Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2017/00046

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1980 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Увс аймагт төрсөн, эмэгтэй, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 38 дугаар байрны 23 тоотод оршин суух,  Борлууд овогт Цэрэнжавын Одонтуяагийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3.293.505 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20176 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Одонтуяа, хариуцагч 131 дүгээр цэцэрлэгийг төлөөлж эрхлэгч Ж.Нарангарав, нарийн бичгийн дарга З.Ганцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Одонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Цэрэнжав овогтой Одонтуяа 131 дүгээр цэцэрлэгт холбогдох ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж  Багануур дүүргийн анхан шатны шүүх 2016.07.20-ны өдөр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч   байгууллага Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 20-ны 323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Би хуульд зааснаар магадлалыг  хүчин төгөлдөр болсноос  хойш хариуцагч  байгууллагын дарга Нарангаравтай утсаар холбогдож шүүхийн шийдвэрээр  гарсан цалин, тушаалаа  авъя гэхэд  ажилдаа орсон хойноо тушаалаа гаргуул цалин өгөх боломжгүй гэсэн учир би ШШГА-аар ажилгүй байсан хугацааны  цалинг гаргуулж авахуулсан. Би энэ ажилгүй байсан хугацаанд хүүхэд гаргасан бөгөөд Нийгмийн даатгалаас жирэмсний амралтын мөнгө гаргуулах гэтэл заавал тушаал гаргуулах шаардлагатай гээд удаа дараа холбогдсон боловч тушаал гаргаагүй. Ингээд 2016 оны 12 сарын 28-нд очтол аль хэдийн 09-29 нд гаргасан байсан гээд тушаал өгсөн. Ийм эрт гаргасан байсан бол тэр  үед нь надад өгөхгүй хугацаа алдуулж намайг хохироолоо. Иймээс  анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 1.721.825 төгрөг, хүүхэд гаргасны 1.571.680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Одонтуяа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2016 оны 7 сарын 20 ноос 08 сарын 05 хүртэл ажлын 12 хоног, 08 сарын 05 наас 10 сарын 05 хүртэл ажлын 41 хоног нийт 53 хоногийн төрөхийн өмнөх хойтох мөнгө 1.067.000 төгрөг болж байгаа. Эвлэрэх санал тавихаар урдаас өр авлага яриад болохгүй байна. Ажлаа хүлээлцэхэд надад өр авлага байгаагүй. Хуулийн дагуу асуудлаа шийдүүлье, хүүхэд асрах чөлөө 10 сарын 17-нд тушаал гарсан учраас энэ хугацаанаас хойшхи цалин олгогдохгүй гэж ойлгож байгаа, хуулийн дагуу тооцож цалин хөлс олгохыг хүсэж байна  гэв.

Хариуцагч 131 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ж.Нарангарав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.Одонтуяагийн нэхэмжлэлтэй танилцлаа. Давж заалдах шатны шүүх хурал болсон өдөр буюу 2016 оны 09 сарын 28-ны өдөр өмгөөлөгч А.Даваабилэгийн зөвлөсний дагуу Ц.Одонтуяаг ажилд авсан тушаалыг 2016 оны 09 сарын 29-ний өдөр гаргасан. Нярав Д.Золтуяа 2016.10.13 өдөр 1 жилийн чөлөө авна гэж хэлэх үед Ц.Одонтуяаг ажилдаа ор гэж утсаар ярихад хүүхэд харах хүнгүй тул ажилдаа орох боломжгүй  байна гэсэн хариу өгсөн. Үүний дагуу Ц.Одонтуяад хүүхэд харж байгаа тул хүүхэд асрах чөлөө олгосон тушаал 2016.10.17-ны өдөр гаргасан. Ц.Одонтуяад анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2016.07.20-ны өдрөөс 2016.10.15 ны өдөр хүртэл хугацааны цалинг олгоход татгалзах зүйлгүй. Ц.Одонтуяа нь 2016 оны 08 сард төрсөн. Энэ хугацаанд анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл явц  үргэлжилж байсан. Эмнэлгийн магадлагаагаа өгөөгүй учраас эмнэлгийн хуудсаар цалин олгох боломжгүй, харин дээрх хугацааны цалин бодож олгож болно. 10 сарын 17 ноос хүүхэд асрах чөлөө олгосон учраас цалин олгогдохгүй. 2016 оны нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөөгүй байгаа, одоо 2 сарын цалин дээр төлнө гэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг уншиж  судлаад:

                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Ц.Одонтуяа нь хариуцагч Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3.293.505 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

            Хариуцагч 131 дүгээр цэцэрлэг нь 2016.07.20-ны өдрөөс 2016.10.15 ны өдөр хүртэл хугацааны цалин олгохыг хүлээн зөвшөөрч 2016.10.17-ноос хүүхэд асрах чөлөө олгосон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч  Ц.Одонтуяа нь  2012.03.28-ны өдрөөс Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгийн няраваар томилогдон ажиллаж байсан бөгөөд ажил олгогч  2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/92 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 20 дугаар зүйлийн 20.1.6,  Засгийн газрын 2012 оны 106 дугаар  тогтоол, Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагын мөнгөн кассын журам”-ын 3.8 дахь хэсэг, Дүүргийн дотоод аудитын хорооны 2015 оны А/01 дүгээр тогтоол, хөдөлмөрийн гэрээний 3.4, 3.12, 4.3 дахь хэсгийг үндэслэн ажлаас чөлөөлжээ.

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 20-ны өдрийн 323 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Одонтуяаг Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгийн няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 2.602.030 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Одонтуяа нь Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 2016.07.20 ны өдөр хүртэлх цалин хөлсөө хариуцагчаас гаргуулан авсан, ажил олгогч нь ажилтныг ажилд эгүүлэн томилох тушаалаа 2016 оны 09 сард гаргасан боловч ажилтанд мэдэгдээгүйгээс жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ хуульд заасны дагуу Нийгмийн даатгалын байгууллагаас авч чадаагүй, үүнд ажил олгогч буруутай, Хөдөлмөрийн  тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар ажил олгогч нь ажилтанд 2016.10.17-ны өдөр хүүхэд асрах чөлөө олгож тушаал гаргасан байх тул ажилтан нь 2016.07.20-ны өдрөөс 2016.10.05-ны өдөр хүртэлх жирэмсний болон амаржсаны тэтгэмж, 2016.10.05 ны өдрөөс 2016.10.17-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 64 дүгээр зүйлийн 64.2-т зааснаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч  эмнэлгийн магадлагаа байхгүй учраас нөхөн олгох боломжгүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох боломжтой гэж хүлээн зөвшөөрч байх тул 2016.07.20-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө олгох тушаал гарсан өдөр буюу 2016.10.17 хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу нэхэмжлэгч Ц.Одонтуяагийн ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг  нэхэмжлэгчийн 2015 онд авсан цалингийн жагсаалтаар 6,7 сард 806.822 төгрөг, 11 сард 416.521 төгрөгийн нийт 1.223.343 төгрөгийн цалингаас тооцоход сарын дундаж цалин 407.781 төгрөг,  нэг өдрийн цалин 18.966 төгрөг болж байна. 2016.07.20 ноос 10.17-ны өдөр хүртэл ажлын 64 хоног, 18.966х64=1.213.860  төгрөг болж байх тул ажилгүй байсан 64 хоногийн цалин хөлсөд 1.213.860 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн ба   хариуцагч байгууллагаас 1.213.860 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж  33.683 төгрөгийг  гаргуулж  улсын орлого болгох нь зүйтэй. 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу гаргуулж авсан, тухайн маргааны үйл баримтад хамааралтай мэдээллийг агуулсан, ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар  зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ  нь:

1.Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт  зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1.213.860/ нэг сая хоёр зуун арван гурван мянга, найман зуун жаран / төгрөгийг хариуцагч Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгээс гаргуулж нэхэмжлэгч  Борлууд овогт Цэрэнжавын Одонтуяад олгосугай.

              2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Ц.Одонтуяагийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг  Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгт  даалгасугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  33.683 төгрөг  гаргуулж  улсын орлого болгосугай.

3.Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр  нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                       П.ЦЭЦЭГДУЛАМ