Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч: С.Л, түүний өмгөөлөгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000169 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гуталчин, ногоочин мэргэжилтэй, Бөмбөгөр сумын 3 дугаар багт ногоо тарьдаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, С.Л

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч С.Л нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Ширхэн” гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 03-наас 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрүүдэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлолтын үйл ажиллагааг 0.0З га хэмжээ бүхий газар явуулж байгаль орчинд 196305 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1.Шүүгдэгч С.Л мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн үдээс өмнө 11-12 цагийн үед Дөвөнтийн уурхай руу явж байгаа гэсэн Хово маркийн ачааны авто машины жолоочийг хөлслөөд Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Ширхэн” гэх бага оврын унагалдайн трактороо угаагч төхөөрөмжийн хамт хүргүүлсэн. Тухайн “Ширхэн” гэх газар нь 2000 оноос уурхай ажиллаж байгаад явчихсан эвдэгдсэн карьер бүхий газар байдаг юм. Тэгээд тухайн газарт очоод овоолго шороо трактороор тэгшлээд угаах гээд байж байтал тракторын гидрийн насосын шланк задарч эвдэрсэн бөгөөд уг эвдрэлээ орой бүрэнхий болж байхад засварлаж дуусаад ажиллах гээд тракторынхоо гэрлийг асаах гэсэн чинь гэрэл нь асаагүй. Тэгээд маргааш өдөр нь буюу 2020 оны 04 дүгээр сарын 04-ний 07-8 цагийн үед аймгаас цагдаагийн ажилчид ирээд унагалдай тракторын ачаад аймгийн төвд авчирсан...гэх мэдүүлэг /хх-ийн 75/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Л өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

 3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Ширхэн” гэх газарт хүмүүс ашигт малтмал олборлож байгаад цагдаа нарт баригдаад явсан гэдгийг мэдэж байгаа. Тухайн газар дээр ашигт малтмал олборлох талаар ямар нэгэн гэрээ зөвшөөрөл олгогдож хийгдээгүй. Миний хувьд байгаль экологид учруулсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Уг дүгнэлтээр тухайн үйл ажиллагааны улмаас байгаль экологид 196305 төгрөгийн хохирол учирсан, нөхөн сэргээхэд 242468 төгрөгийн зардал гарахаар тогтоосон байна. Тиймээс буруутай этгээдээс дээрх хохирол зардлыг нэхэмжлэх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

4. Гэрч Д.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....С.Л нь надад ярихдаа Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутагт трактортой алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаад цагдаад баригдсан гэж ярьсан. Өөр нарийн зүйлийг мэдэхгүй. С.Л нь эхнэр 5 хүүхдийн хамт Бөмбөгөр сумын төвд амьдардаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, ногоо тарьдаг, гутал хийдэг, ааш зан сайтай....гэх мэдүүлэг /хх-ийн 33/

5. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-н 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/17 дугаартай:

1. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газар нь улсын аль нэг тусгай хамгаалалттай газар, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газартай давхцалгүй байна.

2. Тухайн эвдэгдсэн талбай нь 281м2 буюу 0,03га хэмжээтэй бөгөөд байгаль орчны хохирлын үнэлгээ нь 196305 төгрөг болж байна.

3. Тухайн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 242468 төгрөг болж байна.

4. Тухайн солбицол бүхий газар нь урьд өмнө уул уурхайн үйл ажиллагаанд өртөж эвдэгдсэн газар байсан байна....гэх дүгнэлт /хх-ийн 40/

6. Энх-Нахиа ХХК-н 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 271 дугаартай шинжээчийн:

              1. Унагалдай трактор 2.000.000 төгрөг,

              2. Шороо угаагч ком төхөөрөмж 200.000 төгрөг,

           3. Мотор 300.000 төгрөг, нийт ( хоёр сая таван зуун мянга )2.500.000 төгрөг....гэх дүгнэлт /хх-ийн 67/ болон хавтаст хэргийн 8-11 дугаар хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 46-47 дугаар хуудсанд авагдсан эвдэрсэн талбайн нөхөн сэргээлт, хавтаст хэргийн 78 дугаар хуудсанд авагдсан иргэний үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

          Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч С.Л нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Ширхэн” гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 03-наас 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрүүдэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлолтын үйл ажиллагааг 0.0З га хэмжээ бүхий газар явуулж байгаль орчинд 196305 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******, гэрч Д.******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 271 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Л тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч С.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

   Шүүх шүүгдэгч С.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч С.Лд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Л нь ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд 196.305 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирол учруулсан талбайд биологийн нөхөн сэргээлт хийх ажилд 242.468 төгрөгийн нийт 438.773 төгрөгийн хохирол учирсан талаар “Нуман-Алтай” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг зардлыг шүүгдэгч С.Л нь нөхөн төлөөгүй тул түүнээс 498.773 төгрөг гаргуулж Засгийн газрын тусгай ангийн Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч С.Лгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Доосан-55” маркийн бага оврын трактор, цахилгаан үүсгүүр зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг” Доосан-55” бага оврын трактор, цахилгаан үүсгүүр зэргийг улсын орлого болгож хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж шийдвэрлэв.

Учир нь шүүгдэгч С.Л нь дээрх техник хэрэгсэл буюу “доосан-55” бага оврын газар ухагч трактор, цахилгаан үүсгүүр зэргийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь нотлогдсон тул “Доосан-55” бага оврын тракторын үнэ хоёр сая төгрөг, цахилгаан үүсгүүрийн үнэ гурван зуун мянган төгрөгийг тус тус шүүгдэгч С.Лгээс гаргуулахгүйгээр дээрх техник хэрэгслийг хурааж улсын орлого болгон хэрэгцээний дагуу дээрх техник хэрэгслийг зохих байгууллагад шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл уг бага оврын трактор, болон цахилгаан үүсгүүрийн үнийг гаргуулахгүйгээр, шүүгдэгч С.Лд буцаан олгохгүйгээр төрийн өмчийн байгууллагад үнэ төлбөргүйгээр шилжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Мөн хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан алтны шороо угаагч төхөөрөмжийг шүүгдэгч С.Лгээс хураан авч битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг төхөөрөмжийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч С.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Л нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Л нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Лг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1–д заасныг журамлан шүүгдэгч С.Лд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Лд зургаан / 06 / сарын хугацаагаар гэмт хэргийн хор уршгийг 2020 оны 06 дугаар сарын 30-ний дотор арилгах үүргийг хүлээлгэж уг шийдвэрийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Л нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч С.Л нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

   6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.5-д зааснаар шүүгдэгч С.Лгээс дөрвөн зуун ерэн найман мянга долоон зуун далан гурван / 498.773 / төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай сангийн Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч С.Л нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.  

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Доосан-55” маркийн трактор нэг ширхэг, цахилгаан үүсгүүр нэг ширхэг зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг “Доосан-55” маркийн трактор, цахилгаан үүсгүүр зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу төрийн зохих байгууллагад шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.БАТЦЭНГЭЛ