| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0547/Э |
| Дугаар | 0566 |
| Огноо | 2020-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 0566
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Өсөхбат, улсын яллагч М.Сансарсайхан, шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 01748 0830 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Т.Б, Монгол Улсын иргэн, *** оны ** сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 31 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** уурхайд засварчин ажилтай, ам бүл хоёр, ахын хамт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ** дугаар баг, Хараагийн ** тоотод суудаг, регистрийн дугаар: ***, урьд:
Сэлэнгэ аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 cap хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Сэлэнгэ аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтад зааснаар 1 жил тэнсэх ялаар тус тус шийтгэгдэж байсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнөр” зочид буудлын ** тоот өрөөнд Л.А-той “эхнэрийг мууллаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар шар айргийн шилээр толгойн тус газар нь цохиж, шил нь хагарсны улмаас Л.А-ын биед зүүн чамархай, зүүн зовхи, мөрөнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овгийн Т.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын ** тоот өрөөнд “эхнэрийг маань мууллаа” гэсэн шалтгаанаар хохирогч Л.А-той маргалдан улмаар түүний толгой руу шар айргийн шилээр цохиж, бие махбодод нь “...зүүн чамархай, зүүн зовхи, мөрөнд шарх, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Т.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Иргэн Б.О-ээс 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн “...Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын ** тоот өрөөнд хүмүүс хоорондоо маргалдаж, нэгнийхээ толгойг хагалсан байна...“ гэсэн гэмт хэргийн талаарх дуудлагын лавлагааны хуудас (хх-ийн 2 дугаар хуудас);
3. Хохирогч Л.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 13-ны оройн 22 цагийн үед найз Б рүү залгаад бид хоёр 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр уулзаад юм ярьж байгаад Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** зочид буудлын ** тоот өрөөг авсан. Б бид 2 дэлгүүр хаахаас өмнө 0.75 литрийн 3 шил архи, ус ундаа аваад буудал орсон. Бид нэг шил архийг нь задлаад уугаад сууж байхад Б-н найз нь ирэх боломжгүй болчихлоо гэхээр найз Бийг дуудсан. Шөнийн 01 цагийн үед Б нэг хүүхэнтэй ирсэн. Бид 4 архи ууж сууж байгаад би Бийн эхнэрийн талаар ярьж маргалдахад Б уурлаад ширээн дээр байсан архины шилийг аваад миний толгой руу цохиод хагалчихсан. Би энэ асуудал дээр ямар нэгэн гомдол санал байхгүй бөгөөд Боос нэхэмжлэх эд зүйл байхгүй. Би согтуудаа Б-ийн эхнэрийн муулаад хараасан. Түүнээс болоод Б уурласан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22 дугаар хуудас);
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4877 дугаартай “...Л.А-ын биед зүүн чамархай, зүүн зовхи, мөрөнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 34-35 дугаар хуудас);
5. Шүүгдэгч Т.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 77 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 56 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 59-71 дүгээр хуудас);
6. Шүүгдэгч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:“...Би 2020 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнийн 01 цагийн үед найз О-тэй Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу ** дугаар хороололд уулзаад юм яриад байж байхад манай найз Б над руу залгаад Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудалд хүрээд ир гэхээр нь О бид хоёр хамт очсон. Бид хоёрыг очиход Б, А хоёр архи уугаад сууж байсан. Тэгээд бид 4 юм яриад архи уугаад сууж байхад А манай салсан эхнэрийн талаар юм ярьсан. Энэ асуудлаас бид хоёр маргалдаж байгаад би ширээн дээр байсан архины шилийн аваад А-ын толгой руу нэг удаа цохиход шил хагараад А-ын толгойны зүүн талын чамархай буюу чихний дээд хэсгээс цус гарсан. Би цусыг нь даавуугаар дараад тогтохгүй болохоор нь түргэн дууд гэж хэлэхэд Алтан-Соёмбо зүгээр гээд байсан. Тухайн үед өрөөнд бид хоёр байсан ба Б ариун цэврийн өрөө рүү орсон, О өрөөнөөс гараад явсан байсан. Б ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд О-т хэлээд ресейпшнээр цагдаад дуудлага өгүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 45-46 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар, харин хохирогч Л.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр хүсэлт гаргасныг прокурорын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 158 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.А-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Т.Б-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Л.А-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Л.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Т.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т дөрвөн зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун далан мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд прокурорын санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Т.Б-т оногдуулсан дөрвөн зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун далан мянган төгрөгийн торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн хуульд заасан үндсэн хугацаа болох гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овгийн Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т дөрвөн зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун далан мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Б-т сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Б-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА