Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 000003

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               Б.Б.д холбогдох

                                                   эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                     Хэргийн индекс 142/2017/0375/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

 

  Прокурор                                                       Б.Жавхлантуяа

   Шүүгдэгч                                                       Б.Б

   Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Ц.Энхтуяа

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч      П.О

   Хохирогч                                                       М.Б

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч      Д.Ж

   Нарийн бичгийн дарга                             М.Бүжин нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 401 дүгээр шийтгэх тогтоолтой Б,Б холбогдох, 1725000000196 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч М.Б-н хууль ёсны төлөөлөгч Д.Ж-ын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Булган аймагт төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 3 дугаар сургуулийн 12в ангид сурдаг, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг тоотод оршин суух, регистрийн дугаартай, Б,Б

 

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багт үйл ажиллагаа явуулдаг Хүрэнбулаг билльяардын газрын гадна насанд хүрээгүй хохирогч М.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 401 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б.Б-г бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.д зааснаар шүүгдэгч Б.Б 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаас дээшгүй хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.д зааснаар ялтан Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

 

Хохирогч М.Б болон түүний хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж давж заалдах гомдолдоо:

 

Миний хүү М.Б нь Б зодуулсан нь үнэн. Одоогийн байдлаар Б-н 3 шүд унасан байгаа. Сэтгэл санааны хохирол, эрүүл мэнд, гоо сайханы хохиролтой байгаа тул ээжийн хувьд би гомдолтой байна. 500 000 төгрөг нэхэмжилж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт хохирлын талаар огт тусгаагүй байх тул шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт гуйж байна. Би тэр өдөр мөнгө байхгүй, орой болоход 100.000 төгрөг олоод өгье гээд хэлсэн. Тэгтэл над руу 10 минут ч болохгүй залгаад мессэж бичээд байсан. Тэгээд арай гэж 70.000 төгрөг олоод өгсөн. Ахиад залгаад байхаар нь надад үнэхээр мөнгө олдсонгүй ээ гэж хэлсэн. Би цаашид гарах хохирлыг төлнө гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хохирогч анхан шатны шүүх хуралдааны тов авсан боловч өөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан баримтаар хохирлыг шийдвэрлэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 70.000 төгрөг авсан гэдгээ хэлсэн байсан. Цаашид нэхэмжлэх зардал байвал шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч төлөхөө илэрхийлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтой гэж байна. Гэхдээ баримтаа бүрдүүлээд цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхийг анхан шатны шүүх нээлттэй орхисон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд гомдол гаргаагүй. Тухайн үед 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Өнөөдөр Б.Б 12-р ангид сурдаг. Энэ жил төгсөх ангийн сурагч байгаа. Анагаахын сургуульд суралцах зорилготой хими, биологийн гүнзгий ангид суралцдаг. Гэтэл хажуугаар нь нийтэд тустай ажил хийх нь одоогоор хичээл завсардах байдал үүсээд байгаа. Шүүхээр ороод энэ ялыг авсан гэдгийг сургуулийн хүүхдүүд нь бүгд мэдсэн. Тиймээс Б.Б хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах боломжийг Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлд заасан байгаа учраас энэ заалтыг хэрэглэж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Жавхлантуяа дүгнэлтдээ:

 

Анхан шатны шүүх үндэслэлтэй ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн 8.6.д заасан зүйлийг хэрэглэх боломжтой гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“Тайж” овгийн Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багт үйл ажиллагаа явуулдаг Хүрэнбулаг билльяардын газрын гадна насанд хүрээгүй хохирогч М.Б.г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч Б.Б бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулжээ.

 

Шүүгдэгч Б.Б 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багт үйл ажиллагаа явуулдаг Хүрэнбулаг билльяардын газрын гадна насанд хүрээгүй хохирогч М.Б нүүрэн тус газарт гараар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

 

Хохирогч М.Б ...2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хичээлээ тарчихаад Тэнгисийн хамт Наран багийн нутаг дэвсгэрт байрлах билляарданд орж тоглож байхад 12 дугаар ангийн сурагч Б-й таарч хамт тоглосон. Би Б-й тоглохдоо өөрийнхөө өмсдөг хувцасыг бооцоонд тавьж тоглосон. Тэгээд Б-д хожигдоод маргааш сургууль дээр өөрийнхөө өмсдөг хувцасыг аваад ирнэ гэж хэлэхэд Б ах намайг нааш ир гэж дуудаад тоглоомын газраас гаргаж байгаад шууд нүүрэн тус газарт 4-5 удаа гараараа цохисон. Миний буйл хавдсан, шүд цуурсан, юм идэж болохгүй хэцүү байна. Гомдолтой байна, шүд уначихсан байгаа... гэсэн,

 

Гэрч Л.М-й ...Б ах Б-г хэлсэндээ байгаарай гээд нүүрэн тус газарт нь 4-5 удаа алгадсан. Б шүд нь уначихсан... гэсэн,

 

Гэрч Б.Т-н  ...Б, М бид 3 хамт гараад гадаа зогсож байхад араас Б ах ганцаараа гарч ирээд Б хэлсэндээ байгаарай гэж хэлээд нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохисон. Би болиоч гэж хэлэхэд Б ах чи дуугүй байгаарай гэж хэлсэн. Б амнаас нь цус гарчихсан уйлаад зогсоод байсан гэсэн болон

 

Шүүгдэгчийн өөрийнх нь ...Хохирогчид гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 70.000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлгүүд, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 938 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг анхан шатны шүүхээр үнэлэгдэж хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, шүүхийн Б.Б,д холбогдох хэргийг зүйлчилсэн зүйл, хэсэг үндэслэлтэй, түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 70 000 төгрөгийг гэм хорын хохиролд тооцож төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс ...сэтгэл санааны хохирол, эрүүл мэнд гоо сайханы хохиролтой тул гомдолтой байна. Таван зуун мянган төгрөг нэхэмжилж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт хохирлын талаар тусгаагүй тул тусгаж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хор хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргаж холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлээгүйгээс анхан шатны шүүх хууль ёсны төлөөлөгчийг нотлох баримтаа бүрдүүлж цаашид хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл хууль ёсны төлөөлөгч нь анхан шатны шүүхэд хохирол нэхэмжилсэн хүсэлт, холбогдох баримт гаргаж өгөөгүй байна.

 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 401 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА 

                                                                                      

               ШҮҮГЧ                                                                Ц.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР