Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2022/0009

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.М-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Хариуцагч Ж.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн өмгөөлөгч Н.Н нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа

Хэргийн индекс: 111/2021/0004/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.М- нь “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 100  дугаар зүйлийн 100.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын ““Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” хэсгийг хангаж, Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгож, үлдэх “ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. М.М нь албан томилолт болон ажлын цагаа удаа дараа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн.

3.2. Засаг даргын Тамгын газрын багийн Засаг даргаас өгөх архивын баримт өгдөггүй шалтгаанаар ажлаас чөлөөлсөн боловч анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэл болсон хуулийн заалтууд буруу байна гэж дүгнэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

4. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Учир нь

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

3.1. Нэхэмжлэгч М.М нь “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/07 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

3.2. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/07 дугаар захирамжаар тус сумын Мандалхайрхан багийн Засаг дарга М.М-ыг “ажлын цагийг удаа дараа хоцроосон, ажил тасалсан, Ковид-19 цар тахлын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд ажлын цаг болон шуурхай хурлаас удаа дараа хоцорсон, удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг чиглэлийг биелүүлээгүй, 2020 оны ажлын төлөвлөгөө, тайланг гаргаагүй, хугацаатай мэдээ судалгааг удаа дараа хоцроосон, ажлын хариуцлага алдсан” гэж Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 48 дугаар зүйлийн 48.1.3, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 3 дахь заалт, аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаар албан даалгаврыг үндэслэн ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан байна.

3.3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д “Баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна”, 28.5-д “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ” гэж зохицуулжээ.

3.4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Баян-Овоо сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлаас тус багийн Засаг дарга М.М-ыг албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах эсэх асуудлаар ямар нэг шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгчийг шууд ажлаас халсан нь дээрх хуульд заасантай нийцэхгүй байна.

3.5. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “...М.М нь албан томилолт болон ажлын цагаа удаа дараа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн...” гэж боловч Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар Багийн Засаг дарга нь төрийн улс төрийн албан тушаалтан бөгөөд захиргааны хэргийн шүүх нь гагцхүү хуульд заасан журмын дагуу улс төрийн албан тушаалтныг албан тушаалаас нь чөлөөлсөн, огцруулсан эсэхийг хянадаг.

3.6. Гэтэл хариуцагч Баян-Овоо сумын Засаг дарга нь иргэдийн Нийтийн Хурлын саналыг авалгүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан журмыг зөрчсөн байх бөгөөд нэхэмжлэгч М.М-ы улс төрийн албан тушаалаас огцруулах асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлээгүй гэж үзнэ.

3.7. Тиймээс Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/07 дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасантай нийцээгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР        

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ