Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 120/Ш2018/00015

 

     

 

 

 

 

           2018 оны 06 сарын 26 өдөр                                      Дугаар 120/Ш2018/00015                                       Өмнөговь аймаг

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “МН” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох,

“Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай” 169 дүгээр тогтоолын “МН” ХХК-д холбогдох хэсгийг, Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 33 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “МН” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.О , хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бу , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “МН” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани 2015 оны 12-р сарын 11-ний өдөр Монгол Улсын Засгийн газраас солбилцлыг нь тогтоосны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зарласан талбай болох Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг “Н ” гэдэг газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч АМГТГ-т өргөдөл гаргаснаар уг өргөдөл АМГТГ-ын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн МЕ-02502 (ХЭ-09501) дугаарт бүртгэгдсэн юм.

АМГТГ-ын кадастрын хэлтсийн дарга 2017 оны 7 сарын 31-ний өдөр 466 тоот шийдвэр гаргаж уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тул манай компанийн зүгээс уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд

 

 

C:\Users\garidkhuu\Documents\Received Files\Mongon nahia.09-01

нэхэмжлэл гаргасны дагуу хариуцагч тал болох АМГТГ-ын кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, нотлох баримттай 2018 оны 02 сарын 22-ны өдөр танилцахдаа АМГТГ-ын кадастрын хэлтэс нь уг газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 169 тоот тогтоолыг 466 дугаар шийдвэрийнхээ  үндэслэл болгосон болохыг олж мэдлээ.

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 169 дүгээр тогтоол нь АМГТГ-ын кадастрын хэлтсийн даргын 2017 оны 466 тоот шийдвэрийн үндэслэл болсноор “Н ” гэдэг газарт "МН" ХХК-нд хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохгүйд хүрч эрэл, хайгуулын тойм судалгаа хийсэн зардал, хөдөлмөрөөр хохирч, уг талбайд тусгай зөвшөөрлийн дагуу аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжоо алдах зэргээр тус компанийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байна.

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 169 тоот тогтоолоо гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх, Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 9-р тогтоолын 9 дэх хэсгүүдийг болон Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг тус тус үндэслэл болгосон бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, уг газар нь Монгол Улсын Дээд шүүхийн "Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2010 оны 9 дүгээр тогтоолын 10-т “Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “...татгалзсан хариу өгч болно” гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, гэсний алинд хамаарч байгаа болохыг заагаагүй, өөрөөр хэлбэл ямар хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан санал гаргаж байгаа болохоо заагаагүй.

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Өмнөговь аймгийн Номгон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11-р сарын 04-ний өдрийн 33-р тогтоолд “өвөлжилтийн бүс нутаг, ховордсон ан амьтан, задгай булаг устай, нийтийн эзэмшлийн зам, шилэн кабелийн шугамтай давхцаж байгаа гэж дурдсан боловч уг газарт ямар хуульд зааснаар ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахыг хориглосон, түүнчлэн эрх бүхий байгууллагын ямар шийдвэрээр нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан болохыг заагаагүй байхад энэхүү тогтоолыг үндэслэл болгон хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тогтоол гаргасан байна.

...Иймд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний  өдрийн 169 дүгээр тогтоолын “МН” ХХК-д холбогдох хэсгийг  хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Засгийн газраас солбилцлыг нь тогтоосны дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зарласан талбай Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг “Н ” гэдэг газарт “МН” ХХК хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч Ашигт малтмалын газарт өргөдөл гаргасан бөгөөд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2015 оны 11 сарын 11–ний өдрийн 169 тоот тогтоолоор энэ газар зөвшөөрөл олгохгүй, дэмжихгүй гэснээс үүдэн татгалзсан хариу өгсөн. Ашигт малтмалын газарт хүргүүлсэн аймгийн Засаг даргын саналын үндэслэл болсон Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын болон Номгон сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн гаргасан тогтоолууд хууль зүйн үндэслэлгүй гарсан, эдгээр тогтоолууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.4, 19.5-д заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг тайлбарласан 2010 оны тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 заасан татгалзсан хариуг ямар, ямар тохиолдолд өгч болохыг тодорхой тайлбарласан байдаг.

Гэтэл Номгон сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тэргүүлэгчдийн 33 дугаар, Аймгийн иргэдийн төлөөлөгчийн Хурлын  169 дугаар тогтоолуудад дээрх тайлбарт заасан үндэслэлүүдээс баримталж татгалзсан хариу өгөөгүй, эдгээр тогтоолууд хууль зүйн үндэслэлгүй гарсан. Номгон сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлээр хайгуулын зөвшөөрөл олгохгүй байгаа шалтгаан нөхцөл буюу хуульд заасан үндэслэл бүхий зүйл заалтыг баримтлаагүй нь тогтоогдоно. Энэ 2 эрх зүйн актыг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Засаг даргын дээшээ өгсөн хариунд нь өөрчлөлт оруулах боломж байна гэж үзээд нэхэмжлэлээ гаргасан. Өмнөговь аймгийн Засаг даргатай холбогдуулж ямар нэгэн гомдол санал гаргаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчийн Хурлын 169 тоот тогтоол нь “МН” ХХК-ийн эрх ашиг хөндөөгүй гэсэн тайлбар үндэслэлгүй.

Номгон сумын тогтоолд Н  гэдэг нэртэй газар Эмгэн булаг багийн өвөлжилтийн бүс нутаг ховордсон ан амьтан, задгай устай, нийтийн эзэмшлийн зам шилэн кабел, шугамтай давхцаж байгаа тул тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан. Энэ 2 тогтоол нь ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан үндэслэлийг дурдаж гаргаагүй нь, хууль зүйн дагуу гаргасан хурлын шийдвэр биш гэж үзэж байна. Номгон сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тэмдэглэл, тогтоол хоёр нь зөрүүтэй гарсан, аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол нь сумын энэ 33 дугаар тогтоолыг үндэслэж гаргасан байдаг. Энэ Нүүрт гэх газрыг сум орон нутгийн хамгаалалтад авсан юм бол Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор зарлахгүй байсан.

Иймд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 169 дүгээр тогтоолын “МН” ХХК-д холбогдох хэсгийг, Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн мөн оны 33 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү гэв.  

 

Хариуцагч Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа: “...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 04-ний 33 дугаар тогтоолоор тус сумын нутаг дэвсгэрт Н  нэртэй газар 6275.03 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан учир нь тус талбай нь Эмгэн булаг багийн зарим малчин өрхийн өвөлжилтийн бүс нутаг, ховордсон ан амьтан, задгай булаг ус, нийтийн эзэмшлийн зам, шилэн кабелийн шугамтай давхцаж байгаа тул Нутгийн өөрөө ёсны байгууллагад хуулиар эрх олгогдсоны үндсэн дээр дээрх шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Иймд “МН” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бу  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл авахад хурлаас санал авна гэсэн хуулийн дагуу хэлэлцээд тухайн газарт Номгон сумын Н , Овоот зэрэг газрууд нь өвөлжилтийн болон отрын нутаг мөн задгай, булаг шанд, ховордсон  ан амьтантай бөгөөд  сумын хойно шилэн кабель давхцаж байгаа эдгээр нөхцөл байдлуудыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан саналыг гаргасан, энэ санал нь Номгон сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн гаргасан хамтын шийдвэр байдаг. Энэ саналаа Өмнөговь аймгийн Засаг даргад хүргэсэн. Үүнд дээр үндэслээд Өмнөговь аймгийн Засаг дарга татгалзсан хариу өгсөн байгаа. Тухайн цаг үед хурлын тэмдэглэлийг би хөтөлсөн.

Уг тогтоолыг гаргахдаа тогтоолын үндэслэл болсонтой холбоотой ямар нэгэн нотлох баримт байхгүй, тэргүүлэгчид ярилцаж байгаад баталсан, ярьсан зүйлүүд хурлын тэмдэглэл дээр бичигдсэн байгаа. Номгон суманд байдаг Н  болон Овоот газрууд хоорондоо хэдий зайтай, Н  гэдэг газар 2010 онд авсан тусгай хамгаалтанд авсан газарт орсон эсэхийг сайн хэлж мэдэхгүй. Тухайн цаг үед яригдсан зүйлийг хурлын тэмдэглэлд тусгасан байгаа. Номгон, Номхон гэх газрыг хамгаалалтад авсан Номгон сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 01 сарын 11-ний өдрийн 2 дугаар тогтоолыг Ашигт малтмалын газарт бүртгүүлээгүй, сүүлд 2013 онд би хэдэн тогтоол бүртгүүлэх гэж авч явсан боловч түүнд орсон эсэхийг би мэдэхгүй гэв.

 

Хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 10 сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу  Баян-Овоо, Номгон сумын нутаг дэвсгэрийг хамарсан гурван талбай бүхий газарт ашигт малтмалын газрын тосны газраас санал авахаар ирүүлсэн албан бичгийн дагуу аймгийн Засаг даргаас иргэдийн хуралд албан бичиг ирүүлсэн байдаг.

 

 

Энэ албан бичиг дагуу Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 11 сарын 11-ний өдөр хуралдаад үндэслэл болгосон хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн 169 дугаар тогтоолыг гаргасан. Уг тогтоолыг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасан мөн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 33-р тогтоолыг үндэслэсэн, энэхүү тогтоолд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсанаа тодорхой заасан байдаг. Тухайн тогтоолыг үндэслэж шилэн кабель шугамтай хэсгийн аймгийн тогтоолыг Газрын тухай хууль юм уу Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д заасан үндэслэлээр зааж татгалзаагүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьлаа. Энэ тогтоол дээр Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр татгалзаж байгаа юм байхгүй учраас ямар нэгэн үндэслэлтэй юм гэж тайлбарлах нь утгагүй. Энэ тогтоол шууд Ашигт малтмалын газар очоогүй. Аймаг, сумын тогтоолыг Өмнөговь аймгийн Засаг даргад хүргүүлж, дэмжихгүй гэсэн саналыг аймгийн Засаг дарга Ашигт малтмалын газар явуулсан. Тэндээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзахдаа Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн энэ шийдвэрийг үндэслээгүй. Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн Засаг даргаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох санал авах бичгийн хариунд дэмжихгүй гэсэн бичгийг ирүүлсэн учраас 1/2090 гэсэн албан бичгийг гаргасан, аймгийн болоод сумын маргаан бүхий тогтоолууд нь нэхэмжлэгч компанийн эрх ашгийг шууд хөндөөгүй. Номгон сумын Н  гэх газрыг Номгон сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 01 сарын 11-ний өдрийн 2 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан байдаг.

Номгон сумаас 2 дугаартай тогтоолыг Ашигт малтмалын газарт бүртгүүлж, ашигт малтмалын тусгай хамгаалалтай орон нутгийн газрын жагсаалтад бүртгэгдсэн байсан. Энэ тогтоол өөрөө хүчин төгөлдөр байхад Өмнөговь аймгаас дэмжихгүй гэсэн саналаар шууд эрх ашгийг нь зөрчөөгүй гэсэн 2 талын санал байдаг. Маргаантай байгаа газар нь өөрөө аль 5 жилийн өмнө орон нутгийн тусгай хамгаалалтанд аваад бүртгэгдсэн байдаг. Иймээс аймгийн хурал болоод Номгон сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчид маргаан бүхий 2 тогтоолууд нь шууд нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй учраас тогтоолуудыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэж байна. Улсын болоод орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тусгай хамгаалалтанд авсан газрыг Ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалздаг. Энэ нь хуульд заасан нэг үндэслэл мөн. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул “МН” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “МН” ХХК нь Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай” 169 дугаар тогтоолын “МН” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба

 

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөн аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 33 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.[1]

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “МН” ХХК нь Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг “Н ” нэртэй, 6275.03 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт Малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргаснаар тус хэлтсийн дарга 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 7/5302 дугаар албан бичгээр “Өмнөговь аймгийн Засаг даргаас дэмжихгүй гэсэн санал ирүүлсэн учир 2017 оны 466 дугаар шийдвэрээр танай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай” мэдэгдлийг хүргүүлсэн байх бөгөөд уг мэдэгдэлд дурьдсан Өмнөговь аймгийн Засаг даргын “дэмжихгүй” гэсэн саналын үндэслэл болсон мөн аймгийн Номгон сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 04-ний өдрийн 33 дугаар тогтоолоор “Номгон сумын “Н ” нэртэй, 6275.03 гектар талбай нь Эмгэнбулаг багийн өвөлжилтийн бүс нутаг ба ховордсон ан, амьтан, задгай булаг устай, нийтийн эзэмшлийн зам, шилэн кабелийн шугамтай давхцаж байгаа” гэсэн үндэслэлээр, мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 169 дүгээр тогтоолоор “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 9 дүгээр тогтоолын 9 дэх хэсэг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолууд” зэргийг үндэслэн нэхэмжлэгч компанид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж тус тус шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар[2] тогтоогдож байна.

 Нэхэмжлэгч талаас “маргаан бүхий тогтоолуудаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргахдаа хууль, журам зөрчсөн, үүний улмаас “МН” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоогүй хуульд заасан эрх зөрчигдсөн” гэж, хариуцагч талаас “нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь орон нутгийн хамгаалалтанд авсан газартай давхцалтай, маргаад байгаа тогтоолуудыг хууль зөрчиж гаргаагүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг шууд хөндөөгүй” гэх агуулгаар тус тус маргасан ба дээрх маргаан бүхий захиргааны актууд[3] нь Ашигт малтмалын газарт хүргүүлэх Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”-ын үндэслэл болж, үр дагавар үүсгэсэн шинжийг агуулсан байна.  

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 22.1.12-т “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах...”, Ашигт малтмалын тухай хууль /2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан/-/ийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг,  нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх...” гэж тус тус заажээ.

Дээрх хуульд заасны дагуу Өмнөговь аймгийн Засаг даргаас “санал авах”-аар тусгай зөвшөөрөл хүссэн талбай байрших Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1-1988 тоот албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд Номгон сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид 2015 оны 11 сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэл бүхий санал гэж үзэх боломжгүй. Тодруулбал, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал гаргах байтал мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж санал гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтуудад нийцээгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2018 оны 291 тоот албан бичиг /...Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын мэдээллийн санд “МН” ХХК-ийн хүсэлт гаргасан газар нь давхцалгүй байна/-т гэсэн, мөн оны 343 тоот албан бичиг, Ашигт малтмалын газрын 2015 оны 6/7928, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгох санал авах талбайн зураг, Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2 дугаар тогтоол, 1 дүгээр тэмдэглэл, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны 13 дугаар тэмдэглэл, Номгон сумын Засаг даргын 2018 оны 1-150 тоот албан бичиг, мөн сумын газрын даамал Б.Содбилэгийн тайлбар зэрэг баримтууд[4] болон хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаар тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн буюу Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлээр “МН” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн Өмнөговь аймгийн Номгон сумын “Н ” нэртэй 6275.03 гектар талбай нь Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2 дугаар тогтоолоор “Орон нутгийн хамгаалалтанд авсан” гэх газартай ямар нэгэн байдлаар давхцалгүй, мөн сумын Эмгэнбулаг багийн өвөлжилтийн бүс нутаг /ховордсон ан, амьтан, задгай булаг ус/, нийтийн эзэмшлийн зам, шилэн кабелийн шугам зэрэгтэй хэрхэн давхцалтай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Мөн Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь тухайн аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар хэлэлцээд татгалзсан хариу /санал/-г өгөх эрхтэй хэдий ч энэ нь хуульд нийцсэн, бодит байдалд үндэслэсэн байх атал Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дээр дурьдсан хууль бус шийдвэрийг үндэслэсэн, мөн тус аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1-1986 тоот албан бичигт дурьдсан “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай” нь өөр газартай давхцалтай эсэх, баримт нотолгооны талаар зааж хэлэлцээгүй болох нь тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаар тэмдэглэлээр нотлогдож байх тул хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргасан “...нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь 33 дугаар тогтоолд дурьдсан болон орон нутгийн хамгаалалтанд авсан газартай давхцалтай...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 169 дүгээр тогтоолын “МН” ХХК-д холбогдох хэсгийг, Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 33 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож  шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.12, Ашигт малтмалын тухай хууль /2006 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн/-ийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “МН” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай” 169 дүгээр тогтоолын “МН” ХХК-д холбогдох хэсгийг, Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 33 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүр 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           С.ОТГОНЦЭЦЭГ

 


[1] Хавтаст хэргийн 57 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 8-13, 46-55 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 30-31, 74 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 44, 46, 55-56, 74-77, 80-83, 95, 109-111 дүгээр хуудас