Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 483

 

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг

Улаанбаатар Төмөр замын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01555 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ЭСТО” ХХК-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 21 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Урангоо,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ундармаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЭСТО” ХХК-ийн эзэмшлийн 55-87 УНХ дугаартай Норд Бенз маркийн автомашиныг тус компанийн жолооч Ж.Баянжаргал жолоодож явахдаа Улаанбаатар-Төмөр замын 416 дугаар км-ийн 2 дугаар зуутад байрлах төмөр замын хаалттай гармаар нэвтрэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин галт тэрэгтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан бөгөөд эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг төлөх тухай тохиролцож, төлбөр төлсөн боловч 21 000 000 төгрөгийн хуурамч баримт бүрдүүлсэн болох нь тогтоогдсон болно. Хариуцагч “ЭСТО”ХХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2672 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 5 дугаарт заасан 21 000 000 төгрөгийг төлөөгүй тул иргэний журмаар гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Шүүгчийн захирамжид хариуцагч нь давж заалдах гомдол гаргаагүй эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн болно. Иймд хариуцагчаас 21 000 000 төгрөг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн жолооч Ж.Баянжаргал нь 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “ЭСТО” ХХК-ийн эзэмшлийн 55-87 УНХ улсын дугаартай Норд Бенз маркийн автомашиныг жолоодож явахдаа Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Улаанбаатар-Төмөр замын 416 дугаар км-ийн 2 дугаар зуутад байрлах төмөр замын хаалттай гармаар нэвтрэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д заасныг зөрчсөнөөс Чойр-Улаанбаатар чиглэлд аялж явсан 2657 дугаарын галт тэрэгтэй мөргөлдөж, Улаанбаатар-Төмөр зам нийгэмлэгт 2 198 395 648 төгрөгийн хохирол учруулсан. “ЭСТО” ХХК нь 1 327 756 676 төгрөгийн хохиролд Улаанбаатар-Толгойт чиглэлийн 39 дэх км-т баригдах 27,9 метр урт төмөр бетон гүүрийн ажлыг хийсэн. Энэ ажлыг гүйцэтгэхдээ “ЭСТО” ХХК нь “ГБЭТ” ХХК-тай 2014 оны 2 дугаар сарын 10-ны өдөр УБ-Толгойт өртөөний хооронд 399 дэх км-т баригдах төмөр замын 27,9 км төмөр бетон гүүрийн зураг төслийн ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулж, ажлын хөлсөнд 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр, 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус тус 21 000 000 төгрөг, нийт 42 000 000 төгрөг төлсөн. “ГБЭТ” ХХК-д төлөгдсөн төлбөр нь төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажлын гүйцэтгэлд орж тооцогдсон тул нэхэмжлэгчид учруулсан хохирол барагдуулалтын тооцоо нийлсэн 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн актаар 646 206 424 төгрөгийн хохирлын үлдэгдэлтэй байсан. Энэхүү үлдэгдэл хохирлыг манай компаний техник шилжүүлэх болон бусад байдлаар бүрэн төлж барагдуулсан, одоо ямар ч төлбөрийн үлдэгдэл байхгүй. Гэтэл нэхэмжлэгч нь “ГБЭТ” ХХК-д төлсөн 21 000 000 төгрөгийн баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх шатанд нэхэмжлэгч нь 21 000 000 төгрөгийн баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж өөрсдөө үзэж, энэ талаар мэдүүлэг өгч байсан нь үнэн бөгөөд бид үүнийг хэдий зөвшөөрөхгүй гэж маргасан боловч энэхүү маргаантай асуудал нь манай компанийн жолоочийн эрх зүйн байдлыг дордуулах, цаашлаад эрүүгийн хэрэгт ял шийтгэл хүлээж болзошгүй нөхцөл байдалд хүргэж байсан учир манай захирал 21 000 000 төгрөг төл гэж гарвал төлье гэсэн байр суурьтай байсан. Ийм шалтгаанаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2672 тоот захирамжийн 5 дахь заалтад иргэний журмаар шийдвэрлүүлэх талаар заалт орсон байдаг. Хэдийгээр шүүгчийн захирамжид 21 000 000 төгрөгийн асуудал ийнхүү тусгагдсан ч энэ нь хуурамч баримт бүрдүүлснийг нотолж байгаа бус, харин энэ маргааныг иргэний шүүх шийдвэрлэх учиртайг заасан гэж үзэж байна. Бид нэхэмжлэгчид учирсан хохирлыг бүрэн төлж дуусгасан, “ГБЭТ” ХХК-д нийт 42 000 000 төгрөг төлсөн нь иргэний хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, уг баримтыг хуурамч гэх баримт авагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан “ЭСТО” ХХК-иас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 21 000 000 төгрөг гаргуулах тухай Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын гаргасан энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг огт үнэлээгүй, үгийн утга санааг анхааран үзээгүй байна. Тухайн өдөр би 9 цагийн хурал 18 цаг хүртэл үргэлжлэнэ гэж тооцоогүй бөгөөд шүүх хуралдааны явц сунжирч байгаа тул энэ тухай шүүгчийн туслахад 10 гаруй удаа мессежээр мэдэгдсэн байхад намайг оролцуулалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Бодит байдалд “ЭСТО” ХХК нь “ГБЭТ" ХХК хоёр гэрээ байгуулсан бөгөөд нэг гэрээ нь Богд-Уулын араар 17.5 км замын зураг төсөл, нөгөө нь Толгойт Улаанбаатар өртөөний хооронд барих төмөр замын гүүрийн зураг хийх ажил юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон “ЭСТО” ХХК нь 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрүүдэд “ГБЭТ" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 404025596 тоот дансаар тус бүр 21 000 000 төгрөгийг шилжүүлж төлсөн болох нь мөн өдрүүдийн 237, 735 тоот даалгавар нь Богд-Уулын араар тавих 17.5 км замын зургийн төлбөр болохоос гэм хорын хохирлыг төлөх Толгойт Улаанбаатар өртөөний хооронд барих төмөр замын гүүрийн зураг хийх ажлын төлбөр биш юм. Дээр дурдсан төлбөрийн даалгаварт “17.5 км замын зургийн төлбөрт шилжүүлэв” гэсэн бичлэг байхад шүүх түүнийг огт анхаарсангүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.З, 25 дугаар зүйлийн 25.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгон, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хэргийг оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь хариуцагч “ЭСТО” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 21 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Хариуцагч “ЭСТО” ХХК-ийн эзэмшлийн 55-87 УНХ дугаартай Норд Бенз маркийн автомашиныг тус компанийн жолооч Ж.Баянжаргал нь 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр жолоодож явахдаа Улаанбаатар-Төмөр замын 416 дугаар километрийн 2 дугаар зуутад байрлах төмөр замын хаалттай гармаар нэвтрэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс галт тэрэгтэй мөргөлдөж Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд 2 198 395 648 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгчид хариуцагч нь Толгойт-2 Улаанбаатар чиглэлийн төмөр замын 399ПК1-д байршилтай 27.84 км төмөр бетон гүүрний барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн 1 327 756 676 төгрөгөөр тооцон хүлээлгэн өгсөн, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хамтарсан хурал хийж, уг хуралдаанаар 2ТЭ116УМ-018 илчит тэрэгний сэргээн засварлалт болон хохирол барагдуулалтын тооцоо нийлсэн актыг баталж, хариуцагч “ЭСТО” ХХК нь зам гүүрийн барилгын ажлыг хүлээлгэн өгсөн бөгөөд 646 206 424 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг хэргийн 31 дүгээр талд авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажуулж, хариуцагч нь уг 646 206 424 төгрөгт тооцож машин механизм өгсөн талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ бетон зам гүүрийн ажилд 21 000 000 төгрөг дутуу төлөгдсөн нь “ГБЭТ” ХХК-д “ЭСТО” ХХК-ийн төлсөн гэх 42 000 000 төгрөгийн 21 000 000 төгрөгийг Богд-Уулыг тойруулан “ЭСТО” ХХК-ийн барьж буй Хүрхрээ 17,1 км гүүрийн ажлын зураг төсөлд шилжүүлснээр нотлогдсон тул Толгойт-2 Улаанбаатар чиглэлийн төмөр замын төмөр бетон гүүрийн гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын хүрээнд 21 000 000 төгрөг шилжигдээгүй, уг хэмжээгээр хохирол төлөгдөөгүй гэж, хариуцагч нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гүүрний зураг төслийн ажил гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу “ГБЭТ” ХХК-д 42 000 000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэх, төлбөрийн даалгавар, дансны хуулга, албан бичиг зэрэг баримтууд гаргаж талууд маргасан байна.

 

Хэргийн 20 дугаар талд “ГБЭТ” ХХК-ийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Г09/2015 тоот албан бичиг авагдсан байх бөгөөд уг албан бичигт “ЭСТО” ХХК-тай байгуулсан гэрээний дүн 42 000 000 төгрөгийг “ЭСТО” ХХК 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр урьдчилгаанд 21 000 000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр үлдэгдэл төлбөрт 21 000 000 төгрөг төлснийг хүлээн авсан” гэж, хэргийн 21-23 дугаар талд “ГБЭТ” ХХК-д “ЭСТО” ХХК-иас ажил үйлчилгээ үзүүлсний төлбөрт 42 000 000 төгрөгийг 2 хувааж төлсөн тухай төлбөрийн даалгавар, болон нэхэмжлэх, дансны хуулга гэх баримтууд хэрэгт авагдсан ба эдгээрийг анхан шатны шүүх талуудын тайлбартай харьцуулан үзэж хариуцагчийн шүүхэд гаргасан баримт хуурамч болох нь тогтоогдоогүй, “ЭСТО” ХХК-иас “ГБЭТ” ХХК-д шилжүүлсэн 42 000 000 төгрөг бодитоор Толгойт-2 Улаанбаатар чиглэлийн төмөр замын төмөр бетон гүүрийн гүйцэтгэсэн барилга угсралтын ажилд төлөгдсөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам нь хариуцагч “ЭСТО” ХХК-д гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу төлсөн тул дахин төлөх үндэслэлгүй, анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан тухайн өдөр өөр шүүхэд зарлагдсан шүүх хуралдаан сунжирснаас энэ шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй, шүүгчийн туслахад мессежээр удаа дараа мэдэгдсэн гэх байдал тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан түүний гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01555 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ