| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2021/0215/З |
| Дугаар | 221/МА2022/0041 |
| Огноо | 2022-01-06 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2022/0041
У.Ө-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ө
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 19 дүгээр гудамжны 443-А тоот хаягт байрлах 542 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2204006414 дугаарт бүртгэлтэй газрыг Л.Т-гийн өмчлөлд бүртгэсэн 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн бүртгэл, Л.Т-гаас Д.З-д өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл, Д.З-гийн өргөдлийн дагуу хувийн хэргийн бүртгэлийг хаасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 709 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, У.Ө-ын нэр дээрх өмчлөх эрхийн бүртгэлийг сэргээхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож уг газрын 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн өмчлөх эрхийн бүртгэлийг сэргээхийг даалгуулах, Нийслэлийн засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/82 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 19 дүгээр гудамжны 443-А тоот хаягт байрлах 542 м2 талбайтай, нэгж талбарын 18645310488435 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-2204006414 дугаарт бүртгэлтэй газартай давхцуулан “М” ХХК-д газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 731 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, түүний өмгөөлөгч Н.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа
Хэргийн индекс: 128/2021/0215/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч У.Ө- нь “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 19 дүгээр гудамжны 443-А тоот хаягт байрлах 542 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2204006414 дугаарт бүртгэлтэй газрыг Л.Т-гийн өмчлөлд бүртгэсэн 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн бүртгэл, Л.Т-гаас Д.З-д өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл, Д.З-гийн өргөдлийн дагуу хувийн хэргийн бүртгэлийг хаасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 709 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, У.Ө-ын нэр дээрх өмчлөх эрхийн бүртгэлийг сэргээхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож уг газрын 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн өмчлөх эрхийн бүртгэлийг сэргээхийг даалгуулах, Нийслэлийн засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/82 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 19 дүгээр гудамжны 443-А тоот хаягт байрлах 542 м2 талбайтай, нэгж талбарын 18645310488435 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-2204006414 дугаарт бүртгэлтэй газартай давхцуулан “М” ХХК-д газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 731 дүгээр шийдвэрээр: Нэхэмжлэгч У.Ө-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Өнөрбат нь анхан шатны шүүхийн дээрх шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг баримталсан ба нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэж байна.
3.1. Тухайлбал анхан шатны шүүхийн шийдвэрт “... нэхэмжлэгчээс бүртгэлүүдийг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах шаардлагаа ... хууль зөрчсөн гэх агуулгаар биш, харин хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа цуцлагдсан гэх үндэслэлээр маргасан ... уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй ... гуравдагч этгээдүүдийн хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ түүний гэрчилсэн нотариатын үйлдлийн хууль ёсны эсэх талаар нэхэмжлэгч маргаагүй байх тул гэрээг үндэслэн бүртгэсэн энэ бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх хөндөгдсөн гэж үзэх боломжгүй ... Улсын дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 952 дугаар тогтоолоор “...хариуцагч Д.З- нар бусдын газрыг буцаан шилжүүлэх үүрэг хүлээх, улмаар газар нь дамжигдан худалдагдсанаас тухайн хөрөнгийн үнийг төлөх эрх зүйн үр дагавар үүсээгүй.гэж дүгнэн шийдвэр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна ... Уг газрыг нэхэмжлэгч У.Ө-ын өмчлөл, эзэмшилд буцаан шилжүүлсэн эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байгаа нөхцөлд хариуцагч байгууллага уг газрыг У.Ө-ын эзэмшил, өмчлөлд шууд бүртгэх үүрэггүй” гэх зэргээр хэт нэг талыг баримталсан, нотлох баримтуудыг буруу үнэлсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
3.2. Учир нь анх Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 19 дүгээр гудамжны 44ЗА тоот хаягт байрлах, нэгж талбарын 18645310488435 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 542 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2204006414 дугаарт бүртгэлтэй газрыг өмчлөх эрхтэй байсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1322 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, Л.Т-д өмчлөх эрхийн бүртгэл хийгдэж, гэрчилгээ олгосон, улмаар Л.Т-гаас Д.З-д бэлэглэж, Д.З-гийн өргөдлөөр 709 тоот тушаал гарч хувийн бүртгэлийг хаагдаж, “М” ХХК-д газрын эзэмшил үүссэн асуудал, мөн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, төсөл хулгайлж зарсны гэм хорын хохирол гэх мэт асуудлуудаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан үйл баримтууд байгаа хэдий ч эдгээр нь бүгд 1322 дугаар шийдвэрийн үндсэн дээр 2012 оноос 2019 оны 06 дугаар сарын хооронд болсон үйл явдал, мөн шүүхийн шийдвэр гарсан байдаг.
3.3. Гэтэл түүнээс хойш буюу 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 103 дугаар тогтоолоор уг шүүхийн шийдвэр нь хүчингүй болж, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 13897 дугаар захирамжаар дээр дурдсан 1322 дугаар биелэгдсэн шийдвэрийг цуцлахаар шийдвэрлэсэн нь одоо ч хүчинтэй байгаа болно.
3.4. Мөн Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1322 дугаар шийдвэрийг хүчингүй болгоод хэргийг дахин шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1822 дугаар шийдвэр нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлбөр төлөгдөж, биелэгдсэн байдаг.
3.5. Иймээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж тус тус заасны дагуу Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1322 дугаар биелэгдсэн шийдвэрийг цуцлах тухай Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 13897 дугаар захирамж нь заавал биелэгдэх зарчимтай бөгөөд аливаа иргэн хуулийн этгээдүүд заавал биелүүлэх үүрэгтэй.
3.6. Хэрхэн биелүүлэх, гүйцэтгэх журмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т “Гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг гаргуулж, төлбөр төлөгчид буцаан олгох” гэж заажээ.
3.7. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн үед хуулийн хүчин төгөлдөр байсан шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хийгдсэн бүртгэл, гаргасан захиргааны актууд тул боломжгүй. мөн энэхүү үйл явдлаас өмнө гаргасан шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан асуудлаар дүгнэлт хийж байгаа нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
3.8. Түүнчлэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т “Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно”, 36.2-т “Иргэний газар өмчлөх эрхийг сэргээн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэр нь уг газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэх, эрх нь сэргээгдсэн иргэнд улсын бүртгэлийн гэрчилгээ олгох хууль зүйн үндэслэл болно” гэж тус тус заасны дагуу биелэгдсэн шийдвэр цуцлагдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар төлбөрт шилжүүлсэн хөрөнгийг буцаан олгох нөхцөл бүрдсэн байхад түүнийг баталгаажуулан гэрчилгээ олгох үүргээ биелүүлэхгүй байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын хууль бус эс үйлдэхүйг зөвтгөсөн шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй.
3.9. Энэхүү асуудлаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, удаа дараа мэдэгдлийг хүргүүлсэн боловч мөн л хууль бусаар татгалзсан хариуг өгч, газар өмчлөгч буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байхад ийнхүү анхан шатны шүүхээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэж дүгнэж байгаа нь хэт нэг талыг баримталж байна гэж үзэх үндэслэлтэй.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах хангахгүй орхиж шийдвэрлэв. Учир нь
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах Газрын тухай хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
3.1. Нэхэмжлэгч У.Ө- нь Улсын бүртгэлийн ерөнхий газар болон нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 19 дүгээр гудамжны 443-А тоот хаягт байрлах 542 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2204006414 дугаарт бүртгэлтэй газрыг Л.Т-гийн өмчлөлд бүртгэсэн 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн бүртгэл, Л.Т-гаас Д.З-д өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл, Д.З-гийн өргөдлийн дагуу хувийн хэргийн бүртгэлийг хаасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 709 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, У.Ө-ын нэр дээрх өмчлөх эрхийн бүртгэлийг сэргээхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож уг газрын 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн өмчлөх эрхийн бүртгэлийг сэргээхийг даалгуулах, Нийслэлийн засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/82 дугаар захирамжийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 19 дүгээр гудамжны 443-А тоот хаягт байрлах 542 м.кв талбайтай, нэгж талбарын 18645310488435 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-2204006414 дугаарт бүртгэлтэй газартай давхцуулан “М” ХХК-д газар эзэмших эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...шүүхийн шийдвэр хүчингүй болж биелэгдсэн шийдвэр цуцлагдсан тул миний газар өмчлөх эрхийн бүртгэл сэргээгдэх ёстой, энэ тохиолдолд миний газартай давхацсан хэсгээрээ хууль бус...” гэж маргажээ.
3.2. Анхан шатны шүүхийн “...Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын, 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1/11557 дугаар тодорхойлолтыг үндэслэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 19 дүгээр гудамжны 443-А тоот хаягт байрлах 542 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2204006414 дугаарт бүртгэлтэй газрыг Л.Т-гийн өмчлөлд бүртгэсэн, уг тодорхойлолтоор Л.Т нь тухайн газрын дуудлага худалдаанд оролцож ялснаар шүүхийн шийдвэрт заасан өр төлбөрийг төлсөн нь тогтоогдсон, нөгөө талаар Л.Т-гаас гаргасан өмчлөгчөөр бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичигт үндэслэн бүртгэсэн бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөөгүй байна” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.
3.2.1. Өөрөөр хэлбэл, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Өнөөдрийн байдлаар дээрх газар болон түүний ойр орчмын нийт 8 айлын газарт “М” ХХК-ийн газар эзэмших эрх үүсч, 310 айлын орон сууц баригдаж, ашиглалтад орсон байна” гэсэн үндэслэлээр эрхийн улсын бүртгэлийн Г-220406414 дугаарын бүртгэлийг сэргээхээс татгалзсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь хэсэгт улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга улсын бүртгэлийн асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, хууль зөрчсөн үйлдлийн талаарх мэдээллийг хүлээн авч хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасантай нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
3.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахыг, 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр заасан.
3.4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1322 дугаар шийдвэрээр У.Ө, С.Шийпэл, Д.Уламнэмэх нараас С.Батсүхэд 53.522.910 төгрөг олгохоор, хариуцагч нь шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 19-443А тоотод байрлалтай, нэгж талбарын 18645310488435 дугаартай, улсын бүртгэлийн Г-22040061414 дугаар бүхий 542 м.кв газрын худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн, “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 5425 дугаар захирамж гарсан байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр явуулсан албадан дуудлага худалдаагаар иргэн Л.Т- нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 19-443А тоот газрыг худалдан авч, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн холбогдох нотлох баримтуудыг үндэслэн иргэн Л.Т нь уг газрын өмчлөгч болсон, мөн иргэн Л.Т, Д.З- нарын хооронд 2012 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хийсэн газар бэлэглэлийн гэрээг үндэслэн дээрх газрын өмчлөгч Д.З- болсон бүртгэлийг тус тус бүртгүүлсэн байна. Иргэн Д.З-гаас ирүүлсэн Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу түүний өмчлөлийн газар дээр орон сууцны барилга барих болсон тул газар өмчлөх эрхээсээ татгалзсан хүсэлтийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 709 дүгээр тушаалаар эрхийн улсын бүртгэлийн Г-2204006414 дугаар бүртгэлийг хүчингүй болгож, хувийн хэрэг бүртгэлийг хаасан байна.
3.5. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, мэдүүлэг хүлээн авсан өдрөөр эрхийн улсын бүртгэлийн дугаар өгч, хувийн хэрэг нээн бичилт хийж, гарын үсэг зуран, хувийн дугаар бүхий тэмдгээ дарна.” гэж заасан байх ба нэхэмжлэгч У.Ө нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 19 дүгээр гудамжны 443-А тоот хаягт байрлах 542 м.кв газрыг барьцаалан С.Батсүхээс 5.000.000 төгрөгийн зээл авч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр тохиролцсон, уг гэрээтэй холбоотой иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас газрыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байх бөгөөд улмаар тухайн газрын өмчлөх эрхийг Л.Т-д, Л.Т-гаас Д.З-д, Д.З-гаас “М” ХХК-д шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар болон хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтуудаар[1] тус тус тогтоогдож байна.
3.6. Түүнчлэн маргаан бүхий бүртгэлүүд Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн /2003 оны/ тухай хуулийн заалтуудтай нийцэж буй энэ тохиолдолд Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1322 дугаар шийдвэр болон уг шийдвэрийн биелэлтийг цуцалсан гэсэн үндэслэлээр бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байхаас гадна хариуцагчид маргаан бүхий газрын 2007 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн өмчлөх эрхийн бүртгэлийг сэргээхийг даалгах боломжгүй, өөрөөр хэлбэл хариуцагчийн татгалзсан шийдвэр хуульд нийцсэн, түүнийг Г-2204006414 дүгээр бүртгэлийг сэргээхээс татгалзаж хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдэл хуульд нийцжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 731 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
[1] Хавтаст хэргийн 70-117 дугаар тал