| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/1131/Э |
| Дугаар | 1187 |
| Огноо | 2020-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 1187
2020 06 26 2020/ШЦТ/1187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Б.Уранцэцэг,
нарийн бичгийн дарга Г.Хулан,
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н..Бд холбогдох эрүүгийн 2006 00000 1362 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 75-6 дугаар байрны гадна авто зогсоол дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Х.Ууганзаяагийн эрх чөлөөнд халдаж тархи доргилт, дух зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00000 1362 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Н.Б нь иргэн Х.Ууганзаяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Х.Ууганзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 75-ын 6 дугаар байрны гадна авто зогсоол дээр машинаа байрлуулаад машин дотроо гар утсаа оролдоод сууж байх үед цагаан өнгийн Тоёота Харрер маркийн авто машин миний машины өмнө хөндлөн зогссон. Тэр машинаас Н.Б гэх хүүхэн бууж ирээд миний машины хаалгыг татаад “намайг буугаад ир” гэж хэлэхээр нь би машинаа буухад “чи хүний нөхөртэй явалдлаа, янхан, биеэ үнэлэгч” гэж хэлээд хэл амаар доромжилсон. Миний зүүн талын гуя руу нэлээд хэдэн удаа өшиглөсөн. Миний хоёр гарын бугалганаас бариад угз татаад дух, толгойн тус газарт гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 12-16/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5794 дугаартай:
“Б.Ууганзаяагийн биед тархи доргилт, дух, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/,
Шүүгдэгч Н.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн үед манай найз хүүхэн Отгонтуяа над руу залгаж “Цагдаа хотхоны гадаа хүрээд ир, манай нөхөр намайг хөөгөөд байна” гэж хэлсэн. Намайг яваад очиход байгаагүй ба залгахад Батоник дээр байна гэж хэлсэн. Тэгээд Отгонтуяа бид хоёр уулзсан ба би Отгонтуяад хандаж “танай нөхөртэй явалддаг Ууганзаяа гэх хүүхэнтэй очиж уулзъя” гэж хэлээд Цагдаа хотхоны гадна ирэхэд Ууганзаяа гэх хүүхэн авто машины зогсоол дээр машиндаа сууж байхаар нь би очоод машинаасаа буугаад ир гэж хэлэхэд Ууганзаяа бууж ирээд надад хандаж “та нар яах гээд байгаа юм бэ, бөөн бөөнөөрөө ирээд намайг зодох гээд байгаа юм уу” гэж хэлээд миний гэдэс руу 1 удаа өвдгөлөөд баруун хөлний шилбэ руу 1 удаа өшиглөсөн. Би Ууганзаяаг заамдаж аваад хөл рүү нь 4-5 удаа өшиглөсөн. Тэр үед би Ууганзаяагийн толгой руу 1-2 удаа цохисон. Тэгээд бид хоёр барилцаж аваад хоёр биенээ ижилхэн цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 46-49/
- Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 01/,
- Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн баримт /хх-ийн 24/,
- Хохирлын баримт /хх-ийн 41/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Н.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/ зэрэг нотлох баримтыг судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Бнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Н.Бнь иргэн Б.Ууганзаяагийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.Ууганзаяа нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 120.000 төгрөгийг нотлох баримт гаргаж нэхэмжилсэн байх тул шүүгдэгч Н.Б.Бгаас гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Бнь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч Н.Бд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Н.Б.Бгийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хуульд заасан дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцлийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Нийн Н.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бгаас 128.000 /зуун хорин найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ууганзаяа /оа83063005/-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ