Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2017/00039

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн, 19 дүгээр хороо, 1-р хотхон, 2 дугаар гудамжны 46 тоотод  оршин суух, Урианхай овогт Нямаажавын Жаргалын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороололын 17 дугаар гудамжны 36 тоотод оршин суух, Гомбосүрэнгийн Рэнцэнхорлоо, Баатархүүгийн Хүрэлбаяр нарт  холбогдох  зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.560.000 төгрөг гаргуулах тухай   нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр  сарын 10-ны  өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Жаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Рэнцэнхорлоо  нь 2014 оны 12  сарын 28-ны өдөр 1.560.000 төгрөгийн үнэ бүхий гар утасны нэгжийг зээлээр авч тодорхой  хугацаанд буцаан төлөхөөр тохиролцсон. Гэвч Г.Рэнцэнхорлоо  нь өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд түүний хүү болох Б.Хүрэлбаяр нь 2016 оны 05 сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар баталгаа гаргасан ч мөн төлөөгүй байна. Иймд хариуцагч нараас карт, нэгжний мөнгө болох 1.560.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Жаргал, хариуцагч Г.Рэнцэнхорлоо нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Н.Жаргалын нэхэмжлэлтэй Г.Рэнцэнхорлоо, Б.Хүрэлбаяр нарт холбогдох иргэний хэрэгт талууд дараах байдлаар эвлэрч, энэхүү гэрээг байгуулж байна. Үүнд: 1.Н.Жаргал би Г.Рэнцэнхорлоо, Б.Хүрэлбаяр нарт холбогдох 1.560.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас нэхэмжлэлийн шаардлагаас 560.000 төгрөгөөс татгалзаж байна.

2.Хариуцагч нь нэхэмжилсэн 1.000.000 төгрөгөөс 2017.02 сарын 25-ны өдрийн дотор 500.000 төгрөгийг төлөх, үлдсэн 500.000 төгрөгийг 3 сараас эхлэн сар бүр 50.000 төгрөгөөр нэхэмжлэгч талд төлөхөөр харилцан тохиролцов.

3.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Хүрэлбаяраас татгалзаж байна, улсын тэмдэгтийн хураамжийн мөнгийг хуульд зааасны дагуу олгуулхаар эвлэрлийн гэрээ байгууллав гэжээ. 

Шүүх зохигчдоос  бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээг уншиж судлаад:

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Н.Жаргал нь нь хариуцагч Г.Рэнцэнхорлоо, Б.Хүрэлбаяр нараас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.560.000 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэл гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Жаргал нь хариуцагч Б.Хүрэлбаяраас татгалзсан болно.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд  ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь  хэсэгт  заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Нямаажавын Жаргалын  нэхэмжлэлтэй,  Гомбосүрэнгийн Рэнцэнхорлоод  холбогдох  зээлийн гэрээний үүргийн биелэлт 1.560.000 төгрөг  гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч  нь  560.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,  хариуцагч  Г.Рэнцэнхорлоо нь үлдэх 1.000.000 төгрөгөөс 2017.02 сарын 25-ны өдрийн дотор 500.000 төгрөгийг,  үлдэх 500.000 төгрөгийг 3 сараас эхлэн сар бүр 50.000 төгрөгөөр төлөхөөр тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 39.910 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 1.000.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 28.550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 14.275 төгрөгийг улсын орлогоос, 14.275 төгрөгийг хариуцагч  Г.Рэнцэнхорлоогоос гаргуулж нэхэмжлэгч Н.Жаргалд олгосугай. 

3.Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч нь сайн дураар  биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.  

 

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        П.ЦЭЦЭГДУЛАМ