Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 324

 

 

 

 

 

 

 

 

         2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2017/00324

             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сайханцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, өөрийн байр, “СЭБОЦЭ” ХХК /РД:2100703/-ийн нэхэмжлэлтэй,

 

Ж.Рагчаадоржийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоолгох нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтох оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Өнөржаргал хөтлөв.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                                                                                                                                 

Нэхэмжлэгч “СЭБОЦЭ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Рагчаадорж нь манай компанитай зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 10-р сарын 01-нд байгуулж зээлээр бараа материал худалдан авч төлбөр тооцоог хийж явдаг байсан.

2016 оны 01 сарын 14-ний өдрийн байдлаар 245,350 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байгаа юм.

Үүнээс хойш төлбөрөө төлөх талаар ямар нэгэн санаачлага гаргаагүй төдийгүй анх ажиллаж байсан хаягаа өөрчилж, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, хайх бүрд хаяг нь өөрчлөгдөж, холбоо барих утасны дугаараа хүртэл өөрчилсөн байх тул түүний хаягийг тодруулах шийдвэр гаргаж, эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.  

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “СЭБОЦЭ” ХХК нь Ж.Рагчаадоржийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Шүүх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй бөгөөд хариуцагчаар оролцвол зохих Ж.Рагчаадорж нь хаана оршин суудаг нь тодорхойгүй байна.

 

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-д зааснаар “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заасан байна.

 

Иймд нэхэмжлэгч “СЭБОЦЭ” ХХК-ийн Ж.Рагчаадоржийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Нэхэмжлэгч “СЭБОЦЭ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Ж.Рагчаадоржийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-зааснаар Ж.Рагчаадоржийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ                                            Б.САЙХАНЦЭЦЭГ