| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0141/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/143 |
| Огноо | 2020-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2020/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: О.Сувдэрдэнэ,
Шүүгдэгч: Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000138 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1992 оны 05 сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Баян- Ц.А
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.А нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4 дүгээр багийн нутаг Онийн булаг гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр У.Баярсайханыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1.Шүүгдэгч Ц.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 15 цаг 30 минутын орчим эхнэртэйгээ Байдрагийн гүүр орчхоод буцаж явах замд Амарбаясгалан ах Батхуяг ах, Баярсайхан ах нартай таарсан юмаа. Тэр газраас хөдлөөд Бөмбөгөр сум руу явсан. Сумын төв дээр очоод дэлгүүрээс хүнс ундаа 2 шил архи 1 том пиво аваад Батхүлэг ахынд очиж уусан. Намайг Баярсайхан ах гараад ир гээд дуудсан би гарсан чинь бензин хийж өг гээд байсан. Би хийж өгөх санаатай очих үед надын өмнөөс салаавч өгөөд байхаар нь би хавсаргаад унгасан юм.....гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч У.Баярсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 16 цаг 30 минутын орчим Бөмбөгөр сум руу орох гээд Батхуягтай цуг явж байсан чинь замд Амарбаяр, Амарбаясгалан нартай таараад доошоо уруудаад явж байгаад Э.Батхүлэгийн гадаа очоод Батхүлэгийн машиныг аваад Бөмбөгөр сумын төв рүү ороод дэлгүүрээс хүнс ундаа, 2 шил архи, пиво 1 ширхгийг аваад сумын төв дээр машиндаа нэг шил архи уугаад сууж байгаад Амарбаярыг би гараад ир мотоциклдоо бензин хийх гээд дуудсан. Харин би Амарбаярт юу гэж хэлснээ сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь амнаас цус гарсан байсан. Би амаа угаагаад гэр лүү очсон. Амарбаярыг эхнэр нь аваад явсан. Юунаас болсныг сайн санахгүй байна. намайг хавсраад унагасан. Амарбаяртай би төрөл садны холбоо байхгүй, айлын хүмүүс.намайг нэг удаа хавсарч унагаасан, цохиж зодсон зүйл байхгүй. Би согтуу байсан болохоор унах үедээ чулуу мөргөсөн байх, би гомдол санал байхгүй, манай эхнэр дуудлага өгсөн байсан...гэх мэдүүлэг, / хх-ийн 38-40 /
4. Гэрч Д.Одонтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн орчим нөхөртэйгөө Байдрагийн гүүр орчхоод буцаж явах замд Амар, Хуяг, У.Баярсайхан нартай Хааны өвөлжөө гэх газар таарсан тэгээд тэр газраас Бөмбөгөр сум руу цуг явчхаад ирэх үү гээд бид нар хөдлөөд Хуяг ах, Баяраа ах нар Э.Батхүлэг ахынд очих гээд явсан. Бид 3 хамар дээр хүлээгээд сууж байсан чинь Э.Батхүлэг ах, Баярсайхан ах Хуяг ах нар ирээд унаж явсан мотоциклоо нарийны ам гэх газар үлдээгээд цагаан өнгийн машинд суугаад Бөмбөгөр сумын төв рүү ороод дэлгүүрээс хүнс бараа 1 шил архи, 2 ширхэг том пиво аваад буцаад сумаас гараад замаараа орхисон газраа очоод архи 1 ширхэг, пиво 1 ширхэг зэргийг уугаад Батхүлэг ахынд очоод том пивоо уусан. Бид нар гэрт сууж байхад Баярсайхан ах манай нөхөр болох Амарбаярыг дагуулаад гарсан. Намайг ойролцоогоор 15 минутын дараа гарахад тэр хоёр барилцаад авсан байсан. Тэгээд би очоод салгасан чинь Баярсайхан ахын амнаас цус гарсан байдалтай байсан. Тэгээд байж байсан чинь Хуяг ах гарч ирээд Амарбаярыг хөгшин хүн зодлоо гээд хоёр цохисон чинь гэрт байсан хүмүүс бүгд гараад ирсэн. Тэгээд би нөхрөө аваад гэр лүгээ явсан. Тэр хоёр хоёулаа архи уусан байсан, юунаас болж маргалдсаныг мэдээгүй, гараад ирсэн чинь барилцаад авсан байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 41-43 /
5. Гэрч О.Амарбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 14 цаг 20 минутын орчим Бөмбөгөр сум орох гээд ганцаараа явж байхад замд Батхуяг, Баярсайхан ах нар таараад доошоо уруудаад явж байхад Хааны өвөлжөөний доод талд Амарбаяр эхнэртэйгээ явж байхад таарсан тэгээд тэр газраас хөдлөөд Бөмбөгөр сум руу цуг явсан. Доошоо уруудаад нарийны ам ороод э.Батхүлэгийн гадаа очоод машиныг нь аваад Бөмбөгөр сумын төв рүү ороод дэлгүүрээс хүнс ундаа том пиво 3 ширхгийг аваад буцаад сумаас гараад замаараа мотоцикл орхисон газар очоод Амарбаяр бид хоёр мотоциклоо унаад Батхүлэг дүүгийнд очоод архи 1 шил, 2 том пиво уусан. Тэгээд байж байтал Баярсайхан ах Амарбаяр тэр хоёр гараад явсан. Гэтэл гадаа хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь гарсан чинь Баярсайхан ахын ам юм уу хамраас нь цус гарсан байсан. Тэгээд бид нар салгасан.Амарбаяр гэр лүгээ эхнэртэйгээ явсан. Бид нар гэрт ороод 1 том пиво ууж дуусаад Батхуяг бид хоёр явсан.Баярсайхан ах Батхүлэгийнд үлдсэн, би тэгээд маргааш нь ирж авсан. Намайг гарч ирэхэд Баярсайхан ахын нүүр аманд ямар нэгэн харагдах шарх сорви байгаагүй, амнаас нь цус гарсан байдалтай шүд рүү өшиглөчихлөө гээд сууж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 14-15 /
6. Гэрч Д.Батхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 16 цаг 20 минутын орчим Бөмбөгөр сум орох гээд Баярсайхан ахтай явж байхад замд Амарбаяр, Амарбаясгалан нартай таараад доошоо уруудаад явж байхад Э.Батхүлэгийн гадаа очоод машиныг нь аваад Бөмбөгөр сумын төв рүү ороод дэлгүүрээс хүнс ундаа том пиво 3 ширхгийг аваад буцаад сумаас гараад замаараа мотоцикл орхисон газар очоод би Амарбаяр бид хоёр мотоциклоо унаад Батхүлэг дүүгийнд очоод 3 ширхэг том пиво уусан. Тэгээд байж байтал Баярсайхан ах Амарбаяр тэр хоёр гараад явсан. Гэтэл гадаа хүмүүс чанга чанга дуугараад хэрэлдээд байхаар нь гарсан чинь Баярсайхан ах тэр хоёр барилцаад авсан зогсож байсан. Би салгасан чинь Баярсайхан ахын амнаас нь цус гарсан байсан. Амарбаяр гэр лүгээ эхнэртэйгээ явсан. Бид нар гэр лүгээ ороод үлдсэн 2 ширхэг том пивоо ууж дуусгаад би гэр лүгээ явсан .Баярсайхан ах Батхүлэгийнд маргааш явна гээд үлдсэн. Тэр хоёр юунаас болсныг мэдээгүй. Нүүрэнд шарх сорви байгаагүй, амнаас нь цус гарсан байдалтай байсан. Намайг салгасны дараа Амарбаяр шүд рүү өшиглөчихлөө гээд хэлж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 16-18 /
7. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 226 дугаартай шинжээчийн:
1. У.Баярсайханы биед тархи доргилт, зүүн дээд 2-р шүд, зүүн доод 1-р шүдний сулрал, зүүн доод 6-р шүдний цөгцний хугарал, доод эрүү, уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5% нөлөөлнө.
5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой....гэх дүгнэлт /хх-ийн 20-21/ болон хавтаст хэргийн 64 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Ц.Аын урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.А нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 4 дүгээр багийн нутаг Онийн булаг гэх газарт 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр У.Баярсайханыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч У.Баярсайхан, гэрч Д.Одонтуяа, О.Амарбаясгалан, Д.Батхуяг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 226 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ц.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ц.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.А нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.А нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баян Ц.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Баян Ц.Аыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Ат оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ц.А нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй,хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ