтэр дэх бичилтийг үндэслэж, 14 удаагийн нийлүүлэлтээр нийлүүлсэн махны төлбөрийг төлж дуусгасан тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/02154 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ө.С-гаас 2 543 500 /хоёр сая таван зуун дөчин гурван мянга таван зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 656 500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114 150 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ө.С-гаас 55 646 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” ХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 45 дугаар зүйлийн 45.1, 45.4-д зааснаар хариуцагч Ө.С-гаас гаргаж өгсөн бор өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтрийг хэрэгт баримтаар хавсаргаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 428 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/02154 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2 453 500” гэснийг “3 929 150” гэж, “3 656 500” гэснийг “2 270 850” гэж, 2 дахь заалтын “55 646” гэснийг “77 816” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 73 646 төгрөгийг, хариуцагч талаас төлсөн 55 700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/02154 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 428 дугаар магадлалыг эс зөвшөөрч хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна. Хариуцагч миний бие нэхэмжлэгчээс авсан махны тооцоог бүхэлд нь өгч дуусгасан бөгөөд анхан шатны шүүх хоёр дэвтэр дээр ямар байдлаар бичигдсэнийг л тулгуулсан болохоос тооцоо нийлсэн акт үйлдээгүй байхад акт үйлдсэн зөвшөөрсөн гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүх амарчлан 1.385.650 төгрөгийг нэмж гаргасан нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан хариуцагч надаас төлөх ёстой гэх төлбөр гэдэг нь өмнө нь төлөгдөж дуусаад дараагийн махны тооцоонууд нэг бүрчлэн хийгдсэн тооцоо байсан.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа зохигчдын хэрэгт авагдсан баримт нь хэн алиных нь дэвтэрт өгсөн, авсан гарын үсэг зурагдаагүй, огноо тавигдаагүй, хэн хэзээ тэмдэглэгээ бичилт хийсэн нь тодорхой бус ойлгомжгүй байхад шүүх тэдгээрийг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ ...гэсэн дүгнэлтээ анхан шатны шүүх дээр тооцоо нийлсэн акт үйлдсэн гэх дүгнэлтээр шийдвэр гаргасан нь нэг үйл баримтад хоёр дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж гаргаж өгөх үүргийг хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байхад давж заалдах шатны хэрэглэвэл зохих дээрх заалтыг хэрэглэлгүй анхан шатны шүүгчийн та хоёр дэвтэр дээр бичигдсэн он сар, махны тэмдэглэгээгээ байгаа эсэхийг хооронд нь нийлүүлээдэх гээд шүүх хуралдааны танхимаас гарч болохгүй гарвал шийтгэнэ гэх байдлаар албан хүчээр бичүүлснийг, бидний хоорондоо өгч авалцсан махны тоо хэмжээ, огноог тааруулсан бөгөөд нэхэмжлэгчийн тооцоонд манай дүүд өгсөн махны дүн бичигдэж миний тооцоонд дээрх манай дүүд өгсөн махны дүн хасагдаж бичигдсэн байсныг анхан шатны шүүх дээр нэхэмжлэгч би дүүд нь өгсөн махаа нэмээд бичсэн байна, энэ өдөр хариуцагчид мах өгөөгүй гэсэн байхад, нэхэмжлэгчийн зүгээс 15 удаа мах өгсөн гэснээс хариуцагч миний бие 13 удаа хэмээн бичсэний нэг нь манай дүү Отгоод өгсөн мах буюу надад огт өгөөгүй мах, хоёр дахийг би орхигдуулан бичсэн байсан, мөн миний бие тооцоо нийлэн зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн явцад авсан бүх махныхаа тооцоог хийсэн гэдгээ маргасаар байхад давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг мөн л зөрчсөн болох нь харагдаж байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “М” ХК нь хариуцагч Ө.С-д холбогдуулан 2015 оны 05, 06 дугаар сард нийлүүлсэн махны үлдэгдэл төлбөр 6 200 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, төлбөрийг бүрэн төлж дуусгасан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар “М” ХК-ийн борлуулагч Д.Оюунаа нь “М” ХК-ийн нөөцийн махнаас иргэн Ө.С-д нийлүүлж, үнийг дараа авахаар  тохиролцож, Ө.С- нь махыг хүлээн авч, төлбөрийг төлж байсан талаар зохигчид маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдагч гэрээний зүйлийг шилжүүлсэн бол худалдан авагчаас үнийн дүнг шаардах эрхтэй тул нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрөө шаардсан нь хууль зөрчөөгүй байна.

Зохигчид гэрээний талаар маргаагүй боловч нийлүүлсэн махны хэмжээ болон төлбөр бүрэн төлөгдсөн эсэх талаар маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2 543 500 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хариуцагчаас 3 929 150 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчиж, дан ганц зохигчдын маргаж буй 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн талуудын тооцоо нийлсэн актад үндэслэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтад нийцээгүй, магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Харин анхан шатны шүүх хариуцагчаас төлөх үлдэгдэл төлбөрийн хэмжээг 2 543 500 төгрөгөөр тогтоохдоо талуудын хооронд үйлдэгдсэн тооцоо нийлсэн акт болон зохигчдын гаргасан тооцооны дэвтэрт тулгуурлан, хүлээн авсан барааг өдөр өдрөөр тооцоо нийлж, шүүх хуралдаанд мэтгэлцсэн талуудын мэтгэлцээн, хэрэгт авагдсан баримтад үндэслэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2., 118 дугаар зүйлийн 118.4. дэх заалтад нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэстэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, төлбөрийг бүрэн төлсөн гэх тайлбараа үндэслэл бүхий баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 428 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/02154 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ө.С-гийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ө.С-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД