| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0128/Э |
| Дугаар | 123 |
| Огноо | 2019-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Золзаяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ************** овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2036000000147 дугаартай, 178/2020/0124/Э/ индекстэй хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1963 оны 05 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын ******* дүүрэгт төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,ам бүл 2, эхнэрийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн Болорын 27 айлын 15 тоотод амьдрах, урьд 1988 оны 08 сарын 30-ны өдөр аймгийн анхан шатны шүүхийн 15 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хорих ял, Нийслэлийн Хан –Уул дүүргийн анхан шатны шүүхийн 1996 оны 05 сарын 13-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.2-т зааснаар 2 жилийн хорих ял тус тус эдэлж байсан гэх, ******* ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Б.*******г зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч овогт гийн *******гийн /1973 оны 04 сарын 08-нд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 06 сарын 07-ны өдөр би таксинд явж байтал миний хамтран амьдрагч Д.******* над уу яриад “ 88 дугаараас нэг хүн яриад дарамтлаад байна, чиний таньдаг хүн байна, хүрээд ирэ” гэхээр нь би Б.******* гэдэг айлд очиход Д.******* надаас “ энэ хэний дугаар бэ, чиний таньдаг хүн байна” гэхээр нь би “танихгүй” гэхэд миний утсыг булааж аваад миний хоёр гар луу хэд хэдэн удаа цохисон. ... гэх мэдүүлэг / хэргийн 9-10-р хуудас/
Гэрч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 06 сарын 07-ны өдөр Д.******* манайд ирээд бид нар юм яриад цай уугаад сууж байтал түүний утас руу нэг хүн яриад “ би эхнэртэйгээ яримаар байна, чи хаана байна, чамайг Драгон дээр хүлээж байгаад ална” гэх зэргээр яриад Д.*******тэй маргаад байсан. Д.******* утсаа чанга дээр нь тавьсан байсан болохоор яриа нь сонсогдож байсан. Тэгээд Д.******* эхнэрээ хүрээд ир гээд дуудсан. Удалгүй эхнэр Б.******* нь ирэхэд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад Д.******* Б.*******гийн гар луу цохиод авсан. Дахиад гарыг нь базаад байхаар нь би салгасан.Тэр хоёр манайд маргалдаж байгаад эвлэрээд гэр лүүгээ явсан... гэх мэдүүлэг / хэргийн 15-16-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 480 дугаартай, шинжээчийн ... Б.*******гийн биед хоёр гарын бугалганд тус бүр цус хуралт,шилэн хүзүү болон зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Б.*******гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Б.*******гийн биед учирсан гэмтлүүд нь“Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 27-р хуудас/
Шүүгдэгч Д.*******гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр найз Б.*******гийн гэрт байж байтал 88 дугаараас над руу залгаад “ миний эхнэрийг явуул, чи өөрийгөө үхсэн гэж мэдээрэй.Би чамайг Драгон дээр дээр хүлээж байгаад ална” гэж ярихаар нь би Б.******* рүү залгаж яриад удалгүй Б.******* Б.*******гийнд хүрээд ирэхээр нь “ энэ ямар учиртай юм бэ, над руу залгаад дарамтлаад байна” гэж асуухад Б.******* “ би мэдэхгүй” гэхээр нь би “чи яагаад мэддэггүй юм бэ” гээд Б.*******гийн баруун, зүүн талын гар луу нэг нэг удаа цохисон.... гэх мэдүүлэг / хэргийн 25-26-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтаас үзэхэд: Шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт найз Б.*******гийн гэрт байхад нь үл таних дугаараас хэн нэгэн дарамтлан сүрдүүлж ярьсан шалтгаанаар хамтран амьдрагч Б.*******г Б.*******гийн гэрт дуудан ирүүлж гар луу нь цохисноос түүний эрүүл мэндэд нь ... хоёр гарын бугалганд тус бүр цус хуралт,шилэн хүзүү болон зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал... гэх хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Б.******* нь шүүгдэгч Д.*******гийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтарн амьдрагч болох нь шүүгдэгч Д.*******гийн “.. бид хамт амьдраад 11 жил болж байна...” гэх мэдүүлэг, хохирогч Б.*******гийн “... бид хоёр хамт амьдраад 10 жил болж байна, гэр бүлээ батлуулаагүй...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл “ гэдгийг ”... гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ ... гэж заасан...” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Д.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Б.*******г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.*******гийн “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.Бид хоёр эвлэрсэн..”. /хэргийн 14-р/ гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*******г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.******* нь урьд 1988 оны 08 сарын 30-ны өдөр аймгийн анхан шатны шүүхийн 15 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хорих ял, Нийслэлийн Хан –Уул дүүргийн анхан шатны шүүхийн 1996 оны 05 сарын 13-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.2-т зааснаар 2 жилийн хорих ял тус тус эдэлж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар / хуудас-29/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.*******гийн хувийн байдлын талаар гэрч С.Төмөрийн өгсөн “...Д.******* нь эцэг эхээс 7-уулаа,айлын 4 дэх хүүхэд.Архи хааяа хэрэглэдэг боловч ааш зан нь өөрчлөгдөж байхыг мэдэхгүй.Бага байхдаа хөлөө хугалснаас болоод хөгжлийн бэрхшээлтэй болсон...” гэх мэдүүлэг / хэргийн 17-18-р хуудас/ зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун наян мянган төгрөгөөр торгох ял шийтгэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд 1 сар хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх...”гэх дүгнэлт,тайлбар гаргасан болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Эхнэртэйгээ эвлэрсэн, гаргуулах хохирол төлбөргүй.Улсын яллагчийн санал болгож байгаа 480 нэгжтэй тэнцэх хэмжээний 480000 төгрөгөөр торгохыг ялыг хүлээн зөвшөөрч байна. Торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү...” гэв.
Шүүхээс: Шүүгдэгч Д.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн дүгнэлт тайлбар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.*******д дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний, дөрвөн зуун наян мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 480000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд 1 сар хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2036000000147 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 34.2, 36.2 ,36.6- 36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******г дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун наян мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 480000 /дөрвөн зуун наян мянган / төгрөгийн торгох ялыг 03 /гурав/ сарын хугацааанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд 1/нэг/ сарын хугацаагаар хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн 2036000000147 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д тайлбарласугай.
7.Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
8.Шүүгдэгч Д.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС