Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 5

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.Бийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: СБ ИТХ-ын даргад холбогдох

 

 Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 05 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Бэ, түүний өмгөөлөгч Ж.Цээсүрэн, хариуцагч Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Г, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч С.Бэ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Б нь 1988 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд 27 жил төрийн албыг хашин ажиллаж байна. Үүнээс сүүлийн 8 жил гаруй нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд төрийн ажлыг цалгардуулж, хариуцлага алдаж байгаагүй. Гэтэл 2016 оноос бүрдсэн шинэ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Г болон Тэргүүлэгч нар нь нам улс төрийн өнгө аясаар надад хандаж ирсэн.

Тухайлбал 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 05 тоот захирамжаар сануулах арга хэмжээг авсан боловч миний зүгээс шинэ бүрэлдэхүүн болж буй энэ нөхцөлд зарга хийж холбогдох байгууллагуудад хандахыг хүсээгүй. Харин гэтэл дахин 2018 оны 01 сарын 05-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас 05 дугаар тогтоолыг гаргаж сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийг илт зөрчсөн үйлдэл болсон. Энэхүү сахилгын шийтгэл тооцох гол үндэслэл нь малын гарал үүслийн бичгийн мөнгийг аймагт тушаагаагүй тул зөрчил гаргасан гэж үзэж буй нь өрөөсгөл ойлголт юм.

Миний хувьд багийн Засаг дарга нараас малын гарал үүслийн бичгийн мөнгийг авч тогтоосон хугацаанд нь тухай бүрт нь холбогдох дансанд шилжүүлж байсан. Энэ хүрээнд хамгийн сүүлийн мөнгө болох 1.270.000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тушаасан. Гэтэл намайг энэ мөнгийг хувьдаа ашигласан мэтээр илт хуулийг мушгин гуйвуулж, надад хариуцлага тооцсонд гомдолтой байна.

 Иймээс Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн “Сахилгын шийтгэл ноогдуулах тухай” 05 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан гэв.

 

 Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 05 тоот тогтоолоор С.Бэд малын гарал үүслийн гэрчилгээний төлбөр болох 1358000 төгрөгийг тогтоосон хугацаанд барагдуулалгүй хувьдаа ашигласан гэж үзэж сахилгын шийтгэл оногдуулсан. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.13 дахь заалт болон Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь заалт болон Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэсэн байдаг.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.13-т “нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн болон иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбогдсон асуудлаар Засаг дарга, түүний орлогч, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга, төсвийн байгууллагын удирдлагад асуулга тавих, түүний хариуг хэлэлцэж санал, дүгнэлт өгөх”, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн  15.1.7-т “албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн  эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших” гэж тус тус заасан байна. С.Бэд сахилгын шийтгэл оногдуулсан нь миний үйлчлүүлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

 Хариуцагч Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Г шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 05 тоот тогтоолоор батлагдсан “Мал, мах түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ, түүнийг хэрэглэх журам”-д заасан малын гарал үүслийн гэрчилгээний мөнгөн тооцооны талаар 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал дээр яригдахад нарийн бичгийн дарга С.Бэ нь тооцоог бүрэн хийж дуусгаагүй байсан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22.1.16-д заасны дагуу хурлын Тэргүүлэгчид бүрэн эрхийнхээ хүрээнд олонхийн саналаар хурлын нарийн бичгийн даргадаа сануулах арга хэмжээг авах тогтоолыг баталсан.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 7 тэргүүлэгчтэйгээс 2018 оны 01 сарын 5-ны өдрийн хуралд 5 тэргүүлэгч /Б.Г, Я.О, Ж.Б, Р.Д, Ж.А/ ирж, олонх хүрэлцэн ирснээр хурал хүчин төгөлдөр ирцтэйгээр хуралдсан ба олонхийн саналаар С.Бэд сануулах арга хэмжээ авах 05 тоот тогтоолыг баталсан. Тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д заасныг үндэслэсэн.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дансанд төлөх байсан мөнгөн хөрөнгийг төлөхгүйгээр С.Бэ нь хувьдаа ашиглаад явж байсан нь нэхэмжлэлд дурдсанаар тогтоогдож байгаа юм. Учир нь С.Бэ 2018 оны 1 сарын 8-ны өдөр буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлыг хуралдсанаас хойш 3 өдрийн дараа 1.270.000 төгрөгийг төлсөн талаараа нэхэмжлэлдээ дурдсан байна.

Иймд нэхэмжлэлийг буцааж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Энэ нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг зөрчөөгүй. Журамд зааснаар малын гарал үүслийн гэрчилгээний тооцоог, жил бүрийн эцэст гэмт хэргээс урьчилан сэргийлэх дансад төвлөрүүлнэ гэж заасан байдаг. 2017 оны 11 дүгээр сард нөхцөл байдлын талаар ярьж үүрэг өгсөн байдаг. Тиймээс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зөрчил үүсээгүй гэж үзнэ. Харин 2018 он гарахад тухайн мөнгийг дансанд төвлөрүүлээгүй учраас зөрчил үүссэн гэж үзнэ. Иймд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар олонхоороо дэмжиж сахилгын арга хэмжээ авсан байдаг. Багийн засаг дарга дээр өр үүссэн тооцоо байгаа гэж нэхэмжлэгч хэлдэг боловч энэ талаарх нотлох баримт байдаггүй. Мөн үлдэгдэл төлбөрийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдсанаас хойш 3 өдрийн дараа төлсөн байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сонсох ажиллагаа явагдаагүй гэж хэлж байна. 2017 оны 11 дүгээр сард энэ хүнд зөрчлийг арилгах талаар хэлж байсан. Тиймээс үүнийг сонсох ажиллагаа хийгдсэн гэж үзнэ. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхэд нэхэмжлэгч нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 05 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

 

Талуудын тайлбар болон хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд шүүхээс дараах байдлаар дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 05 тоот тогтоолоор Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.13,  Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь заалт, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн 2017 онд дуусгавар болсон малын гарал үүслийн бичгийн үлдэгдэл төлбөр болох 2,042,000 төгрөгнөөс 1,358,000 төгрөгийг тогтоосон хугацаанд барагдуулахгүй хувьдаа ашиглан завшсан гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С.Бэд сануулах арга хэмжээ авчээ.

 

Маргаан бүхий захиргааны актад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.13-т “нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн болон иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбогдсон асуудлаар Засаг дарга, түүний орлогч, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга, төсвийн байгууллагын удирдлагад асуулга тавих, түүний хариуг хэлэлцэж санал, дүгнэлт өгөх” гэж заасан Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг үндэслэл болгон төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж “Сануулах” арга хэмжээ авсан нь хариуцагч захиргааны байгууллага өөрт олгосон эрх хэмжээг  зорилгодоо нийцээгүй байдлаар ашиглаж хуулийг  буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

 

          Учир нь: Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж зааснаар Хурлын нарийн бичгийн даргыг томилох эрхтэй Хурлын Тэргүүлэгчид нь Хурлын нарийн бичгийн даргад хууль тогтоомж зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуулийн 26.1.1-т зааснаар сануулах арга хэмжээ авах эрхтэй байх бөгөөд хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь буруу болжээ.

 

 Түүнчлэн нэхэмжлэгч С.Бийг Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д “албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших” гэж заасныг зөрчсөн буюу 2017 онд дуусгавар болсон малын гарал үүслийн бичигний үлдэгдэл төлбөр болох 2,042,000 төгрөгнөөс 1,358,000 төгрөгийг тогтоосон хугацаанд барагдуулахгүй хувьдаа ашиглан завшсан гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулахдаа захиргааны байгууллага энэхүү бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтыг хэрхэн цуглуулж, үнэлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

 Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актыг гаргах ажиллагаанд хамаарах “1,358,000 төгрөгийг тогтоосон хугацаанд барагдуулахгүй хувьдаа ашиглан завшсан” гэх нөхцөл байдлыг буюу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг  заавал шалган  тогтоож, зөрчлийн шинж байдал, зөрчил гаргасан шалтгаан, зөрчил гаргагчийн хувийн байдлыг харгалзан сахилгын арга хэмжээ ногдуулах хуулийн шаардлагыг захиргааны байгууллага хангаагүй байна гэж үзлээ.

 

  Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2013 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан “Мал, мах түхий эдийн гарал үүслийн гэрчилгээ, түүнийг хэрэглэх журам”-аар тогтоосон хугацаанд малын гарал үүслийн бичгийн мөнгийг барагдуулаагүй гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч уг журам нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 33 дугаар тогтоолоор хүчингүй болсныг дурдах нь зүйтэй байна.

 

  Хариуцагчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийг гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийг шууд хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Ийнхүү Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 05 тоот тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий  байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцээгүй,  хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй хууль бус акт болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

   

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 05 тоот тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

 

  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бэд олгосугай.

 

  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

   

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БАЯРЦОГТ