Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 0633

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд, улсын яллагч Д.Нямбат, насанд хүрээгүй хохирогч Б.Ж, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Д, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш овгийн Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 05816 0524 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ш овгийн Б. Н, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, Хархорин зах дотор гутал засдаг гэх, ам бүл найм, эцэг, эх, хоёр эгч, хоёр дүү, хамтран амьдрагч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны Хангайн ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр “Хас Дөл” хүнсний дэлгүүрийн гадна иргэн Б.Ж-гийн “Luna Band LTE 5708” загварын гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолж дээрэмдэн авч 100,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Ш овгийн Б.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр “Хас Дөл” хүнсний дэлгүүрийн гадна насанд хүрээгүй хохирогч Б.Ж-гийн “Luna Band LTE 5708” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан..” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Н-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Тухайн хэрэг болсон өдөр 11 сарын 08-ны өдөр байсан. Хуучин хамт ажилдаг байсан ах хүүхэдтэй болсон гэхээр нь очоод 0.75 литрийн нэг шил архи хувааж уусан. Гараад Арвайн үндэс гэдэг дэлгүүрээс нэг шил 0.5 литрийн архи, дараа нь дахиад нэг 0.5 литрийн архи авсан. Энэ 2 шил архиа бид хувааж уусан. Тэгээд би такси бариад гэр лүүгээ явах гэхэд гэрээ олохгүй байсан тул таксины жолооч уурлаад намайг буулгасан. Би буугаад алхаж байхад хохирогч болох хүүхэд утсаа бариад явж байсан. Тэгэхээр нь ах нь утсаар нь ярья гээд гуйгаад өгөхгүй байхаар нь булаагаад авсан. Тэгээд эхнэр лүү залгаж ярьсан юм шиг байгаа юм. Би хэдийгээр согтуу байсан боловч утсыг булааж авснаа санаж байна. Би хүч хэрэглэхээр хүн биш болохоор тийм үйлдэл гаргаагүй байх. Нэг мэдэхэд эхнэр дүү хоёроор түшүүлээд орж байснаа санаж байна. Унтаж байхад цагдаа ирээд намайг аваад явсан...” гэсэн мэдүүлэг;

2. Насанд хүрээгүй хохирогч Б.Ж-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Тухайн өдөр 18-19 цагийн үед би “Хас төгөл” дэлгүүрийн хажуугаар өнгөрч байсан. Би гар утсаа гартаа барчихсан, чихэвч сонссон явж байсан. Урдаас шүүгдэгч (цаана нь 4-5 хүн байсан) ирээд миний гарт байсан утсыг булааж авсан. Миний утсыг булаагаад авчихаар нь би айгаад ахынх руугаа гүйсэн. Тэгээд ахыгаа дагуулаад ирэхэд шүүгдэгч байхгүй болсон байсан. Шүүгдэгч над руу “утсаа аваад ир пизда минь” гэж хэлээд булааж авахад нь би айсандаа өөрөө зугтаачихсан юм. Түүнээс биш намайг зодож, цохиогүй. Цаана нь олон хүмүүс байсан, дээрээс нь орой болсон байсан болохоор намайг дээрэмдэх гээд байна гэж бодоод утсаа орхиод зугтаасан. Тухайн үед би ахдаа “намайг заамдсан, хашаа руу шахсан” гээд хэлчихсэн байсан болохоор мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө мөн тэгж хэлсэн юм. Гэхдээ надад худал хэлэх шүүгдэгчийг гүтгэх санаа зорилго байгаагүй...“ гэсэн мэдүүлэг;

3. Насанд хүрээгүй хохирогч Б.Ж-гийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр бусдад дээрэмдүүлсэн тухай цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл (хх-ийн 7 дугаар хуудас);

4. Шүүгдэгч Б.Н-аас гар утас болон бусад эд зүйлсийг хураан авч, хохирогч Б.Ж-д хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 10-11 хуудас), шүүгдэгч Б.Нын цагдаагийн байгууллагад гаргасан: “...дээрэм хийж хүний гар утсыг авсан байна, өөрийн хийсэн үйлдэлд гэмшиж байна...” гэсэн гар бичмэл (хх-ийн 15 дугаар хуудас), хохирогч Б.Ж нь гэмт хэрэг үйлдэгдэх үед: “16 нас 18 хоногтой байсан” тухай нас тоолсон тэмдэглэл (хх-ийн 19 дүгээр хуудас);

5. Гэрч Т.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Нтай 2016 оноос хойш xамт амьдарч байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн үед залгахад хүүхэд төрсөн, Х ахын гэрт байна гэж ярьсан. 17 цагийн үед ярихдаа архи уусан байдалтай удахгүй очно гэсэн. Дахиад 18 цаг өнгөрч байхад залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд яасан юм бол гээд өөдөөс нь гартал “Хас дөл” хүнсний дэлгүүр өнгөрөөд алхаад явж байсан. Тэгэхээр нь нөхрөө сугадаж гэртээ ороод хувцсыг нь тайлаад өмд, куртикний халаасанд юу байгааг үзтэл өмдний халаасанд нь таньж мэдэхгүй утас байсан. Тэгээд ширээн дээр тавьчхаад унтсан ба удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26 дугаар хуудас);

6. Гэрч Н.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хүүхэдтэй болсон, манайхаар нэг хүрээд ирэх үү гэж Н, Б, Д нартай утсаар ярихад гэрт ирсэн. Тэгээд бид хоол унд идэж байгаад би нэг шил архи задлаад бүгд уусан. Дахиж архи авах уу гэхэд тэд хүүхэд эргэж ирсэн болохоос архи уух гэж ирээгүй гээд гараад явцгаасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28 дугаар хуудас);

7. Гэрч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х-гийн гэрээс бид 3 гараад дэлгүүрээс хоёр шил архи аваад гудамжинд хувааж уугаад би нэлээн согтоод байхаар нь такси бариад гэртээ харьсан...бид 3 маш их согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30 дугаар хуудас);

8. Гэрч Г.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х-ийн гэрээс гараад Б, Н бид 3 гудамжинд нэг шил авч хувааж уугаад дуусахад хэн нь авсныг мэдэхгүй дахиж нэг шил архи авсан байсныг мөн хувааж уусан. Н нэлээн согтоод нүд нь сонин болсон байсан. Н, Б хоёр зүгээр эгчээ гэж хэлээд явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32 дугаар хуудас);

9. Гэрч Т.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдөр би жижүүрийн бүрэлдэхүүнд орж ажилласан. 19 цагийн үед гар утсаа дээрэмдүүлсэн гэсэн утгатай дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт очоод хохирогч нь насанд хүрээгүй хүүхэд байсан. Юу болсон талаар асуухад үл таних эрэгтэй хүн гар утас дээрэмдээд Хас дөл дэлгүүр лүү орсон гэхээр нь би дэлгүүр дотор орсон. Хохирогчийн дүрсэлсний дагуу ийм хүн орж ирсэн талаар худалдагчаас асуухад манай дэлгүүрээр байнга орж ирдэг хүн гэж хэлээд гэрийг нь зааж өгсөн. Ингээд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны Хангайн ** тоотод очоод тэр залууг аавынх нь хамт цагдаагийн хэлтэст авчирсан ... шалгасан мөрдөгч нь биед нь үзлэг хийсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34 дүгээр хуудас);

10. Гэрч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сард Хархорин зах руу гутлаа засуулах санаатай явж байхад манай хүү ааваа энэ нөгөө миний утсыг авсан хүн байна гээд заахаар нь хартал нэг залуу гутал засдаг байдалтай байсан. Тэгээд нөгөө залуу бид хоёрыг таньсан бололтой мэндлэхээр нь цагдаагийн асуудлаа юу болгосон бэ гэхэд одоо хүртэл байж л байгаа гэж хэлсэн. Тэнд таарахдаа миний хүү Б.Ж нь намайг дээрэмдээгүй, утсаа өгч байгаач гэхээр нь би утсаа өгөөд яриулсан гэж огт хэлээгүй. Миний хажууд тийм яриа өгүүлэл болоогүй...эхнэр Д гар утсаа буцааж авсан тул гомдол саналгүй гэж бичиг хийж өгсөн. Түүнээс биш бага насны хүүхдэд халдаад гар утсыг нь дээрэмдэж авсан хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх нь зөв гэж бодож байна...” гэсэн  мэдүүлэг (хх-ийн 67 дугаар хуудас);,

11. “**” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний талаарх: “дээрэмдүүлсэн гар утсыг 100,000 төгрөгөөр үнэллээ” гэсэн тайлан (хх-ийн 37-38 дугаар хуудас), шүүгдэгч Б.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 56 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг хуудас (хх-ийн 41 дүгээр хуудас);

12. Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Х-ийн гэрт очоод бага хэмжээгээр архи уугаад Б, Д эгч бид гурав гарч яваад Арвай үндэс дэлгүүрээс нэг шил архи аваад гудамжинд хувааж уусан. Дараа дахиж нэг шилийг нэмж уугаад Б, Д хоёроос салаад такси бариад гэртээ харьсан байсан. Маргааш нь эхнэр Э, дүү С нар намайг Хас дөл дэлгүүрийн гаднаас түшээд гэрт оруулсан гэж хэлсэн...гадаа цагдаа нар ирсэн байна гээд эхнэр намайг цохиод сэрээхээр нь юу болсон бэ гэхэд чиний халаасанд танихгүй утас байсан, чи хэний утсыг авсан юм бэ гэсэн. Би архи их уусан болохоор сайн санахгүй байна гэдгээ эхнэртээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 61-62 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Дээрэмдэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, довтолсноор гэмт хэргийн шинж хангагддаг хэрэг. Нын хувьд тухай хэргийг үйлдэхдээ согтуу, өөрийн үйлдэл, эс үйлдэхүй, түүнээс үүсэх хор уршиг, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах чадваргүй байсан гэж үзэж байна. Н нь хохирогчийн эсрэг хүч хэрэглэж, зодож цохисон үйлдэл гаргаагүй. Өөрийнх нь утасны цэнэг дууссан байсан тул эхнэр лүүгээ залгаж, гэр лүүгээ орох үүднээс хохирогчийн утсаар ярьсан. Мэдээж согтуу хүн ямар нэг байдлаар авир гаргах зүйл байдаг. Гэхдээ хохирогч болсон явдлын талаар өөрөө сая мэдүүллээ. Хохирогчийн хувьд хэрэг гарах үед насанд хүрээгүй 16 нас 18 хоногтой байсан тул тухайн үедээ олон хүмүүсээс айж сандраад гарах хор уршгийг ойлгоогүй байхдаа мэдүүлэг өгсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Хохирогчид эд зүйлийг буцаагаад өгсөн, хохирол барагдсан, нийгмийн аюулын хувьд ялимгүй гэмт хэрэг гэж үзэж байгаа. Нын эхнэр нь одоо 7 сартай жирэмсэн, эхнэртэйгээ хоёулаа амьдардаг. Мөн эхнэр нь 2018 онд зулбалт өгч байсан хүндрэлтэй жирэмсэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзнэ үү... гэв.

Улсын яллагч гэм буруугийн талаарх нэмэлт дүгнэлтдээ: “...насанд хүрээгүй хохирогч шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээсээ зөрүүтэй мэдүүлэг өглөө. Булаалт, дээрэм гэдэг хоёр нь өөр ойлголт гэдгийг мэдээгүй талаар мөн хэлж байна. Нэгэнт хохирогч өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцоод мэдүүлэг өгч байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэлэх нь зүйтэй, өмгөөлөгчийн саналыг няцаах үндэслэл алга...” гэв.

Шүүгдэгч Б.Н-ын шүүх хуралдаанд өгсөн “...Би хохирогчийн гар утсыг ... булаагаад авсан. Би хэдийгээр согтуу байсан боловч үүнийг санаж байна. Би ер нь хүнд  хүч хэрэглэхээр хүн биш болохоор тийм үйлдэл гаргаагүй байх...” гэсэн мэдүүлэг нь насанд хүрээгүй хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн “...шүүгдэгч над руу “утсаа аваад ир пизда минь” гэж хэлээд булааж авахад нь би айсандаа зугтаачихсан юм. Түүнээс биш намайг зодож, цохиогүй. Цаана нь олон хүмүүс байсан, дээрээс нь орой болсон байсан болохоор намайг дээрэмдэх гээд байна гэж бодоод утсаа орхиод зугтаасан...” гэсэн мэдүүлгээр батлагдаж байна.

Насанд хүрээгүй хохирогч Б.Ж нь мөрдөн шалгах ажиллагаанд “...төрсөн ах С-ын гэрт очихоор “Хас Дөл” нэртэй хүнсний дэлгүүрийн хажуугаар алхаад явж байхад өөдөөс алхаж явсан ах шууд ирээд хоёулаа үзэх үү, алив утсаа гаргаад ир, ална шүү чамайг гэж хэлээд заамдаад хашаа руу түлхээд миний куртикэнд байсан Луна маркийн гар утсыг чихэвчийг нь салгаж аваад явсан. Миний биед гэмтэл учраагүй, хоёр гараараа миний куртикнээс заамдсан...” хэмээн (хх-ийн 20, 22 дугаар хуудас) мэдүүлж байсныг үндэслэн прокурор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүч хэрэглэсэн дээрмээр зүйлчилжээ.

Харин насанд хүрээгүй хохирогч Б.Ж нь шүүх хуралдаанд “...Тухайн үед би ахдаа “намайг заамдсан, хашаа руу шахсан” гээд хэлчихсэн байсан болохоор мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө мөн тэгж хэлсэн юм. Гэхдээ надад худал хэлэх шүүгдэгчийг гүтгэх санаа зорилго байгаагүй...“ гэж мэдүүлснийг үндэслэн прокурорын зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас дээрмийн эд зүйл болох “Luna Band LTE 5708” загварын  гар утсыг 100,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 100,000 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч Б.Н-ын үйлдэл нь үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч явсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Н-ыг “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Н нь хохирогчид гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Д-т замын зардал болон сэтгэл санааны хохиролд нийт 300,000 төгрөгийг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих саналтай байна. Шүүгдэгчийг баривчилсан болон цагдан хорьсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н-ын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг тохиолдлын шинжтэй үйлдлийн улмаас үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг богино хугацаанд хязгаарлах үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэв.

Шүүхийн мэтгэлцээнд шүүгдэгчийн өмгөөлөгч зүйлчлэл хөнгөрүүлэх байр суурьтай мэтгэлцэж оролцсон боловч шүүх шүүгдэгчийн мэдүүлэг, түүний өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн тул шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгчийг гэмт хэргийн зүйлчлэл буюу гэм буруугийн талаар маргасанд тооцохгүйг дурдах нь зүйн хэрэг.

Шүүгдэгч Б.Н нь хорих ялын доод хэмжээг зургаан сар, дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг харгалзан шүүх өмгөөлөгчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан түүнд мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ хэмээн дүгнэв.

Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь эрүүгийн хариуцлагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангахад ач холбогдолтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Н-т шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг тогтоолоор сануулав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 1.2 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Н-т холбогдох эрүүгийн 1908 05816 0524 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Ш овгийн Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Б.Н-т мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4.Шүүгдэгч Б.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

5.Шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, харин тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Нт сануулсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Н-т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.БАТАА