Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/231

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч Д.Б, 

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014002560223 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1959 оны 09 сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, урьд Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 1986 оны 04 сарын 02-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169в-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай  Д.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Улаанбаатар-Баянхонгор чиглэлийн асфальтан зам дээр 44-91 БНХ улсын дугаартай тоёота приус 10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-гийн а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” 11.3 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэх заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалаас ирж байсан 86-84 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Б.Дагвадоржийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:            

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

Хохирогч*******ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр намайг гэртээ байж байхад манай найз ******* халамцуу манайд ирээд хамт аймаг орчnхоод ирье гэхээр нь би цуг түүний приус маркийн машинаар аймгийн төв ороод *******ийн таньдаг айлд ороод тэр айлд би архи уугаагүй харин Өлзийт сумын төвөөс гарч явахдаа монгол архи уусан байсан юм. ******* өөрөө машинаа жолоодоод тэгээд би түүнд намбагар яваарай гэж хэлэхэд үрүүл нь даялаад яваад байсан. Тэгээд аймгийн төвөөс гараад Өлзийт орох замд байх Хар хошуу гэх газрыг өнгөрөөгөөд өмнөө ирж явсан машины чиргүүл доогуур яваад орсон. Тэгээд би юу болсныг мэдэхгүй нэг мэдэхэд түргэн цагдаа ирсэн байсан ... гэсэн мэдүүлэг/ хх-ийн 75-76/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 23 цаг 20 минутын үед Баянхонгор аймгийн төвөөс 10 гаран км зайд хуучин хаалга байсан газар манай НИК ХХК-ны авто цестерн буюу орлогын машин осолд орсон талаар мэдээ авч уг газарт очсон. Очиход 86-81 УНҮ тээврийн хэрэгслийн чиргүүлийн арын дугуй нь салсан засмал замаас бага зэрэг гарсан байдалтай чиргүүл нь хойд тэнхлэгээсээ салан газарт унаж буулгах хоолойгоор шатахуун шүүрч байсан тэгээд шатахууныг үнэрлэхэд бензин шүүрч байсан тухайн ослыг приүс 10 маркийн ногоон цэнхэр өнгийн машин гаргасан байсан намайг очиход түргэн ирээд машинд байсан хүмүүсийг аваад явсан гэж байсан. Тэгээд бид нар шатахуун гоожиж байсан учир ойрхон яваа тээврийн хэрэгсэл байвал дуудаж суллах арга хэмжээ авахаар ******* гэх жолоочийг Нарийн тээл сумаас дуудсан тэгээд 02 цагийн үед ирсэн ирэхэд осол гаргасан жолоочийн ар гэр ирсэн байсан тэд нарын нүдэн дээр шатахууныг соруулаад аймгийн төв дээр 04 цагт авч ирж тавьчихад маргааш өглөө нь ар гэрийнх нь болон колонкын ажилчдаа байлгуулж байгаад хэмжилт хийхэд 150 литр АИ-92 шатахуун дутаж байсан. Тэгээд осол гаргасан хүний ар гэрийн хүмүүст хэлэхэд төлбөрийг барагдуулъя гэсэн мөнгө нь 276.000 төгрөг болсон тэр өдөртөө байгууллагын данс руу мөнгө хийж байгууллагын шатахууны хохирлыг барагдуулсан улмаар машины чиргүүлийн эвдэрсэн хэсэгт үнэлгээ хийлгэхэд 2 сая гаран мянган төгрөг болсон бөгөөд манай Ник ХХК-ий дансанд одоогоор 1.000.000 төгрөгийг төлсөн байгаа ба бусад хохирол төлөгдөөгүй байгаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-81/,

Гэрч ******* мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2020 оны 04 сарын 07-ны өдрийн 15 цагийн үед Улаанбаатар хотоос Beiben маркийн 86-81 УНҮ тээврийн хэрэгсэлтэй нийт 26 тонн шатахуун ачаад Баянхонгор аймгийн төв болон Хүрээмарал сумын чиглэлд гарсан. Дараагийн өдөр буюу 04 дүгээр сарын 08-ны өдрийн 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Өлзийт сум өнгөрөөд аймагруу явж байтал өөдөөс нэг суудлын автомашин замаар 2 тийшээ мурилзсан тээврийн хэрэгсэл ирж явсан. Би тухайн үед их гэрлээрээ дохио өгч 2 удаа шилжүүлсэн. Тэгээд нэмэргүй болохоор нь замын хажуу талын хөвөөрүү шахаж замаас гартал миний тээврийн хэрэгслийн чиргүүлийн арын дугуй очиж мөргөсөн. Тухайн үед би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч цагдаа нар ирсэн. ... Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл үүсээгүй. Харин миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн чиргүүлд хохирол учирсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/,

Шүүгдэгч Д.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2020 оны 04 дүгээр сарын 8-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд гэртээ байж байгаад архи уугаад тэгээд өөрийн эзэмшлийн 44-91 БНХ улсын дугаартай приүс 11 маркийн машинаа унаад Дагвадоржийн гэрт очоод хажуу талынх нь айлд ороод Монгол архи уугаад тэгээд Давгадоржийн хамт аймаг руу орой 19 цагийн үед явсан санагдаж байна. Тэгээд аймгийн төвд орж ирээд Эрдэнэбаатар гэх найзынхаараа ортол 0.5 литрийн Ерөөл нэртэй архины талыг өгсөн түүнийг Дагвадоржийн хамт ууж дуусгаад буцаад 20 цагийн үед байх аймагт бол удаагүй Өлзийт сум руу гэр рүүгээ явсан тэгээд аймгийн төвөөс гараад Өлзийт сумын Хар хошуу гэх газар засмал зам дээр явж байтал урдаас бензиний том машин ирж явсан. Тэгээд зөрөөд өнгөрлөө гэж бодоод зөв тал руугаа дартал буюу үрүүлгүй тал руугаа дартал нөгөө бензиний машины чиргүүлийн хойд тал руу миний машин яваад орсон тэгээд цагдаа нар ирсэн би архи ууж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 114-115/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 сарын 14-ний өдрийн 228 тоот шинжээчийн ... Б.Дагвадоржийн биед зүүн гарын шуу, богтос яс болон зүүн 5, 6-р хавирганы далд хугарал, баруун сарвуунд шарх, зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.31-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 33-34/,

Баянхонгор аймгийн Замын цагдаагийн тасгийн 2020 оны 05 сарын 14-ний өдрийн 32 дугаартай шинжээчийн ... Тухайн зам тээврийн осол нь prius 11 маркийн 44-91 БНХ улсын дугаартай автомашины жолооч Д.Бийн буруутай үйлдлээс болж гарсан байх үндэслэлтэй байна. Жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөн байна. Үүнд:

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-жолооч согтууруулах ундаа сансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Тухайн зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөл нь 44-91 БНХ улсын дугаартай автомашины жолооч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эсрэг урсгал сөрсөн үйлдлээс шалтгаалж байна. Тухайн зам тээврийн осол гархад цаг агаар болон замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. Цагдаагийн байгууллагын мэлээллийн сан жолоочийн лавлагаанаас шүүхэд Д.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын үнэмлэх хүчинтэй байна гэсэн дүгнэлт /хх-ийн 96-97/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зураг гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 16-22/,

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 23-25/,

            Шүүгдэгч Д.Бийн 1.40 хувийн согтолттой байсан тухай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас, фото зураг /хх-ийн 40-41/,

Эд зүйл үнэлсэн тухай “Энх-Нахиа” ХХК-ны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50, 99, 102/,

Эд мөрийн баримт хураан авсан тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 59-61/,

Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 62-67/,

Шүүгдэгч Д.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 116-123, 125-127, 130-131, 134-135, 120-122, 124-129, 131-140/,

Хохирогч Б.Дагвадоржийн гомдол саналгүй тухай хүсэлт /хх-ийн 55/,

НИК ХХК-нд 1.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн санхүүгийн баримт /хх-ийн 133/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баас НИК ХХК-нд үлдэгдэл 1.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн санхүүгийн баримт зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 04 сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох Улаанбаатар-Баянхонгор чиглэлийн асфальтан зам дээр 44-91 БНХ улсын дугаартай тоёота приус 10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-гийн а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” 11.3 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалаас ирж байсан 86-84 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж зорчигч Б.Дагвадоржийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, НИК ХХК-нд 2.356.000 төгрөгийн хохирол тус тус учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй зөв байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.Бийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Хохирогч Д.Дагвадорж нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй гомдол саналгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн, иргэний нэхэмжлэгч байгууллага болох НИК ХХК-нд учирсан 2.356.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.Б нь нөхөн төлж баримтыг хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч Д.Бийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэрэгт холбогдсон ба бусдад төлөх төлбөргүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Бийн эзэмшлийн приус-10 маркийн 44-91 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.Бт буцаан олгож, эд хөрөнгө биүтүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан приус-10 маркийн 44-91 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №0274092 тоот гэрчилгээг шүүгдэгч Д.Бт буцаан олгож, шүүгдэгч Д.Бийн №1273714 тоот В ангилалын жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Д.Бийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Бт зан үйлээ засах сургалтанд хамрагдах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Бт мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Д.Бийн засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Бийн эзэмшлийн приус-10 маркийн 44-91 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Д.Бт буцаан олгож, эд хөрөнгө биүтүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан приус-10 маркийн 44-91 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №0274092 тоот гэрчилгээг шүүгдэгч Д.Бт буцаан олгож, шүүгдэгч нь Д.Бийн №1273714 тоот В ангилалын жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.  

9. Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.