Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2017/00068

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨC
 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1961 онд Төв аймгийн Лүн суманд төрсөн, эрэгтэй, буриад, бүрэн дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 47 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ухуасай овогт Балжиннямын Арвинбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1987 онд  Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, эрэгтэй, халх, дээд боловсролтой, үйлдвэрлэлийн менежмент мэргэжилтэй,  Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 140 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Боржигон овогт Буянбаатарын Сампилд /НП87121179/ холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 860.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Арвинбаяр, хариуцагч Б.Сампил, гэрч Ө.Энхжаргал, Г.Баттулга,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Ганцоож  нар оролцов.                                

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Арвинбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2016.05.15-нд Багануур дүүргийн 1 дүгээр хороо Жаргалантын 5-1 тоотод байдаг авто сэв замаск засварын газар өөрийн эзэмшлийн Chezer маркын авто машинаа замаск будаг хийлгэхээр  өгсөн юм. Тус газрын засварчин Сампил гэдэг залуу 3 хоногийн дотор замаск будаг хийж шаардлагатай хэсгүүдийг засаж будаж өгөхөөр тохиролцож ажлын хөлсөнд 400.000 төгрөг авахаар болсон. Төлбөрийг бэлэн бус гар утсаар хийхээр тохирч   J-7 утсыг  400.000 төгрөгөөр,  Ipone 4s утсыг 140.000 төгрөгөөр, Nokia 3110 утсыг  60.000 төгрөгөөр тооцож  J-7 гар утасны үнийн зөрүү 200.000 төгрөгийг Сампил  надад буцааж өгөхөөр болсон боловч 3 хоногт биш 15 хоног хүлээгээд машин засвараас гарахгүй, будаг дутсан гэхээр нь будаг зүлгүүрийн мөнгө 40.000 төгрөг өгсөн. Ингээд япон будаг биш хятад хямд будгаар будаж машиныг урд байсан өнгө үзэмжнээс нь  дордуулсан. Тоос шороогий  нь ч угаалгүй будаж энд тэндгүй урссан халтар хултар дутуу будсан, яаж ч угаагаад өнгө ордоггүй өөр өнгөөр будсан байсан. 5 сарын 30 нд ажлын шаардлагаар машинаа авсан, хэд хоногоос дахин янзалж өгнө гээд одоо болтол алга болсоор байна. Хаалга кундакторын түлхүүр алга болгосон учраас 4-н цоожийг нь 80.000 төгрөгөөр сольсон туслах гэрлийн нэгийг боолгүй орхисноос болж хаягдсан. Хос гэрэл 80.000 төгрөгөөр авч тавьсан, одоо замаск нь хагараад байгаа. Иймээс одоо Сампилд өгсөн J-7  гар утасны үнэ 420.000 төгрөг,  Ipone 4s  утасны үнэ 180.000 төгрөг, Nokia 3110  утасны үнэ  60.000 төгрөг, туслах гэрлийн  үнэ 80.000 төгрөг, хаалга болон кундакторын түлхүүрийн 80.000 төгрөг, будаг зүлгүүрийн 40.000 төгрөг нийт 860.000 төгрөгийг  Сампилаас гаргуулж өгнө үү, машинаа засвараас гаргаад маргааш нь хот явсан, ирээд харахад гэрэл алга болсон байсан, машиныг маань зогсоол дээр байхад нь өөр машин шүргэсэн байсан гэхдээ энэ хоёрын хийсэн засвараас өөр газарт шүргэсэн гэв.

Хариуцагч Б.Сампил шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Арвинбаяр гэх хүн Сhezer  маркын машиныхаа урд, хойд гупер, копуд, карланаа янзлуулахаар манай засварын газар 2016.05 сард ирсэн. Тал засвар хийлгэнэ гээд үнээ 400.000 төгрөгөөр тохирсон.  Тэгээд манай засварчин Баттулга бид хоёр засвар хийж эхэлтэл энд тэнд жижиг замаскууд нь  цуурсан хагарсан байсныг Арвинбаярыг дуудаж харуулахад  нэг ч сэв битгий үлдээ сайн л хийж байвал хугацаа хамаагүй гэж хэлсэн, үнэ хөлс нь нэмэгдэнэ манайх бүтэн засварыг 800.000 төгрөгөөр хийдэг, танаас авсан гурван утасны үнээс буцааж өгөх 200.000 төгрөгөө өгөхгүй төлбөрт суутгая гэхэд хүлээн зөвшөөрөөд явсан. Машинд бүтэн засвар хийсэн учраас анх хэлсэн хугацаандаа засвараас гараагүй, 15 хоноод гарсан. Анх орж ирэхдээ үнэхээр хэцүү нилээн их сэвтэй, хуучин сэв замаск будганд орж байсан машин байсан, засвараас гараад хэн ч харсан сайхан харагдахаар болсон. Миний бие J-7  гар утсыг авсан. Баттулга Ipone 4s, Nokia 3110  гар утсыг авсан. Машины  засвар маш чанартай болж засвараас Арвинбаяр машинаа авч явахад нь одоо тооцоо байхгүй шүү угаалгын газар машинаа угаалгаад надад 1 харуулаарай, бүтэн янзалж бүтэн будаг хийсэн 800.000 төгрөгөөр хийдэг шүү  гэж удаа дараа хэлсэн. Тэгээд машинаа угаалгаж ирэхэд нь би өөрийн биеэр сэтгэл гаргаж дахин өнгөлгөө хийж өгсөн. Гэтэл саяхан надад замаск хагарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би миний хийсэн юм хагарсан бол  дулаан болохоор янзалж  өгье гэж хэлсэн. Тэгээд дараа нь машиныг нь зогсоол дээр байхад нь хартал  өөрийн буруутай үйлдлээс болж  юм мөргөж  замаскаа хагалсан, хойшоо ухарч байгаад хонхойсон гадны нөлөөтэй байсан учраас янзалж өгөөгүй. Тухайн үед тохироод машинаа янзлуулж боллоо гэж авч явчихаад   одоо  ийм зүйл ярьж байгааг гайхаж байна. Иймд нэхэмжлээд байгаа 860.000 төгрөгийг  хүлээн зөвшөөрөхгүй байна. Машины хаалганы түлхүүрийг нь авч үлдээд алга болгосон нь үнэн. Гэхдээ энэ хүн өөртөө байсан илүү түлхүүрээр машиныхаа хаалгыг онгойлгосон, гэрлийг нь сайн бөхлөөд явуулсан, гэрэл хаягдсан, гэрэл, цоожоо сольсон гэдгийг нь мэдэхгүй, манайхаас гарахдаа гэрэлтэйгээ байсан, будагны үнэ гэж 40.000 төгрөг надтай хамт машин зассан Баттулга очиж авсан нь үнэн гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг уншиж судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Арвинбаяр нь хариуцагч Б.Сампилаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 860.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Сампил нь “ Арвинбаяртай амаар харилцан тохиролцсоны дагуу машинд бүтэн засвар хийсэн, тухайн үед машинаа хүлээн авч үнэ хөлсөө төлсөн, машины замаск нь өөрийнх нь буруутай үйлдлээс гадны нөлөөгөөр хагарсан, машины гэрэл алга болсон, хаалганы цоожоо сольсон гэдгийг нь мэдэхгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн  шаардлагыг эс зөвшөөрч байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх  хэсгийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй гэж үзлээ.

Зохигчид ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүссэн, төлбөрийг урьдчилж бэлэн бусаар тооцож авсан, бүтэн засвар хийсэн, машиныг 15 хоног засварласан, машин засварын газарт байх хугацаанд машины хаалганы түлхүүрийг алга болгосон, будагны мөнгө 40.000 төгрөг захиалагчаас нэмж авсан, машиныг 2016.05.30-нд хүлээлгэж өгсөн, хүлээж авсан гэх үйл баримтуудад маргаагүй.

Харин нэхэмжлэгч машиныг ажил гүйцэтгэгч өөрийнхөө буруугаас болж бүтэн засварласан,  хөлсийг нэмж өгөхөөр тохиролцоогүй, машиныг урд байсан байдлаас нь дордуулсан, машины гэрлийг дутуу боосноос гэрэл хаягдаж алга болсон гэж,  хариуцагч нь  бүтэн засварыг 800.000 төгрөгөөр хийдэг, авсан гурван утасны үнээс буцааж өгөх 200.000 төгрөгөө өгөхгүй төлбөрт суутгахаар тохиролцсон, өөрийн буруутай үйлдлээс болж  юм мөргөж  замаскаа хагалсан, гэрэл хаягдсан, гэрэл цоожоо сольсон гэдгийг нь мэдэхгүй гэж тус тус маргадаг.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх явцад дараах үйл баримтууд тогтоогдлоо.

Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүрэг хүлээнэ” гэж заасан. Талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн амаар харилцан тохиролцож 2016 оны 05 сарын 15 ны өдөр “Сhezer”  маркын машины урд, хойд гупер, копуд, карланыг 3-7 хоногийн хугацаанд засварлах, хөлсийг 400.000 төгрөгөөр бодож бэлэн бусаар 3 ширхэг гар утас 600.000 төгрөгөөр өгч авалцан илүү 200.000 төгрөгийг ажил гүйцэтгэгч захиалагчид буцаан өгөхөөр болж тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.

Машиныг засварлаж эхлэх явцад захиалагчийн машиныг хагас биш бүтэн засварлах нөхцөл байдал үүссэн бөгөөд энэ тухай захиалагчид мэдэгдэж машиныг бүрэн засварлахаар талууд тохиролцсон байна.

Ажил гүйцэтгэгч нь машиныг бүтэн засварлах болсноос шалтгаалан хугацааг 8 хоног хэтрүүлэн 2016.05.30-ны өдөр машиныг захиалагчид хүлээлгэн өгч, захиалагч хүлээн авчээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “…захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч  хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ” гэж заасан боловч Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын  хөлсний хэмжээ болон  хөлс төлөх арга, журам, хугацааг талууд харилцан тохиролцож тодорхойлно” гэж зааснаар захиалагч нь ажлын үр дүнгээ хүлээж авахаас өмнө хөлсийг бэлэн бусаар төлсөн байна.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч  энэ тухай гомдлын шаардлагыг  ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор,  хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг  ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана” гэж зааснаар захиалагч нь гомдлын шаардлагаа хуульд заасан хугацааны дотор гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг нотлох үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг  өөрөө нотлох , нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хэргийн оролцогчдод өөрсдөд нь хуулиар олгогдсон.

Нэхэмжлэгч гомдлын шаардлагаа хуульд заасан хугацааны дотор гаргасан боловч машиныг урд байсан байдлаас нь дордуулсан, машины гэрлийг дутуу боосноос гэрэл хаягдаж алга болсон, машины 2 хос гэрэл 80.000 төгрөгөөр, худалдаж авч сольж тавьсан, машины замаск муу хийснээс болж хагарсан гэх үйл баримтуудаа баримтаар нотолж чадаагүй, хаалганы 1 түлхүүрийг засварын газар байхад нь алга болгосон гэдгийг талууд хүлээн зөвшөөрч байгаа боловч нэхэмжлэгчид өөрт нь илүү түлхүүр байсан, хаалганыхаа цоожийг шинээр худалдан авч сольсон  гэх баримт хэрэгт байхгүй, түүний тайлбар нь гэрч Баттулгын шүүх хуралдаанд өгсөн “ Анх орж ирэхдээ тал засвар хийлгэнэ гэж ирсэн. 3-7 хоногт засахаар тохирсон, машин нь бүтэн засварт орохоос өөр аргагүй нилээн хэцүү машин байсан, өөрөө бүтэн засвар хийхийг зөвшөөрсөн. Засвараас муу машин гарна гэж байхгүй, өөрөө ямар машин өгснөө мэдэж байгаа, бүрэн засаад гаргасан, дараа нь өнгөлгөө хийж өгсөн. Засвараас гараад ямар ч асуудалгүй боллоо гээд аваад явсан замаск нь хагарсан гэдэг асуудлыг би саяхан л сонссон, тэр даруйгаа юу ч хэлээгүй, туслах гэрэл хагарсан гэдгийг мэдэхгүй, 2-3 сарын дараа харахад гэрэлтэйгээ байсан,түлхүүр нь манай засварын газар дээр байж байгаад алга болсон нь үнэн, гэхдээ өөрт нь илүү түлхүүр байсан түүгээрээ хаалгаа онгойлгосон, сольсон гэдгийг нь мэдэхгүй” гэсэн мэдүүлэг, гэрч Энхжаргалын шүүх хуралдаанд өгсөн “ Туслах гэрэл хаягдсан хэзээ хаягдсаныг мэдэхгүй, засвараас гараад маргааш нь хот явсан, хотоос ирэхэд хаягдсан байсан” гэсэн мэдүүлгүүд болон өөрийнх шүүх хуралдаанд өгсөн “Машиныг маань зогсоол дээр байхад нь машин шүргэсэн байсан” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

Хариуцагч Сампил нь “бүтэн засварыг 800.000 төгрөгөөр хийдэг, авсан гурван утасны үнээс буцааж өгөх 200.000 төгрөгөө өгөхгүй төлбөрт суутгахаар тохиролцсон” гэсэн тайлбараа баримтаар нотолж чадаагүй, засвар хийх явцдаа будагны үнэнд 40.000 төгрөг нэмж авснаа хүлээн зөвшөөрч мэдүүлдэг.

Дээрх үндэслэлүүдээр зохигчид нь хуульд зааснаар өөрсдийн тайлбар, татгалзлаа баримтаар нотолж чадаагүй, нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, ажил гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн байна гэж үзэн  буцаан өгөхөөр тохиролцсон 200.000 төгрөг, будагны үнэ 40.000 төгрөгийг Сампилаас гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “ Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол  шүүхийн зардлыг тэр хэмжээгээр  хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж зааснаар 240.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 7.850 төгрөгийг хариуцагч Б.Сампилаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Арвинбаяр нь өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор 6 хувь фото зурагийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн боловч тухайн зурагууд нь хэний эзэмшлийн, ямар маркын машины зураг болох нь, тухайн зурагуудаар ямар үйл баримтыг нотлох гэж байгаа нь тодорхойгүй, нотлох баримтуудаас тухайн засварт орсон машин анх ямар байдалтай байсан, засварт орсоны дараа ямар байдалтай болсон зэргийг харах, үнэлэх, дүгнэх боломжгүй, маргаж буй үйл баримтыг нотлох нотолгооны хэрэгсэл болж чадахгүй байх тул үнэлээгүй болно.

Хариуцагч нь тайлбартайгаа холбоотой ямар нэгэн бичгийн нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч  Боржигон овогт Буянбаатарын Сампилаас  ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 240.000 / хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ухуасай овогт Балжиннямын Арвинбаярт олгож,  нэхэмжлэлээс үлдэх 620.000        / зургаан зуун хорин мянга/  төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 25.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Сампилаас 240.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 7.850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Арвинбаярт олгосугай.

 3 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮ ГЧ                                   П.ЦЭЦЭГДУЛАМ