Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2022/0028

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 сарын 09-ний өдрийн Б/115 дугаартай Гаалийн албан тушаалаас халах тухай тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд эгүүлэн томилон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 700 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2021/0275/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б нь “Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 сарын 09-ний өдрийн Б/115 дугаартай Гаалийн албан тушаалаас халах тухай тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд эгүүлэн томилон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 700 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Д.Б-ийг гаалийн алба, албан тушаалаас халах тухай Б/115 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б-ийг Гаалийн ерөнхий газрын харьяа улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж,

шийдвэрийн 2 дахь заалтаар “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчид /Д.Б-ид/ 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилтийг хийхийг хариуцагч Гаалийн ерөнхий газрын дарга /Гаалийн ерөнхий газар/-д даалгаж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газарт түр томилогдон ажиллаж байсан гаалийн улсын байцаагч Д.Б-ийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 47 дугаар зүйлийн 47.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.3, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 27111.11, 273 дугаар зүйлийн 273.4, 274 дүгээр зүйлийн 274.2.5, 284 дүгээр зүйлийн 284.1.5, Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор баталсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.4, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.3.1, 1.5.3, Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 534 дүгээр тушаалаар батлагдсан “Гаалийн байцаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.2, 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гаалийн улсын байцаагчийн өргөсөн тангаргаа зөрчин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хилийн зурваст ёс зүй, сахилгын зөрчил гаргаж бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан үндэслэлээр гаалийн албанаас халсан.

3.1.1. Өөрөөр хэлбэл төрийн тусгай албан хаагч Д.Б нь Монгол Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, улс орон даяар халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлсэн цаг үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан.

3.2. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу “төрийн тусгай албан тушаал” гэж Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн тусгай албан хаагч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан байдалтайгаар умартан мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7 заалтад заасан үүрэг, Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 534 дүгээр тушаалаар батлагдсан “Гаалийн байцаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.2, 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан.

3.3. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг 7 дугаар хуудас “...нэхэмжлэгч Д.Б- нь ажлын бус цагаар, амарч байх үедээ ... согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Мөн И-д учирсан гэх гэмтлийг нэхэмжлэгч Д.Б учруулсан эсэх, хэн буруутай болох эсэх, ... тогтоогдоогүй байхад маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг ажлаас халсан нь үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн.

3.4. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долоодугаар зүйлийн 1.1 дэх заалтад Монгол Улсын иргэний ёсчлон биелүүлэх үүргийг “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж заасан. Гэтэл Д.Б- нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ зөрчсөн.

3.5. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалтад “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасан боловч төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж бусдын биед гэмтэл учруулсан гэдгээ нэхэмжлэгч өөрөө тайлбарласаар байтал холбогдох хууль, журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан төрийн байгууллагыг буруутган зөрчил гаргасан иргэнийг хаацайлсан нь хачирхалтай.

3.6. Дээрх үйлдлээс үзэхэд цаашдаа төрийн албан хаагч нь ажлын бус цагаар хилийн зурваст согтууруулах зүйл хэрэглэн бусдад гэмтэл учруулсан ч зөрчил үйлдсэнд тооцогдохгүй, ёс зүйгүй хандлага гаргасан төрийн албан хаагч нь сахилгын шийтгэл хүлээх шаардлагагүй үзэл бодол тогтоож байгаа нь харагдаж байна.

3.7. Нэхэмжлэгч Д.Б-ийн сахилгын зөрчлийн талаар Монгол Улсын хэмжээнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “төрийн албан хаагч нь өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, улс орон даяар халдвар хамгааллын дэглэм, ажлын хариуцлагыг өндөржүүлсэн цаг үед согтууруулах ундааны зүйл хэрэглэн бусдад гэмтэл учруулсан” талаар мэдээлсэн. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газраас шалгаж, тайлбар авахад нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэрт нотлох баримтаар нотлогдсон байтал нотлох баримтыг зөв үнэлээгүй илт үндэслэлгүй дүгнэсэн.

3.8. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2021/0700 дугаар шийдвэр нь нотлох баримтыг зөв үнэлээгүй, илт үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, төрийн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэнийг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Учир нь

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Б-оос “Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 сарын 09-ний өдрийн Б/115 дугаартай Гаалийн албан тушаалаас халах тухай тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн болохыг тогтоож, уг тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд эгүүлэн томилон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хангаж, Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 сарын 09-ний өдрийн “Гаалийн албан тушаалаас халах тухай” Б/115 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б-ийг Гаалийн ерөнхий газрын харьяа улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэсэн нь дараах байдлаар хуульд нийцээгүй байна.

3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзал, маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон нотлох баримтыг үнэлж, дүгнэн захиргааны актын үндэслэл болгосон хэм хэмжээ, хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон эсэх тухай дүгнэх замаар хэргийг шийдвэрлэх үүрэгтэй байдаг.

3.3. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны акт, маргаан бүхий акт хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар нотлох баримтыг цуглуулах бөгөөд тухайн баримтуудад үндэслэн, хууль тайлбарлах замаар маргааныг шийдвэрлэх учиртай.

3.4. Маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 09 дугаар сарын 09-ний өдрийн Б/115 дугаар тушаалаар “нэхэмжлэгч Д.Б-ийг Гаалийн улсын байцаагчийн өргөсөн тангаргаа зөрчин, улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед хилийн зурваст ёс зүй сахилгын зөрчил гаргаж, согтууруулах ундаа хэрэглэн бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан” гэх үндэслэлээр Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, 47 дугаар зүйлийн 47.1.4, 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалт, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.11 дэх заалт, 273 дугаар зүйлийн 273.4 дэх заалт, 274 дүгээр зүйлийн 274.2.5 дахь заалт, 284 дүгээр зүйлийн 284.1.5 дахь заалт, Засгийн газрын 2009 оны 90 дүгээр тогтоолоор баталсан “Гаалийн улсын байцаагчийн сахилгын дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх заалт, Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.3.1, 1.5.3 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 534 дүгээр тушаалаар баталсан "Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.2, 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалт, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Гаалийн ерөнхий газрын даргын 01 тоот албан даалгаврын 23 дугаар заалтыг тус тус үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

3.5. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар тайлбарлаж байхад маргаан бүхий актад дурдагдаад буй үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй.

3.6. Гэтэл нэхэмжлэгчийн “намайг гэртээ унтаж байгаад бусдад зодуулсан байхад тухайн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, надаас тайлбар, мэдүүлэг аваагүй байж хууль бус тушаал гаргаж болохгүй”, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд “эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр Д.Б-ийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэж түүнийг цагаатгах тогтоол гарсан, нэхэмжлэгч Д.Б- нь хохирогч болоод байна” гэх тайлбарын хүрээнд нэхэмжлэгч Д.Б- нь бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан гэх үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхаас гадна нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбарт дурдсан үндэслэлтэй холбоотой баримтыг бүрэн цуглуулалгүй нэхэмжлэгчийг ажлаас халсан нь үндэслэлгүй хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

3.7. Мөн энэхүү хэргийн хувьд Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газарт түр тушаалаар томилогдон ажиллаж байгаа гаалийн улсын байцаагч Д.Б-ийг эрхэлж байгаа албан тушаалаас нь халсан нь хууль зүйн үндэслэлтэй тухайд маргаж байхад анхан шатны шүүх “... “Гаалийн ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Д.Б-ийг гаалийн алба, албан тушаалаас халах тухай Б/115 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Гаалийн ерөнхий газрын харьяа улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай бөгөөд уг маргааныг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн Гашуунсухайт дахь гаалийн газарт томилогдсон түр тушаалыг хэрэгт нотлох баримтаар цуглуулж, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байжээ.

3.8. Дээрхээс нэгтгэн үзвэл уг хэргийг шийдвэрлэхэд маргаан бүхий захиргааны актын үндэслэлүүдэд дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах шаардлагатай холбоотой, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан эсэх, өөрөө хохирогч болсон гэх тайлбартай холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулаагүй байхад давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.

3.9. Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй бөгөөд маргаан бүхий акт гарах үндэслэл болсон үйл баримт болоод хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулан хэргийн нөхцөл байдлыг зөв тодорхойлсны үндсэн дээр шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 700 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                 Н.ДОЛГОРСҮРЭН 

ШҮҮГЧ                                                                 Д.БААТАРХҮҮ