| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0631/Э |
| Дугаар | 627 |
| Огноо | 2020-06-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Т.Серикжан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 627
2020 06 30 2020/ШЦТ/627
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Т.Серикжан,
Хохирогч Д.Ганзориг,
Иргэний нэхэмжлэгч Б.Чимэд,
Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дд холбогдох эрүүгийн 2003002740179 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын Үндэсний их сургуулийн Хууль зүйн сургуульд суралцдаг, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хувьсгалчид г-18 гудамж 404б тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүгийн 2 дугаар хороо, “Нэхмэл”-ийн байранд түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Д нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гадаад харилцааны яамны баруун хойд талын замын уулзвар дээр 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 22 цаг 10 минутын үед “Toyota prius-11” маркийн 72-93 УНН улсын дуаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, жолооч Д.Ганзоригийн “Hyundai Sonata-7” маркийн 42-01 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэл нь мөргөлтийн хүчин зүйлийн улмаас жолооч Д.Ганцоожийн “Toyota prius- 20” маркийн 78-84 УНА улсын дугаартай, жолооч М.Шынарбекийн “Toyota Allion” загварын 19-35 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй тус тус мөргөлдөж, жолооч Д.Ганзоригийн эрүүл мэндэд хүнд, насан хүрээгүй зорчигч Б.Самбуугийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 19-ий өдрийн шөнийн 22 цаг орчимд зүүнээс баруун тийш чиглэлтэй гадаад хэргийн яамны хажууд явж байсан. Би улаан гэрлийг ассан эсэхийг анзаараагүй гэрлээр гарсан. Ингээд Соната 7 маркийн машиныг мөргөсөн. Уг машин зогсоол дээрх аллион, приус 20 маркийн автомашиныг мөргөсөн. Би Соната 7 маркийн машины хохирлоос 3.000.000 төгрөгийг төлсөн. Бусад оролцогч нарын хохирлыг төлж барагдуулсан. Би өөрийн үйлдсэн хэрэгт маш их харамсаж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ганзориг мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагийн үед приус 20 маркийн автомашин мөргөсөн. Үүний улмаас хүндэвтэр гэмтэл учирсан. Шүүгдэгчээс хохиролд 1.084.000 төгрөгийг төлсөн. Би одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Чимэд мэдүүлэхдээ “...Манайд нийт 7.337.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс Дэчмаа нь 3.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Үлдэгдэл 4.337.000 төлбөрийг 15 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тохиролцсон...” гэв.
Эрүүгийн 2003002740179 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 22 цагийн орчим ээж Ө.Булганаагийн эзэмшлийн Тоёота приус маркийн 72-93 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон дүү Б.Самбуу жолоочийн эсрэг талын суудалд суугаад гэртээ харихаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Гадаад харилцааны яамны уулзварыг ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш гарахаар 2 дугаар эгнээгээр зорчиж явтал миний унаж явсан автомашины баруун талаас хүчтэй мөргөх шиг болоод ухаан алдсан. Нэг мэдэхэд түргэн тусламжийн автомашин дотор сэргэсэн. Дүү Самбуу танихгүй жолооч эрэгтэйгийн хамт гурвуулаа гэмтлийн эмнэлэг рүү явж байсан. Миний явж байсан зам буюу уулзвараар тээврийн хэрэгслүүд явахгүй байхаар ногоон гэрэл дохио асч байгаа юм байна гэж бодоод уулзвар дээр зогсолгүй уулзвар руу ороод зам тээврийн осол гаргасан. Хохирогч Ганзоригийн эм тарианд 100.000 төгрөг дансаар шилжүүлсэн. 180.000 төгрөгөөр эм тариа авч өгсөн. Иргэний нэхэмжлэгч Ганцоож, Шынарбек нарын тээврийн хэрэгслүүдэд автомашины үнэлгээгээр тогтоогдсон төлбөрүүдийг төлж барагдуулсан. Нийтдээ 1.7 сая орчим төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 157-158 дугаар хуудас/,
Хохирогч Д.Ганзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Өөрийн ажилладаг “УБТТС” ХХК-ийн эзэмшлийн Hyundai Sonata-7 маркийн 42-01 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Гадаад харилцааны яамны баруун хойд уулзварын замаар ертөнцийн зүгээр зүүн хойноосоо урагшаа чиглэлтэй зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр уулзвар руу нэвтэрч ороход уг уулзвараар зүүнээс баруун чиглэлтэй автомашин ирж миний жолоодож явсан автомашины зүүн тал руу мөргөсөн. Тухайн зам тээврийн ослын улмаас миний биед дух ясны зүүн хэсэг, духны хөндийн өмнөд хана, нүдний ухархайн хананы хугарал, духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, духны зүүн дээд хэсэгт шарх, зулгаралт, зүүн зовхины цус хуралт, баруун өвдөгөнд зулгаралт, цус хуралт зэрэг гэмтэл бэртэлүүд учирсан байсан. Би өөрөөсөө гадна зорчигчгүй ганцаараа явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-66 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Чимэд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Хьюндай Соната-7 маркийн 42-01 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-ний өмчлөлд бүртгэлтэй бөгөөд буруутай этгээдээс үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нэхэмжилнэ. Уг тээврийн хэрэгслийг такси үйлчилгээ эрхлэх гэрээний дагуу жолооч Д.Ганзоригт ашиглуулж байсан. Байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээдээр гаргуулж хохирлыг яаралтай барагдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Ганцоож мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Гадаад харилцааны яамны баруун хойд уулзварын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 4 дүгээр эгнээнд гэрлэн дохио асахыг хүлээгээд зогсож байтал уг уулзвараар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчиж явсан автомашин ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зорчиж явсан автомашинтай уулзварын хойд хэсэгт мөргөлдөж хойноосоо урагшаа чиглэлтэй зорчиж явсан автомашин жолоодлого алдсан уу яасан зорчих хэсэг буюу уулзварын баруун тал руу ойж түрэгдэн миний жолоодож явсан автомашины урдаас ирж мөргөн миний автомашиныг бага зэрэг хойш түрэн уг зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд миний баруун гар талд зогсож байсан автомашиныг ирж мөргөж зам тээврийн осол гарсан. Тухайн үед миний жолоодож явсан Toyota prius-20 маркийн 78-84 УНА улсын дугаартай автомашинд ганцаараа явж байсан. Миний хувьд автомашиныхаа эвдрэл гэмтлийн үнэлгээгээр гарсан төлбөрийг зам тээврийн осол гаргасан буруутай жолоочоос нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч М.Шынарбек мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Гадаад харилцааны яамны баруун хойд уулзварын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд гэрлэн дохио асахыг хүлээгээд зогсож байтал уг уулзвараар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчиж явсан автомашин ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зорчиж явсан автомашинтай уулзварын хойд хэсэгт мөргөлдөж хойноосоо урагшаа чиглэлтэй зорчиж явсан автомашин жолоодлого алдсан уу яасан миний хажуу талд буюу зорчих хэсгийн 4 дүгээр эгнээнд зогсож байсан автомашиныг ирж мөргөж зам тээврийн осол гарсан. Тухайн үед миний жолоодож явсан Toyota allion маркийн 19-35 УНД улсын дугаартай автомашинд би ганцаараа явж байсан. Тухай ослын улмаас миний эзэмшлийн Toyota Allion маркийн 19-35 УНД улсын дугаартай автомашинд ямар эвдрэл гэмтэл учирсан талаар хэлж мэдэхгүй байна. Гэмтлийн үнэлгээгээр гарсан төлбөрийг зам тээврийн осол гаргасан буруутай жолоочоос нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-47 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ө.Булганаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн зам тээврийн ослын улмаас миний эзэмшлийн Toyota Prius-11 маркийн 72-93 УНН улсын дугаартай автомашинд ямар эвдрэл гэмтэл учирсан талаар сайн хэлж мэдэхгүй байна. Ямартай ч автомашинд нилээд их хэмжээний эвдрэл учирсан байсан. Гэмтлийн үнэлгээ хийлгэхгүй. Миний хувьд өөрийн төрсөн охин Дэчмаад холбогдуулан гаргах ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56, 61-62 дугаар хуудас/,
ТЦА, ТЦА, Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3 дугаар хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7, 10-12 дугаар хуудас/,
Замын цагдаагийн газар, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 8 дугаар хуудас/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...камерын бичлэг болох сидиг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/,
Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 53 дугаар хуудас/,
Гэрч Ц.Мөнхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 19-ний орой 22 цаг 17 минутын орчим Тоёота приүс 30 маркийн 58-48 УБЗ улсын дугаартай автомашин жолоодон гэртээ харихаар Сүхбаатарын талбайн урд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд 2 дугаар эгнээгээр зорчиж явсан. Миний явж байсан чиглэлийн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хориглосон улаан гэрлэн дохио асчихсан нэмэлт гэрлэн дохио ногоон асчихсан тээврийн хэрэгслүүд баруун гар тийш буюу Шангрилла руу эргэж байсан. Би гэрлэн дохиогоо хүлээгээд зогсож байхад ертөнцийн зүгээр зүүн хойноосоо урагшаа мөн зүүн тийшээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрсөн. Ногоон гэрлэн дохио асчихсан тээврийн хэрэгслүүд зорчиж байсан. Гэнэт уулзварын гол хэсэгт Тоёота приүс маркийн автомашин Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөд Соната-7 маркийн автомашин баруунаас зүүн чиглэлд явж байсан тээврийн хэрэгслийн урдаас очиж мөргөөд зогсохоор би өөрийн утсаар цагдаад дуудлага мэдээлэл өгчихөөд гэрлэн дохио асахаар нь хөдлөөд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72 дугаар хуудас/,
Гэрч Б.Бат-Алтай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...гадаад харилцааны яамны уулзвар дээр зөвшөөрсөн ногоон гэрлэн дохио хүлээгээд улаан гэрэл дээр 3 дугаар эгнээний урд зогсож байтал ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт зорчиж явсан саарал өнгийн тоёота приус маркийн автомашин улбар шар өнгийн Сонота-7 маркийн автомашинтай уулзварын голд мөргөлдөөд Сонота-7 маркийн автомашин ойж ирээд Ганцоож ахын автомашины баруун урд хэсэг рүү мөргөж 2 дугаар эгнээний нүүрэнд зогсож байсан Тоёота Аллион маркийн автомашиныг мөргөөд зогссон. Би осол гарах үед жолоочийн хажуугийн суудалд суугаад явж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3844 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3867 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
“Итгэлт Эстимэйт” ХХК Автомашин техникийн үнэлгээний тайланд “...Hyundai Sonata-7 үнэлгээгээр тогтоогдсон дүн 7.337.000 төгрөг...” гэжээ /хх-ийн 89-91 дүгээр хуудас/,
“Тэнцвэр Эстимэйт” автомашин техникийн үнэлгээний тайланд “...Toyota Allion үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.184.000 төгрөг...” гэжээ /хх-ийн 106 дугаар хуудас/,
“Ашид билгүүн” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, Автомашин техникийн үнэлгээний тайланд “...Toyota Prius-20 78-84 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүн 525.000 төгрөг...” гэжээ /хх-ийн 130 дугаар хуудас/,
“Тэнцвэр эстимэйт” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Toyota Prius 11 тээврийн хэрэгсэл үнэлгээгээр тогтоогдсон дүн 2.945.000 төгрөг...” гэжээ /хх-ийн 140 дүгээр хуудас/,
Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаа газар шинжээчийн №249 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Өвчний түүх /хх-ийн 176-182 дугаар хуудас/,
Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 175, 216 дугаар хуудас/,
Хохирлын баримтууд /хх-ийн 192-196 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 161 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 162 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой 3 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гадаад харилцааны яамны баруун хойд талын замын уулзвар дээр 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 22 цаг 10 минутын үед “Toyota prius-11” маркийн 72-93 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.9. Гэрэл дохио нь дараах утгатай байна... г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно...” гэснийг зөрчсөний улмаас жолооч Д.Ганзоригийн “Hyundai Sonata-7” маркийн 42-01 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгсэл нь мөргөлтийн хүчин зүйлийн улмаас жолооч Д.Ганцоожийн “Toyota prius- 20” маркийн 78-84 УНА улсын дугаартай, жолооч М.Шынарбекийн “Toyota Allion” маркын 19-35 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслүүдтэй тус тус мөргөлдөж, жолооч Д.Ганзоригийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Самбуугийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,
- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
- Хохирогч Д.Ганзоригийн мэдүүлэг,
- Гэрч Ц.Мөнхбат, Б.Бат-Алтай нарын мэдүүлэг,
- Иргэний нэхэмжлэгч Д.Ганцоож, М.Шынарбек, Ө.Булганаа, Б.Чимэд нарын мэдүүлэг,
- Шүүгдэгч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №3844 дугаартай дүгнэлт /Д.Ганзоригийн биед шинжилгээ хийж хүнд гэмтэл учирсан талаар/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3867 дугаартай дүгнэлт /Б.Самбуугийн биед шинжилгээ хийж хөнгөн гэмтэл учирсан талаар/
- Тээврийн цагдаагийн албаны №249 дугаартай шинжээчийн дүгнэлт,
- “Тэнцвэр Эстимэйт” автомашин техникийн үнэлгээний тайлан,
- “Ашид билгүүн” хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ, Автомашин техникийн үнэлгээний тайлан,
- Өвчний түүх зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтуудаар зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж, Б.Д “Toyota prius-11” маркийн 72-93 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа “Hyundai Sonata-7” маркын 42-01 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тухайн автомашин нь Toyota prius- 20” маркийн 78-84 УНА улсын дугаартай, “Toyota Allion” маркын 19-35 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг давхар мөргөж, Д.Ганзориг хүнд, Б.Самбуу хөнгөн гэмтэж, автомашинуудад хохирол учирсан болох нь хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нараас тодорхой мэдүүлж, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоож, шүүгдэгчийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгч Б.Дгийн үйлдэл нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Тодруулбал шүүгдэгч Б.Д нь Toyota prius-11” маркийн 72-93 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар байтал замын хөдөлгөөнд оролцож уулзвар нэвтрэхдээ улаан буюу хориглосон гэрэл дохиогоор нэвтэрсний улмаас Д.Ганзоригийн жолоодон явсан тээврийн хэрэгслийг мөргөж түүний биед хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай гэмт үйлдэл хийж, хохирол, хор уршиг учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Б.Дг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Чимэдээс “...Дэчмаа нь 3.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Үлдэгдэл 4.337.000 төлбөрийг 15 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тохиролцсон...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх ба үлдэгдэл 4.337.000 төгрөгийг 15 сарын хугацаанд шүүгдэгч Б.Дгаас гаргуулахаар хугацаа тогтоон иргэний нэхэмжлэгч Б.Чимэд /“Улаанбаатар такси транспорт сервис” ХХК/ -д олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Д нь өөрийгөө орлого олох боломжтой болон иргэний нэхэмжлэгч Б.Чимэдэд хохирлоо төлөх талаар хүсэлтээ илэрхийлж уг хүсэлтийг иргэний нэхэмжлэгчээс зөвшөөрсөн байх тул шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзлээ.
Мөн хохирогч Д.Ганзоригоос “...Шүүгдэгчээс хохиролд 1.084.000 төгрөгийг төлсөн. Би одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин Д.Ганзоригийн биед хүнд гэмтэл учирсан нөхцөл байдлыг харгалзан түүний цаашид гарах эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай Б.Дгаас нэхэмжлэх эрхтэйг дурьдлаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д нь иргэний нэхэмжлэгч Д.Ганцоож, М.Шынарбек, Ө.Булганаа нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгчийг тэдгээрт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Дг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нэхэмжилсэн баримтаар учруулсан хохирлоо төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Чимэдэд хохирол нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул түүний хувийн байдлыг харгалзан Б.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан төрөл, хэмжээний дотор болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Б.Д нь замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт хураагдсан Б.Дийн №1312633 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Дг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Дг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Б.Дд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн хууль, зүйлийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэхэмжилсэн баримтаар хохирогч Д.Ганзориг, иргэний нэхэмжлэгч Д.Ганцоож, М.Шынарбек, Ө.Булганаа нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Дгаас 4.337.000 /дөрвөн сая гурван зуун гучин долоон мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Чимэдэд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар тэнсэгдсэн шүүгдэгч Б.Д иргэний нэхэмжлэлийн 4.337.000 /дөрвөн сая гурван зуун гучин долоон мянга/ төгрөгийг 15 сарын хугацаанд иргэний нэхэмжлэгч Б.Чимэд / “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК /-д төлөхөөр тогтоосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн хохирогч Д.Ганзориг нь шүүгдэгчээс гэм хорын хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг дурьдсугай.
10. Хэрэгт хураагдсан Б.Дийн №1312633 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
12. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН