Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2017/00059

 

 

     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

     хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

    хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 46 дугаар байрны  03 тоотод оршин суух, Дархчууд овогт Дэвзээгийн Одмандахын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтэст холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 2.275.205 төгрөг, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх  тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр  сарын 23-ны  өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Д.Одмандах  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Одмандах миний бие 2015 оны 09 дүгээр сарын 14-нйи өдөр үндэслэлгүйгээр ажлаас халагдсан бөгөөд Захиргааны  хэргийн Анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 602 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон. Би 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргаар томилогдсон тул Шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилогдох хүртэл хугацааны 2015 оны 09 дүгээр сарын 14-нөөс 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл цалин 2.275.205 төгрөгийг олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт  нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

                                                                       ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Д.Одмандах  нь хариуцагч Багануур дүүргийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтэст холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 2.275.205 төгрөг, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагыг гаргажээ. Хариуцагч Багануур дүүргийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь: Хариуцагч нь зөвшөөрлийн үндэслэл болсон “....Нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 2.275.205 төгрөг, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгөх шаардлагыг  хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын  тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус  тус  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дархчууд овогт Дэвзээгийн Одмандахын нэхэмжлэлтэй, хариуцагч Багануур дүүргийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтэст холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 2.275.205 төгрөг гаргуулах,  нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх  тухай  иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Одмандах нь тэмдэгтийн хураамж  70200 төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар  хариуцагч Багануур дүүргийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжид төлөх 70.200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож,  35.100 төгрөг  гаргуулан  улсын орлого болгосугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.ЦЭЦЭГДУЛАМ