Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 619

 

 

 

 

2020           06          26                                   2020/ШЦТ/619       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Э.Намуун,

Шинжээч Г.Энхбаатар,   

Хохирогч Ө.Батцэцэг, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал,     

Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сд холбогдох эрүүгийн 1903013470002 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Бүрэн Бургалтай” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 3 дугаар баг Шархад 05-09 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 13 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Арслантай гүүрний баруун хойд талын явган хүний зохицуулдаггүй гарцан дээр “Тоёота Ланд крузер 105” маркийн 55-59 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ө.Батцэцэгийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогч Ө.Батцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би арслантай гүүр дээгүүр урдаас хойш чиглэлтэй яваад машинд мөргүүлсэн. Уг гэмтлийн улмаас аарцаг яс, үүдний 5 шүдний бугалга, хамрын ясны хугарал, хавирганы хугарал зэрэг гэмтлүүд учирсан. Одоо миний биеийн байдал дээрдсэн боловч шүдээ эмчлүүлэх гэж хотод байнга ирдэг. Иймд би хохиролд 20.519.884 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Шинжээч Г.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3 дугаар зүйлийн 3.1.10 дахь хэсэгт “цээжний гэмтэл Үүнд: цээжний хэнхэрцгийн хэлбэр алдагдуулсан хоёр талын олон хавирганы хугарал, түүнчлэн нэг талын олон хавирга хоёр ба түүнээс дээш шугамаар хугарч хавирганы хавхлаас шинж үүсгэсэн бол хүнд ангилалд хамаарна” гэж заасан. Хохирогчийн биед учирсан хугарал гэмтлүүд нь үүнд хамаарахгүй байна...” гэв.

 

Эрүүгийн 1903013470002 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 13 цаг 40 минутын орчимд би “Бүрэн Бургалтай” ХХК-ийн нэр дээр байдаг Тоёота ланд круйзер 105 маркийн 55-59 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа ямар нэгэн хүнгүй явж байсан. Хөдөө аж ахуйн яам орчихоод Сүхбаатарын талбай орох зорилгоор Сүхбаатар дүүргийн нутаг Арслантай гүүрний баруун хойд замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун  чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр ойролцоогоор 20-30 км/цагийн хурдтай явж байгаад нэгдүгээр эгнээ рүү шилжиж ороод явган хүний гарц өнгөрөөд баруун гар тийшээ эргэх гээд явж ортол явган хүний гарцаар урдаасаа хойшоо чиглэлтэй нэг эмэгтэй хүн гэнэт гүйгээд гараад ирсэн. Би харсан даруйдаа тоормозоо гишгэсэн боловч машиныхаа зүүн урд хэсгээр тэр хүнтэй биеийн баруун хажуу хэсэг рүү нь мөргөөд зогссон. Би машинаас бууж очтол тэр эмэгтэй хүний биед нүүр ам нь цус болчихсон байдалтай босож чадахгүй уйлаад байсан. Би өөрийнхөө 95490064 гэсэн дугаараас 102-т дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 82-85 дугаар хуудас/,  

 

Хохирогч Ө.Батцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Арслантай гүүрний хойд явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явтал зүүн талаас автомашин ирээд миний биеийн баруун хэсэг рүү мөргөхөд би мөргүүлээд газар унасан. Тэгээд өндийхөд миний хамраас цус гараад юм ярих гэтэл аманд шүд байсан мөртлөө шүд сул байсан. Цааш нь юу болсныг огт санахгүй шоконд орсон байсан. Нэг эмэгтэй ирээд “намайг мөргөсөн жолоочийн ээж нь байна. Бие чинь гайгүй юу” гэж хэлж ярьсан нь орж гараад байсан. Би 103-ын автомашинаар гэмтлийн эмнэлэгт ирсэн. Эмч үзээд “томограф хийлгэ” гэж хэлсэн. Шаардлагатай бүх төрлийн шинжилгээнүүдийг хийлгэсэн. Үүдэн 5 шүд хугарсан, хамар, хоншоор яс хугарсан, баруун талын 10 хавирга, сүүж яс, умдаг яс хугарсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 18-20 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Батбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 13 цаг 40 минутын орчимд “Toyota prius-20” маркийн 58-00 СЭА улсын дугаартай автомашин жолоодон Хөдөө аж ахуйн яам орчихоод буцаад “Скай” их дэлгүүр орохоор Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Арслантай гүүрний баруун хойд замаар зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан. Туслах замаар баруун гар тал руугаа эргэхээр дохио өгөөд нэгдүгээр эгнээ рүү ороод хартал манай нутгийн миний ард явж байсан Toyota Land criuser-105 маркийн 55-59 СБА улсын дугаартай автомашин явган хүний гарцан дээр зогссон жолооч нь автомашинаас бууж байсан. Би тойроод хажуу талаар нь гартал мөргүүлсэн эмэгтэй автомашины урд талд газарт суусан, нүүр хэсэг нь цус болсон харагдсан. Явган зорчигч мөргөсөн автомашины жолоочийн ээж нь миний машинд сууж явсан тул би замаа чөлөөлөн автомашинаа байрлуулчихаад осол болсон газар дээр ирсэн. Би өөрийнхөө 99277520 дугаартай утсаар цагдаад дуудлага өгсөн. Эхлээд цагдаа нар ирээд дараа нь 103-ын автомашин ирээд гэмтсэн хүнийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

Гэрч Л.Батзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 13 цагаас 14 цагийн хооронд би төрсөн аав Ө.Лхагважавын эзэмшилд байдаг хар өнгийн “Тоёота Королла Филдэр” маркийн 50-21 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Кабиндаа ямар нэгэн хүнгүй 13 дугаар хорооллоос хүүхдийн 100-д байдаг ажил руугаа очих зорилгоор Сүхбаатар дүүргийн Арслантай гүүрний замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байгаад гэрлэн дохиогүй явган хүний гарцан дээр зогссон. Энэ үед явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй гарч явсан эмэгтэй хүнийг зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд явж байсан цагаан өнгийн “Тоёота ланд круйзер 105” маркийн улсын дугаар болон серийн дугаарыг нь анзаараагүй тээврийн хэрэгсэл нь тухайн хүний биеийн баруун хажуу хэсэг рүү нь машиныхаа урд хэсгээр мөргөөд зогссон. Би харсан даруйдаа өөрийнхөө 99999850 гэсэн дугаараас 102-т дуудлага өгчихөөд яваад өгсөн. Тэрнээс ослын дараа миний хувьд машинаас буусан зүйл байхгүй. Учир нь замын хөдөлгөөн нь их байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

Гэрч С.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 13 цагаас 14 цагийн хооронд би “Нью Эра Турс Монгол” ХХК-ний эзэмшилд байдаг цагаан өнгийн Тоёота приус-20 маркийн 57-89 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа ямар нэгэн хүнгүй Сонгинохайрхан дүүргийн нутаг Тахилтаас Бөхийн өргөө эргээд багшийн дээд орох зорилгоор Сүхбаатар дүүргийн нутаг Арслантай гүүрний замын ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явж байх үед түгжрээд бага багаар явж байсан. Тэгтэл гэрлэн дохиогүй явган хүний гарцаар урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч явсан эмэгтэй хүнийг зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байсан цагаан өнгийн Тоёота ланд круйзер маркийн улсын дугаарыг нь анзаараагүй тээврийн хэрэгсэл мөргөх шиг болсон. Тухайн эмэгтэй хүн нь үсэрч зам дээр унасан. Би өөрийнхөө 88062232 гэсэн дугаараас 103-т дуудлага өгчихөөд явсан. Ослын дараа машинаас буусан зүйл байхгүй. Зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ нь чөлөөтэй байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Иргэний хариуцагч Д.Энхболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тоёота ланд круйзер 105 маркийн 55-59 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл “Бүрэн Бургастай” ХХК-ний эзэмшилд байдаг. Машины урд буферын зүүн талын будаг нь хууларсан. Зүүн их гэрэл нь сууриараа хөндийрсөн, гопуд хонхойсон байсан. Нээх эвдрэл гэмтэл учирсан гэх зүйл байхгүй. Сумъяабазар нь ослын дараа манай байгууллагын машиныг янзалж өгсөн байсан. Нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 189-190 дүгээр хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 3-5 дугаар хуудас/,

 

Тээврийн цагдаагийн алба, Замын тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /1 дүгээр хх-ийн 6 дугаар хуудас/,

 

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 7-10 дугаар хуудас/,

 

ТЦА, Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, Дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Өвчний түүх /1 дүгээр хх-ийн 22-29 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14144 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Ө.Батцэцэгийн биед цээжний баруун талын 4-12 дугаар хавирганы зөрөөгүй хугарал хана дагасан бага хэмжээний шингэн хуралдалт, баруун, зүүн умдаг ясны далд хугарал, хоншоор яснаас түүшин сэртэн дайрсан далд хугарал, 5 шүдний булгарал, хамар ясны хугарал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, сарвуунд зулгаралт, тохойн үений зөөлөн эдийн няцрал, гуя, өвдөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  5. Дээрх гэмтлүүдийн 5 шүдний булгарал гэмтэл нь 4.11.52.3-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15% алдагдуулна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №521 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1.        2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №14144 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2.        О.Батцэцэгийн биед цээжний баруун 4-12-р хавирганы зөрөөгүй хугарал, хана дагасан бага хэмжээний шингэн хуралдалт, баруун, зүүн умдаг ясны далд хугарал, хоншоор яснаас түүшин сэртэн дайрсан далд хугарал, 5 шүдний булгарал, хамар ясны хугарал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд, уруулд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, сарвуунд зулгаралт, тохойн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, гуя, өвдөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3.        Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.        Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн мөргөгдөх, мөргөгдөөд унах үед үүссэн байна.

5.        Дээрх шинэ гэмтлүүд байна.

6.        2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №14144 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэг үндэслэлтэй байна.

7.        Дээрх гэмтлүүдийн 5 шүдний булгарал гэмтэл нь 4.11.52.3-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15% алдагдуулна...” гэжээ /1 дүгээр хх-ийн 196-200 дугаар хуудас/,

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Техникийн хяналтын үзлэгийн төвийн №888001 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Toyota маркийн Landcriuser-105 загварын 55-59 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна.
  2. Уг тээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд урд копут баруун талдаа хонхойсон, урд буфер баруун талдаа хагарсан, баруун урд гэрлийн суурь хагарсан зэрэг байдалтай стандартын шаардлага хангахгүй байна.
  3. Дээрх эвдрэл гэмтэл нь уг ослын үед үүссэн ба уг зам тээврийн осолд нөлөөлөхгүй болно.
  4. Уг автомашины тоормос нь шингэн дамжуулгатай, ABS тоормосны системтэй ба эвдрэл гэмтэлгүй стандартын шаардлага хангаж байна.
  5. Энэхүү тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай, ABS тоормосны системтэй ба тоормос гишгэх үед автомашины хурд болон тормосны дөрөөн дээр гишгэх байдлаас хамаарч зам дээр тоормосны мөр үүснэ...” гэжээ /1 дүгээр хх-ийн 45-48 дугаар хуудас/,

 

Түргэн тусламжийн дуудлагын хуудас /1 дүгээр хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

 

Хохирлын баримтууд /1 дүгээр хх-ийн 68-71, 132-156, 241-248 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 53 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 89, 134 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 56 дугаар хуудас/, “Бүрэн Бургалтай” ХХК-ийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 63, 65 дугаар хуудас/, гэрч М.Бадамсүрэнгийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 87 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой 5 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 13 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Арслантай гүүрний баруун хойд талын явган хүний зохицуулдаггүй гарцан дээр “Тоёота Ланд крузер 105” маркийн 55-59 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг илтэд зөрчсөний улмаас явган зорчигч Ө.Батцэцэгийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

  - Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

 

              - Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

              - Хохирогч Ө.Батцэцэгийн мэдүүлэг,

             

              - Гэрч Г.Батбаяр, Л.Батзориг, С.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэг,

             

              -Шүүгдэгч Б.Сын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг,

 

              -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №14144 дугаартай дүгнэлт /Ө.Батцэцэгийн биед шинжилгээ хийсэн талаар/,

 

              -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн №521 дугаартай дүгнэлт,

 

              - ТЦА, ЗЦГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, Дуудлагын лавлагааны хуудас,

 

              -“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Техникийн хяналтын үзлэгийн төвийн №888001 дугаартай дүгнэлт,

 

              -Түргэн тусламжийн дуудлагын хуудас,

 

              -Өвчний түүх зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болно.

 

  Дээрх нотлох баримтуудаар зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж, шүүгдэгч нь “Toyota land cruiser 105” маркийн 55-59 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч Б.Батцэцэгийг мөргөж гэмтээсэн болохыг хохирогч, шүүгдэгч, гэрч нараас тодорхой мэдүүлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон, хохирогчид хүндэвтэр хохирол учирсан болохыг шинжээчийн удаа дараа гаргасан дүгнэлтүүдээр тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгч Б.Сын үйлдэл нь Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.С нь “Toyota land cruiser 105” маркийн 55-59 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар байтал замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөөгүйн улмаас Ө.Батцэцэгийг мөргөж Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг илэрхий зөрчиж зам тээврийн осол гарган, хүнийг гэмтээсэн үйлдэл нь нотлогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

  Иймд шүүх шүүгдэгч Б.Сыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирогч Ө.Батцэцэгээс “...Миний биеийн байдал дээрдсэн боловч шүдээ эмчлүүлэх гэж хотод байнга ирдэг. Би эмчилгээ хийлгэсэн төлбөр, цалин, өмгөөллийн хөлс нийлээд 20.519.884 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн хүсэлтээ илэрхийлснээс нотлох баримтын шаардлага хангасан 15.666.857 төгрөгийг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүгдэгч Б.С нь хохирогч Ө.Батцэцэгт 5.000.000 төгрөгийн хохирлыг төлж, үлдсэн 10.666.857 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.683.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөлөгчийн хөлсний талаар заажээ.

 

Нөгөөтэйгүүр улсын яллагчаас төрийг төлөөлж хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авах үүргээ биелүүлж хохирогчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг.

 

Иймд хохирогчийн өмгөөлөгчид төлсөн гэх 1.000.000 төгрөгийн хөлсийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, зайлшгүй гаргуулах зардал хэмээн үзэхгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

 

Харин Ө.Батцэцэг нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай Б.Саас нэхэмжлэх эрхтэйг дурьдлаа.  

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Сыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 750.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Б.Саас замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар зөв дадал хэвшээгүй байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

        

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Сыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 750.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4. Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Саас 10.666.857 /арван сая зургаан зуун жаран зургаан мянга найман зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ө.Батцэцэгт олгосугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН