Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 0580

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш, улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ, хохирогч, иргэний хариуцагч Г.Н-ын өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүгдэгч П.О, түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгор нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овгийн П.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00072 0109 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овгийн П.О, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 18 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “****” их сургуулийн олон улсын харилцааны 2 дугаар дамжааны оюутан, ам бүл хоёр, эхийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ** дугаар баг, Тамир хорооллын ** дугаар гудамжны *** дугаар тоотод оршин суудаг, регистрийн дугаар ****, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч П.О нь 2020 оны 01 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнийн 01 цаг 55 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно; а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэн 1,66% согтолттой үедээ Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт, ** дүгээр байрны хойд замд “Toyota Prius-20” маркийн *** АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас замын хажууд байрлах гарааш мөргөснөөс уг автомашинд зорчиж явсан зорчигч Т.У-ын амь нас хохирсон, зорчигч Г.Н-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Х овгийн П.О нь 2020 оны 01 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө 01 цаг 55 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно; ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, мөн согтууруулах ундаа хэрэглэн 1,66 хувийн согтууралтай байх үедээ Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт, ** дүгээр байрны хойд замд “Toyota Prius-20” маркийн ** АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.1-д “Жолооч ...замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас замын хажууд байрлах авто гараашнуудыг мөргөж, уг автомашинд зорчиж явсан зорчигч Т.У-ын амь нас хохирсон, зорчигч Г.Н-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч П.О-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...хэрэг болсон өдрийн өглөө гэрээсээ гарч найзынхаараа орчхоод Цамбагаравт эгчийндээ ирээд хүргэн ахтайгаа юм ярьж сууж байтал 16 цагийн үед Н орж ирсэн. Тэгээд бид гурав сууж байгаад У-ыг дуудаж бид дөрөв нийлээд пиво уусан. Дараа нь 00 цаг өнгөрч байхад бид гурав дэлгүүр дээр зогсоод тус бүр 2 пиво аваад эзгүй газар очиж уусан. Би бие засах гээд гарсан чинь араас тэр хоёр бууж ирсэн. Бид гурав буцаж машиндаа суугаад Караоке орохоор болсон. Дараа нь дахиж машинаасаа бууж бие засаад орж ирэхдээ би жолооны ард суугаад Н-аас “би жолоо барих уу” гэж асуухад тэр зөвшөөрсөн. Тэгээд караоке орох замд осолдсон...” гэсэн мэдүүлэг;

2. Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-11 дүгээр хуудас), жолооч П.О-г 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан: “...1.63 хувийн согтолттой...” гэсэн тэмдэглэл;

3. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн байцаах тасгийн: “...П-ийн О /рд:***/ нь жолооч биш байна...” гэсэн тодорхойлолт:  (хх-ийн 137 дугаар хуудас);

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.У нь утсаараа ярьж дуусаад над дээр ирж ээжээ би О, Н хоёртой уулзаад ирье гэж хэлээд гэрээсээ ганцаараа гарч явсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 07-оос 08-нд шилжих шөнө унтаж байтал 02 цаг өнгөрч байх үед миний утас руу танихгүй дугаар залгаад “танай хүүхэд Гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байна аа, яаралтай ир” гэж хэлсэн. Ингээд би тэр даруй Гэмтлийн эмнэлэг дээр явж очтол миний хүү У нь ухаангүй амилахуйн өрөөнд хэвтэж байсан. Харин нөгөө хоёр нь уг өрөөний үүдэнд сууж байсан. Энэ үед хүүгээ зам тээврийн осолд орсон талаар нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-25 дугаар хуудас);

5. Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 10 цаг өнгөрч байх үед гэрийн гаднаас би өөрийн эзэмшлийн усан цэнхэр өнгийн “Toyota Pruis” маркийн *** АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гарч хотын төвөөр халтуур хийсэн. Тэгээд 16 цаг өнгөрч байх үед би машиныхаа урд номерын суурийг нь тогтоох зорилгоор гэрээр ортол О нь хүргэн М-ийн хамт пиво уугаад сууж байсан. 20 цаг өнгөрч байхад У гаднаас ганцаараа орж ирсэн. О намайг “дахиад мөнгө зээлээч” гээд байхаар нь би түүнд 20,000 төгрөгийг зээлсэн. Би гэртээ үлдсэн ба тэр 3 цуг гарч дэлгүүрээс 2.5 литрийн пиво нэг ширхгийг авчирсан. Тэгээд бид дөрөв пивоо уусан. Пиво дуусахад, 22 цаг өнгөрч байхад О ганцаараа гарч дэлгүүрээс 2.5 литрийн пиво авчраад мөн дөрвүүлээ хувааж уусан. Би үүнээс хойш яг юу болсон талаар мэдэхгүй байна, тасарчихсан байсан. Нэг ухаан ортол Гэмтлийн эмнэлэгт байсан. Миний хувьд ослын талаар санах зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 81-82 дугаар хуудас);

6. Хохирогч Г.Н-ын шүүхэд бичгээр гаргаж өгсөн: “...Би О-гээс эмчилгээний зардал болон машины хохиролд нийт 6,800,000 төгрөг авсан бөгөөд цаашид нэхэмжлэх зүйлгүй. О нь миний 10 жилийн найз бөгөөд гэмт хэрэг хийсэндээ харамсаж байгаагаа илэрхийлсэн тул хохирохоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлт;

7. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 268 дугаартай: “...Талийгаач нь дээрх гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдлаар нас баржээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 104-109 дүгээр хуудас);

8. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 1617 дугаартай:  “...Г.Н-ын биед хүзүүний 2-р нугалмын их бие, зүүн үений сэртэнг хамарсан зөрөөтэй хугарал, мултрал, нугас дарагдал, баруун талд мөчдийн сул саажилт, баруун, зүүн тал бөмбөлгийн таславч хоорондын аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун чамархайн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 88-89 дүгээр хуудас);

9. “Ашид билгүүн” ХХК-ны хөрөнгө, даатгалын: “...эзэмшигч Ерөөлт, гараашны төмөр хаалга: нийт - 358,100 төгрөг..” гэсэн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 118-123 дугаар хуудас), “Тэнцвэр Эстимэйт" ХХК-нийн автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний: “Эзэмшигчийн нэр Г.Н,”Toyota Prius 20” маркийн *** АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ–5,220,000 төгрөгийн шууд, 7,370,000 төгрөгийн нийт хохирол...” гэсэн тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 101-102 дугаар хуудас);

10. Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 180 дугаартай: “...Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 206-207 дугаар хуудас);

11. Шүүгдэгч П.О-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 139 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 142 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүдээр амь хохирогч Т.У нь “баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, гавлын орой, суурь, нүүр, эрүү ясны нийлмэл хугарал, тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины баруун духны дэлбэнгийн эдийн доторх цусан хураа, хоёр талын тархины эдийн доторх цусархаг няцрал, тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдлаар нас барсан болох нь, хохирогч Г.Н-ын биед хүзүүний 2-р нугалмын их бие, зүүн үений сэртэнг хамарсан зөрөөтэй хугарал, мултрал, нугас дарагдал, баруун талд мөчдийн сул саажилт, баруун, зүүн тал бөмбөлгийн таславч хоорондын аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун чамархайн хуйханд зулгаралт бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь тус тус эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна гэж үзэв.

Шүүгдэгч П.О-гийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэний улмаас нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсаншинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч П.О нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай мэтгэлцэж оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч П.О-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Н нь хохиролд нийт 6,800,000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н нь хохиролд нийт 16,500,000 төгрөг авсан гомдол санал,  нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Б.Е, Ц.Н нар нь мөн хохирлоо авсан, нэхэмжлэх зүйлгүй талаар тус тус илэрхийлсэн байх тул шүүгдэгч П.О-г бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч П.О-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаатайгаар хасаж, 3 жил 8 сарын хугацаатайгаар хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...Залуучууд архи ууснаас болж хүний амь нас хохирсонд харамсаж байна. Н-ын хувьд найз О-д бүх бурууг өгөхгүй гэдгээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхлээд хэлдэг. О болон түүний ээж хэрэг гарснаас хойш Н-ын эрүүл мэндийн байдалд анхаарал тавьж байгаа. Энэ нөхцөл байдлуудыг шүүх ял шийтгэх оногдуулахдаа харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Тиймээс О-д санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй тул түүнд боломжит хөнгөн байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...П.О нь 2019 оны 09 дүгээр сард 18 нас хүрсэн, эхийн хамт амьдардаг, аав нь 5 жилийн өмнө нас барсан, *** дээд сургуулийн Олон улсын харилцааны 2 дугаар курст суралцдаг. Шүүгдэгч О нь хүний биед хүнд хохирол санаатай учруулсан, мөн хүний амь нас хохироосон үйлдэлдээ харамсаж, гэмшиж байгаа. О-гийн ээж нь оршуулгын ажилд өөрийн чадах бүхнээр тусалсан. Амь хохирогчийн гэр бүлийн амьдралыг нь дээшлүүлэх гэж хичээсэн, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болсон. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч П.О нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, хорих ялыг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, доод хэмжээний хоёрны нэгээс багагүй гэсэн хязгаарын дотор хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой байна.

Шүүгдэгч П.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан тул түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял заавал оногдуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлууд болон хохирогчийн санал, түүний өмгөөлөгчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, энэ төрлийн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрийг тус тус тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.О-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн  хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хохирлоо төлсөн байдал, хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн 18 нас хүрээд удаагүй байсан хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.О нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Х овгийн П.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ нэг хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.О-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3.Шүүгдэгч П.О-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.О цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч П.О-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6.Шүүгдэгч П.О-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасах ялыг түүнд оногдуулсан үндсэн ял болох хорих ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.О-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                              Б.БАТАА