Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 613

 

 

 

 

 

 

 

2020           06           26                                   2020/ШЦТ/613       

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч С.Эрдэнэтуяа,

Хохирогч, шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу,

Шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Э.Мягмардорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С, Ж.О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.О нарт холбогдох эрүүгийн 1909000001297 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

   Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Интернэтэд онлайн худалдаа явуулдаг, ам бүл 6, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо зүүн баян уул 28 гудамж 28 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 30-03 тоотод оршин суух, урьд:

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

 

   Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Их засаг их сургуулийн эрх зүйн ангийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 2, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 32-412 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Жунсон консракшинд мужаан ажилтай, ам бүл 3, эх дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо баруун алтан өлгий гудамж 655 тоотод оршин суух,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.С нь Ж.О, М.Жавхлан нартай бүлэглэн гүйцэтгэж, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 01 цагаас 02 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 86 дугаар байрны орчим хохирогч Э.Оын Самсунг А10 маркийн гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, дээрэмдсэн,

 

Шүүгдэгч Ж.О нь Б.С, М.Жавхлан нартай бүлэглэн гүйцэтгэж, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 01 цагаас 02 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 86 дугаар байрны орчим хохирогч Э.Оын Самсунг А10 маркийн гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, дээрэмдсэн,

 

Шүүгдэгч Э.О нь 1909000001297 дугаартай хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэсийн Мөрдөн байцаах тасгийн 209 тоот өрөөнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуульд заасан эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлуулан танилцаж, хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн гарын үсэг зурж, баталгаа гаргасны дараа “яллагдагч нарыг хутгатай байсан, хутга тулгаж дээрэмдсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 08-нд шилжих шөнийн 01 цагийн үед Отгон-Эрдэнэ, Жавхлан бид 3 PC тоглох гээд Хөгжим бүжгийн коллежийн урд байрлах PC тоглоомын газар руу явах гээд такси барьсан. Таксиний мөнгө 3000 төгрөг болсон гэж жолооч хэлсэн. Жавхлан над руу өвдөгөөрөө дохиод “таксины жолоочоос мөнгө асуу” гэж хэлсэн. Би жолоочоос “мөнгө байна уу гэхэд 5000 төгрөг байна” гэж хэлсэн. Жавхлан “дахиад өөр эд зүйл байна уу” гэхэд Ононбат утсаа бидний голд өгөхөд би утсыг аваагүй, Жавхлан авсан. Тухайн гар утсыг Жавхлан аваад байрны дунд буугаад ломбарданд барьцаанд 120.000 төгрөгөөр тавьсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.О мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шөнө 3 дугаар сургуулиас 3 хүн аваад таксинд явсан. Тэдгээр нь хаана очихоо хэлэхгүй баруун, зүүн гэж хэлээд явуулаад байсан. Тэгээд Ардын эрхээс 32 тойрог орох замд хэн нэгэн нь замд буусан. Би хэн буусныг мэдэхгүй байна. Тэгээд цааш би хоёр хүнтэй нь яваад харанхуй гудамжинд зогссон. Тэгэхэд нэг нь миний мөрөн дээр гараараа дараад “үүнээс өөр хийх арга зам алга, мөнгө байна уу, өөр эд зүйл байна уу” гэж асуусан. Би тухайн үед машины гэрлээ унтраасан байсан учир хэн ингэж асуусныг мэдэхгүй. Би “мөнгө байхгүй” гээд утсаа харуулсан. Утасны сим аваад, гол хэрэгтэй апплейкшн зэргийг устгаад голын суудлын таган дээр гар утсыг тавьсан. Тэгээд буцаж явцаад тэдгээрийг 3 дугаар сургуулийн ард буулгасан. Би мэдүүлэг өгөх үедээ миний утсыг хурдан олж өгөх байх гэж бодоод хутга тулгасан гэж худал мэдүүлсэн...” гэв.

 

Эрүүгийн 1909000001297 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр Монгол 3 дугаар сургуулийн урд талын автобусны буудал дээрээс такси бариад Иргэний бүртгэлийн хойд талд байрлах манай найзынх руу очсон. Жавхлан Отгон-Эрдэнийг “бууж бай” гээд машинаас буулгасан. Таксины жолооч “2000 гарлаа” гэж хэлэхээр нь би таксины жолоочийг цамцны хойд хэсгээс нь татаад “мөнгө байна уу” гэхэд таксины жолооч “6000 төгрөг, утас байна” гэж хэлсэн. Би 6.000 төгрөг аваагүй. Утсаа өгөхөөр нь би утсыг нь авахгүй “өөр мөнгө байхгүй юм уу” гэж асуухад “байхгүй надад байгаа нь 6000 төгрөг байна, утаснаас өөр юм байхгүй” гэж хэлээд симээ салгаад Жавхланд утсаа өгсөн. Жавхлан утсыг нь авсан. Жавхлан таксины жолоочийг “эргээд явчихъя” гэж хэлээд яваад Ардын эрхийн байран дунд буусан. Тэгээд шинэ зам руу гарч дахиж такси бариад Ард кино театр руу байрлах яваад Жавхлан Отгон-Эрдэнийг дагуулаад ломбард руу орсон. Гарч ирэхдээ “саяны утсыг 120.000 төгрөгөнд тавьчихлаа” гэж надад хэлсэн. Бид нарт хутга байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-6 дугаар хуудас/,

 

Яллагдагч М.Жавхлангийн “...Сүхбат таксины жолоочтой муудалцахаар нь би Отгон-Эрдэнийг машинаас буу гээд буулгасан. Сүхбат ардаас нь баруун гараараа цамцны захнаас нь барьчихсан нөгөө жолооч “мөнгө байхгүй, миний утсыг авчих” гэж хэлж байсан. Нөгөө залуу сим картаа аваад утсаа Сүхбатад өгсөн. Отгон-Эрдэнэ бид 2 ломбард руу ороод утсыг нь 120.000 төгрөгөөр тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Ж.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Такси бариад Сүхбат найзынхаа гэрийг 100 айлын 9 дүгээр дэлгүүрийн тийшээ зааж гудамж руу ороод зогссон. Жавхлан намайг “таксинаас бууж бай” гэхээр нь би “мөнгө өгөх гэж байна” гэж бодоод таксинаас буугаад 5 орчим минут хүлээгээд бууж ирэхгүй байхаар нь би буцаж машины жолоочийн эсрэг талд суух гэж хаалга онгойлгосон. Сүхбат “хаалгаа хаа” гэхээр нь би машинд сууж хаалгаа хаасан. Сүхбат нөгөө машины жолоочийн зүүн хойд талаас нь цамцны хоолойноос заамдчихсан утсыг нь барьчихсан кодыг нь тайлах гэж оролдож байсан. “Жолоочийг ална, цагдаад хэлвэл машины дугаараар чинь олно, машинаа өг” гэж хэлж байгаад кодыг тайл гээд утсыг нь буцаагаад өгсөн. Нөгөө жолооч утсаа авчихаад “машинаа өгч чадахгүй, миний утсыг ав, миний машин лизингтэй ээж дүү хоёртойгоо Хэнтийд амьдардаг” гэж хэлээд утсаа Сүхбатад өгсөн. Сүхбат утсыг аваад Жавхланд өгсөн. Жавхлан аваад надад өгөхөөр нь “би энүүгээр яах юм” гээд Жавхланд буцаагаад өгсөн. Тэгээд тэр такситайгаа явж байгаад Хангай хотхоны хамгийн арын байрны орчим зам дээр бууцгаасан. Тэндээсээ шинэ замаас дахиад такси бариад модны 2-ын ломбард ороход хаалттай байсан. Тэгээд Ардын эрхийн нэг ломбард орж миний бичиг баримтаар баримтаар 120.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Би хутга хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-18 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би гар утсаа дээрэмдүүлэх үедээ жаахан сандарсан байсан. Тэгээд дээрээс нь гар утсаа өгөөд явуулсан болохоор уур хүрээд хутга тулгасан гэж гомдол мэдүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 171-172 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ /2019 оны 11 сарын 11-ний өдөр мэдүүлсэн мэдүүлэг/: “...2019 оны 11 дүгээр сарын 07-ны шөнийн 01:00-02:00 цагийн орчимд Ардын эрхийн хойд талын буудлаас гараа өргөсөн 3 залуу суулгасан. Тэр 3 залуу хаашаа явахаа хэлэхгүй замаа чиглүүлээд явсан. Хойшоо эргээд шинэ замаар 32 орж зүүн тийш эргээд явж байхад Иргэний бүртгэлийн ертөнцийн зүгээр баруун талаас хойшоо эргэсэн замаар ороод харанхуй гудамж руу орж зогссон. Зогсоход жолоочийн эсрэг талд суусан байсан 2 залуу нь “хэд гарсан” гэж асуухад нь би “3000 төгрөг гарсан” гэж хэлсэн. Жолоочийн эсрэг тал сууж байсан 2 залуу нь нэг удаагийн маск зүүсэн байсан. Яг миний ард талд сууж байсан залуу нь маск зүүгээгүй харагдсан. Тэгээд эргэн тойрноо харж байгаад жолоочийн эсрэг талын ард сууж байсан залуу хутга гаргаж ирээд миний зүүн талын мөрөн дээгүүр гаргаж ирээд тулгасан. Голын хайрцаг дээр ил байсан Самсунг А10 загварын гар утсыг миний хажуу талд сууж байсан залуу аваад хойшоо хутга тулгаж байсан залууд өгсөн. Урд сууж байсан залуу урд хайрцаг ухаж түрийвч гаргаж ирэхэд нь хойд талын хутга барьж байсан залуу нь болиулсан. Хутгатай залу “машины түлхүүрээ өг” гэж хэлэхээр нь би “энэ машин 2 сарын банкны лизинг өгөөгүй байгаа, хэд хоногоос зарагдана” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дүгээр хуудас/,

 

Хохирогч Э.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...3 дугаар сургуулиас 3 залуу суулгаж авч явж байгаад хаашаа явах юм гэж асуусан чинь замаа зааж өгөхгүй чиглүүлж байсан. 32-ын тойргийн наад талд гэрлэн дохионы тэнд жолоочийн эсрэг талд сууж явсан ногоон өнгийн бомбортой залуу нь “маргааш уулзая” гээд буусан...иргэний бүртгэл мэдээллийн наад талын гудамжаар хойшоо эргэж яваад 100 метр орчим яваад харанхуй гэрэлгүй газар зогссон. Дунд сууж явсан залуугийн гар нь миний зүүн мөрөн дээгүүр давж гар ирээд  юүдэнтэй цамцнаас зуураад “бид нарт энэнээс өөр сонголт алга, яаралтай мөнгөний хэрэг гараад байна, мөнгө байна уу” гэж асуухаар нь би “надад байгаа нь 5000 төгрөг байна, өөр мөнгө алга утаснаас өөр юм алга” гэхэд миний малгайнаас барьсан залуу “наадахыг чинь харъя” гэж хэлэхээр нь би өөрөө сим картаа аваад юмнуудаа зарим нэг аппликейшнаа устгаад өгсөн...Би гар утсаа яаралтай олж авахын тулд хутга тулгаж дээрэмдүүлсэн гэж мэдүүлэг өгсөн. Надад одоо гомдол санал байхгүй...” /хх-ийн 43-44/  

 

Иргэний нэхэмжлэгч О.Лхагважав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 03:00 цагийн үед хаах гэж байхад гаднаас танихгүй 20 орчим насны 2 залуу утас тавих гэж орсон ирсэн. Би утсыг нь үзтэл сим картгүй, зураггүй байхаар нь “хэдэд тавих юм” гэж асуухад арай бор царайтай залуу нь тулгаад тавьчихъя” гэж хэлэхээр нь би 120.000 төгрөгийн барьцаанд авсан. Одоо гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

 

Гэрч Ш.Хулан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Намайг ажил авахад 1 дугаартай өрөөнд 3 залуу хоносон сурагтай байсан. Тэр өдөр 12:00 цагийн үед нэг залуу орж ирээд 1 дугаартай өрөөнд хоносон залууг асуухаар нь би “байж бай, тэр хоёр залуу чинь орж ирнэ” гэж хүлээлгээд тэр хоорондоо цагдаагийн алба хаагч руу утасдаж хэлэхэд “байлгаж байгаарай, явуулж болохгүй шүү” гэсэн. Би цагдаагийн албан хаагч ирэхээр нь хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-24 дүгээр хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-26, 176-178 дугаар хуудас/,

 

“Эрдэнэс” ломбард барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-33 дугаар хуудас/,

 

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэлд “...Самсунг А10 загварын хөх өнгөтэй, тунгалаг уутаар ороосон, нүүрэн дээрээ 2490 Отгон-Эрдэнэ гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн цаас наасан гар утсыг Эрдэнэс ломбарднаас гаргаж өгснийг хүлээн авч Э.Оад хүлээлгэн өгөв...” гэжээ /хх-ийн 34-38 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Samsung A10 маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 295.200 /хоёр зуун ерэн таван мянга хоёр зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 179-180 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...Эрдэнэс” ломбардны хяналтын камерын бичлэгийг хуулбарласан компакт дискийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /хх-ийн 215 дугаар хуудас/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 211-214 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 99 дүгээр хуулас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 98 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 105 дугаар хуудас/, шүүгдэгч Ж.Отгон-Эрдэний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 122 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 125 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 129 дүгээр хуудас/, шүүгдэгч Э.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 188 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 184 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 186 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 187 дугаар хуудас/, “Жунсон констракшн” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 189 дүгээр хуудас/, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 235-236 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинээр гаргаж өгсөн 4 хуудас баримт, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуугаас шинээр гаргаж өгсөн 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Дээрэмдэх болон мөнгө угаах гэмт хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.С, яллагдагч М.Жавхлантай бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-нд шилжих шөнө 01 цагаас 02 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 86 дугаар байрны орчим Б.Саас  хохирогч Э.Оын мөрөн дээр гараараа дарж юүдэнтэй цамцнаас нь зуураад “бид нарт энэнээс өөр сонголт алга, яаралтай мөнгөний хэрэг гараад байна мөнгө байна уу, өөр эд зүйл байна уу” гэж хэлж сүрдүүлэн “Самсунг А10” маркийн гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж, дээрэмдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Хохирогч Э.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...харанхуй гэрэлгүй газар зогссон. Дунд сууж явсан залуугийн гар нь миний зүүн мөрөн дээгүүр давж гарч ирээд юүдэнтэй цамцнаас зуураад “бид нарт энэнээс өөр сонголт алга, яаралтай мөнгөний хэрэг гараад байна, мөнгө байна уу” гэж асуухаар нь би “надад байгаа нь 5000 төгрөг байна, өөр мөнгө алга утаснаас өөр юм алга” гэхэд миний малгайнаас барьсан залуу “наадахыг чинь харъя” гэж хэлэхээр нь би өөрөө сим картаа аваад юмнуудаа зарим нэг аппликейшнаа устгаад өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Сын “...би таксины жолоочийг цамцны хойд хэсгээс нь татаад “мөнгө байна уу” гэхэд таксины жолооч “6000 төгрөг, утас байна” гэж хэлсэн. Би 6.000 төгрөг аваагүй. Утсаа өгөхөөр нь би утсыг нь авахгүй “өөр мөнгө байхгүй юм уу” гэж асуухад “байхгүй надад байгаа нь 6000 төгрөг байна, утаснаас өөр юм байхгүй” гэж хэлээд симээ салгаад Жавхланд утсаа өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагч М.Жавхлангийн “...Сүхбат ардаас нь баруун гараараа цамцны захнаас нь барьчихсан нөгөө жолооч “мөнгө байхгүй, миний утсыг авчих” гэж хэлж байсан. Нөгөө залуу сим картаа аваад утсаа Сүхбатад өгсөн...” гэсэн мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч О.Лхагважавын “...Би утсыг нь үзтэл сим картгүй, зураггүй байхаар нь “хэдэд тавих юм” гэж асуухад арай бор царайтай залуу нь тулгаад тавьчихъя” гэж хэлэхээр нь би 120.000 төгрөгийн барьцаанд авсан...” гэсэн мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Дээрх нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тодорхойлбол шүүгдэгч Б.С, яллагдагч М.Жавхлан нараас хохирогч Э.Оын автомашинаар үйлчлүүлэх нэрийдлээр замаа худал хэлж зайдуу, харанхуй газар зогсоолгон улмаар олуулаа хүч хэрэглэх боломжтой нөхцөл байдлыг бий болгож, улмаар шүүгдэгч нараас эд хөрөнгө, мөнгө авах зорилгоо хэлж мөрөн дээр нь гараа тавьж цамцнаас нь татаж байгаа үйлдэл нь хохирогчид хүч хэрэглэж болзошгүй гэсэн ойлголт, айдсыг төрүүлэн үг хэл, үйлдэл, харагдах байдлаараа айлган түүний ““Самсунг А10” загварын гар утсыг авсан үйл явдал болжээ.    

 

Ийнхүү хохирогчид сэтгэл зүйн хувьд түүнд “өөрийг нь гар утсаа өгөхгүй тохиолдолд хүч хэрэглэн зодно гэдгээс айж тэдгээрт гар утсаа өгсөн нөхцөл байдал үүсчээ.

 

Шүүгдэгч, яллагдагч нарын энэхүү үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өөрсдийн өмчлөлд авах зорилгоор үйлдлээрээ нэгдэж, бусдад сэтгэл санааны хүчирхийлэл, заналхийлэл (айлган сүрдүүлэх) үзүүлэн довтолж шунахай сэдэлтээр, илээр, үнэ төлбөргүйгээр хохирогчийн эд хөрөнгийг авсан нь нийгэмд аюултай, гэм буруутай, санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

 

Прокуророос шүүгдэгч Ж.Отгон-Эрдэнийг шүүгдэгч Б.С, яллагдагч М.Жавхлан нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ялласан боловч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгч Ж.О нь уг хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэх нөхцөл байдал эргэлзээтэйгээс гадна шүүгдэгчийн үйлдэл нь өөр төрлийн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Хэргийн нөхцөл байдлаас үзвэл хохирогч Э.О, шүүгдэгч Б.С, яллагдагч М.Жавхлан нарын мэдүүлгээр хохирогчоос гар утсыг дээрэмдэх үйлдэл болохоос өмнө хохирогчийн автомашинаас буусан үйл баримт тогтоогдсон.

 

Харин шүүгдэгч Ж.Отгон-Эрдэнийн “...Сүхбат нөгөө машины жолоочийг хойноос нь заамдаад утсыг нь барьчихсан байсан...” гэж, яллагдагч М.Жавхлангийн “...Сүхбат таксины жолоочтой муудалцахаар нь би Отгон-Эрдэнийг машинаас буу гээд буулгасан...” гэсэн мэдүүлэг, эд мөрийн баримтууд болон бусад нотлох баримтуудаар тэрээр автомашинд болсон үйл явдлын дараа шүүгдэгч Б.С, яллагдагч М.Жавхлан нараас гар утастай болсон, хууль бусаар авсан гэдгийг мэдсээр атлаа өөртөө авч ломбарданд өөрийн нэрээр тавьж мөнгө авсан үйлдэл нь тогтоогдсон тул  “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх дүгнэлээ.      

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Сыг яллагдагч М.Жавхлантай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж.Отгон-Эрдэнийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус бүрийг тооцох хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.С, Ж.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлт, харин шүүгдэгч Б.Сын өмгөөлөгчөөс “...Б.Сын  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж өгнө үү...” гэж, шүүгдэгч Ж.Отгон-Эрдэний өмгөөлөгчөөс “...Ж.Отгон-Эрдэний үйлдэл эргэлзээтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэж тус тус санал, дүгнэлт гаргасан ба шүүх тэдгээрт дээр дурьдсанаар зохих дүгнэлтийг хийсэн болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Оаас “...гар утсаа буцааж авсан, гомдол, саналгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгдэгч Б.С, Ж.О нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Худал мэдүүлэх гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.О нь 1909000001297 дугаартай хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн 209 тоот өрөөнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуульд заасан эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлуулан танилцаж, хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн гарын үсэг зурж, баталгаа гаргасны дараа “яллагдагч нарыг хутгатай байсан, хутга тулгаж дээрэмдсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь шүүгдэгч Э.О, Ж.О, Б.С нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Оын үйлдэл нь “Худал мэдүүлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос шүүгдэгч Э.Оад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийн бүрдэл хангагдсан ба өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Иймд шүүгдэгч Э.Оыг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн зохих зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Б.С, Ж.О нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлоо буцаан төлсөнийг, шүүгдэгч Э.Оыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Саас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал тогтоогдсон ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Сын хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч Ж.Отгон-Эрдэний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Ж.О нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, нийгмээс тусгаарлахгүй байх боломжтой гэж дүгнэлээ.

 

          Шүүхээс шүүгдэгч Ж.Од хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Э.Оад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.О нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 11 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т заасны дагуу түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож Э.Оад оногдуулсан торгох ялаас /15000*11=165.000/ 165.000 төгрөгийг хасч /600.000-165.000=435.000/ 435.000 төгрөгөөр торгох ялын хэмжээг тогтоов. 

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

 

            Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Сын цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Ж.О 11 хоног цагдан хоригдсон болохыг дурьдлаа.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, амар хялбар аргаар мөнгөтэй болох, нийгэмд биеэ зөв авч явах, шударга байх, зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1. Прокуророос Ж.Оийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Б.Сыг яллагдагч М.Жавхлантай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

            3. Шүүгдэгч Ж.Ог гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            4. Шүүгдэгч Э.Ог мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Од хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Сад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сын цагдан хоригдсон 11 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оын цагдан хоригдсон 11 хоногийн нэг хоногийг түүнд оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 165.000 төгрөгийг эдлэх ялаас хасч /600.000-165.000=435.000/ 435.000 төгрөгөөр торгох ялын хэмжээг тогтоосугай.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оад оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

12. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ж.О 11 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

14. Шүүгдэгч Ж.Од хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг дурьдсугай.

 

17. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Сад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Э.О, Ж.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Сын эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

18. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

            19. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.О, Ж.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Сад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ДУЛАМСҮРЭН