Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 517

 

 

 

     

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийгхэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн  1 дүгээр хороо, Амарсанаа гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 9090142, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 28,2 дугаар байрны 19 тоотод  байрлах, Монголиан Бүүстер ХХКомпанид  холбогдох

 

Нийгмийн даатгалын шимтгэлд 10 580 880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Монголиан Бүүстер” ХХКомпани Нийгмийн Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1,17 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 12 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 7 053 920 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа 2 даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна.Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа шаардаж, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан тохиролцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн, тохиролцсон үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо.Иймд Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу Монголиан Бүүстер ХХКомпанийн дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 7 053 920 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан 3 526 960 төгрөг бүгд 10 580 880 төгрөгийг Монголиан Бүүстер ХХК-ийн хөрөнгөөс гаргуулж Төрийн банкин дахь тус хэлтсийн 105100004490 тоот дансанд шилжүүлж шимтгэлийн өрийг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Э.Сэргэлэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Монголиан Бүүстер ХХКомпаниас нийгмийн даатгалын шимтгэлд 10 580 880 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагч байгууллага нь үндсэн төлбөр болох 7 053 920 төгрөгийг төлсөн байх тул манайх алдангиасаа татгалзаж байна.Иймд хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Шинэхүү шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 7 053 920 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс хариуцагч Монголиан Бүүстер ХХКомпанид  холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 10 580 880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн шүүхэд гаргасан 10 850 880  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 3 526 960 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 7 053 950 төгрөгийг хариуцагч байгууллага нь төлж барагдуулсан байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгож  шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч байгууллагаас 127 823 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод  оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс 10 580 880 төгрөгийн шаардлагынхаа 3 526 960 /гурван сая таван зуун хорин зургаан мянга есөн зуун жаран/ төгрөгөөс татгалзаж, үлдсэн 7 053 950 /долоон сая тавин гурван мянга есэн зуун тавин/ төгрөгийг хариуцагч Монголиан Бүүстер ХХКомпани төлж барагдуулж талууд эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74  дүгээр зүйлийн 74.5-д зааснаа хариуцагч байгууллагаас 127 823 /нэг зуун хорин долоон мянга найман зуун хорин гурван/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод  оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН