Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2020/ШЦТ/167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

 Нарийн бичгийн дарга: О.Сувд-эрдэнэ,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч: С.Э, түүний өмгөөлөгч Л., Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурор В.Дэлгэрмаагаас С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 17-ны Баянхонгораймгийн Галуут суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой,мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С.Э

 Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч С.Э нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг Шар хөндий гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 23-наас 24- нд шилжих шөнө М.*******ын эзэмшлийн 16 тооны сарлагийн үхэр, О.*******гийн эзэмшлийн 4 тооны үхэр нийт 20 тооны буюу олон тооны малыг хулгайлж бусдад 13.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч С.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би *******ид өртэй байсан учир 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр *******той утсаар яриад би өрөндөө үхэр өгье гээд манай намаржаа болох Ганингийн үзүүр гэх газар хүрээд ир гээд газраа зааж өгөөд би тухайн өдрийн орой 23 цагийн үед Баян-Овоо сумын Шар хөндий гэх газраас өөрийн эзэмшлийн хул зүсмийн мориор нэлээн олон тооны үхрээс 20 тооны үхрийг тастаж хойшоо Ганингийн үзүүр гэх газар луу тууж шөнө 01цагийн Ганингийн үзүүр гэх газрын хаваржааны чулуу хороон дээр үхрүүдийг авчирсан би чулуун хороон дотор үхрүүдийг хашиж байгаад 02 цагийн үед ******* нэг залуу болох гэх залуугийн хамт аймгаас ирээд ******* үхрээ үзүүлтэл ******* надаас харанхуй шөнө яагаад ачуулж байгаа юм бэ хулгайн үхэр юм уу гээд байхаар нь үгүй манай үхэр байгаа юм хулгайн үхэр биш би сая өөрийнхөө үхрийг туугаад ирлээ гэж хэлээд *******ийн унаж ирсэн цагаан өнгийн ачааны машин дээр 20 тооны үхрийг ачсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 119-121/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч О.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  

...Манайх Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг Шар хөндий гэдэг газар ******* гэдэг айлтай хамт өвөлждөг юм. ******* ах манайх хоёрынх 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үхрээ бэлчээрт нь гаргаагүй гаднаа байлгаж байгаад манайх 5 үхэр, ******* ахынх 2 үхэр хүнсэндээ төхөөрч гаргаад 16 цагийн үед үхэр сүргээ гэрийнхээ хойдуул руу бэлчээсэн. Тэгээд 18 цагийн үед үхэр сүрэг уулын энгэрт бэлчээрт идээшилж байсан. Тэр өдөр аажуу бэлчээсэн тул шөнө хурааж хоноогүй. Орой манай айлаас хүнс авах гээд эхнэрийн нь ах болох Нэргүй гэдэг хүн ирж хоносон.Өглөө эрт ******* ахынд ирсэн хүн хүнсээ авах болсон тул М.******* үхрээ хурааж ирэхээр хурааж ирэхээр яваад өдөр 11 цагийн үед ирээд манай хоёрын үхрийн хагас нь алга гээд ирсэн. Галуут сумын нутагт байрлах Бор гэдэг айлаас үхрээ суртал хараагүй гэж хэлсэн байсан. Тэгээд маргааш нь ******* Галуут сумын нутаг Жаргалантын гол гэх газар мөрөөр нь дагаж яваад Ганингийн үзүүр гэдэг газар байдаг чулуун хооронд тууж оруулаад хойноо давхар дугуйтай ачааны машинд ачиж зүүн хойд зүг рүү явсан байна гээд ирсэн. Тэгээд би ******* ахын эхнэр *******, ******* нарын хамт тэр хороон дээр очиж үзтэл хороон дотор орсон машины мөр.үхэр шахсан бололтой үхэр болон 3-4 орчим хүний гутлын ул мөр байсан...Манай алдсан гэх сарлагийн 4 тооны үхрийг тус бүрийг нь 800 000 төгрөгөөр үнэлсэн байна лээ би үнэлгээтэй санал нийлж байгаа тул санал нийлж байгаа тул надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46/,

4. Хохирогч М.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...маргааш өглөө нь 10 цагийн үед би үхрүүд дээрээ очтол 50 орчим үхэр алга байхаар нь ойр орчмоор хайж байгаад Галуут сумын нутаг Жаргалантын гол руу мөрөөр нь дагаж яваад Ганингийн үзүүр гэдэг газраас 30 орчим тооны үхрээ олж авсан тэр үхэр дотор тугал голдуу байхаар нь гэрийн зүг туугаад гэрийн ард байсан үхэртээ нийлүүлээд Дашцэрэн ах бид хоёр үхрээ тоо зүсээр нь бүртгэтэл манайхаас 15 Дашцэрэн ахын үхээс 4 тооны үхэр тус тус байхгүй байхаар нь би мотоциклоор тэр дөрөө алга болсон үхрээ хайгаад Галуут сумын Жаргалантын голоор үхрүүдийн мөрийг хайгаад орой 17 цагийн үед Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Жаргалантын голын Ганингийн үзүүрт байдаг чулуун хооронд тууж оруулаад хойноо давхар дугуйтай ачааны машинд ачиж зүүн хойд зүг болох Галуут сум руу явдаг машин зам руу орсон ул мөр байхаар нь араас дагаж байгаад харанхуй болохоор нь гэр лүүгээ буцаад 19 цагийн үед гэртээ ирсэн. Маргааш өглөө нь 10 цагийн бостол үхэр дотор байсан 7 тугал байхгүй байхаар нь хайтал нөгөө үхэр ачсан хороон дээр 7 тугал эхийгээ ирээд очсон байсан тэр манайхаас 10 км дотор зайд байдаг...манайх нийт 16 тооны үхэр алдсан байна лээ би зүсээр хэлж байгаад хар зүсмийн нас гүйцсэн үнээг дутуу хэлж мэдүүлсэн байна...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51, 53 /,

5. Иргэний нэхэмжлэгч С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  

...Би 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн төвд өглөөний 10 цагаас өдрийн 16 цагийн хооронд машиндаа засвар үйлчилгээ хийж байтал Баянхонгор аймгийн Галуут сумын иргэн ****** овогтой ******* гэдэг хүн гар утсаар холбогдоод чи манай намаржаан дээр хүрээд ир өрийг чинь төлье үхэр ачуулна гэхээр нь 17 цагийн үед хоол идээд *******гийн намаржаа руу яваад 18 цаг 30 минутын үед очсон. Тэр үед намаржааны дээд хэсэгт үхрээ бөөгнүүлсэн байсан. Тэгээд чулуун хороонд үхрүүдийг ******* надтай хамт явсан бид гурав тууж оруулаад би машинаа хорооны ам руу ухрааж байрлуулаад ******* үхэр бугуйлдаад үхрүүдийг гурвуулаа хамжиж ачаад 02 цагийн үед ЭНх-Амгалан тэндээ үлдээд бид хоёр машинтайгаа яваад Галуут сумын нутгаар дайраад Архангай аймгийн Цахир сумын төвд очиж чиргүүлээ аваад тэндээсээ шууд Улаанбаатар хот руу яваад 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө Эмээлт зах дээр очиж тэнд зогсож байгаад 20 тооны үхрийг бүгдийг нь махны ченжид нэгийг нь 650 000 төгрөгөөр бодоод нийт 13 сая төгрөгөөр тэр хүний данснаас би өөрийн эзэмшлийн *******1 тоот Хаан банкны дансанд шилжүүлэн авсан...гэх мэдүүлэг / хх-ийн 58, 60-63/,

6. Иргэний нэхэмжлэгч С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:  

...Би *******гаас өрөө авах гэж ирсэн. *******г үхэр хулгайн хийсэн гэж санаагүй юм. Hyunda 8ton маркийн ЗАН улсын дугаартай ачааны том машинаар 20 тооны сарлагийн үхрийг ачсан уг автомашин нь миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Миний эзэмшлийн Hyunda 8ton маркийн ЗАН улсын дугаартай авто машин нь Улаанбаатар хотод байгаа мотор нь эвдэрсэн байгаа гэхдээ би авто машины 2 дугуйг авчирсан байгаа бөгөөд хэргийн газар дээр гарсан тээврийн хэрэгслийн мөр нь миний машины мөр байгаа учраас би машиныхаа дугуйг шинжилгээнд оруулах гээд машинаас тайлаад ирсэн байгаа...гэх мэдүүлэг 64-66/

7. Шүүгдэгч С.Эгийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

.....Миний урд гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн 2019 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр би 20 тооны сарлагийн үхрийг Баян-Овоо сумын нутаг “Шар хөндий” гэх газраас өөрийн эзэмшлийн хул зүсмийн мориор хойшоо 10 километр зайд тууж Галуут сумын 1 дүгээр багийн нутаг “Ганингийн үзүүр” гэх газарт байх хаваржааны чулуун хооронд авчирч *******ийг машинтай нь дуудсан ******* нь том машинтай нэг хүнтэй цуг ирээд 20 тооны сарлагийн үхрийг ачуулж ******* нь жолооч гэх нэг залуугийн хамт 20 тооны сарлагийн үхрийг ачаад Улаанбаатар хот руу явсан Улаанбаатар хотын Эмээлт зах дээр ченжид 13 сая төгрөгөөр өгсөн байсан бөгөөд би *******ид 2 тооны адуу, мөн 1.200.000 төгрөгийн өртэй байсан учир уг 20 тооны үхрээс 2 тооны үхэр, 1.200.000 төгрөгөндөө бодож аваарай харин үлдсэн үхрийн зарсан мөнгөндөө торхон байшин надад авчирч өгнө гээд 20 тооны үхрийг аваад явсан. Мөн үхэр ачуулахаас өмнө би *******оос 1.200.000 төгрөгийг мөн зээлсэн байсан бөгөөд энэ ачуулсан үхрээс бодоод авчхаарай гэж хэлсэн мөн үхэр ачуулаад ченжид өгсний дараа надад 1.000.000 төгрөг өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 71-73/

8. Гэрч Ч.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Нөхөр С.Эг цагдаад баригдах үед нь 20 тооны сарлаг үхэр хулгайлсан талаар мэдсэн. Би гэх хүнийг танихгүй. Харин ******* гэх хүнийг танина. Урьд нь манай нөхөр *******оос торхон байшин худалдаж авсан байсан болохоор танина....гэх мэдүүлэг /хх-ийн 87-88/

9. Гэрч М.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Эмээлт зах дээр очиход хэнээс миний утсыг авсан эсэхийг нь мэдэхгүй нэг дугаараас над руу залгаад 20 тооны сарлагийн үхэр байна сонирхоод авах уу гэхээр нь би очиж үхрүүдийг үзсэн. Очиж үзэхэд шүдлэн насны гэмээр 20 тооны сарлагийн үхрүүд байсан. Би тухайн үед шүдэлж үзээгүй, мөн зүсийг нь одоо санахгүй байна, биеэр их жижиг үхрүүд байсан. Би нэг үхрийг 650 000 төгрөгөөр тооцож авахаар болоод нийт 13 000 000 төгрөгийг С.******* гэх хүний Хаан банкны данс руу интернэт банкаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 92 /,

10. Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....2019 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр байхаа яг өдрийг санахгүй байна би Завхан аймгийн Их-Уул суманд Өмнөговь аймгийн Таван толгойд ажил руугаа явах гэж байтал ******* нь Улаанбаатар хот явна гэхээр нь цуг явахаар болсон тэгтэл ******* нь Баянхонгор аймгаас мал ачаад цаашаа Улаанбаатар хот руу явна гэсэн тэгээд Их-Уул сумаас том машинтай гараад явж байтал замдаа машин эвдэрч Баянхонгор аймгийн төв орж машиндаа засвар хийгээд хойшоо 50-60 километр зайтай явж орой 18 цагийн үед малын чулуун хороотой айлын бууц дээр очтол тэнд дээлтэй нэг эрэгтэй хүн хороонд үхрүүд шахсан байсан бөгөөд *******ийн машины ард 20 тооны сарлагийн үхрүүдийг *******, болон дээлтэй хүний хамт ачаад ******* бид 2 Улаанбаатар хот руу явсан харин дээлтэй залуу тэндээ хоцорсон тэгээд ******* бид 2 Улаанбаатар хотын эмээлт зах ороод би буугаад такси барьж тээврийн биржээс Өмнөговь аймгийн Цогтцэций сум явах унаанд суусан. Би Завхан аймгаас монгол гутал, гөлөм зэргийг аваад явж байтал үхэр ачуулсан гэх дээлтэй залуу надаас худалдаж авъя гээд гэхээр нь 800.000 төгрөгөөр зарахаар болж ачуулсан үхрийг зарахаараа гөлөм, монгол гутлынхаа мөнгийг авчхаарай гэж наймаа хийсэн. Тэгээд ******* нь эмээлт зах дээр үлдээд би цаашаа тээврийн бирж рүү таксидаад Өмнөговь аймгийн Цогтцэций сум явах унаад сууж араас миний данс руу гөлөм, монгол гуталны мөнгийг зээлж авсан түлшний мөнгөний хамт миний данс руу ******* шилжүүлсэн ******* нь надаас түлшний мөнгө хүрэлцэхгүй байна гээд Улаанбаатар хот явах замд надаас 600.000 гаран төгрөгийг авсан байсан учир монгол гутал, гөлөмний мөнгөний хамт миний данс руу шилжүүлсэн байсан. Би *******той ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй зүгээр танилууд байгаа юм. Би үхэр ачуулсан гэх хүнийг танихгүй ******* таньдаг гэсэн. ******* бид 2-т үхэр ачуулсан гэх хүн нь морьтой ганцаараа явж байсан өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 75-77/

... Би Завхан аймагт Улаанбаатар хот руу явах гээд явж байтал *******той таараад ******* том машинтай Улаанбаатар хот явна гэхээр нь цуг явахаар болсон харин ******* нь Баянхонгор аймаг орж үхэр ачаад Улаанбаатар хот ру-у яваад Улаанбаатар хотоосоо буцаад ачаа ачна гэж ярьж байсан юм. Би Улаанбаатар хот руу явж тэндээсээ Өмнөговь аймгийн унаанд сууж ажилруугаа явах гэж байсан юм...гэх мэдүүлэг /78-79/

11. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 69 дугаартай шинжээчийн:

1. Hyunda trak 8ton маркийн машин 1 ширхэг 3.500.000 төгрөг

2. Морь нэг бүрийн үнэ 900.000 төгрөг

3. Сарлагийн үнээ нэг бүрийн үнэ 800.000 төгрөг...гэх дүгнэлт /хх-ийн 99/

12. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 629 дугаартай шинжээчийн:

   1. Сарлагийн үнээ нэг бүрийн үнэ 800.000 төгрөг, нийт 9 тооны 7.200.000 төгрөг

2. Эвэртэй шүдлэн нэг бүрийн үнэ 500.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг

3. Эр үхэр нэг бүрийн үнэ 900.000 төгрөг

4. Сарлагийн үнээ нэг бүрийн үнэ 550.000 төгрөг, нийт 3.300.000 төгрөг

5. Сарлагийн эр бяруу нэг бүрийн үнэ 300.000 төгрөг

Хулгайд алдсан эд зүйлийн нийт үнэ 12.700.000 төгрөг...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95/ болон хавтаст хэргийн 131-136 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого, хавтаст хэргийн 146 дугаар хуудсанд авагдсан урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, хавтаст хэргийн 124-125 дугаар хуудсанд авагдсан хохирол төлсөн баримт, хавтаст хэргийн 202 дугаар хуудсанд авагдсан хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, хавтаст хэргийн 219 дугаар хуудсанд авагдсан яллах дүгнэлтийн хавсралт зэргийг шинжлэн судлав.

    Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна гэв.

Шүүхээс шүүгдэгч С.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Шар хөндий” гэх газраас иргэн М.*******ын эзэмшлийн 16 тооны сарлагийн үхрийг, О.*******гийн эзэмшлийн 4 тооны үхэр буюу нийт 20 тооны үхрийг тус тус хулгайлж бусдад 13.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст авагдсан хохирогч М.*******, О.******* гэрч С.*******, Б., М. нарын мэдүүлэг болон Энх-Нахиа ХХК-ийн 629 дугаар шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эгийн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзлээ.

 Иймд шүүгдэгч С.Эг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Эгийн олон тооны мал хулгайлж гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д заасан хүндрүүлэх нөхцөл болгон УИХ-с 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр хуульчлан баталсан боловч шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасан “үйлдэл...ийг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн...нд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “үйлдэл...г гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарт 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгээр түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн байх тул уг хуулиар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Уг хэрэгт шүүгдэгч С.Э нь хохирогч М.*******, О.******* нарын төлбөрийг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхэд ашиглаж морины хэрэгсэл эмээл нэг ширхэг, хазаар нэг ширхэг, ногт нэг ширхэг зэргийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг эмээл хазаар, ногт зэргийг эзэмшигч С.Эд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

Харин гэмт хэрэг үйлдэхдээ мяндсан бугуйлыг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг мяндсан бугуйлыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв..

Уг хэрэгт шүүгдэгч С.Э нь бусдын 20 тооны үхрийг хулгайлахдаа өөрийн эзэмшлийн морийг унаж туусан талаар мэдүүлсэн тул уг морийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзэж морь буюу түүний үнэ есөн зуун мянган / 900.000 / төгрөгийг шүүгдэгч С.Эгаас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Э нь гэмт хэрэг үйлдсэний дараа хулгайлсан үхрийг нядалж махыг С.******* гэгчийг дуудаж түүний эзэмшлийн ЗАН улсын дугаартай ачааны машинд ачиж явсан бөгөөд прокуророос уг авто машиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж битүүмжилсэн байна.

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалснаар шүүгдэгч С.Эгийн үйлдэл нь бусдын олон тооны малыг морийг ашиглаж хулгайлж ирснээр гэмт хэрэг төгссөн гэж үзсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэний дараа нядалж махыг ачиж явсан авто машиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэхгүй юм.

Иймд хэрэгт иргэний нэхэмжлэгч С.*******ийн эзэмшлийн ЗАН улсын дугаартай ачааны авто машин, түүний дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг авто машины болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч С.*******ид хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

Хэргийн учир шүүгдэгч С.Э нь найм хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож хасаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Э нь урьд ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С.Эг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч С.Эг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч С.Эд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Эгийн хэргийн учир цагдан хоригдсон найм / 08 / хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.

 5. Шүүгдэгч С.Э нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч С.Э гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь буюу түүний үнэ есөн зуун мянган / 900.000 / төгрөгийг С.Эгаас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт иргэний нэхэмжлэгч С.*******ийн ЗАН улсын дугаартай ачааны авто машин, дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 30-ний тогтоолыг хүчингүй болгож уг авто машин болон тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний нэхэмжлэгч С.*******ид шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эмээл нэг ширхэг, хазаар нэг ширхэг ногт нэг ширхэг зэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дүгээр сарын 24-ний тогтоолыг хүчингүй болгож уг эмээл, хазаар, ногт зэргийг эзэмшигч С.Эд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бугуйлыг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дүгээр сарын 24-ний тогтоолыг хүчингүй болгож уг бугуйлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2020 оны 05 дугаар сарын 20-ний өдрөөс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ