| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2020/0508/Э |
| Дугаар | 547 |
| Огноо | 2020-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 547
2020 07 08 2020/ШЦТ/547
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Г.Анармөнх,
шүүгдэгч М.М,
хохирогч Т.Барс-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аврага овогт Мөнх-Эрдэнийн Мод холбогдох эрүүгийн 2011 00000 0550 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, охины хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 40-628 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Аварга овогт Мөнх-Эрдэнийн М, /_______/,
/Холбогдсон хэргийн талаар/
Шүүгдэгч М.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.М нь 2020 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Барс-Эрдэнийг “дүү Хангарьдыг дээрлэхлээ” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь гараараа цохиж, нуруун тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв
шүүгдэгч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би ажлаа тараад гэртээ ирээд 21 цагийн орчимд унтаж амарсан юм. 05 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн үед манай ээжийн ахын хүүхэд болох Хангарьд манай гэрт орж ирээд Барс-Эрдэнэ намайг дээрлэхээд байна та очоод хэлээд өгөөч гэсэн унтаж байсан болохоор би тоогоогүй юм. Тэгээд 04-ний өдрийн 00:00 цаг өнгөрч байхад дахиад Хангарьд манай гэрт орж ирсэн бөгөөд манай ээж Наранцэцэг, Хангарьдтай хамт гараад явсан юм. Ингээд би унтаж байтал 03 цагийн үед дүү Хангарьд дахиж орж ирээд Барс-Эрдэнэ намайг дээрлэхээд өшиглөөд ахыгаа дуудаж ир гээд явууллаа гэхээр нь би дүү Хангарьдын хамт гараад худаг дээр очиход байхгүй байсан ба Барс-Эрдэний өөрийнхөө гэрийн тэнд найз Амартулгын хамт зогсож байхаар нь би очиход дүү аятайхан байлгаач яагаад байгаа юм бэ гэхэд Барс-Эрдэнэ тэгээд чи яахын гэж хэлэхэд найз нь болох Амартулга миний хамар хэсэгрүү нэг удаа цохиод авахаар Амартулгыг гарнаас нь татаад газарт унагаасан чинь Барс-Эрдэнэ надруу хүрээд ирэхээр нь нүүр хэсэгрүү нь нэг удаа цохиод авахад Барс-Эрдэнэ газарт унахаар нь би нуруу хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн юм. Тэгээд манай ээж Наранцэцэг хүрээд ирэхээр нь би гэрлүүгээ яваад өгсөн юм. Барс-Эрдэнэ найз Амартулгын хамт тэндээ үлдсэн юм...” гэх / хх-ийн 51-52х/,
Хохирогч Т.Барс-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...02 цаг орчим болж байхад Амартулга бид хоёр салах гээд юм яриад зогсож байтал Хангарьд ах Мыгоо дагуулж ирээд М шууд миний зүүн шанаа орчимд цохих үед би газарт унасан. Би Мыг эсэргүүцээд түлхсэн юм. Тэгтэл М чулуу бариад миний баруун хөмсөг рүү цохиход ухаан алдаад унасан. Дүгнэлтэд тусгагдсан тархи доргилт, баруун хөмсөг, зулайн хуйханд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун гарын чигчий хуруунд зулгаралт гэмтлүүдийг миний биед М дүү Хангарьдыгаа өмөөрч намайг зодож учруулсан юм...” гэх /хх-ийн 9-10х/,
Гэрч Л.Амартулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Барс-Эрдэнэ Хангарьдын ах болох Мтой зодолдоод хөмсөгөө сэтлүүлсэн...” гэх /хх-ийн 17-18х/,
Насанд хүрээгүй гэрч Н.Хангарьд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг Барс-Эрдэнэ дээрэлхээд байсан болохоор манай ах М намайг өмөөрөх үед Барс-Эрдэнийн найз Амартулга цохиод авахад өөрийг нь Барс-Эрдэнэ цохисон гэж бодоод л Барс- Эрдэнийг цохиод авсан юм...” гэх /хх-ийн 19-20х/,
Гэрч А.Ган-Өрлөг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Барс-Эрдэнийг М цохиж гэмтээхэд бол хараагүй бөгөөд намайг очиход Барс-Эрдэнийн нүүрнээс цус гарсан нүүр нь бүхэлдээ цус болсон байсан юм..." гэх /хх-ийн 23-24х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Бадралын 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 5534 дугаартай дүгнэлтэд:
Т.Барс-Эрдэнийн биед тархи доргилт, баруун хөмсөг, зулайн хуйханд няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун гарын чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар, тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх /хх-ийн 26-27х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
шүүгдэгч М.Мыг 2020 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Барс-Эрдэнийг “дүү Хангарьдыг дээрлэхлээ” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь гараараа цохиж, нуруун тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.М нь гэм буруу хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.
Шүүх, шүүгдэгч М.Мод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгж буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.
хохирогч Т.Барс-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар 324,700 төгрөг нэхэмжилснээс “... шүүгдэгч Моос надад зарцуулж 150,000 төгрөгийг эм болон боолт хийлгэж өгсөн ...” гэх мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 174,700 төгрөгийг хүлээж авлаа, гэвч би цаашид дахин эмчилгээ хийлгэнэ гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг арилгасан гэж үзлээ.
Хохирогч Т.Барс-Эрдэнэ цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.М нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.М энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Аварга овогт Мөнх-Эрдэнийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 600 нэгж буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.АРИУНБОЛД