Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2017/00070

 

 

 

 

                                                МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

            Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс

            Зөрчил гаргагч 1964 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл-1, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 107 тоотод оршин суух, Ологнууд овогт Пүрэвдоржийн Арцсэдийг архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн  авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэсгийн байцаагч цагдаагийн ахмад Д.Буянжаргал, зөрчил гаргагч П.Арцсэд, нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтэндээ: П.Арцсэд байнга архидан согтуурч, нийтийн хэв журам зөрчиж, бусдын амгалан тайван байдал алдагдуулж, орчин тойрондоо түгшүүр төрүүлэн, 2015 онд 2 удаа, 2016 онд 2 удаа тус тус эрүүлжүүлэгдсэн. 2015 онд 1 удаа, 2016 онд 2 удаа Захиргааны хариуцлагын тухай хуулиар торгуулын арга хэмжээ авч байсан бөгөөд дахин архидан согтуурч, нийтийн хэв журам зөрчсөн байх тул архины албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргаж өгнө үү, гэв.

Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Буянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж, эвлэрэн хэлэлцэх боломжгүй. Зөрчил гаргагч П.Арцсэд удаа дараа архидан согтуурч, гэр орондоо архичид цуглуулан, тухайн орчиндоо түгшүүр төрүүлдэг. “Согтуурах мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт”-ээр 2-3 дугаар зэрэгт хамаарагдахаар тогтоогдсон бөгөөд эмч нар албадан эмчилгээнд явуулах шаардлагатай гэж дүгнэсэн. Мөн жижиглэнгээр хулгай хийж, орцонд зохисгүй үйлдлүүдийг хийдэг.

Иймээс зөрчил гаргагчийг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү, гэв.

Зөрчил гаргагч П.Арцсэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Орцонд янз бүрийн үйлдэл гаргадаггүй. Тэр орцонд шээхийг манай орцны сэтгэцийн өвчтэй залуу хийдэг. Би түүнд хэлдэг, битгий шээгээд бай гэж. Архичдыг гэртээ цуглуулдаггүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь

 П.Арцсэд архи ууж, согтуурч архинд донтох өвчтэй болсон, согтуурсан, мансуурсан үедээ өөрийн хийж буй үйлдлээ мэддэггүй, нийгмийн хэв журмыг зөрчин бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, архинаас хамааралтай болсон болох нь согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, хүсэлт гаргагч, зөрчил гаргагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Цагдаагийн хэлтсийн удаа дараа эрүүлжүүлэгдсэн тодорхойлолт, зөрчлийн тэмдэглэл, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул П.Арцсэдийг архины албадан эмчилгээний газарт эмчлүүлэх нь зүйтэй  гэж үзлээ.   

          Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг Захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгүүдэд зааснаар зөрчил гаргагч хөдөлмөрийн чадвартай зэргээс дүгнэхэд, архины албадан эмчилгээнд хамрагдах шаардлагыг хангасан байна.

П.Арцсэдийн талаар эрх бүхий эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан комиссийн Архинд донтох өвчтэй болохыг тогтоосон дүгнэлт, Цагдаагийн хэлтэст Эрүүлжүүлэгдсэн тодорхойлолт, Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг баримтууд нь нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх шаардлагыг хангасан, эргэлзээгүй, үнэн зөв, энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой хамааралтай баримтууд гэж  дүгнэлээ. 

Иргэний  хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дахь зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг Захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх  хэсэгт зааснаар Ологнууд овогт Пүрэвдоржийн Арцсэдийг Төв аймгийн Мааньт  суман дахь албадан эмчилгээний газарт эмчлүүлэхээр тогтоосугай.

    2.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар албадан эмчилгээний хугацааг өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан эмнэлгийн байгууллага тогтоох болохыг дурдсугай.

   3.Согтуурах, мансуурах, донтох өвчтэй этгээдийг Захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар П.Арцсэдийг Төв аймгийн Мааньт суман дахь албадан эмчилгээний газарт хүргүүлэхийг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст  даалгасугай.

   4.П.Арцсэдийг албадан эмчилгээний эхлэх хугацааг түүнийг тус эмнэлэгт  хүлээн  авсан  өдрөөс  эхлэн  тооцсугай.

        5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

    6.Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг Захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэрийг өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Г.АРИУНАА