| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0162/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/000 |
| Огноо | 2020-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/000
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,
Шүүгдэгч: С.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014001790205 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчйн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С.О
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.О нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг 3 дугаар гудамжинд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн орчимд иргэн Б.Шаравдоржийг гудамжинд бие заслаа гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1.Шүүгдэгч С.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... Би 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өглөө ажил дээрээ 09 цагт ирж дарга, ахлахуудаасаа үүрэг чиглэл авч “Оргодол-Илрүүлэлт” арга хэмжээний үед эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоохоор экологийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Цэрэннадмидын хамт явсан юм, Тэгээд бид хоёр сумын төвөөр хэдэн хаягаар явж байгаад орой 18 цагт ажлаа тараад гэр лүгээ харих гэж байтал манай найз Батбаатар миний гар утас руу залгаад “манай гэрт хүрээд ир, хоол болчихлоо” гэхээр нь Цэрэннадмидыг дагуулаад тэдний гэр болох 3 дугаар баг 6-37 тоотод очсон юм. Тэгээд бид хоёр хоол идчихээд гарах гэхэд Батбаатар нь “чамайг дэслэгч цолоор шагнуулснаас хойш уулзаагүй” гээд нэг шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи гаргаж ирээд бид хоёрт өгсөн. Цэрэннадмид бид хоёр уг архийг задлаад жоохон ярьж хөөрч сууж байгаад ууж дуусгаад гэрүүгээ явахаар болж, би согтуу байсан учир машинаа, архи уугаагүй Батбаатараар жолоодуулж, бид нар тэдний хашаанаас хөдлөөд гараад иртэл хашааны буланд хоёр залуу зогсож байсан. Тэр хоёр залуугийн нэг, өндөр туранхай залуу нь хашаа руу шээж байхаар нь би машиныхаа цонхыг онгойлгоод яагаад хашаа руу шээгээд байгаа гэж хэлтэл, ар талын суудал дээр сууж байсан Цэрэннадмид цонхоо бас онгойлгоод нөгөө залууг “наашаа хүрээд ир” гэж дуудсан. Тэр залуу ч бид нарын машины хажууд ирээд Цэрэннадмидыг хараад “өө таньдаг ах байна" гэж хэлснээ хойд талын хаалгыг онгойлгоод шууд суусан. Тэгтэл Цэрэннадмид нөгөө залууд “чи намайг таньж байгаа биз дээ” гэхэд нөгөө залуу нь “таньж байна аа ах аа” гэж хэлсэн. Тэгээд жоохон юм ярьж байснаа Цэрэннадмид тэр залууг дээрэлхээд шоглоод байх шиг байхаар нь би хойшоо эргэж хараад та хоёр зүгээр байл даа гэж хэлэхэд Б.Шаравдорж нь уурлаад миний өөдөөс “та нар зүгээр байгаарай, та нарт дээрэлхүүлнэ гэж байхгүй шүү” гэхээр нь миний уур хүрээд нэг удаа цохисон. Хаана нь цохисоноо сайн санахгүй байгаа. Тухайн үед би нэлээн согтолттой байсан юм. Удалгүй Шаравдорж машинаас буугаад цаашаа явчихаар нь бид гурав хойноос нь дагаж очоод машиндаа суулгахад хамраас нь цус гарч байхаар нь Шаравдоржоос зүгээр үү гэж асуухад “зүгээрээ ах, санаа зоволтгүй би явлаа” гээд машинаас буугаад явсан. Тухайн үед бид нар гэрүүгээ харих гэснээ болиод дэлгүүрээс дахин нэг шил архи аваад Батбаатарын гэрт буцаж очоод сууж байтал, удалгүй миний гар утас руу манай ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Алтангадас залгаж “хаана байна” гэж асуухаар нь байгаа газраа зааж өгөхөд удалгүй Батбаатарын гэрийн гадаа ирж, намайг дагуулаад Эрүүлийн мэндийн төв дээр дагуулж очиход надад зодуулсан гэх хохирогч Шаравдорж нь хамартаа чихээс хийлгээд цагдаагийн газар руу явсан гээд эмч нь хэлэхээр нь ахлах Алтангадас бид хоёр ажил дээр ирэхэд Шаравдорж нь аль хэдийн миний нэр дээр гомдол гаргасан байсан. Харин намайг согтуу байна гээд тэр өдөртөө эрүүлжүүлэхэд хонуулсан. Болсон асуудал гэвэл энэ. Тухайн үед би бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан юм. Шаравдорж нь манай найз Батбаатарын хашаа руу нь шээж байхаар нь яагаад наанаа шээгээд байгаа гэж шаардлага тавьсан. Тэгтэл машинд орж ирж суучхаад Шаравдорж нь “та нар намайг дээрэлхэж чадахгүй шүү” гээд хэлэхээр нь уурандаа нэг удаа л цохисон. Би машиныхаа урд талын суудал дээр сууж байгаад хойшоо эргэж хараад гараа хойш нь нэг удаа саваад цохисон. Яг хаана нь цохисон гэдгээ санахгүй байгаа. Дараа нь Б.Шаравдоржийн хамарнаас цус гарсан байсан. Тэгэхээр хамар хавьцаа нь цохисон байх. Миний хувьд согтуу байсан учир санахгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 79-83/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч Б.Шаравдорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 2 дугаар 18-ны орой гэртээ байж байгаад 18 цагийн үед найз Баатарчулууны хамт гэрт нь очихоор гэрээсээ гараад 100м явж байгаад гудамжиндаа бие засаад зогсож байсан чинь цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 3 хүн миний хажууд ирж зогсоод чи яагаад наанаа бие засдаг юм гэсэн. Тэгэхлээр нь би өө за уучлаарай ах, одоо явлаа гэж хэлсэн. Тэгсэн миний таньдаг нэг хүн уг тээврийн хэрэгслийн арын суудал дээр суусан цонхоо онгойлгоод намайг дуудаад машинд суу гэсэн. Миний таньдаг ах байсан болохоор машинд нь суугаад гудамдаа жоохон хөдлөөд зогссон. Тэгсэн миний таньдаг Надмид гэх ах чи яахаараа энд шээдэг юм гээд миний баруун талын мөр лүү нэг удаа цохисон. Би буулаа гэж хэлтэл Надмид ах байж бай гэсэн. Машины урд сууж байсан Оюунцогт ах эргэж хараад хамар хэсэгт нэг удаа цохисон. Би машинаас буугаад гэртээ харьсан. Гэрт очиход хамраас цус гараад, цусаа тогтоогоод хамраа харсан чинь мурийсан байсан. Тэгээд ээж эмнэлэг явъя гээд эмнэлэг дээр очтол цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгөх болсон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 30-33/
4. Гэрч Д.Дэлгэрсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2020 оны 02 дугаар сарын 18-ны орой 19 цаг өнгөрөөд ажлаасаа тараад гэртээ ирэхэд манай том хүү Шаравдорж нь угаалтуур дээр нүүрээ угааж байсан. Би хувцсаа сольчхоод очоод хартал хүүгийн нүүр хэсэг нь хавдаад, хамар нь мурийчихсан байхаар нь хэнд зодуулсан юм гэхэд зодуулснаа хэлэхгүй нуугаад зүгээр нэг хүнд цохиулсан юм гэхэд за ямар ч гэсэн хоёулаа эмнэлэг орж үзүүлэхгүй бол болохгүй. Эмнэлэг дээр очоод хамрын зургийг нь авхуулж эмчид үзүүлэхэд хүүгийн хамрын мөгөөрсөн эд хугарсан байна гээд чихээс хийлгээд бага зэрэг тэгшлүүлсэн. Шаравдоржоос хэнд зодуулсан талаар асуухад хэлэхгүй болохоор нь уурлаж хэлүүлэхэд сумын цагдаа Оюунцогт гэмтээсэн гэж хэлэхлээр нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 34-36/
5. Гэрч Д.Цэрэннадмидын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2020 оны 02 дугаар 18-ны өдрийн 09 цагт ажил дээрээ ирж дарга, ахлахуудаас ажлын үүрэг, чиглэл авчхаад Бууцагаан сумын Экологийн байцаагч, цагдаагийн дэслэгч Оюунцогтын хамт “илрүүлэлт, оргодол” арга хэмжээний хүрээнд Асаф сангаар эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийг олж тогтоох чиглэлээр ажлаасаа хамт гарч өдөржин хаяг шалгаж яваад, орой ажлын цаг дуусгаад Оюунцогтын найз Батбаатар залгаад ирж хоол ид гэхээр нь бид 2 тэднийд очсон. Хоолоо идчихээд явах гэтэл Батбаатар 0.75 литр ерөөл архи гарган ирж найзыгаа цол авснаас хойш уулзаагүй учир цолыг чинь мялааж байгаа шүү гээд бид хоёрт өгөхөөр нь уг архийг нь Оюунцогт бид 2 хувааж ууж дуусгаад. 19 цагийн үед харихаар болж Оюунцогтын автомашиныг Батбаатар жолоодоод Батбаатарын хашаанаас хөдлөөд гудамжны үзүүр дээр ирэхэд хоёр залуу хашааны буланд зогсож байсан. Нэг залуу нь хашаа руу бие засаж байхаар нь Батбаатар машинаа хажууд нь зогсоож Оюунцогт цонхоо онгойлгоод нөгөө шээж байсан залууг нааш ир гээд дуудахад нөгөө залуу ирсэн. Царайг нь хартал манай гудамжинд байдаг залуу байх шиг болохоор нь би машины хаалга онгойлгоод нөгөө залууг суучих гээд хажуудаа суулгаад тэр залууд хандаж чи намайг таньж байгаа биз дээ, би энэ гудамжинд насаараа амьдарсан. Чи ч өөрөө амьдардаг байж яагаад гудамжинд шээж байгаа юм, дахиж тэгж болохгүй шүү гэхэд залуу за уучлаарай, би таныг таньж байна, дахиж шээхгүй гэж хэлээд сууж байтал. Оюунцогт нь урд суудал дээр сууж байснаа эргэж хараад нөгөө залуугийн хамар луу нь цохитол нөгөө залуу доошоо тонгойгоод хамраас цус гарчихлаа гэхээр нь би тэр залууд хандаж дүү зүгээр үү, одоо яана гэр лүүгээ орох уу гэхэд зүгээр ээ гээд над руу харахад тэр залуугийн хамар мурийчихсан байсан. Шараваа зүгээрээ гэр лүүгээ орлоо гээд яваад өгсөн. Би Оюунцогтод хандаж чи яаж байгаа юм. Одоо наад хүүхэд чинь гай болно гэж хэлэхэд харин тиймээ санамсаргүй зүйл болчихлоо гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Батбаатарынд буцаж очсон манай жижүүрээс залгаад хаана байна гээд бид хоёрыг асуухаар нь байгаа газраа зааж өгтөл удалгүй байцаагч нар ирээд бид хоёрыг эрүүлжүүлэх байранд хийсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 40-42 /
6. Гэрч Б.Алтангадас мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Оюунцогт нь Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасагт эрүүлжүүлэх байрны цагдаагаар ажиллаж байгаад шинээр байгуулагдсан Экологийн цагдаагийн албанд Экологийн асуудал хариуцсан байцаагчаар томилогдон ажилласан. Энэ үеэс сайн мэддэг болсон. Төлөв даруу зантай, ахлахаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг, ажилдаа дур сонирхолтой, найз нөхөд, хамт олны дунд нэр хүндтэй, гэр бүлийн хувьд тогтвортой, хүнтэй нийтэч зантай ийм л хүн байгаа юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 43-45 /
7. Гэрч Э.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....Миний хувьд тус аймгийн 3, 6 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагчаар ажилладаг. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өглөө ажил дээрээ ирж өмнөх орой нь зөрчил гаргаж саатуулагдсан хүмүүсийн асуудлыг шийдэх гээд эрүүлжүүлэх байранд ирэхэд манай цагдаагийн албан хаагч Оюунцогт, Цэрэннадмид хоёр эрүүлжүүлэгдсэн. Энэ хоёрын асуудлыг намайг шийд гээд материалыг нь цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 45-48/
7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 136 дугаартай шинжээчийн:
1. Б.Шаравдоржийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй....гэх дүгнэлт /хх-ийн 50-51/ болон хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч С.Оын урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч С.О нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг 3 дугаар гудамжинд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 19 цагийн орчимд иргэн Б.Шаравдоржийг гудамжинд бие заслаа гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Шаравдорж, гэрч Д.Дэлгэрсүрэн, Д.Цэрэннадмид, Б.Алтангадас, Э.Баасансүрэн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 136 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч С.О эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч С.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Оод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.О нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.О нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Оыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Оод оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч С.О нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Оод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Оод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.