| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0582/Э |
| Дугаар | 0587 |
| Огноо | 2020-05-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 0587
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд, улсын яллагч Б.Ундрах, шүүгдэгч Л.Г, Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ө овгийн Л.Г, Б овгийн Д.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 0593 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Ө овгийн Л.Г, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл долоо, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Толгойтын ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ****, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
2. Б овгийн Д.Б, Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “****” ХХК-д борлуулалтын жолооч ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Жаргалант *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ****, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Л.Г, Д.Б нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.М-ын эзэмшлийн **** УБН улсын дугаартай “Toyota Pruis 20” маркийн тээврийн хэрэгслийг ажлынхаа агуулахаас юм авчхаад ирье гэж хэлж авч явж Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг шинэ авто худалдааны төвийн орчимд байрлах машин засварын газар орж *** УБН улсын дугаартай “Toyota Pruis 20” маркийн тээврийн хэрэгслийн нүүрс янданг сольж иргэн Б.М-ын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч заран бусдад 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Ө овгийн Л.Г, Б овгийн Д.Б нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.М-ын эзэмшлийн *** УБН улсын дугаартай “Toyota Pruis 20” маркийн тээврийн хэрэгслийг ажлынхаа агуулахаас юм авчхаад ирье гэж хэлж зөвшөөрлийн дагуу авч явсан боловч Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг шинэ авто худалдааны төвийн орчимд байрлах машин засварын газарт уг тээврийн хэрэгслийн нүүрс янданг сольж заран иргэн Б.М-ын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Л.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэг өгөх шаардлагагүй, гэм буруу дээр маргахгүй. Машины янданг солих санаачилгыг би анх гаргасан..” гэсэн мэдүүлэг;
2. Шүүгдэгч Д.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэг өгөх шаардлагагүй, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн мэдүүлэг;
3. Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 сарын 24-ний өдөр 12 цагийн орчимд гэртээ байж байтал Г ах ирээд 10,000 төгрөг өгье, Яармаг руу дөхүүлээд өгчих гэхээр нь зөвшөөрөөд өөрийн эзэмшлийн *** УБН улсын дугаартай “Приус-20” маркийн автомашинаараа хүргэж өгсөн. Тэгтэл Г эгчийнх рүүгээ ороод буцаж гарч ирээд 20,000 төгрөг өгье, Төв аймаг орж эхнэр хүүхэд хоёрыг үзүүлчхээд ирээч гэхээр нь С бид хоёр эхнэр, хүүхдийг нь дагуулаад хамт явсан, Г ах үлдсэн. 16 цагийн орчимд хотод орж ирээд Яармагт эхнэр, хүүхдийг нь буулгатал Г ах гарч ирээд та 2 манай машиныг аваад харьж бай, би танай машиныг дүүгээрээ бариулаад Үйлдвэр комбинат орж юм авчхаад ирье гэхээр нь би үгүй, хамт явъя гээд Г ахын дүү Б машинаа бариулаад, С Г ахын Марк 2 автомашиныг бариад эхнэрийг нь гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Дараа нь Г ах, Б бид 3 үйлдвэр комбинат руу явах гэж байснаа болиод Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо “Номин хайпар маркет”-ын гадаа очсон. Г ах энд буугаад байж байя, Б ажлынхаа агуулахаас хайрцагтай юм авна гээд бид хоёрыг буулгаад хөдлөөд явсан. 1 цаг 30 минут орчмын дараа Б миний машиныг унаж ирсэн. Тэгээд би ... буцаад гэр лүү харих гэж явж байтал машины доор сонин сул юм дуугараад байхаар нь буугаад хартал миний автомашины нүүрс янданг тайраад, шинэ яндан холбоод гагначихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-24 дүгээр хуудас);
4. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...нийт хохирлын дүн 1,200,000 төгрөг...” гэсэн тайлан (хх-ийн 39-40 дүгээр хуудас);
5. Гэрч М.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр *** УБН улсын дугаартай машины нүүрс янданг, манай засварын газарт засварчнаар ажиллаж байсан П сольж, янданг зарна гэхээр нь 780,000 төгрөгөөр худалдсан авсан. Тус нүүрс янданг худалдан авсны дараа мөнгийг О гэсэн хүний 5022535366 дугаарын данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 95 дугаар хуудас);
6. Гэрч А.П-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нүүрс яндан зарсан хүн надад миний нүүрс яндан байгаа юм, би машиныхаа нүүрс янданг зарах хэрэгтэй байна гэхээр нь би захиралтайгаа яриад зарах хүний бичиг баримтыг шалгаад хуулийн булангаа үзүүлсэн. Тэгээд 785,000 төгрөгөөр худалдан авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 105 дугаар хуудас);
7. Гэрч А.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 24-ний орой 18 цагийн үед найз Б-тай уулзахад *** УБН улсын дугаартай машин унаад явж байсан. Тэгээд намайг машиндаа суулган машинд явж байсан хоёр эрэгтэй хүнийг миний машинд суулгаад “Номин” агуулахын ойролцоо буулгаж үлдээсэн. Дараа нь намайг өөрийнхөө унаж явсан **** УБН улсын дугаартай машинд суулгаад нэг газар луу очиж хүнд юм өгнө, удахгүй, хамт явъя гэхээр би зөвшөөрөөд Б-тай хамт шинэ автомашин зардаг газрын баруун талд байх авто засварын газарт очоод, Б унаж явсан машиныхаа нүүрс янданг хуучин яндангаар сольж тавьсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 124 дүгээр хуудас);
8. Шүүгдэгч Л.Г-ийн төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 139 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 60 дугаар хуудас), шүүгдэгч Д.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 143 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 69 дүгээр хуудас),
9. Шүүгдэгч Л.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хуурай дүү М-ын машиныг өөрөөс нь түр хугацаагаар гуйж аваад Б-д өгч явуулсан. М-аас машиныг нь гуйхаас өмнө би Б-д Приусийн нүүрс яндан хаана авдаг юм, чи судлаач гэсэн чинь Б фейсбүүкээр судлаад 22-н товчооны тэнд авдаг юм байна гэж надад хэлсэн. Ингээд М-ын машиныг би Б-д өгөөд явуулсан, Б машиныг нь унаж яваад 785,000 төгрөгөөр нүүрс янданг нь зараад, машиныг унаад буцаад ирсэн. Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр ирээд Б хэргээ хүлээсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 57-58 дугаар хуудас);
10. Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 66 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох нүүрс янданг 1,200,000 төгрөгөөр үнэлсэн ба шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 1,200,000 төгрөгөөр тогтоосон болно.
Шүүгдэгч Л.Г, Д.Б нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэд шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Л.Г, Д.Б нар нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тэдний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй гээд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.Г, Д.Б нарыг “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.М нь хохирлоо биет байдлаар хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй, Л.Ө нь нүүрс янданг худалдаж авсан 785,000 төгрөгөө буцааж авсан, нэхэмжлэх зүйлгүй талаар тус тус мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Л.Г, Д.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.Г, Д.Б нар нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Л.Г, Д.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жил хүртэлх хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсгийн заалтад зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Г, Д.Б нар нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, мөн хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. Тэнсэх хугацааг хуульд заасан доод хэмжээгээр буюу 1 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Л.Г, Д.Б нар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан ярьж тохирсон байх бөгөөд шүүгдэгч Л.Г нь гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан байгааг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзлээ.
Иймд улсын яллагч болон өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Л.Г-ийг хоёр жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Б-ыг нэг жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар тэдэнд зургаан сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Шүүгдэгч Л.Г, Д.Б нарт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Г, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тэдэнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ө овгийн Л.Г, Б овгийн Д.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Л.Г-ийг хоёр жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Б-ыг нэг жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэдэнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Г, Д.Б нарт зургаан сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4.Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг шүүгдэгч Л.Г, Д.Б нарт сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Г, Д.Б нар цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Г, Д.Б нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА