| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0544/Э |
| Дугаар | 0597 |
| Огноо | 2020-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 0597
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Өсөхбат, Г.Нэргүйсувд, улсын яллагч Х.Анхцэцэг, хохирогч Ч.Г, шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овгийн Э.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 01623 0625 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т овгийн Э.М, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засаг мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, эцэг, эх, хамтран амьдрагч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хилчин ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Э.М нь 2020 оны 04 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны байрны хажууд дугуйн түлхүүрээр Ч.Г-ийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Т овгийн Э.М нь 2020 оны 04 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны байрны хажууд хохирогч Ч.Г-ийн нүүр лүү дугуйн түлхүүрээр нэг удаа цохиж, түүний бие махбодод “...хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Э.М-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүх зүйл үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Ч.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би 04 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө 00 цаг 00 минутаас 01 цаг 00 минутын үед 5-н шарын ** дугаар хорооны урд найзыгаа хүргэж өгчхөөд машиндаа хүлээгээд байж байтал нэг машин миний урд зогсоод тээшнээсээ дугуйн түлхүүр гаргаж ирээд, миний хаалгыг онгойлгож байгаад намайг цохисон. Би сүүлд нь холбогдож намайг яагаад цохисон юм бэ гэж асуухад би юм авч цохисон гэдгээ санахгүй байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг;
3. Ч.Г-оос Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл (хх-ийн 3 дугаар хуудас),
4. Хохирогч Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны байрны урд зам дээр өөрийн эзэмшлийн **** УНЯ улсын дугаартай Приус 20 маркийн машин дотроо найзыгаа хүлээгээд сууж байтал хажуугаар нэг эмэгтэй хүн явсан. Араас нь *** УБИ улсын дугаартай Приус 30 маркийн автомашин миний урдуур хааж зогсоод дотроос нь нэг залуу гарч ирээд хойд тээшнээсээ дугуйн түлхүүр гаргаж ирээд машины хаалга онгойлгосноо “чи хэн юм бэ” гээд миний хамар руу нэг удаа цохиод хамар хугалчихсан. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй нь чи болиоч ээ гээд тэр залууг дагуулаад машиндаа суугаад явсан. Намайг цохисон залуугийн найз эмэгтэй сайн харсан. Гомдолтой байна, би эмчилгээ хийлгэмээр байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 дугаар хуудас);
Хохирогч Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Намайг машинтайгаа зам дээр явж байхад Бүжинлхам гэдэг эмэгтэй замын хажууд хорооны байрны хажууд зогсож байсан. Би хажуугаар нь өнгөрөөд хорооны байрны хажууд очиж зогсоод найзтайгаа мессеж бичээд машиндаа сууж байсан. Би Ө, Н гэдэг найзуудаа 5 шарын шар байрнуудад хүргэж өгчхөөд тэр хоёр гэр лүүгээ бензиний мөнгө аваад ирье гээд орсон, би хүлээж байсан юм. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 41 дүгээр хуудас);
5. Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө найз залуу М-ийн хамт 5 шарын ** дүгээр байранд байх ахындаа очоод гарсан. Тухайн үед бид хоёр манай аавын *** УНИ улсын дугаартай Приус 30 маркийн машинтай явж байсан. Манай найз залуу зогсоолоос машинаа авахаар яваад, би урд нь гараад ** дугаар хорооны байрны урд явж байсан чинь Приус 20 маркийн автомашин миний араас ирээд хажуугаар гарснаа урд ирээд зогссон. Би чигээрээ алхаад явж байсан чинь араас дахиад дагаж ирээд ард зогссон. Тэр үед манай найз залуу машинаасаа бууж ирээд Приус 20 машины жолоочийн хаалгыг онгойлгоод гараараа нэг удаа жолооч залуугийн нүүр лүү нь цохисон. Тэгэхээр нь би яваад очсон чинь Приус 20 машины жолооч залуу юу ч дуугарахгүй байсан. Тэгээд бид явчихсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16 дугаар хуудас);
6. Гэрч С.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Өлзийбат бид хоёр Гийг гуйгаад машинтай нь эм ханган нийлүүлэхээр явж байгаад Хан-Уул дүүргийн Тавин-Ус гэдэг газраас гуурсаа аваад буцаж Драгон орж унаанд хийж өгч явуулаад гэрт ирэхэд 19 цаг өнгөрч байсан. Манай гэрт ороод байж байсан чинь Г-ийн эхнэр нь яриад хаана байна гэхээр нь би гадуур авч явснаа хэлсэн. Тэр өдөр 5 дахь өдөр байсан болохоор маргааш нь амрах юм чинь хүрээд ир гэж эхнэр нь хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр Г-ийн гэрт очиж байж байгаад орой 23 цаг өнгөрч байхад гэртээ хүргүүлж ирсэн. Өдөржин гадуур явсан юм чинь бензиний мөнгө өгье, байрны гадаа байж байгаарай гэж хэлчхээд дөнгөж гэр лүүгээ ороод байж байсан чинь Г араас цустайгаа холилдоод ороод ирсэн. Юу болсон талаар асуухад Приус 30 шахаж орж ирээд машинаасаа юм гаргаж ирээд цохичихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 45 дугаар хуудас);
7. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 4595 дугаартай: “...Ч.Г-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 18 дугаар хуудас);
8. Шүүгдэгч Э.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 35 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 39 дүгээр хуудас);
9. Шүүгдэгч Э.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 10-ны орой ... Бүжинлхам зам дагаад алхаж байсан бөгөөд би араас нь очиход Приус 20 маркийн машин Бүжинлхамыг дагаад явж байсан. Бүжинлхам айсан царайтай байхаар нь би машинаас буугаад Приус 20 маркийн машин дээр очтол цонх нь онгорхой байсан. Цонхоороо найз охин руу янз бүрийн юм ярьсан юм байх гэж бодоод хаалгыг нь онгойлгоод нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгсэн найз охин Б боль гээд бид хоёр яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ч.Г-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Э.М-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ч.Г-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.М-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.Г нь баримтаар 565,750 төгрөгийг нэхэмжилсэн, мөн цаашид хамрын хагалгаанд орох шаардлагатай гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Э.М-эс 565,750 төгрөгийн нэг сарын дотор гаргуулж, хохирогч Ч.Г-т олгуулах, хохирогч Ч.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.М нь хохирлоо нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг ажлын таван өдрийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан бөгөөд тэрээр энэ хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн байх ба шүүхэд баримтаа гаргаж өгсөн, мөн хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн тул шүүгдэгч Э.М-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...тусгайлан хэлэх саналгүй...” гэв.
Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлуудын харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.М-д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, орлогод нийцүүлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Т овгийн Э.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Э.М-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.М-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА