| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0155/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/159 |
| Огноо | 2020-05-14 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,
Шүүгдэгч: Ж.Б, Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014002210182 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж.Б
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь Улсын хэмжээнд халдварт СОVID-19 гэх нэршил бүхий өвчинтэй холбогдуулан төв суурин газраас орох, гарах хөдөлгөөний хязгаарласан хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр эрх олгосон баримт бичиг болох АМ-13 А маягтыг хуурамчаар үйлдэж буюу мухар олгойн архаг үрэвсэл өвчин туссан гэж тодорхойлон хуурамч баримт бичгийг үйлдсэн,
Шүүгдэгч Ж.Б нь Улсын хэмжээнд халдварт СОVID-19 гэх нэршил бүхий өвчинтэй холбогдуулан төв суурин газраас орох, гарах хөдөлгөөний хязгаарласан хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр эрх олгосон баримт бичиг болох АМ-13 А маягтыг хуурамчаар үйлдүүлж буюу мухар олгойн архаг үрэвсэл өвчин туссан гэх хуурамч баримт бичгийг мэдсээр байж ашиглан Баянхонгор аймаг руу нэвтэрсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
2. Шүүгдэгч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би өмнө нь гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
...Би усанд орох гэ айлд очиход манай ах сууж байсан. Тэгээд усанд орчхоод гарч ирэх үед бүгд согтуу байсан. Тэгээд унтлагын өрөө ороод хувцсаа солиод байж байхад араас орж ирээд орон дээр дарах гэсэн тэр үед би түлхсэн тэгээд гарч ирсэн тэгээд маргалдаж байхад чи хэзээ ийм болсон юм гичий минь янхан минь гэхэд нь би ус буцалгагч шидсэн. Тэгээд намайг цохих гэж дайрах үед би цохисон. Тэр үед газар тавьсан цэцгийн саван дээр унаж унахдаа хамраараа унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
5. Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Өчигдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр сүлжээнд гараад эхнэртэйгээ утсаар ярихад өвдөлт өгөөд байна гэж хэлсэн.энэ талаар ээж эд нарт хэлээгүй байж байгаад өнөөдөр хэлсэн юм. Мөн өнөөдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагийн орчимд эхнэртэйгээ утсаар ярихад ус гараад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баттогоотой утсаар ярьсан юм. Түүнд эхнэр төрөх гээд байна яах уу гэж хэлсэн юм. Тэгсэн тэр чи манайд хүрээд ир би нэг юм хийгээд өгье гэж хэлсэн...гэрт нь яваад очсон чинь Баттогоо надад хандаж бичиг хийгээд өгчихдөг дараа нь асуудал болох байх яах юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр би түүнд хандаж эхнэр төрөх гээд байна гээд гуйсаар байгаад түүнээс 1 ширхэг АМ-13 А маягтыг бичүүлж авсан юм. Тэгээд тэр маягтыг авчхаад гэртээ очоод ээжид аймаг руу орох бичиг авчихлаа явъя гэж хэлсэн юм. Тэгсэн ээж ямар учиртай бичиг бэ гэхээр нь Баттогоогоос гуйсаар байгаад ийм бичиг авчихлаа гэж харуулсан чинь ээж үзчихээд болох юм уу гэхээр нь болох байх гэж хэлээд түүнийг дагуулаад наашаагаа машинтайгаа гараад аймгийн постон дээр ирж нөгөө бичгээ үзүүлсэн. Тэгсэн удаа ч үгүй эмнэлгийн 103-ийн тэрэг ирээд ээжийг аваад намайг болохоор араас дагаад явчих гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр ирээд байж байхад цагдаа ирсэн...ээжийг өвчтөн гэж хэлээд би өөрөө түүнийг авч яваа жолооч нь юм байгаа гэж хэлээд орох гэж байсан юм...Мухар олгойн архаг гэж бичлээ гээд Баттогоо хэлсэн. Тэр өөрөө бичсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 /,
6. Гэрч А.Сүхээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би өөрөө мэдээгүй байсан учир багийн эмч Х.Бтой холбогдож түүнээс дээрх АМ-13 А маягт нь ямар учиртай болох талаар тодруулахад Байгальмаа гэх хүний хүүхэд нь ирээд эхнэр төрөх гээд байна гээд гуйгаад байхаар нь Байгальмаа гэх хүнийг мухар олгойн архаг үрэвсэл гэж бичиж өгсөн юмаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 29-31 /,
7. Гэрч А.Өлзийсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр миний бие нэгдсэн эмнэлэгт жижүүртэй байсан юм. Тэгсэн Өлзийт сумаас хэвлийн цочмог өвдөлттэй хүн ирсэн байна гэж хэлсэн. Тус хүнийг болохоор зүүн талын постоос түргэний эмч авчирсан байсан. АМ-13А маягтад болохоор мухар олгойн архаг үрэвсэл гэсэн байхаар нь үзлэг хийсэн юм. Тэгсэн чинь тус эмэгтэй олгойн сорвитой байсан байсан юм. АМ-13 А маягтыг багийн эмч хийж өгсөн болохоор туршлага мэдлэг дутаад буруу бичсэн болов уу гэж бодоод эмэгтэйчүүдийн талын шинжилгээ авах гэсэн чинь тэр хүн шинжилгээнээс татгалзаад үнэнээ хэлсэн юм. Тэр хүн хэлэхдээ манай бэр төрөх гээд тэгээд багийн эмчийг гуйгаад Ам-13 А маягтыг бичүүлээд авсан юмаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 36 /,
8. Гэрч Т.Намжилдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Постод гарч үүрэг гүйцэтгэж байхад оройн 16-17 цагийн орчимд байх портер маркийн тээврийн хэрэгсэлтэй нэг залуу мөн ээжийнхээ хамт ирсэн. Тэгээд тэдгээрийг зогсоож шалгасан чинь Өлзийт сумын багийн эмчээр /саахалт байдаг эмчээр хийлгэсэн гэж байсан хийлгэсэн Ам-13 А маягтыг үзүүлсэн. Бид нартай болохоор банди нь машинаас буугаад уулзсан ба ээж нь машинд хэвтсэн. Банди нь хэлэхдээ ээжийн бие өчигдрөөс хойш өвдөж байна. ерөнхийдөө доогуураа өвдөөд байна гэсэн олгой юм шиг байна гэж хэлсэн...103-ын түргэний эмчийг дуудаж тухайн хүнийг үзүүлсэн чинь олгой юм шиг байна энэ хүнийг дотогшоо нэвтрүүлье харин хүүхдийн оруулахгүй гэсэн чинь энэ хүн хагалгаанд орох юм бол асран хамгаалах хүн хэрэгтэй иймд оруулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь хүүхдийн машинтай нь нэвтрүүлсэн юм...гэх мэдүүлэг / хх-ийн 38 /
9. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 233 дугаартай шинжээчийн:
1. Ж.Бгийн хэвлийн баруун доод хэсэгт хуучин сорви тогтоогдлоо.
Шинжлүүлэгчийн хэлснээр 1999 онд мухар олгойн авах мэс засалд орж байсан гэнэ.
2. Шинжлүүлэгч Ж.Бгийн биед шинээр үүссэн мэс заслын шарх болон сорви тогтоогдсонгүй... гэх дүгнэлт /хх-ийн 56-57 /,
10. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 38 дугаартай шинжээчийн:
1. Шинжилгээнд шинжлүүлэхээр ирүүлсэн АМ-13 маягт дээрх А.Сүхээ, Х.Бгийн гэх гарын үсгүүд болон харьцуулах загвараар ирүүлсэн загварууд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн /АМ-13А/ маягт дахь “А.Сүхээ” гэсэн гарын үсэг нь Х.Бгийн гэх чөлөөт, туршилтын загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.
3. Маягт дахь “А.Сүхээ”, “Х.Б” гэх гарын үсгүүдийг нэг хүн зурсан байх ба Х.Бгийн гэх чөлөөт болон туршилтын загваруудтай тохирч байна...гэх дүгнэлт /хх-ийн 60-61/, болон хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Х.Б, Ж.Б нар нь урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Х.Б нь нь Дэлхий нийтийн хэмжээд халдварт СОVID-19 цар тахал өвчин дэгдсэнтэй холбогдуулан төв суурин газраас орох, гарах хөдөлгөөний хязгаарласан Монгол улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн 62 дугаар тогтоолын дагуу хот хоорондын хөдөлгөөний хязгаарласан хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр эрх олгосон баримт бичиг болох АМ-13 А маягтыг хуурамчаар үйлдэж буюу мухар олгойн архаг үрэвсэл өвчин туссан гэж тодорхойлон хуурамч баримт бичгийг үйлдсэн,
Шүүгдэгч Ж.Б нь Дэлхий нийтийн хэмжээд халдварт СОVID-19 цар тахал өвчин дэгдсэнтэй холбогдуулан төв суурин газраас орох, гарах хөдөлгөөний хязгаарласан Монгол улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн 62 дугаар тогтоолын дагуу хот хоорондын хөдөлгөөний хязгаарласан хугацаанд буюу 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр эрх олгосон баримт бичиг болох АМ-13 А маягтыг хуурамчаар үйлдүүлж буюу мухар олгойн архаг үрэвсэл өвчин туссан гэх хуурамч баримт бичгийг мэдсээр байж ашиглан Баянхонгор аймаг руу нэвтэрсэн аймгийн Баянхонгор сумын төв рүү нэвтэрсэн үйл баримт болсон нь гэрч Б.Бат-эрдэнэ, А.Сүхээ, А.Өлзийсайхан, Т.Намжилдорж, Б.Содномдаржаа, Ж.Мөнхзул нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 38 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.Бг хүний хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд ,Шүүгдэгч Ж.Бг хүний хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэмт бууртайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Х.Б, Ж.Б нарт эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Х.Б, Ж.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Б нь Өлзийт сумын 4 дүгээр багт бага эмчээр ажиллаж байгаа бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 10.1.4-д заасан “төрийн үйлчилгээний албан тушаал” ангилалд хамаарах төрийн албан тушаалтан гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Бгийн үйлдэл нь Төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.1.б-д заасан “хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх” мөн дүрмийн 3.1.7.г-д заасан “авлигын орчин үүсэхээс урьдчилан сэргийлэх”, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 3.4-д заасан “Чин үнэнч, шударга байх зарчмын хүрээнд: Хууль ёсыг чандлан сахиж, дүрэм, журмыг биелүүлж, төвшин шударга…байх” мөн дүрмийн 8.7-д заасан “Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрх, нэр төрийг хүндэтгэх, нийгмийн шударга ёсны төлөө тэмцэх, хувь хүний болон нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадвар, зохих хандлагыг эзэмшсэн байна” хууль дүрмийн заалтыг зөрчиж эмнэлгийн ажилтны нэр хүндийг унагасан ёс зүйн зөрчил гаргаж гэмт хэргийг үйлдсэн байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Х.Б, Ж.Б нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Б, Ж.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Б, Ж.Б нар нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа Эрүүгийн хэрг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Бг хүний хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,
Шүүгдэгч Х.Бг хүний хувийн байдлыг тодруулсан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Б, Х.Б нарыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.Б, Х.Б нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.Б, Х.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ж.Б, Х.Б нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.Б, Х.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Б, Х.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ