Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 53

 

                                                        

 

 

 

 

 

                                                       

Б.Х, Б.У, Б.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Солонго,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Доржбат,

шүүгдэгч Б.Х, Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч С.Батдэлгэр,

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч А.Ганзориг,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 714 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Б, Б.Х, тэдгээрийн өмгөөлөгч С.Батдэлгэр, шүүгдэгч Б.У нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Х, Б.У, Б.Б нарт холбогдох эрүүгийн 201625013558 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Эзэн овогт Батхуягийн У, 1986 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 8, эх, эгч, 6 дүүгийн хамт тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЦД86071118/,

2. Гоё овогт Буянтогтохын Б, 1987 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 355 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД:ТГ87011310/,

3. Төмөрчин овогт Балжиннямын Х, 1986 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, /РД: НБ86070810/,

Б.У, Б.Б, Б.Х нар нь бүлэглэж согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын автомашины зогсоол дээр Б.Быг зодож, “гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа” бүхий гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.У, Б.Б, Б.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эзэн овогт Батхуягийн У, Гоё овогт Буянтогтохын Б, Төмөрчин овогт Балжиннямын Х нарыг бүлэглэн хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар Б.Уыг 14 жилийн хугацаагаар хорих ял, Б.Х, Б.Б нарыг тус бүр 12 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ут оногдуулсан хорих ялыг хаалттай, Б.Х, Б.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.У, Б.Х, Б.Б нарын урьд цагдан хоригдсон 396 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.У, Б.Х, Б.Б нараас нийт 2.310.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Доржбатад олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хэрэгт авагдсан материалаар 3-4 хүн холбогдож гэмт хэргийн эх үүсвэрийг тавьсан. Ө.Цолмон гэрчээр татагдсанаас үзэхэд гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг тал бүрээс нь нягтлан шинжилж тогтоогоогүй нь харагддаг. Миний бие талийгаачийг өмнө нь таньдаггүй байсан. Зодооныг салгах явцад амь хохирогчийг хоёр удаа зөөлөн цохисон үйлдэлдээ 12 жилийн хорих ял авчихаад байхад хэргийг анх үүсгэж талийгаачтай заамдалцаад зогсож байсан Ө.Цолмонгийн камерын бичлэг байхгүй. Миний бие Уыг буцаж очоод зодоон хийсэн гэдгийг мэдээгүй байсан. Би хамгийн сүүлд очиход зодоон болчихсон байсан. Би очоод “юу болоод байна” гэхэд талийгаач “чи муу баас яах гээд байгаа юм” гээд намайг заамдаад авсан. Тэгтэл Х бид хоёрыг салгасан. Талийгаач бид хоёр тэр үед нэг нэгийгээ цохиогүй заамдалцаад салсан. Тэгтэл эхнэр нь гарч ирээд илгэн алчуураар миний нүүр лүү ороолгосон. Би талийгаачийн эхнэрт “чи буруугаар ойлгоод байна. Би танай нөхрийг зодоогүй салгах гэж байна” гэж хэлээд “намайг цохихоо боль” гэж хэлээд хэд хэдэн удаа гуйсан боловч улам нүүр лүү ороолгоод зогсохгүй байсан болохоор би аргагүй эрхэнд татаж унагасан. Тэгээд талийгаач дээр очоод “чамаас болоод эхнэр чинь эвгүй байдалд ороод байна. Одоо боль” гээд араас нь зөөлөн цохисон. Тэгтэл талийгаач намайг элдэвээр харааж зүхээд байхаар нь би эргэж очоод гар далайсан боловч цохиогүй. Бидэнтэй зодоон хийснээс хойш талгийгаач зүгээр ажлаа хийж байгаад тархиараа савж ухаан алдаж татаж унасан. Үүний дараа бие нь муудаж эхнэр нь гэрлүүгээ явуулсан зэргийг эхнэр нь гэрчилсэн. Талийгаач нь дандаа татаж унадгийг ч гэсэн гэрчилсэн байдаг. Аль ч талаас нь харж үзвэл талийгаачийн тархинд үүссэн гэмтэл магадгүй ухаан алдаж унах үед ч авсан байх магадлал өндөр байгаа.

Иймд бид нарын зодоон хийсэн цагтай таарахгүй байна. Магадгүй талийгаач өглөө эрт ямар нэг байдлаар үхэлд хүрэх шарахыг олсон байх магадлалтай тул хийсэн үйлдэлд минь тохирсон хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.Х гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие зодоон болох үед цуг явж байсан нь үнэн. Зодооныг би салгаад явж байсан. Үүнийг камерын бичлэгээс харж болно. Зодоон дууссаны дараа би талийгаачийг “салгаж өгөөд байхад аятайхан явж болдоггүй юм уу” гээд би нүүр лүү нь ганцхан удаа түлхсэн. Өөр цохисон зүйл байхгүй байхад намайг хам хэрэгт татаж ял оногдуулсанд гомдолтой байна. Анхан шатны шүүх камерын бичлэгийг нарийн үзээгүй, мөн гэрч нарыг шүүх хуралд оролцуулаагүй болохоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн гэрч Цолмонбаярын мэдүүлэгт намайг цохисон гэж гүтгэсэн. Гэтэл анх энэ зодооныг эхлүүлсэн хүн нь Цолмонбаяр юм. Цоомоо талийгаач хоёрын муудалцаж байгаа бичлэгийг үзмээр байна. Энэ хоёр бид гуравыг ирэхээс өмнө талийгаачийг Цоомоо заамдаад зогсож байсан бичлэгийг мөн үзмээр байна. Б.Уранчимэгийн мэдүүлэгт хохирогч Цоомоо хоёр хоорондоо муудалцсан мэдүүлэг өгсөн. Мөн хохирогчийн эхнэрийн мэдүүлэг Б.Мөнхзул нь манай “нөхөр байнга татдаг” гэж мэдүүлсэн байсан. Тэр өдөр зодоон болсны дараа манай нөхөр дагзаараа газар ойчиж татаж унасан гэсэн мэдүүлэг. Талийгаач өөрөө унаж тархи толгойны гэмтэл авсан байх магадлалтай. Зодооны дараа татаж унасан бичлэгийг үзмээр байна. Миний хувьд зодооныг салгасан болохоос цохисон зүйл байхгүй. Камерын бичлэгээр хэргээ үнэн зөв шийдүүлмээр байна...” гэжээ.

Шүүгдэгч Б.У гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ яллах талыг баримталсан. Учир нь миний болон бусад шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэжээ. Бидний гэм буруутай үйлдлээс болж хүний амь нас хохирсон байж болох ч бид санаатайгаар хутга мэс болон зэвсгийн чанартай зүйл хэрэглэн гэмт хэрэг санаатай үйлдээгүй. Миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдлийг үнэн зөвөөр мэдүүлсэн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нь энэрэнгүй зарчмын үүднээс авч үзвэл ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдох үндэслэлтэй гэж үзэж байна. Ял хүндрүүлэх нөхцөл байдал нь хийсэн хэрэгтээ гэмшээгүй, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй болно. ...Би нэгэнт талийгаачтай тухайн үед зодолдсон боловч түүний амь насыг бүрэлгэх хэмжээнд хүртэл зодсон гэдэгтээ одоо хүртэл итгэхгүй байна. Биднийг зодолдсноос хойш 10 гаруй цагийн дараа талийгаач нас барсан байдаг. Хохирогч Б.Б өмнө нь байнга татаж унадаг, тэр өдөр тархиараа савж унасныг эхнэр, хүүхэд нь гэрчилсэн байдаг. Тэгэхээр талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл хэдийд ч үүссэн байх боломжтой. Нэгэнт хүний амь нас, мөн хэд хэдэн хүний амьдрал, олон жил ял шийтгэж байгаа учир сайтар хянаж үзэх ёстой ба мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн гэж үзэж байна. Мөн насанд хүрээгүй гэрч М.Батбаатар “...анх 4 ах ирээд нэг ах аавыг цохиж бусад нь хажуугаас нь орж зодсон...” гэж мэдүүлсэн байхад хэргийг анх үүсгэж зодоон эхлүүлсэн О.Цолмонг гэрч болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байх тул энэ бүхийг сайтар шалгаж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх зүйл алга давж заалдах гомдлоо дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч Б.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэрч Цолмонбаяр намайг цохисон гэдгийн шалгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...зодоон болсон болон талийгаач нас барсан цагийн зөрүүг тодруулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Х, Б.Б нарын өмгөөлөгч С.Батдэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс уг хэргийг хянан шийдвэрлэхдээ ...Б.У, Б.Б, Б.Х нар нь бүлэглэж согтуугаар ...Б.Быг зодож “гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа" бүхий гэмтэл учруулж хүнийг алсан болох нь тогтоогдож байна гэж үзэж гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн.

Гэтэл уг хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтээр талийгаач нь “гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа” гэсэн гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон. Гэхдээ уг гэмтэл нь унаснаас үүсч болно, мөн цохилтоос ч үүсч болно гэж үзсэн бөгөөд яг юунаас болж уг гэмтэл үүссэн бэ гэдгийг салгаж тогтоож чадаагүй. Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “...цусан бүлэн нь 6-12, 12-18 цаг болсон бүлэн байна” гэж дүгнэсэн. Энэ талаар шинжээч эмч М.Энхбаяраас тодруулж асуухад “...Үхэлд хүргэсэн цусан бүлэн нь анх үүссэнээсээ хойш 18 цаг болсон гэж үзэх боломжтой байна. Анх үүсэж эхэлсэн цаг нь нас барахаас 18 цагийн өмнө үүссэн байна” гэж маш тодорхой тайлбарласан. Ингээд талийгаачийг нас барснаас 18 цагийн өмнө анхны цусан бүлэн буюу анхны гэмтлийг тархиндаа авсан байна гэж үзвэл Б.У, Б.Б, Б.Х нарын талийгаачтай зодоон цохион хийсэн цаг хугацаатай зөрж байгаа болно. Ингэснээрээ өмнө гаргасан шинжээчийн 914 дугаартай дүгнэлтийн “уг гэмтэл унаснаас үүсэх боломжтой, мөн цохилтоос үүсэх боломжтой гэсэн” хоёрдмол утга санааг нэг утгаар нь авч үзэх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь тухайн өдрийн зодоон цохион болохоос даруй 5-6 цагийн өмнө үүссэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Гэтэл шүүх энэ талаар дүгнэлт хийлгүй Б.У, Б.Б, Б.Х нар нь хүнийг алсан болох нь тогтоогдож байна гэж үзэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

Мөн шүүх шүүгдэгч Б.Б, Б.Х нар нь талийгаач Б.Быг шүүгдэгч Б.У зодох явцад тухайн зодоон маргааныг салгах, болиулахын оронд шүүгдэгч Б.Утай хамтран талийгаач Б.Быг зодох цохих зэргээр эрх чөлөөнд нь халдсан” гэж үзсэн. Гэтэл Б.Хаш-Эрдэнийн тухайд уг зодооныг байнга салгаж байсан болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дүгнэлтээр тоггоогддог бөгөөд хамгийн сүүлд Б.Х нь талийгаачийг зүүн хацар луу нь нэг удаа алгадсан байдаг. Үүнийгээ Б.Х нь “Би чамайг түрүүнээс хойш өмөөрөөд салгаад байхад цаашаа явалдаа” гээд нэг удаа хацар лүү нь алгадсан гэж тайлбарладаг. Иймд Б.Хаш-Эрдэнийг бүлэглэн бусдын амь насыг хохироосон гэж үзэх боломжгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр Б.Б, Б.Х нарын үйлдлийн улмаас талийгаач нас барсан гэдэг нь тогтоогдохгүй, үгүйсгэгдэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийн хувьд Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаа. Өөрөөр хэлбэл тодорхой хугацаанд 18 цагийн үед болсон байгаа. Гэтэл шөнийн 03 цагийн үед амь насан нь хохирсон байна. Энэ хоорондын цаг хугацааны асуудлыг Шүүх эмнэлгийн шинжээч эмчээс асуусан асуулт байдаггүй. “Тухайн үед үүссэн гэмтэл нь амь насыг нь аврах боломжтой байсан эсэх” асуудал байхгүй. Тухайн үед үүссэн гэмтэл нь амь насанд нь аюултай байж уу, үгүй юу, эмнэлгийн тусламж үзүүлэхгүйгээр амь нас нь хохирсон юм уу гэсэн эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурор шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасан. Үүнд эргэлзээтэй байна. Нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Б.Уын үйлдэл бол тодорхой, тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах хүсэлттэй байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Доржбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй гарсан тул дэмжиж байна...” гэв.

Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг сонсож танилцлаа. Шүүгдэгч нарын давж заалдах гомдолд дурдсанаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Х, Б.У, Б.Б нар нь бүлэглэн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотолбол зохих нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт шалгавал зохих ажиллагааг шалгаж тогтоосон гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс тэдний гэм бурууд тохирсон ял оногдуулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзэж байгаа тул шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.У, Б.Б, Б.Х нарыг бүлэглэж согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын автомашины зогсоол дээр Б.Быг зодож, “гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа” бүхий гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэрэгт буруутгаж тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Б.Х нар нь талийгаач Б.Быг шүүгдэгч Б.У зодох явцад үйлдлээрээ бүлэглэж буюу тухайн зодоон маргааныг салгах, болиулахын оронд шүүгдэгч Б.Утай хамтран талийгаач Б.Быг зодох, цохих зэргээр түүний эрх чөлөөнд нь халдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Б.У, Б.Б, Б.Х нарыг бүлэглэн бусдын амь насыг хохироосон, Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзвэл:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхзулын “...Тэгээд зах дээр машин угааж байгаад татаад унасан ба босч ирээд “бие сонин болоод байна” гээд 15-16 цагийн үед надад “би ер нь явлаа” гээд байхаар нь би 5.000 төгрөг өгөөд нөхрөө явуулсан. ...3 жилийн өмнө хүнд толгой руугаа тоосгоор цохиулснаас болоод тэрнээс хойш татаж унадаг, толгой нь байнга өвддөг болсон. ...архи өгөхгүй болохоор саваад татаад уначихдаг, сард 2-3 удаа татаж унадаг байсан архи өгчихөөр татах нь зүгээр болчихдог...” /1-р хх-ийн 36-37/,  “...тэгээд манай нөхөр нөгөө машинаа угаах гэж байснаа “миний бие сонин болоод байна” гэж хэлээд арагшаа толгойгоороо газар савж унаад хэсэг татаж байгаад гайгүй болоод босоод сууснаа “миний бие ер нь сонин болоод байна, яах вэ” гэхээр нь “би сая угаасан машинаасаа 5.000 төгрөг авчихлаа, чи буудалдаа очоод байж бай” гэж хэлээд “би араас чинь нэг машин угаачихаад очьё” гэж хэлээд 5.000 төгрөг өгөөд явуулсан. ...толгой нь өвдөөд байнга татаж унадаг, орой болохоор архи жаахан уухгүй бол татаж унаад байдаг юм. 3-4 хоногт нэг удаа байнга татдаг. ...архи уухгүй бол ухаан алдаад уначихдаг байсан...” /1-р хх-ийн 38-39/, “...зодоон болоод 10-20 минутын дараа талийгаач бид хоёр машин угааж байхад талийгаач “миний толгой өвдөөд, эргээд байна, би жоохон сууя” гэхээр нь би “тэг тэг би машинаа угаагаад дуусгая” гэж хэлсэн. Тэгэхэд талийгаач хажууд байсан цагаан өнгийн “Toyota Fit” загварын машины баруун талынх нь хойд хаалгыг налж сууж байгаад хаалгыг толгойныхоо ар хэсгээр аяаархан мөргөөд зүүн тал руугаа налаад уначихаар нь би очоод “чи яаж байна” гэхэд 1-2 минут орчим болоод “бие сонин болоод байна” гээд босоод ирсэн. Тэгж байж байгаад “би буудал руугаа явлаа” гээд яваад өгсөн юм. ...Ерөөсөө эмчид үзүүлж байгаагүй, байнга татаж унаад байдаггүй байсан. 2-3 сар болоод нэг татаж унадаг байсан. Зодуулахаасаа өмнө татаж унаагүй байсан...” /2-р хх-ийн 154-155/,

насанд хүрээгүй гэрч М.Батбаатарын “...тэгээд нөгөө дөрвөн хүн хэрэлдэж байгаад яваад өгсөн. Тэгээд аав босч ирээд машин угаагаад байж байгаад татаж унасан. Тэгээд хэсэг байж байгаад босоод ирсэн. Тэгээд ээж “чи явж бай” гэж хэлээд нэг машин угаасан 5.000 төгрөгөө өгөөд аавыг 16 цагийн орчим явуулсан...” /1-р хх-ийн 43-44/, “...Тэгтэл аав машин налж сууж байгаад хойшоогоо машин цохиж хажуу тийшээгээ татаж унасан. Тэгэхээр нь ээж бид хоёр татаж босгосон. Тэгээд аав “буудал руу харьлаа” гээд яваад өгсөн. ...аав машин налж сууж байгаад хойд талаараа машин мөргөөд хажуу талаараа газар унасан. ...архиа тааруулж уугаад байвал татаж унадаггүй юм. Барагтай бол татаж унаад байдаггүй юм...” /2-р хх-ийн 156/,

  гэрч Д.Бузмаагийн “...эмнэлгээр явж үзүүлээд байдаг байсан. Зарим үед унаж татдаг...” /1-р хх-ийн 47-48/,

гэрч О.Цэдэвдоржийн “...архи бол байнга хэрэглэдэг. Архи уухгүй бол татаж унадаг юм...” /1-р хх-ийн 49-50/,

гэрч Б.Уранчимэгийн “...миний мэдэхээр гурван жилийн өмнөөс татаж унадаг болсон. Өглөө зах дээр ирчихээд л “татах гээд байна” гэж хэлээд архи олж уудаг байсан. Татахаараа хамаг бие нь хөшөөд уначихдаг юм байна лээ. Би нэг их харж байгаагүй...” /1-р хх-ийн 52/,

гэрч Б.Батчулууны “...2016 онд Нарантуул зах дээр явж байгаад татаж унасан. Тэгээд 4-5 минут болоод босоод ирсэн. Яагаад татаж унадаг болсныг нь мэдээгүй...” /2-р хх-ийн 157-158/,

шинжээч эмч Г.Энхбаатарын “...уг гэмтэл нь унах үед ч үүсч болно. Уналтаас болон цохилтоос үүссэн гэдгийг ялгах боломжгүй...” /1-р хх-ийн 111/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 196 дугаартай дүгнэлт “урд гаргасан шүүх эмнэлгийн 1868 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Чамархайн хатуу хальсан доорх цусан хураа гэмтлийн улмаас нас барсан байх бөгөөд дээрх гэмтэл Б.Х, Б.У, Б.Б нарын цохилтуудын аль цохилтоос үүссэнийг ялгаж тогтоох боломжгүй. Дээрх гавал тархины гэмтэл нь унах үед үүсэх боломжтой. Талийгаачид гавлын ясны хугарал үүсээгүй, тархины эдийн няцрал үүсээгүй байх тул хүч үйлчилсэн цэгийг нарийвчлан тогтоох боломжгүй байх боловч задлан шинжилгээний тэмдэглэлд баруун чихний дэлбэнгийн ард 1.5х0.2 см зах ирмэг тэгш биш язарсан шархтай ...баруун чарамхайн булчинд 2х2 см хүрэн улаан цус хуралттай гэсэн байх тул уг гэмтлийг учруулсан хүч нь толгойн баруун хэсэгт үйлчилсэн байх боломжтой байна. Уг гэмтэл нь унах үед учирсан бол толгойн баруун хэсгээр савж унахад үүссэн байх боломжтой. Дээрх гавал тархины гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд нас барахаас 14-16 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна...” /2-р хх-ийн 9-10/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж үзвэл амь хохирогч Б.Бод учирсан гавал тархины битүү гэмтэл нь шүүгдэгч Б.Х, Б.Б, Б.У нарын буруутай үйлдлийн улмаас, эсхүл татаж унахад үүссэн зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдал байхад анхан шатны шүүх огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заажээ.

Гэтэл амь хохирогч Б.Б бусдад зодуулсны дараа хэрхэн, яаж татаж унасан, үүний улмаас түүнд  “гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа” бүхий гэмтэл учруулаагүй болохыг нотлосон баримт хэрэгт алга.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан багаж хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, урд өмнө нь заналхийлэл байсан эсэх, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн болон гэмт үйлдлийн дараах гэмт этгээдийн зан үйл зэрэг объектив, субъектив шинжүүд хамаардаг.

Эдгээр шинжүүд нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн санаа, зорилго, хандлага, түүний төрлүүдийг үнэн зөв тодорхойлох нь хүнийг санаатай алах, хохирогчийг үхэлд хүргэсэн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, хүнийг алахаар завдах, хүнийг болгоомжгүйгээр алах гэмт хэргүүдээс ялгаж зүйлчлэхэд чухал ач холбогдолтой.

Анхан шатны шүүх дээрх хууль зүйн ойлголт болон амь хохирогч Б.Б бусдад зодуулсны дараа татаж унасан нөхцөлд байдалд дүгнэлт хийлгүй орхигдуулж, зөвхөн Б.У, Б.Б, Б.Х нар нь бүлэглэж согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын автомашины зогсоол дээр Б.Быг зодож, “гавал тархины битүү гэмтэл, тархины зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа” бүхий гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн хэмжээн тэднийг гэм буруутайд тооцсон нь буруу болжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Б, Б.Х, Б.У нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэсэн тул шүүгдэгч Б.Б, Б.Х, тэдгээрийн өмгөөлөгч С.Батдэлгэр, шүүгдэгч Б.У нарын гаргасан “...талийгаачийн тархинд үүссэн гэмтэл магадгүй ухаан алдаж унах үед ч авсан байх магадлал...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж үзэв.

Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Б.Х, Б.У нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэргийг прокурорт буцаах эсэхийг хянан шийдвэрлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 714 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б, Б.Х, Б.У нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Б, Б.Х, Б.У нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ