Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч : Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч: Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014001630139 тоот хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Э.Б

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах захын түүхий эд авдаг ченж нарын хажуу талын шар вагончиг цайны газрын орчимд гээгдүүлсэн Н.Баярцэцэгийн эзэмшлийн Хуавэй Жи-30 маркийн гар утсаа гээгдүүлснийг олж авч хувьдаа завшиж 690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

      ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

  1. Шүүгдэгч Э.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар үнэн зөв дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн ер бол 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр доод зах буюу Есөн-Эрдэнэ захын түүхий эд авдаг тэнд газраас гар утас олсон тэгээд олоход асаалттай байхаар нь унтраагаад гэртээ аваачиж тавиад 2 хонуулаад асуугаад эхлээд өөрийн 88424688 гэсэн дугаарыг хийсэн тэгтэл залгаж болохгүй гаднаас дуудлага аваад байсан тэгэхээр нь хадам дүү Бямбаагийн барьдаг дугаар болох 86906636 дугаарыг хийж нэг өдөр ашигласан хааяа Бямбаагийн энэ дугаарыг барьдаг юм...гэх мэдүүлэг / хх-ийн 41-42 /

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

 3. Хохирогч Н.Баярцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед машинаа унаад ээж Цэдэвийн хамт Баруун бүсийн худалдааны төв орчхоод Цагаан идээний төв орж бяслаг авахаар явж байхдаа хүү Дүүрэнбаяртай гар утсаараа яриад машиндаа сууж Чандмана ХХК-ийн хажуу талын замаар явж Шөнийн захын урд талын зам, түүхий эдийн ченж нар зогсдог зогсоол дээр машинаа тавьж зогсоол машиндаа ээжийг үлдээгээд биллиард, цайн газрууд байдаг газрын хажууд байдаг гуталчнаас 16 цагийн орчим засуулахаар өгсөн байсан гутлаа аваад машиндаа сууж төв замаар явж Цагаан идээний төв дээр ирээд ээжийг машиндаа үлдээчхээд худалдааны төв рүү орж бяслаг үзэж байгаад ээжээр бяслагаа харуулах гээд ээжийг дуудах гэтэл миний гар утас халаасанд байхгүй байхаар нь ээжийг машин дээр очиж дуудаад ээжтэй цагаан идээний төв рүү цуг ороод бяслагаа аваад гэртээ хариад хоол идээд сууж байгаад би хүү Дүүрэнбаярыг машин дотроос гар утас аваад ир гээд явуулсан чинь хүү орж ирээд гар утас чинь алга байна. гэхээр нь гар утас руугаа нөхрийнхөө гар утсаар залгасан чинь холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд нөгөө цагаан идээний зах руу очиж худалдагч нараас нь би гар утсаа алдчихлаа харсан үзсэн зүйл байна уу гэж асуусан чинь мэдэхгүй гэж хэлэхээр нь цагдаад дуудлага өгсөн Миний алдсан гар утас HUAWEI P маркийн, хар өнгийн, хүрэн хар өнгийн кейстэй 2019 оны 10 сард Юнител ХХК-аас лизингээр 830.000 төгрөгөөр авч байсан тул худалдаж авсан 830.000 төгрөгөөрөө үнэлж байна. Би алдагдсан гар утсаа бүрэн бүтэн хүлээж авлаа, одоо надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг / хх-ийн 9-16 /

            4. Гэрч Л.Надмидцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 86906636 дугаарыг ашигладаггүй ба энэ дугаарыг аваад удаж байгаа ба хэзээ авснаа санахгүй байна. манай төрсөн дүү болох Бямбаа, Батзаяа гэх танил нар ашигладаг байсан. Би тухайн үед 202 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 10 цагт гараад 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны шилжих шөнө Баянхонгор аймагт байдаг гэртээ очсон. Дугаарыг манай дүү Бямбаа ашиглаж байсан харин одоо Батзаяа хааяа ашиглаж байж магадгүй би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг / хх-ийн 23 /

5. Энх-Нахиа ХХК-н 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 115 дугаартай шинжээчийн:

1. Huawei P30 маркийн гар утас 690.000 төгрөг.....гэх дүгнэлт /хх-ийн 45/ хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэлтэй эсэхийг шалгасан хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй торгох ялын доод хэмжээг оногдуулах талаар дүгнэлт гаргасныг дурдаж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Э.Б нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах захын түүхий эд авдаг ченж нарын хажуу талын шар вагончиг цайны газрын орчимд гээгдүүлсэн Н.Баярцэцэгийн эзэмшлийн Хуавэй Жи-30 маркийн гар утсаа гээгдүүлснийг олж авч хувьдаа завшиж 690.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч Н.Баярцэцэг, гэрч Л.Надмидцэрэн нарын мэдүүлэг, үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн 115 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Э.Бг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүх шүүгдэгч Э.Бгийн орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

 Шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Б нь шийтгэгдэж байсан эсэх талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Бг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Бг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүгдэгч Э.Бгаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.    

5. Шүүгдэгч Э.Б нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй,хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.   

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.БАТЦЭНГЭЛ