Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2017/00067

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг  баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа  би,

Нэхэмжлэгч Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарангийн 6 дугаар гудамжны 13 тоот хашаанд оршин суух, Жаргал овогтой Мөнхбатад холбогдох, саатуулах байрны төлбөр 4150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Мөнхбат архидан согтуурч, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 04 дугаартай картанд бүртгэгдэн саатуулагдаж, тодорхой бус шалтгааны улмаас саатуулах байрны төлбөр 4150 төгрөгийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа тул төлбөрийг гаргуулж өгнө үү, гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэтуул шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Ж.Мөнхбат саатуулах байрны төлбөр 4150 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс, хариуцагч Ж.Мөнхбатаас саатуулах байрны төлбөр 4150 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ж.Мөнхбат нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, 4150 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэтуулын “Ж.Мөнхбат саатуулах байрны төлбөр 4150 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр төлсөн” гэсэн албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар 4150 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2275 төгрөгийн улсын  тэмдэгтийн хураамж төлүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн нэхэмжлэлтэй, Жаргал овогтой Мөнхбатад холбогдох, саатуулах байрны төлбөр 4150 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Нэхэмжлэгч байгууллага Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Мөнхбатаас улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

 

                                            ШҮҮГЧ                              Г.АРИУНАА