| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 103/2016/00527/И |
| Дугаар | 103/ШШ2017/00072 |
| Огноо | 2017-02-20 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2017/00072
| 2017 оны 02 сарын 20 өдөр | Дугаар 103/ШШ2017/00072 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлттэй
Нэхэмжлэгч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* даргын ******* газрын байранд байрлах, Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох татварын өр 58.660.680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч /хариуцагч/ ******* ******* ХХК-ийн захирал Ч.*******, Багануур дүүрэг дэх Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Б.*******, хэрэг гүйцэтгэгч Ш.*******, нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Хүсэлт гаргагч /хариуцагч/ ******* ******* ХХК хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК, 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдөр халуун хоол, нарийн боов, худалдаа үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан.
Уг компани Багануур дүүрэгт Эрүүл мэндийн төв-ийн өвчтөний хоолны газар, сурагчдын Үдийн цай хөтөлбөрийг 2008 оны 2 дугаар сараас 2010 оны 6 дугаар сар хүртэл хэрэгжүүлж байсан. Тухайн үед өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ 2-3 дахин өсөж, өвчтөний болон сурагчдын үдийн цайны мөнгө нэмэгдэхгүй байсаар компани алдагдалд ороод, 2011 онд компани төлбөрийн чадваргүй болж үйл ажиллагаагаа бүрэн зогсоон, гэрээгээ цуцалсан.
2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дампуурлын хэрэг үүсгүүлэх хүсэлтийг харьяалах шүүхдээ гаргасан.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан дампуурлын хэрэг үүсгэж, компанийг татан буулгаж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 4551249 регистрийн дугаартай ******* ******* ХХК татвараа хугацаандаа төлөөгүй тул Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 373 дугаартай захирамжаар 3.744.500 төгрөг, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 116 дугаартай шийдвэрээр 55.522.700 төгрөг, нийт 59.267.200 төгрөгийн өр төлбөрийг нэхэмжилж байна.
Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлсэнээс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 58.660.680 төгрөгийн өрийг хариуцагчаас гаргуулж өгнө үү, гэв.
Багануур дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Б.******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК, 2008 оноос халуун хоол, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2008-2011 онд үйл ажиллагаа нь идэвхитэй байсан. 2012 онд компанид Татварын хяналт шалгалт хийсэн ба шалгалтаар татварын акт болон татварын улсын байцаагчийн дүгнэлтээр их хэмжээний татварын орлогын албан татвар нуун дарагдуулсан тул цагдаа, прокурорын байгууллагад өгч шалгуулсан.
2014 он хүртэл шалгагдаад, эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд зааснаар эрх бүхий байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь төлбөрийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй гэж заасан байдаг.
Татварын улсын байцаагчийн актыг ******* ******* ХХК зөвшөөрөөгүй учраас манай байгууллага Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 102 сая төгрөгийн нэхэмжлэлээс 55.5 сая төгрөгийн шаардлагыг хангасан шийдвэр гарсан.
Түүнээс өмнө 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн шийдвэрээр 3.744.500 төгрөгийг Багануур дүүргийн Татварын хэлтэст олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нийт 59.267.200 төгрөгийг манай байгууллагад ******* ******* ХХК төлөх ёстой боловч огт төлөлт хийгдэхгүй байсан учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан тул 2016 онд бага хэмжээний төлөлт хийгдэн, өнөөдрийн байдлаар 58.660.680 төгрөгийн татварын өртэй байна.
Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлт гаргасныг байгууллага мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нэхэмжлэгчдийн хурлаар хэрэг гүйцэтгэгчээр Ш.*******ыг томилуулсан.
Бид хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай танилцаад, тус компанийг дампуурсанд тооцоход татгалзах зүйлгүй гэв.
Хэрэг гүйцэтгэгч Ш.******* дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг гүйцэтгэгч би, ******* ******* ХХК-ийн дампуурлын хэрэгт ажиллахдаа компанийн тайлан, бусад мэдээ болон тус компанийн хөрөнгө оруулагчаас мэдээ, мэдээллийг цуглуулан түүн дээрээ түшиглэн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гаргасан.
2008 онд ******* ******* ХХК-ийн удирдлагаар Чулуунбаатар овогтой ******* ажиллаж, анх үүсгэн байгуулахдаа дүрмийн сан 9.453.700 төгрөг, бэлэн 6.943.700 төгрөг, 2.510.000 төгрөгийн эд хөрөнгөөр бүрдүүлж, Багануур дүүрэгт Эрүүл мэндийн төв-ийн өвчтөний хоолны газар, сурагчдын Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр байгуулагджээ.
Хариуцагч өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ 2-3 дахин өсөж, өвчтөний болон сурагчдын үдийн цайны мөнгө нэмэгдээгүй тул төлбөрийн чадваргүй болсон гэх тайлбарыг гаргасан боловч зах зээлд дээр ижил төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа бусад этгээдүүд оршиж байгаа тул зах зээлийн байдал шууд нөлөөлсөн гэж үзэх өрөөсгөл юмаа.
Хүсэлт гаргагч төлбөрийн чадваргүй болсон гол шалтгаан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль зэрэг хуулиар заасан үүргээ зөрчин, албан татварыг нуун дарагдуулан, дутуу тайлангсанаас татварын дүгнэлтээр тавьсан өр төлбөр санхүүгийн чадавхид шууд нөлөөлөн мөн удирдлагын буруутай үйл ажиллагаанаас гадна хууль дүрэм хэрэгжүүлэх эрх зүйн туслалцаа авах тал дээр дутмаг, тогтвор суурьшилтай нягтлан бодогч авч ажиллуулдаггүй байсны улмаас нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартыг мөрдөж ажиллаагүй, санхүүгийн сахилга бат хариуцлагагүй, зөвхөн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан нь нөлөөлжээ.
Компанийн удирдлага санхүүгийн болон ******* ******* ХХК-д холбогдолтой баримт материалыг хөтлөх, анхан шатны баримтыг бүрдүүлэх зэрэг Нягтлан бодох бүртгэл, бүртгэлийн тухай хуулийг мөрдөж ажилладаггүй байжээ.
Багануур дүүргийн Татварын хяналт шалгалтын хэлтсээс хариуцагчийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн бөгөөд Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 96 дугаартай шийдвэрээр аж ахуйн орлогын албан татвараас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйл, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хамгийн сүүлд гаргаж өгсөн 2014 оны 4 дүгээр улирлын тайлангаар үндсэн болон эргэлтийн хөрөнгө 1.212.054 төгрөгнөөс бусдад төлөх 58.660.68 төгрөгийг хасахаар өөрийн хөрөнгө гэж байхгүй бөгөөд өөрийн хөрөнгийн 10 хувьтай тэнцэх үүргийн гүйцэтгэлээ биелүүлж чадахгүй тул төлбөрийн чадваргүй болж, компанийн захирал удирдлагын менежмент зохион байгуулалт муу, ур чадвар дутсан, компанийг ашигтай ажиллуулах талаар санал, санаачлага гаргаагүй, үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө гаргаж, түүнийгээ биелүүлэх талаар огт ажил хийж байгаагүйгээс үзвэл удирдлага хангалтгүй ажиллаж байсан байна гэдэг дүгнэлтийг гаргахад хүргэж байна.
Тус компанийн удирдлага ажиллах хугацаандаа үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийгээгүйгээс санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргаагүйн бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, орлого, зарлага, бүтээгдэхүүний өөрийн өртөг, цэвэр ашиг гэх мэт зүйлийг нарийн тооцоолдоггүй байсан нь дампуурах нэг хүчин зүйл болжээ.
Өнөөдрийн байдлаар ******* ******* ХХК, ганц хөрөнгө оруулагчтай бөгөөд цаашид үйл аажиллагаа явуулах, хөрөнгө оруулалт хийх ямар ч боломжгүй, өмнөх өр төлбөр дуусаагүй буюу шүүхэд дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө гаргаагүй байна.
Нэхэмжлэгчдийн хувьд Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 236-ны өдрийн 373 дугаартай шүүгчийн захирамжаар 3,744.500 төгрөг, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 116 дугаартай шийдвэрээр 55.522.700 төгрөг, нийт 59.267.200 төгрөгийн төлбөрийг албадан гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаад, Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хариуцагч 600.000 төгрөгийн төлбөр төлжээ.
Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага нь 58.660.680 төгрөг боловч хариуцагчийн өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл байхгүй тул Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхээс хариуцагчийг татан буулгасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас чөлөөлөгдөнө.
Дээрхи нөхцөл байдлын улмаас ******* ******* ХХК төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө буюу Багануур дүүргийн Татварын хэлтсийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй болсон тул компанийг дампуурсанд тооцож, татан бууулган, Улсын бүртгэлээс хасуулах нь зүйтэй гэж хэрэг гүйцэтгэгч би үзэж байна. Мөн компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй гэж дүгнэв.
ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлтийг
Нэхэмжлэгч Багануур дүүргийн Татварын хэлтэс, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан татварын өр 58.660.680 төгрөг гаргуулах шаардлагуудыг шүүхэд тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч хүсэлт гаргагчийн /хариуцагч/ шаардлагын талаар маргаагүй болно.
Шүүх ******* ******* ХХК-ийн хүсэлтийг үндэслэн, Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.7 дахь хэсгүүдэд зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1912 дугаартай шүүгчийн захирамжаар дампуурлын хэрэг үүсгэж, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2026 дугаартай шүүгчийн захирамжаар түр хэрэг гүйцэтгэгчээр Ш.*******ын томилж, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2075 дугаартай захирамжаар ******* ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, өдөр тутмын сонин болох Өнөөдөр сонин-ы 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 299, 5992 дугаарт хэвлүүлж, нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагт тус шүүхийн танхимд хийх тов, нэхэмжлэгчдээс нэхэмжлэл гаргах журам, хугацаа, нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүйгээс үүсэх үр дагавар зэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, зарласан болно.
Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж зааснаар нэхэмжлэгч Багануур дүүргийн Татварын хэлтэс 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 58.660.680 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн хугацаанд гаргажээ.
Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор шүүх нэхэмжлэгчдийн анхдугаар хурлыг зохион байгуулна мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт түр хэрэг гүйцэтгэгч нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулна, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүх энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчдийн анхны хурлаас санал болгосон этгээдийг 5 хоногийн дотор хэрэг гүйцэтгэгчээр томилох эсэхийг шийдвэрлэнэ гэж зааснаар Нэхэмжлэгчдийн анхдугаар хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хуралдаж, нэхэмжлэгчдийн анхны хурлын тогтоол, хурлын тэмдэглэл, бусад холбогдох баримтыг шүүх 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 192 дугаартай захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр Ш.*******ыг томилон, ******* ******* ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааны талаар баримтын шалгалт хийх ажлыг зохион байгуулж, холбогдох тайлан дүгнэлтээ 20 хоногийн дотор ирүүлэхийг хэрэг гүйцэтгэгчид даалгажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч Ч.*******, 4551249 регистрийн дугаартай, 2753 дугаарын Улсын бүртгэлтэй, халуун хоол, нарийн боов, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2008 оны 2 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдан, 9.453.700 төгрөгийн дүрмийн сантай, түүний 100 хувийн өмч болох нь зохигчдын тайлбар, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Компанийн дүрэм зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч ******* ******* ХХК-ийн үйл ажиллагаа доголдож, алдагдалтай ажилласнаар Багануур дүүрэг дэх Татварын хэлтэст 58.660.680 төгрөгийн өр төлбөртэй болсон нь өөрийн хөрөнгө болох 9.453.700 төгрөгнөөс 6 дахин их байгаа нь зохигчдын тайлбар, тус компанийн 2008-2010 оны Санхүүгийн тайлан, хэрэг гүйцэтгэгчийн Дүгнэлт, шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.
Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3 дахь хэсэгт хэрэг гүйцэтгэгч нь шүүхээр батлагдснаас хойш 20 хоногийн дотор хариуцагчийн үйл ажиллагаанд дүгнэлт, энэ тухайгаа шүүх, хариуцагч, нэхэмжлэгчид танилцуулна гэснээр хэрэг гүйцэтгэгч Ш.*******ын дүгнэлттэй 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар танилцсан нь хуульд нийцжээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэрэг гүйцэтгэгч хүсэлт гаргагч төлбөрийн чадваргүй болсон гол шалтгаан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль зэрэг хуулиар заасан үүргээ зөрчин, албан татварыг нуун дарагдуулан, дутуу тайлангсанаас татварын дүгнэлтээр тавьсан өр төлбөр санхүүгийн чадавхид шууд нөлөөлсөн гэх тайлбарыг гаргаж, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, 33.1.1 дэх хэсгүүдэд зааснаар ******* ******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй гэсэн дүгнэлтийг хэрэг гүйцэтгэгч шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч /хариуцагч/ ******* ******* ХХК-ийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгчид даалган, Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ХХК-ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор Багануур дүүрэг дэх Татварын хэлтэст төлөх өр 58.660.680 төгрөгийн үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болж байгааг дурьдах нь зүйтэй байна.
Хэрэг гүйцэтгэгч Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлж, хариуцагч ******* ******* ХХК-ийн тамга тэмдэг, холбогдох баримт бичгийг хамгаалалтандаа авч, эд хөрөнгийг битүүмжилсэн тооллого явуулж, үйл ажиллагааны баримтанд шалгалт хийх шаардлагатай мэдээ баримтуудыг хариуцагчаас гаргуулж авах зэрэг ажиллагааг явуулсан тухай тайлан холбогдох бусад баримтуудыг шүүхэд ирүүлсэн болно.
******* ******* ХХК-ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болж холбогдох тайлангаа ирүүлсний дараа бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, Улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч Ш.*******д даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.3 дахь хэсэгт зааснаар ******* ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.
2.Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ХХК-ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор, Багануур дүүрэг дэх Татварын хэлтэст Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх татварын өр 58.660.680 төгрөгийн үүргээс чөлөөлөгдөж, үүрэг дуусгавар болохыг дурьдсугай.
3.Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч ******* ******* ХХК-ийг татан буулгах шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, Улсын бүртгэлээс хасуулах, ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч Ш.*******д даалгасугай.
4.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээллэхийг Багануур дүүргийн шүүхийн ******* газар, хэрэг гүйцэтгэгч Ш.******* нарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх Татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8.Дампуурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар оролцогч этгээдүүд дампуурлын хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан гарсан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА