Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 584

 

 

  

 

 

 

 

  

 

2017 оны 02 сарын 20 өдөр          Дугаар 181/ШШ2017/00584            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Борнуур 4 дүгээр баг, Нарт 124-ийн даваанд оршин суух, Элджигин овогт Доржпүрэвийн Батзаяа /РД:ОА87062813/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Төгөлдөр 12 байр, 2 орцны 2 давхарт байрлах, “Металл Эрэл хайгуул” ХХК /РД:5722438/-д холбогдох,        

 

Цалин 1,919,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Батзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Хангай, Д.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.      

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Батзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Батзаяа миний бие 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдөр “Металл Эрэл Хайгуул” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж өрмийн ажилчтнаар ажилд орсон. Ажилд орсон цагаасаа тасралтгүй Заамар, Говь-Алтайд тус тус ажиллаж өвөл цагаан сараар амраад хавар эргэж ажилдаа гарсан.

2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ажилдаа гараад 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл мөн тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд мөн Заамар, Говь-Алтай, Сэлэнгийн Бугантад тус тус ажилласан.

Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдрийн хооронд ажил хариуцсан ахлах мастер удаа дараа яв зайл гэж ажлаас хөөсөн бөгөөд намайг ажлаас чөлөөлөх тушаал гарсан. Би ажиллаж байсан бүх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан бүх хүмүүс мэднэ.

Хөдөлмөрийн гэрээний дагуу цалингаа өрөмдсөн тууш метр буюу 1 метрийг 6,000 төгрөгөөр бодож авдаг байсан. Манай компани мөнгө байхгүй гээд цалингаа өгөхгүй уддаг байсан. Цалинг бэлнээр болон дансаар өгдөг байсан.

Миний 2016 оны 7 дугаар сарын 20 хоногийн цалин болох 628,740 төгрөгийг өгөөгүй, харин 8, 9 дүгээр сарын цалинг Хаан банкны 5028498962 тоот дансаар олгосон. Үүнээс хойшхи хугацааны цалинг мөн өгөөгүй. Би байнга л цалингаа авах талаар очиж уулзахад мөнгө орж ирээгүй байна, өнөөдөр, маргааш гэж явуулсаар сүүлдээ өгөхгүй гэхээр нь арга буюу шүүхэд хандсан.

Би 2016 оны 6 дугаар сарын 20-оос 7 дугаар сарын 09-нийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймагт ажилласан цалин 628,740 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Бугантанд ажилласан цалин 942,720 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Төв аймгийн Заамарт ажилласан цалин 347,760 төгрөгийг тус тус аваагүй. Би энэ цалингийн тооцоог нягтлан бодогч Д.Бямбасүрэнгээр бодуулж гаргасан. Иймд миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Авах ёстой цалингаасаа 2016 оны 1 дүгээр сард урьдчилгаа гэж авсан 1,000,000 төгрөгийн зөрүү болох 448,750 төгрөгийг суутгуулахыг зөвшөөрч байгаа гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      Д.Батзаяа нь хөдөлмөрийн гэрээний дагуу өрмийн ажилтнаар 2015 оны зунаас 2016 оны 10 дугаар сарын 23-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилласан. Түүнийг цалинг өрөмдсөн тууш метрээр буюу зуны цагт 1 метрийг 6,000 төгрөгөөр, өвлийн цагт 1 метрийг 7,000 төгрөгөөр бодож олгодог байсан. Цалинг бодохдоо тухайн хэсгийн геологичдын тэмдэглэл, тооцоонд үндэслэж гаргадаг.

Д.Батзаяа надаар цалингаа бодуулсан нь үнэн, би түүний хэлснээр л цалинг нь бодож өгсөн. Энэ үед Д.Батзаяагийн ажилласан цагийн тооцоо, хийсэн ажлын хэмжээ ирээгүй байсан тул амаар хэлснийх нь дагуу тооцоо гаргаж өгсөн.

Д.Батзаяа 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хооронд компани сул зогсолттой байсан тул цалин олгох боломжгүй гэж үзэж байна. 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Д.Батзаяа ажилласан. Энэ хооронд 933,120 төгрөгийн, 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 347,760 төгрөгийн нийт 1,280,880 төгрөгийн цалин авах ёстой нь үнэн.

Гэхдээ энэ цалингаас 2016 оны 1 дүгээр сард илүү олгосон 448,750 төгрөг суутгагдах ёстой.  Үлдэх 832,130 төгрөг нь олгогдох ёстой цалин юм. Гэвч Д.Батзаяа нь өөрийн хэрэглэж байсан багаж хэрэгсэл, ажлын хувцсыг хүлээлгэж өгөөгүй тул түүний үнэ 645,000 төгрөгийг суутгасан. Үлдсэн 187,130 төгрөгийг мөн л олгох боломжгүй. Учир нь 2016 оны 10 дугаар сард тавьсан шаардлага биелүүлэлгүй ажил хаяж явсан гэх үндэслэлээр түүнд 3 сарын хугацаагаар цалингийн 20 хувиар цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тул энэ шийтгэлд нь суутгагдаад цалин нь дууссан.

Энэ арга хэмжээний нийлбэр 256,176 төгрөг болсон байдаг гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Хангай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Говь-Алтай аймагт Д.Батзаяаг ахалж геологичоор ажиллаж байсны хувьд 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хооронд Д.Батзаяа нийт 44,25 тууш метр өрөмдсөнийг мэдэж байна. Бид өрмийн багажаа цооногт алдсанаас цаашид ажил хийх нөхцөлгүй болсон юм. Ингээд өрөмдлөг явагдаагүй. Тэгэхээр энэ хугацааны цалинд 265,500 төгрөгийг Д.Батзаяа авах ёстой нь үнэн гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Батзаяа нь хариуцагч “Металл Эрэл Хайгуул” ХХК-д холбогдуулан 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 7 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 628,740 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 942,720 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх цалин 347,760 төгрөг, нийт 1,919,220 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч “Металл Эрэл Хайгуул” ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 7 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацааны цалин 238,950 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 933,120 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 347,760 төгрөгийг олгох ёстойгоос илүү олгосон 448,750 төгрөг, эд хөрөнгийн үнэ 645,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сард сахилгын арга хэмжээ авагдсан үндэслэлээр 256,176 төгрөгийг суутгасан гэж тайлбарлаж, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.  

 

Зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь өрмийн туслах ажилтнаар хариуцагч компанид өрөмдсөн 1 тууш метрийг зуны цагт 6,000 төгрөгөөр, өвлийн цагт 7,000 төгрөгөөр тооцож цалин авахаар тохиролцож, 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажилласан болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. Талууд энэ үйл баримтад маргаагүй.

 

Мөн нэхэмжлэгч нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 7 дугаар сарын 9-ний өдрийн хооронд 44,25 тууш метр, 2016 оны 9 дүгээр сарын 20-ний өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 172,8 тууш метр, 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд 64,4 тууш метр өрөмдлөгийн ажлыг тус тус хийсэн нь талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ хугацааны цалинг хариуцагч олгоогүйд маргаагүй.

 

Шүүх талуудын маргаагүй үйл баримтыг нотлох шаардлагагүй тул хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно.”, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно.” гэж заасан бөгөөд хариуцагч компани нь хуулиар хүлээсэн энэ үүргээ гүйцэтгээгүй нь тогтоогдсон тул шүүх нэхэмжлэгчийг цалин шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн хийсэн ажлын хэмжээг нэгтгэж, авах ёстой цалингийн хэмжээг тооцвол нийт 281,45 тууш метрийн өрөмдлөгийн ажлын хөлс нь 1,688,700 төгрөг гарч байгаагаас Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 “цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогоос татвар ногдуулна”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн  23.1 “Энэ хуулийн 17-19 дүгээр зүйл, 20.1.2-20.1.5, 22.1.4-т зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож албан татвар ногдуулна” гэж заасны дагуу 10 хувийг хасаж тооцоход 1,519,830 төгрөг гарч байна.

 

Хариуцагч нь тооцож гарсан дээрх цалингийн хэмжээнд маргаагүй ч үүнээс 2016 оны 1 дүгээр сард илүү олгосон цалингийн зөрүү 448,750 төгрөгийг хасаж тооцно гэснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн тул шүүх энэ зөрүүг хасаж, хариуцагч “Металл эрэл хайгуул” ХХК-аас 1,071,080 төгрөгийг гаргуулж, Д.Батзаяад олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

“Металл Эрэл Хайгуул” ХХК нь Д.Батзаяад 645,000 төгрөгийн үнэ бүхий ажлын хувцас, багаж хэрэгсэл хүлээлгэж өгснийг нотлох баримтгүйн зэрэгцээ бригадын бүх гишүүдийн дунд хэрэглэдэг багаж хэрэгслийн үнийг бүхэлд нь Д.Батзаяа хариуцах үндэслэл тогтоогдоогүй, мөн 3 сарын цалинг 20 хувиар бууруулсан сахилгын шийтгэлийг Д.Батзаяад ногдуулсан тушаал хэрэгт авагдаагүйгээс гадна 2016 оны 10 дугаар сард ногдуулсан гэх энэ сахилгын шийтгэл нь түүнээс өмнө хийсэн ажлын цалинд хамаарахгүй тул шүүх энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр Д.Батзаяагийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,071,080 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 848,140 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан “Металл Эрэл Хайгуул” ХХК-аас 1,071,080 төгрөгийг гаргуулж Д.Батзаяад олгож, Д.Батзаяагийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 848,140 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 30,256 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА