Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2017/00062

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        

         Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Г.Ариунаа би,

Нэхэмжлэгч Цорос овогт Баастын Ганчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Суман тэрх” ХХК-д холбогдох Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байр, 13 тоот, 34.02 метр квадрат талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгч Б.Ганчимэг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад                                             

ТОДОРХОЙЛОХ нь

         Нэхэмжлэгч Б.Ганчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Суман тэрх” ХХК-тай, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 82Б дугаар байрны 12 тоот, 34.02 метр квадрат талбайтай, 4 давхарын 1 өрөө орон сууцыг “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан, 20.500.000 төгрөгөөр худалдаж аваад, төлбөрөө бүрэн төлсөн.

         “Суман тэрх” ХХК гэрээнд өөрчлөлт оруулж, байрны хаягийг Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, 80 дугаар байрны 13 тоот, 4 давхарын 34.02 метр квадрат тайлбайтай, 1 өрөө орон сууц болгон өөрчилснөөр энэ хаягт 2013 оноос хойш одоо хүртэл амьдарч байгаа болно.

         Дээрх байрыг “Суман тэрх” ХХК, Улсын комисс хүлээлгэн өгөөгүйн улмаас хохирсоор байна.

         Иймээс намайг Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, 80 дугаар байрны 13 тоот, 4 давхарын 34.02 метр квадрат тайлбайтай, 1 өрөө орон сууцыг Б.Ганчимэгийн өмч болохыг тогтоож өгнө үү, гэжээ. 

         Хариуцагч “Суман тэрх” ХХК-ийн захирал Д.Одгэрэл шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 13 тоот байрны захиалагч Б.Ганчимэг мөн бөгөөд байрны төлбөрөө бүрэн төлсөн. 2013 оны 10 дугаар сард байрандаа орж одоог хүртэл оршин сууж байгаа тул гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Б.Ганчимэг ямар нэгэн төлбөрийн тооцоогүй тул 80 дугаар байрны 13 тоотын хууль ёсны өмчлөгч гэдгийг хүлээн зөвшөөрч байна.             

           Иймд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 13 тоот байрыг Б.Ганчимэгийн өмч болохыг тогтооход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ. 

ҮНДЭСЛЭХ  нь

             Нэхэмжлэгч Б.Ганчимэг, хариуцагч “Суман тэрх” ХХК-д холбогдуулан Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 13 тоот, 4 давхарын 34.02 метр квадрат талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Суман тэрх” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 13 тоот орон сууцны захиалагч Б.Ганчимэг мөн бөгөөд байрны төлбөрөө төлсөн, ямар нэг зөрчилгүй байх тул Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 13 тоот орон сууц Б.Ганчимэгийн өмч болохыг тогтооход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.          

          Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын  тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн  74.1, 74.2 дахь хэсэгт  заасныг тус тус  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч Б.Ганчимэг, хариуцагч “Суман тэрх” ХХК-иас Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байр, 13 тоот, 4 давхарын 34.02 метр квадрат талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгч Б.Ганчимэг болохыг тогтоолгохоор нэхэмжилснийг, хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч “Суман тэрх” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 35100 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгчид олгосугай.

  •            . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг  тайлбарласугай.
  •         . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид  давж  заалдах, хяналтын  журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     Г.АРИУНАА