| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0177/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/182 |
| Огноо | 2020-05-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.7.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2020/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч : Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,
Шүүгдэгч: С.У, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйл 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* тоот хэргийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2002 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялыг 01 жил тэнссэн, 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт-зааснаар 150 цагийн хугацаагаар албадан ажил хийх ялаар шийтгүүлсэн, 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 7.1 дэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн - 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2014 оны 04 сарын 07-ны өдөр суллагдсан, 2016 оны 01 сарын 06-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 05 сар 08 хоногийн хугацаагаар хорих ялаар, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 164 дүгээр тогтоолоор 3 жил 4 сар 3 хоногийн хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын шүүхийн 2019 оны 03 сарын 07-ны өдөр 29 дугаартай шүүгчийн захирамжаар 01 жил 05 сар 20 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан байсан, С.У
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.У нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Л.*******ын эзэмшлийн Баянхонгор аймаг Баянхонгор сумын рашаант 10 дугаар багийн нутаг 10-13-04 тоотоос эд зүйл хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 552500 төгрөгийн хохирол учруулсан, Мөн Л.*******ын эзэмшлийн Мегседес бенз маркийн 33-64 УББ улсын
дугаартай авто тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч С.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
2020 оны 01 сарын 16-ны өдөр Номгон бага сургуулийн хажуугаар алхаж явахад ******* гэх залуу машинтай хажууд ирж зогсоод шартаж үхлээ машинд суучих 2 уулаа ганц юм хувааж ууя гэхээр нь машинд суухад машиныхаа бичиг баримтыг доод захын бөөний төвд тавиад 0.75 хэмжээтэй ерөөл архи 1 ширхэг, тамхи зэргийг аваад бид 2 *******агийн гэрт нь очоод архи хувааж ууж байгаад *******а унтаад өгөхөөр нь тавиур дээр байсан үнэртэй усыг аваад хувцас руугаа цацаад буцаагаад тавихад цаана нь байсан далинтай хөөргийг авсан, мөн үүдэнд нь байсан хайрцагтай эмэгтэй хүний гутлыг аваад явсан. Маргааш нь *******ийнд хөөргөө авч очоод 6000 төгрөгөөр хүнд зараад *******тай хамт архи авч уусан. *******ийнхаас гарч яваад зүс таних залуутай таарч гутлаа амьчуулын цагаан идээ зардаг газарт орж 10000 төгрөгөөр зараад архи авч уугаад гэртээ харьж унтсан... Би *******агийнхаас гарахдаа *******агийн унаж явсан хар өнгийн машиныг *******ад хэлэлгүй унаж яваад бензин нь дуусахаар нь Спорт хорооны ойролцоо цоожилж үлдээгээд *******ийнд очсон...гэх мэдүүлэг /хх-ийн 74-76 /
2.Шүүгдэгч С.У нь шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч Л.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... Би 2020 оны 01 сарын 12-ны өдөр Төв аймагт байх охин руугаа яваад 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ иртэл гэрээс эмэгтэй хүний дотортой өвлийн гутал, мөнгөн аяга, зэс аяга, хөөрөг, эрэгтэй хүний ноосон цамц, цаг, хөргөгчид байсан 6 кг хонины мах, 1 кг аарц зэрэг алдагдсан байсан. Мөн миний 3364 УББ улсын дугаартай авто машин зэрэг алга болсон байсан. Би өөрийн машинаа хүү *******д үлдээсэн байсан юм. Би гэртээ ирээд эд зүйл болон машин алга болсон талаар хүү *******ас асуухад С.У гэгч авч явсан юм шиг байна надад хэлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 16-25/,
4. Иргэний нэхэмжлэгч Х.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.....2020 оны 01 сарын 20-дын үед цагаан идээний лангуун дээр сууж байхад 40 орчим насны эрэгтэй хүн гутал барьж ирээд 50000 төгрөгөөр зарна гэхээр нь 35000 төгрөг л байна гэхэд гутлаа өгөөд 35000 төгрөгийг аваад явсан.. Би уг гутлыг хохирогчид буцаан өгсөн 35000 төгрөгийг нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг / хх-ийн 26-28 /
5. Гэрч А.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
... 2020 оны 01 сарын 17-ны үед С.Утай амьчуулын “Баянбүрд” дэлгүүрийн үүдэнд таарахад жижиг гарын манан хөөрөг зараадах гээд өгөхөөр нь би тэр хөөргийг цагаан цахир алтны газраар явдаг Дандар гэх залууд 6000 төгрөгөөр зараад ******* бид 2 архи авч уусан....гэх мэдүүлэг / хх-ийн 31-34 /
6. Гэрч Л.Алтантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Номун далай ахлах сургуулийн хажуу талд ээжийн 33-64 УББ улсын дугаартай автомашинтай явж байгаад зүс таних ******* гэх залуутай таарч гэртээ хамт очиж архи ууж байгаад би согтоод унтаад өгсөн хойгуур ******* нь манай гэрээс эд зүйл хулгайлаад 4 байрны тадаа байсан 33-64 УББ улсын дугаартай машиныг зөвшөөрөлгүй авч явсан байсныг маргааш нь мэдсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 40-45 /
7. Гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
.....2020 оны 01 сарын 10-дын үед намайг гэртээ байхад манай-хүү ******* нь манай найзын машин байгаа юм гээд машины түлхүүр барьсан явж байхаар нь юун машин юм бэ гэхэд ******* гэдэг хүний машин байгаа юм гээд байсан. Мөн тухайн үед 2 тортой богийн мах, хуучин хятад цаг зэргийг аваад ирсэн байсан. Тэдгээр зүйлийг хэнийх гэдгийг хэлээгүй....гэх мэдүүлэг / хх-ийн 46-49 /
8. Гэрч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....2020 оны 1 дүгээр сард байхаа өдрийг санахгүй байна. Би Наранбулаг хүнсний бөөний дэлгүүр дээрээ сууж байтал гаднаас ******* гэх бүдүүн залуу орж ирээд машины бичиг баримт барьцаанд тавьж манай дэлгүүрээс 1 шил 0.75 грамм-н “Ерөөл” архи, парламент тамхи аваад явж явсан. Тухайн үед ******* гэх залуу ганцаараа орж ирсэн. Тэгээд тэрнээс хойш 20 хоногийн дараа ******* гэх залуу ирээд архи тамхиныхаа мөнгийг нь төлөөд бичиг баримтаа аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/
9. Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
....2020 оны 01 дүгээр сард байхаа цагаан сараас өмнө байсан би амчуульд машинтайгаа явж байсан чинь миний таньдаг гэх А.******* нь гар өргөөд байхаар нь зогсоод уулзсан чинь хөөрөг зарах гэсэн юм уг хөөргийг 15.000 төгрөгөөр авчих гээд байхаар нь надад мөнгө алга байна байгаа нь 6000 төгрөг байсан гэсэн ав ав гэхээр нь би хулгайн хөөрөг юм биш үү гэж асуусан чинь хулгайн хөөрөг бишээ гэхээр нь би 6000 төгрөгөөр худалдан аваад салсан. Тэгээд тэрнээс хойш уулзаагүй тэгээд цагдаагийн байгууллагаас намайг дуудаж хөөрөгний талаар асуухаар нь би хулгайн хөөрөг байсан юм байна гэж мэдсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 53-55/,
10. Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 60 дугаар шинжээчийн:
1. Мөнгөн аяга 1 ширхэг 80.000 төгрөг,
2. Зэсэн аяга 1 ширхэг 20.000 төгрөг,
3. Шинэ цагаан өнгөтэй арьсан гутал 1 ширхэг 230.000 төгрөг,
4. Хөөрөг 1 ширхэг 150.000 төгрөг, нийт дөрвөн наян 480.000 мянган төгрөг....гэх дүгнэлт /хх-ийн 57/
11. Энх-Нахиа ХХК-ны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 109 дугаар шинжээчийн:
1. Mercedes benz E320 9.200.000 төгрөг,
2. Mercedes benz E320 510.000 төгрөг,
3. Эрэгтэй хүний ноосон цамц 25.000 төгрөг,
4. Цаг 5000 төгрөг,
5. Хонины мах 6500 төгрөг,
6. Аарц 3500 төгрөг, нийт есөн сая долоон зуун наян хоёр мянга таван зуу 9.782.500 төгрөг..гэх дүгнэлт /хх-ийн 62/ болон хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд авагдсан хохирлын баримт, хавтаст хэргийн 77-79 дугаар хуудсанд авагдсан эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 84 дугаар хуудсанд авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргийг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч С.У нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Л.*******ын эзэмшлийн гэрээс буюу Баянхонгор аймаг Баянхонгор сумын рашаант 10 дугаар багийн нутаг 10-13-04 тоотоос байх гэрт Л.*******ын хүү Л.*******тай архидан согтуурч байгаад гэрээс нь эмэгтэй хүний дотортой өвлийн гутал, мөнгөн аяга, зэс аяга, хөөрөг, эрэгтэй хүний ноосон цамц, цаг, хөргөгчид байсан 6 кг хонины мах, 1 кг аарц зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 552.500 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Л.*******ын эзэмшлийн Мегседес бенз маркийн 33-64 УББ улсын
дугаартай авто тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт болсон нь хохирогч Л.*******, гэрч А.*******, Л.*******, Б.*******, Д., Б. нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний шинжээчийн 60, 109 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч С.Уыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлсан”, авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж шүүгдэгч С.Ут эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч С.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.У нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 04 сар 03 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 03 сарын 07-ны өдөр 29 дугаартай захирамжаар 01 жил 05 сар 20 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан байсан бөгөөд хугацаанаас өмнө тэнссэн ялыг эдэлж дуусахаас өмнө шүүгдэгч С.У нь шинээр гэмт хэрэг үйлдсэн тул Л.*******ын эзэмшлийн гэрээс буюу Баянхонгор аймаг Баянхонгор сумын рашаант 10 дугаар багийн нутаг 10-13-04 тоотоос байх гэрт Л.*******ын хүү Л.*******тай архидан согтуурч байгаад гэрээс нь эмэгтэй хүний дотортой өвлийн гутал, мөнгөн аяга, зэс аяга, хөөрөг, эрэгтэй хүний ноосон цамц, цаг, хөргөгчид байсан 6 кг хонины мах, 1 кг аарц зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 552.500 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн Л.*******ын эзэмшлийн Мегседес бенз маркийн 33-64 УББ улсын
дугаартай авто тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн бөгөөд гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 20 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.У нь иргэн Л.Түмэннасанд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй талаар хохирогчоос мэдүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.У нь энэ хэргийн учир 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 09 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцов.
Шүүгдэгч С.Ут урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.У нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд нь ял шийтгүүлж байсан гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Уыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,
Авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Уыг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Уыг хоёр зуун дөчин цагийн / 240 / хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч С.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зургаан сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар буюу нэг сарын хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний хорих ялыг долоон сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар долоон сарын хугацаагаар оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн нэг жил таван сар хорь хоногийн ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг хоёр жил хорь хоногийн / 02 жил 20 хоног / хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч С. *******т хоёр жил хорь хоногийн / 02 жил 20 хоног / хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Уын энэ хэргийн учир цагдан хоригдсон ес хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Шүүгдэгч С.У нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ