Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 633

 

 

С.Амарсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00875 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Амарсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Монголын залуучуудын холбоо” нийгэмд үйлчилдэг ТББ-д холбогдох

 

Нэр төр сэргээлгэх, хүлцэл өчүүлэх, гэм хорын хохиролд 50 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Монголын Залуучуудын Холбооны ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдэгдлээ уг мэдэгдлийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцааж, уучлалт хүсэхийг даалгах, хохиролд 150 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч А.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Бэхбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Амарсайхан нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгдийн хуралд Налайх дүүргээс нэр дэвшсэн. Монголын залуучуудын холбоо нь хар жагсаалт, цагаан жагсаалт нийтэлсэн. Тухайн нэр дэвшигчийн тойрогт тараасан байгаа юм. Тараах материалыг хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн байгаа. Залуучуудын холбооны веб сайтад хар жагсаалт задлагдлаа гэсэн мэдээллийг тавьсан байгаа юм. Энэ жагсаалтад С.Амарсайханы зургийг тавьсан байгаа. Уг жагсаалтад орсон хүмүүс худалч, хулгайч гэсэн утга агуулгатай мэдээлэл тараасан байгаа юм. Иймд нэр төр сэргээлгэх, тараасан арга хэлбэрээр няцаалт хийлгэх, гэм хорын хохиролд 50 000 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил хэргийн нэр хүнд гэдэг бол асар үнэтэй. Бид бодитой мэдээлэл нийтэлсэн. Хулгайчгүй Монгол гэдгийг алсыг харж, асар өндөр шаардлага тавьж, нэр дэвшигчдийг шүүмжилж байгаа асуудал юм. С.Амарсайхан нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хуралд сонгогдон ажилласан. 2016 онд нэр дэвшиж байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн гэдэг бол иргэдийг төлөөлж байгаа өндөр хариуцлагатай албан тушаалтан. Монголын залуучуудын холбоо бол сонгуультай холбогдуулж өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн. Бид Монгол улсынхаа, хүнийхээ ирээдүйд анхаарал тавьсан юм. Төсвийн мөнгийг зөв зарцуулах асуудал нь иргэд өөрийнхөө эрхийг иргэдийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн итгэл найдвар юм. Бидний зүгээс иргэдийн төлөөлөгчдийн хуралд анхаарал тавьж байгаа юм. Жишээ нь ногоон уутыг 6 тэрбум төгрөгийн төслөөр хэрэгжиж байна. Гэтэл нийслэл хотод маань сургууль цэцэрлэг хомс байна гэх мэт асуудлыг хөндөж шүүмжилж байгаа юм. Шүүмжлэлд эмзэг хандаж болохгүй. Бидний хийж байгаа ажил үндэстэй бөгөөд алсаас эхэлсэн ажил учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ETV телевизээр С.Амарсайхан нь мэдээлэл гаргасан юм. Уг мэдээлэлд дурдагдаад байгаа үйл явдал болоогүй юм. Худал үгийг С.Амарсайхан нь телевизээр хэлсэн. С.Амарсайханаас ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, мэдээллийг цацсан хэлбэрээр Монголын залуучуудын холбооноос уучлалт гуйж залруулга хийлгэх, гэм хорын хохиролд 150 000 000 төгрөг шаардаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: С.Амарсайхан нь өмнө нь Оюуны ундраа гурппын үүсгэн байгуулагч байсан. Одоо хамаарахгүй болсон. С.Амарсайхан гишүүнийг Оюуны ундраа группт ажиллаж байхад Монголын Залуучуудын холбооноос Хишгээ гэдэг хүн Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч Батмөнхийн өмнөөс явж байна гээд С.Амарсайхантай уулзахдаа 50 000 000 төгрөг өгвөл цагаан жагсаалтанд оруулна, хэрвээ өгөхгүй бол хар жагсаалтанд оруулна гэсэн байдаг. Энэ талаар С.Амарсайхан гишүүн телевизэд ярилцлага өгсөн байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Амарсайханы нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Монголын залуучуудын холбооны www.myf.mn вэб сайт, Чингэлтэй болон Налайх дүүргийн хар ба цагаан жагсаалт тараах материалаар дамжуулан “...хулгайч, оффшорчин, татвараас зугтагч, лицензчин, тендерчин, кноп үнэлэгч, түгжилүүд, тэдний үр хүүхдийн төрд бүү оруул сэрэмжил...” гэсэн уриа бүхий мэдээг тараасан хэлбэр, арга хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч Монголын Залуучуудын холбоо ТББ-д даалгаж, эдийн бус хохиролд 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч Монголын Залуучуудын холбоо ТББ-ын ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээг тараасан хэлбэр, арга хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч С.Амарсайханд даалгаж, эдийн бус хохиролд 150 000 000 төгрөгт төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монголын Залуучуудын холбоо ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 978 150 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч С.Амарсайханд 70 200 төгрөг олгож, 907 950 төгрөгийг улсын орлогод оруулж, нэхэмжлэгч С.Амарсайханаас 70 200 төгрөг гаргуулж хариуцагч Монголын Залуучуудын холбоо ТББ-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч А.Мөнхбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нотлох баримт болох vvww.myf.mn веб сайтаас хэвлэн авсан гэх зураг болон ETV-д өгсөн ярилцлагын дүрс бичлэгт үзлэг хийхдээ "хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг оролцуулан, гарын үсэг зуруулна" гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг дагаж мөрдөөгүй. Энэ нь нотлох баримтад үзлэг хийж үйлдсэн шүүхийн тэмдэглэлээр нотлогдоно. Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д "Шүүгч гагцхүү хуульд захирагдана" гэж заасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй нотлох баримтад үндэслэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч С.Амарсайхан нь хариуцагч “Монголын залуучуудын холбоо” нийгэмд үйлчилдэг ТББ-д холбогдуулан нэр төр сэргээлгэх, уучлалт гуйлгах, гэм хорын хохиролд 50 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Монголын залуучуудын холбооны ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдэгдлээ уг мэдэгдлийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцааж, уучлалт хүсэхийг даалгах, хохиролд 150 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

            Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох зорилгоор шүүхэд дуу дүрсний бичлэг бүхий хуурцаг ирүүлсэн байна.

 

Уг хуурцагт байгаа мэдээллийг бэхжүүлж хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгохоор нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу уг баримтад үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг хангаж үзлэг хийсэн тухай тэмдэглэл хэргийн 114 дүгээр талд авагджээ.

 

Уг тэмдэглэлд хөндлөнгийн гэрчээр М.Насантогтох, Д.Өлзийн нарыг оролцуулсанаар үйлдэгдсэн боловч энэ байдлыг давж заалдах шатны шүүх хуралдаанд тодруулахад нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгчийн хэн аль нь тухайн үед хөндлөнгийн гэрч оролцуулаагүй үзлэгийг явуулсан гэж тайлбарлаж байна.

 

Шүүх дуу дүрсний бичлэгийн хуурцагт үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Хуулиар тогтоосон нотлох баримтыг бүрдүүлэх, гаргах, цуглуулах журмыг шүүх зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэрхүү баримт нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

 Шүүх дээрх баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон ба анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж, маргааны үйл баримт тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2016/00875 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Монголын залуучуудын холбоо” нийгэмд үйчилдэг ТББ-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 978 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

 

                                         ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ