Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 14

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Г.Жы нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: СБ АИТХ-ын даргад холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/10 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Би аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2010 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Төрийн албанд зүтгэж төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх явцдаа урьд нь ажлын алдаа эндэгдэл гаргаагүй бөгөөд сахилгын болон бусад ямар нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй болно.

     Гэтэл удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэсэн хууль бус дүгнэлтээр албан тушаалын цалингийн хэмжээг 3 сараар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Дорнод аймагт болсон зүүн бүсийн зөвлөгөөнийг зохион байгуулаагүй гэж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм.

ХЗДХЯ-ны ГХУСАЗЗ-ийн ажлын албаны дарга Л.Нямгэрэлийн гарын үсэгтэй 2018-03-01-ний өдрийн “Бүсийн зөвлөгөөн зохион байгуулах тухай” 7/1056 тоот албан бичиг ирсэн. Уг зөвлөгөөнд манай аймгаас 10 сумын Засаг дарга бөгөөд хамтарсан багийн ахлагч нар оролцсон. Миний хувьд эдгээр хүмүүсийн товч мэдээлэл /овог, нэр, регистрийн дугаар, утас, албан тушаал, харилцах дансны дугаар/-ийг хүргүүлэх, аймгаас оролцох хүмүүсийг сургалтанд очуулахад туслах зорилготой оролцсон.

Харин эдгээр хүмүүс Дорнод аймагт ямар газар байрлах, сургалт хаана болох талаар надад хэлээгүй.Үүнийг зохион байгуулж буй  ХЗДХЯ-ны ГХУСАЗЗ-ийн ажлын алба, мэргэжилтэн Амарбаясгалан нар хариуцсан болно.

Зөвлөгөөнд оролцогчдыг хариуцаад өөрөө томилолтоор явах саналаа ажлын албаны даргад тухайн үед тавихад зөвшөөрөөгүй.

Эрдэнэцагаан, Түмэнцогт, Мөнххаан сумын Засаг дарга, орлогч нар өөрсдийн унаатай сумаасаа явж, Түвшинширээ сумын Засаг даргын машинд Баяндэлгэр, Сүхбаатар сумдын Засаг дарга нар хувиараа сууж эдгээр машины шатахууныг аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга А.Ч олгож оролцуулсан талаар материал хэрэгт авагдсан байгаа.

Миний бие чөлөө, зөвшөөрөлгүй ажил тасалсан асуудал нэг ч байхгүй. Ажлын албанаас ирүүлсэн цагийн бүртгэлээс харахад хамгийн бага цагийн хоцролттой надад арга хэмжээ авсан нь аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат байгууллагынхаа ажилчдыг хэрхэн дугаарлаж ялгамжтай ханддаг, надад сахилгын шийтгэл үндэслэлгүй ногдуулсан болох нь тогтоогдож байх тул аймгийн ИТХ-ын даргын Б/10 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэв.  

    

 Хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Г.Ж нь ажлын үндсэн чиг үүрэг болох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаар өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, цагийн бүртгэлээр ажлын цаг таслалт ихтэй, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр Дорнод аймагт болсон сургалтыг зохион байгуулаагүй, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдол нэг удаа гаргасан зэрэг зөрчил дутагдал гаргасан болно.

Ажилчиддаа өгсөн үүрэг, даалгаврыг хэрхэн биелүүлсэн талаар 7 хоногийн “мэдээллийн цаг”-аар хэлэлцэж тэмдэглэл хөтөлдөг.

Дорнод аймагт болсон сургалтыг зохион байгуулах ажил дээр үнэхээр хангалтгүй ажилласан.   Энэ сургалтанд 10 сумынхаа Засаг дарга нарыг оролцуул гэсэн албан бичиг яамнаас ирсэнийг нь би Г.Жд “Бүсийн зөвлөгөөнд зохион байгуулалттай  оролцох” гэж цохож, өөрөө идэвхийлэн оролцоорой гээд үүрэг өгсөн. Шаардлагатай бол томилолт бичээд яв гэсэн боловч, удирдамжин дээр намайг ир гэж дуудаагүй байхад би явах шаардлага байхгүй байна гээд яваагүй. Гэтэл намайг явуулаагүй гэж хүн гүтгэж байна.

     Сумдын Засаг дарга нар Дарьганга, Түвшинширээ сумдын авто машинуудад хоёр хэсэг болж хуваагдаад уг сургалтанд явсан. Гэтэл Засаг дарга нараас Г.Ж гэдэг хүн чинь биднийг сургалтын талаарх арга зүй мэдээллээр хангасангүй. Бид нар хаана очихоо мэдэхгүй явж байна гээд над руу ярьсан. Би Г.Ж руу 17 цаг дөнгөж өнгөрч байхад залгахад утас нь холбогдох боломжгүй, өөрөө гараад явчихсан байсан. Г.Ж ажлын өдрүүдэд 17 цаг өнгөрөнгүүт, амралтын өдөр бүтэн утсаа унтраачихдаг. Ажлын байрны тодорхойлолтонд шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах талаар тусгай шаардлагууд зааж өгсөн. Энэ тусгай шаардалагуудыг хангаж байна гээд өнөөдөр энэ албан тушаал дээр ажиллаж байгаа хүн. Энэ сургалтын бүх зардлыг цаанаасаа гаргахаар журамласан байсан боловч түлшний зардал дутсан гээд энэ зардлыг хурал өөрөө шийдвэрлэ гээд үүрэг болгосон байдаг. Үүнийгээ Г.Жтай ярих гэсэн боловч өөрөө утсаа салгаад алга болсон учраас би хурлын даргатай зөвшилцөөд 180.000 төгрөгийн түлш хийж өгөөд явуулсан боловч манай зохион байгуулалттай холбоотойгоор үл ойлголцол гарч ирж, буцах шуудангийн зардлаар тооцож олгосон байдаг. Энэ зардал болон буудлын мөнгийг Засаг дарга нар хурлаас нэхэмжилнэ гэж ярьж байсан.

Иймээс Төрийн албаны тухай хуулийн дагуу Г.Жд сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

    

     Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, эрх зүй, цагаатгалын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Ж нь “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/10 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

         

            Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/10 тоот захирамжаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.17, 25 дугаар зүйлийн 25.3 дахь заалтууд, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.2, 26.2, 26.3 дахь заалтууд, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.3, 27.4.6, Байгууллагын дотоод журмын  6 дугаар зүйлийн 6.2.2-ийн “в”, “г”, 6.5.1 дэх заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч тус Хурлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, эрх зүй, цагаатгалын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Жд “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэсэн үндэслэлээр албан тушаалын цалингийн хэмжээг 3 сараар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

     Нэхэмжлэгч  “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэсэн хууль бус дүгнэлтээр албан тушаалын цалингийн хэмжээг 3 сараар 10 хувиар бууруулахаар сахилгын шийтгэл ногдуулсан” гэж, хариуцагч  “ажлын үндсэн чиг үүрэг болох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаар өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, цагийн бүртгэлээр ажлын цаг таслалт ихтэй, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр Дорнод аймагт болсон сургалтыг зохион байгуулаагүй, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдол нэг удаа гаргасан” гэж маргадаг.

     Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01 тоот “ГХУСАЗЗ-ийн гишүүдийн ажил, үүргийн хуваарь батлах тухай” захирамжийн хавсралтаар баталсан “ГХУСАЗЗ-ийн гишүүдийн ажил, үүргийн хуваарь”-иар аймгийн ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга Г.Ж нь аймгийн ГХУСАЗЗ-ийн хурал, төлөвлөгөөний хэрэгжилт, хагас, бүтэн жилийн ажлын тайланг гарган ХЗДХЯ-ны ГХУСАЗЗ-д хүргүүлэх, салбар зөвлөлийн өдөр тутмын ажлыг хариуцах үүрэгтэй байна.

     Гэтэл нэхэмжлэгч Г.Ж нь хариуцсан ажил, үүргийн хуваарийн дагуу удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх зорилгоор “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” зүүн бүсийн аймгуудын зөвлөгөөнийг 2018 оны 03 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотноо зохион байгуулахад Сүхбаатар аймгийн төлөөлөгчдийг оролцуулах ажлыг хангалтгүй зохион байгуулсан болох нь Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 7/1056 тоот албан бичиг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилчдын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлээр, ажлын цагийн таслалт нь мөн Хурлын ажлын албаны албан хаагчдын цагийн бүртгэл, ажилчдын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

    Иймд мэргэжилтэн Г.Жы гаргасан зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасны дагуу мөн хуулийн 26.1.2 дахь хэсэгт заасан албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 10 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах боломжгүй байна.

Г.Жы согтууруулах ундаа хэрэглэсэн гэх зөрчил нь 2017 оны 12 дугаар сард гарсан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар ... өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан хугацаа өнгөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/10 тоот захирамж нь зорилгодоо нийцсэн байх тул шүүх  уг захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзлээ.

   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дүгээр зүйлийн 26.1, 26.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Жы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

     3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                       Б.БАЯРЦОГТ