Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2017/00053

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        

         Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Г.Ариунаа би,

Нэхэмжлэгч Чангас овогт Аюушийн Норовын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Суман тэрх” ХХК-д холбогдох Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байр, 1 дүгээр орц, 16 тоот, 49.08 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч А.Норов болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад                                             

ТОДОРХОЙЛОХ нь

         Нэхэмжлэгч А.Норов шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “Суман тэрх” ХХК-тай, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 16 тоот, 49.08 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан, захиалгын урьдчилгаанд 23.000.000 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрийг хуваарийн дагуу бүрэн төлж дуусгасан.

         “Суман тэрх” ХХК, 80 дугаар байрыг Улсын комисст хүлээлгэн өгөөгүйн улмаас өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаагүй болно.

         Иймд Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 1 дүгээр орц, 16 тоот, 49.08 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг А.Норов миний өмч болохыг тогтоож өгнө үү, гэжээ. 

         Хариуцагч “Суман тэрх” ХХК-ийн захирал Д.Одгэрэл шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 1 дүгээр орцны 16 тоот байрны захиалагч А.Норов мөн бөгөөд байрны төлбөрөө төлсөн, ямар нэг зөрчилгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

             Иймд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 1 дүгээр орцны 16 тоот байрыг А.Норовын өмч болохыг тогтооход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ. 

ҮНДЭСЛЭХ  нь

             Нэхэмжлэгч А.Норов, хариуцагч “Суман тэрх” ХХК-д холбогдуулан Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байр, 1 дүгээр орц, 16 тоот, 49.08 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Суман тэрх” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Багануур дүүргийн 80 дугаар байрны 1 дүгээр орцны 16 тоот орон сууцны захиалагч А.Норов мөн бөгөөд байрны төлбөрөө төлсөн, ямар нэг зөрчилгүй байх тул Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 1 дүгээр орцны 16 тоот орон сууц А.Норовын өмч болохыг тогтооход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.          

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын  тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн  74.1, 74.2 дахь хэсэгт  заасныг тус тус  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч А.Норов, хариуцагч “Суман тэрх” ХХК-иас Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байр, 1 дүгээр орц, 16 тоот, 49.08 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч А.Норов болохыг тогтоолгохоор нэхэмжилснийг, хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч “Суман тэрх” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид олгосугай.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг  тайлбарласугай.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид  давж  заалдах, хяналтын  журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     Г.АРИУНАА