Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2017/00040

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 29 дүгээр байрны 28 тоотод  оршин суух, Боржигон овогт Цэдэвсүрэнгийн Сүхбаатарын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар  хороо, 45 дугаар байрны 20 тоотод тоотод оршин суух, Баяуд овогт  Пүрэвдоржийн Энхбаярт  холбогдох  эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол  1.070.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр  сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Сүхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Цэдэвсүрэн овогтой Сүхбаатар 2016.12.25-нд Toyoto prius  20  маркын 31-33 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 4-р хороо, Жаргалантын 6 дугаар гудамжны ойролцоо зам дээр зогсож байтал УБН 27-87 улсын дугаартай УАЗ-469 маркынн машинтай  Пүрэвдорж овогтой Энхбаяр араас мөргөж машины маань хойд гупер багажны хаалга дотогш нь чихсэн учир Сэлэнгэ Эйстимент ХҮК-ийн гаргасан 1035000 төгрөгийн хохирол, үнэлгээний хөлс 35000 төгрөг нийт 1.070.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байгаа тул  П.Энхбаяраас  гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Энхбаяр нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие П.Энхбаяр нь 2016 оны 12 сарын 25-ны өдөр Prius-20  маркын  31-33 БРА гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж 1.070.000 төгрөгийн хохирол учруулсан. Ц.Сүхбаатарын нэхэмжилсэн 1.070.000 төгрөгөөс 950.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл 120.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Учир нь машины арын шил  хагараагүй учраас төлөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Сүхбаатар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Энхбаярын гаргасан тайлбартай танилцлаа. Миний бие анх шүүхэд 1.070.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба үүнээс 120.000 төгрөгөөс татгалзаж 950.000 төгрөг гаргуулахад татгалзах зүйлгүй байна гэжээ.

Шүүх зохигчдоос  бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээг уншиж судлаад:

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч  Ц.Сүхбаатар нь хариуцагч  П.Энхбаяраас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол  1.070.000 төгрөг гаргуулахаар  нэхэмжлэл гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд  ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь  хэсэгт  заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Боржигон овогт Цэдэвсүрэнгийн Сүхбаатарын нэхэмжлэлтэй,  Баяуд овогт  Пүрэвдоржийн Энхбаярт  холбогдох  эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол  1.070.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч  нь  120.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,  хариуцагч  П.Энхбаяр нь үлдэх  950.000 төгрөг төлөхийг  хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 30.230 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 950.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 27.350 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 13.675 төгрөгийг улсын орлогоос, 13.675 төгрөгийг хариуцагч  П.Энхбаяраас гаргуулж нэхэмжлэгч Ц.Сүхбаатарт олгосугай. 

3.Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч нь сайн дураар  биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.  

 

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       П.ЦЭЦЭГДУЛАМ