Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 0634

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш, улсын яллагч Г.Яндаг, шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О овгийн М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00045 0760 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О овгийн М.Э, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сум, ** дүгээр баг, Зангиат *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч М.Э нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох иргэн Ч.С-ын Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Баянцагаан ** тоотоос *** гэсэн данс руу андуурч шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч О овгийн М.Э нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Сүмбэр суманд байхдаа төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох хохирогч Ч.С-оос **** гэсэн данс руу андуурч шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж ашиглан шамшигдуулсан буюу завшсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч М.Э-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруу, зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. Өөрт холбогдох хэргийг энэ шүүхээр шийдвэрлүүлэхэд татгалзахгүй. Намайг Дорнод аймгийн Сүмбэр суманд ажиллаж байхад 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр миний Хаан банк дахь ****тоот дансанд 1,000,000 төгрөг орж ирснийг би тухайн үед нь өөрийн дураар захиран зарцуулсан. Би хадлангийн мөнгө ороод ирэхээр өгчихнө гэж бодоод хүний мөнгө үрэгдүүлсэн гэм буруугаа ойлгож байгаа...” гэсэн мэдүүлэг;

2. Хаан банкны **** тоот дансны хуулга, банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 10-12 дугаар хуудас), М.Э-ын Хаан банкны 5421012138 тоот дансны хуулга (хх-ийн 14-16 дугаар хуудас),

3. Хохирогч Ч.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянцагааны ** тоотод үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ны гүйцэтгэх захирлын ажил хийдэг байсан ба тухайн өдөр машины түрээс болох 1,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны **** дугаарын данснаас *** гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд байж байтал машины эзэн над руу залгаад мөнгө ороогүй байна гэхээр нь дансны хуулгаа шалгаад үзэхэд данс андуураад хийсэн байсан…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-23 дугаар хуудас);

4. Гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...М-гийн Э гэх хүн нь намайг Г гэх хүнд машинаа зарж байхад ирж Г-т машиныг нь барьж өгч байсан хүн байна. Би уг хүнийг ажиллуулаагүй учир цалин хөлс өгөөгүй. Би Э-т “2 cap сайн ажилласанд баярлалаа, тэгж байгаад хувиараа хэдэн төгрөг шилжүүлнэ ээ” гэж утсаар ярьж байсан. Түүнээс биш цалин хөлс өгөх талаар ярьж байгаагүй, би цалин хөлс өгч байгаагүй. Мөн мөнгө шилжүүлээгүй, мөнгө шилжүүллээ гэж ярьж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35 дугаар хуудас);

5. Шүүгдэгч М.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 56 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 61 дүгээр хуудас),

6. Шүүгдэгч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...*** дугаарын данс нь миний эзэмшлийн данс байгаа юм. Уг дансыг би ганцаараа ашигладаг. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр миний **** дугаарын данс руу 1,000,000 төгрөгийн орлого орж ирсэн. Ямар учиртайг нь мэдэхгүй, гэхдээ би уг мөнгийг аваад хэрэглэчихсэн. Тэгээд андуураад хийчихсэн мөнгө гэдгийг мэдчихээд мөнгөтэй болохоороо өгье гэж бодоод цагдаа дээр ирэхгүй байгаад байсан. Тухайн үед манай эхнэр ажилгүй байсан тул надад мөнгөний хэрэг их байсан. Би өвсөө зараад мөнгийг нь буцаагаад шилжүүлчихье гэж бодсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 47, 49-50 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгч М.Э-ыг Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянцагааны ** тоотод гэмт хэрэг үйлдсэн мэтээр тусгасан байсан боловч шүүх хуралдааны явцад гэмт хэрэг Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн болох нь мэдэгдсэн бөгөөд шүүх талуудын саналыг харгалзан хэргийн бодит байдлыг тогтооход нөлөөлөхгүй гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлж, энэ хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Залилах гэмт хэргийн хувьд хохирогчийн шилжүүлсэн үйлдлээр төгсдөг онцлогтой бол энэ гэмт хэргийн хувьд бусдын гээсэн болон андуурч илгээсэн эд зүйл, мөнгө, хөрөнгийг олж авснаар төгсдөг тул хохирогч дэлхийн хаанаас ч алдаатай гүйлгээ хийсэн гэмт этгээд хаана олж авсныг харгалзан Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг тогтооно.

Хэргийн харьяаллыг зөрчсөний улмаас нэг талаас оролцогчийн эрх зөрчигддөг, нөгөө талаас төрийн үйлчилгээнд зохиомол чирэгдэл бий болдог тул цаашид прокурорын хяналтын хүрээнд гэмт хэрэг хаана эхэлж, хаана төгссөн болохыг зөв тодорхойлоход онцгой анхаарч, хуулиар тогтоосон мөрдөн шалгах, прокурорын хяналтын харьяаллыг зөрчихгүй байхыг үүгээр сануулъя.

Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэдэгт төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг олж авсан этгээд өөрийнх нь биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч М.Эын үйлдэл нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Гэмт хэргийн улмаас биет байдлаар 1,000,000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээ болох 300,000 төгрөгөөс дээш байх тул “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгч М.Э-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр алдаатай гүйлгээг завшсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч М.Э нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.Э-ыг алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завшиж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Э нь хохирогч Ч.С-д хохирлын 1,000,000 төгрөгийг бүрэн төлсөн талаарх баримтыг шүүхийн шатанд гаргаж өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч М.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...тусгайлан хэлэх зүйлгүй...” гэв.

Иймд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, хуульд заасан үндсэн хугацаа болох гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд шүүгдэгчийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О овгийн М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааралдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завшиж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-т оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Э-т сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Э-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                              Б.БАТАА