| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0545/Э |
| Дугаар | 0635 |
| Огноо | 2020-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 0635
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд, улсын яллагч Х.Анхцэцэг, хохирогч Б.О, шүүгдэгч Л.С, түүний өмгөөлөгч С.Сүхболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч овгийн Л.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 0694 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ч овгийн Л.С, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол, Разна импекс ** байрны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ****, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Л.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, “****” СӨХ-ны байранд “нөхөр дуудлаа” гэх шалтгаанаар Б.О-гийн нүүрэн тус газар тооны машинаар цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Ч овгийн Л.С нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, “***” Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-ны байранд “нөхөр дуудлаа” гэсэн шалтгаанаар хохирогч Б.О (СӨХ-ны дарга)-ийн нүүр лүү тооны машинаар цохиж, түүний бие махбодод “...хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Л.С-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Хэрэг гарах үед манай 3 үйлчлэгч болон өөр бусад хүмүүс байсан. О дарга намайг үсдэж зодоод, алаад хаячихъя гэж хэлсэн. Бид хоёр оны эхнээс эхлээд л маргалдаж байсан. О цалингийн цэс дээрх цалингаас сар болгон 20,000 гаруй төгрөг аваад байсан болохоор маргаантай байсан. Намайг банкнаас ирэхэд Б-той хамт яв гээд явуулсан, би Б-д архи байсныг мэдээгүй. О эхэлж намайг зодсон болохоор би тийм үйлдэл гаргасан. Намайг үсдэж чирээд, толгой руу цохиод байсан. Миний нүүр ам ч гэсэн шалбарсан. Тухайн үед гомдол гаргаад шүүх эмнэлгээр явъя гэж бодсон боловч яваагүй. Учир нь би нэгэнт л хүний нүүр лүү тооны машин шидээд хамрыг нь хугалсан юм чинь эмчилгээнийх нь мөнгийг өгөөд тохиролцъё гэж ярьж байсан. Сүүлд нь дарга хувираад хэтэрхий их мөнгө нэхээд байгаа....” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Б.О-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...4 сарын 10-ны өдөр СӨХ-ны гадна зогсож байхад ** байрны Б гэдэг хүн ирээд “орцонд гэрэл хийгээд өгөөч” гэсэн. С-ийг хүрээд ирэхээр нь би түүнд хандан “Б-г дагуулж яваад гэрлийг нь солиод өгчих” гээд хамт явуулсан. 17 цаг өнгөрч байхад С согтуу орж ирээд над руу агсамнаад байсан. Тэгэхээр нь би гэр лүү нь очоод нөхөрт нь “Сайнаа над руу агсамнаад байна, чи эвтэйхэн очоод авчих” гэж хэлээд явсан. Нөхөр нь ирэхэд С над руу “чи муу манай нөхрийг дууддаг юу юм” гэж агсамнаад, куртикээ тайлж шидээд, СӨХ-ны байран дотор байсан бүх юмыг авч шидсэн. Тэр үед манай хоёр үйлчлэгч хамт байсан. Дараа нь над руу хүнд модон сандал шидэхэд нь манай үйлчлэгч өмнүүр ороод өөрийнхөө мөрөн дээрээ цохиулсан. Тэгээд Сайнааг ингэж болохгүй гээд сандал дээр нь суулгасан чинь тэр хоёрыг өшиглөөд байсан. Тэгснээ ухасхийгээд урдаа байсан тооны машиныг аваад миний нүүр лүү цохисон. Миний хамраас 30 гаран минутын турш маш их цус гарсан. Би нийт 3,377,000 төгрөгийн хагалгаанд орсон, сүүлд авсан эм, тарианы мөнгө нийлээд 3,500,000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг;
3. Хохирогч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн орчимд өөрийн ажилладаг “***” СӨХ дотор байж байтал ** байрны оршин суугч Б гэдэг хүн орж ирээд коридорт гэрэл байхгүй, харанхуй байна, гэрэл хийгээд өг гээд бид 2 хоорондоо юм яриад байж байтал манай СӨХ-ны нярав С ирэхээр нь би С-ийг Б-тай хамт очоод 1 ширхэг гэрэл сольчхоод ир гэж хэлсэн. С Б хоёр гэрэл солихоор явсан. Цагийн дараа буюу 17 цагийн орчимд С нэлээн согтуу байдалтай ажил дээр орж ирээд надаас хэрүүл өдөөд агсраад байхаар нь би нөхрийг чинь дуудлаа шүү, чи гэртээ харь гэж шаардлага тавихад явахгүй суугаад байхаар нь би гэрт нь очоод нөхөр Д-д эхнэрээ ажлаас очиж ав, агсан тавиад байна гэж хэлчхээд буцаад СӨХ дээрээ иртэл С яваагүй, агсраад дайраад байсан. Тэгснээ ширээн дээр байсан тооны машиныг аваад миний хамар луу нэг удаа цохиход миний хамраас маш их цус гарсан. Тэр хооронд нөхөр нь орж ирээд С-ийг аваад явсан. Тухайн үед манай үйлчлэгч Э байсан. Гомдолтой байна, би эмчилгээ хийлгэмээр байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10 дугаар хуудас);
4. Гэрч Ө.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** байрны подвалд байх “***” нэртэй СӨХ-д үйлчлэгч ажилтай. О эгч манай СӨХ-ны дарга, С эгч манай нярвын ажил эрхэлдэг. 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 17 цагийн орчимд ажил дээрээ ортол С нярав согтуу, О дарга эрүүл сууцгааж байсан. Тэгэхээр нь би буцаж гарч явчхаад 19 цагийн орчимд эргэн очтол О дарга С нярвын нөхрийг нь дуудна гээд зөрөөд гараад явсан. Удалгүй дарга орж ирээд С эгчтэй хэрэлдэж маргалдаад С эгч О дарга руу дайраад агсам тавиад байсан. Дарга тоохгүй ширээнийхээ ард суугаад байсан. Тэгтэл гаднаас С эгчийн нөхөр нь ороод ирсэн чинь С дарга руу “чи хэн болоод манай нөхрийг дууддаг юм” гээд улам агсраад байсан. Тэгснээ сандал аваад дарга руу шидэх гэхээр нь би урдуур ороод болиулсан. Нөхөр нь С-ийг аваад гарсан. Тэгтэл эргэж орж ирээд даргын ширээн дээр байсан тооны машиныг аваад хамар луу нь цохичихсон. Тэгээд нөхөр нь С эгчийг аваад явсан. О даргын хамраас маш их цус гарсан, би хаалгаа түгжээд дарга цусаа цэвэрлээд гэр лүүгээ явсан. С л агсан тавиад байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20 дугаар хуудас);
5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 4614 дугаартай: “...Б.О-гийн биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 23 дугаар хуудас);
6. Шүүгдэгч Л.С-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 53 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 32 дугаар хуудас);
7. Шүүгдэгч Л.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ... Б гэх хүнтэй хамт гэрэл сольсон. Б гэдэг хүн намайг яасан бухимдуу юм бэ гээд архи хундагалж өгсөн. Би тэр архинаас 2-3 хундагыг уучхаад Хангай зах орж лент авсан, тэр хооронд л муудчих шиг болсон. Нэг мэдэхэд СӨХ-ийн өрөөнд ороод ирчихсэн даргатай муудалцаад зогсож байснаа ширээн дээр байсан тооны машиныг аваад дарга руу шидсэн чинь хамрыг нь оночихсон. Тэрнээс хойш санахгүй байна, нэг сэрэхэд гэртээ байсан. Тухайн үед намайг манай нөхөр гэрт оруулсан юм байна лээ. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. О-гийн биед учирсан гэмтлийг би тооны машинаар цохиж учруулсан, миний буруу...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 51 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.О-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Л.С-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.О-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.С-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн 3,377,000 төгрөгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн эмчилгээний баримтуудаас 224,600 (“Натул” эмнэлгийн зүрхний ЭХО-д үзүүлсэн 50,000 төгрөг, “Мөнх Энэр Мед” эмнэлэгт үзүүлсэн 16,000 төгрөг, СХДЭМТ-д шинжилгээ хийлгэсэн 22,000 төгрөг, толгой бариулсны 60,000 төгрөг, Монос эмийн сангийн 42,500 төгрөг, 34,100 төгрөг) төгрөгийг уг гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой эсэх нь эргэлзээтэй гэж үзээд энэ хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.О нь дээр дурдсан хэлэлцээгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Л.Саас 3,192,750 төгрөгийг найман сарын дотор гаргуулж, хохирогч Б.Од олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тогтоосон газарт эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Л.С-аас 3,192,750 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.О-д олгуулах, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах саналтай...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.С гэм буруугийн тал дээр маргаагүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа...” гэв.
Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-т дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнийг Сонгинохайрхан дүүрэг дэх “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТГ-т өдөрт найман цагаас дээшгүй хугацаагаар ажиллуулахаар тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ч овгийн Л.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-т дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Сонгинохайрхан дүүрэг дэх “Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТГ-т өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахаар тогтоосугай.
4.Шүүгдэгч Л.С-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-аас 3,192,750 төгрөгийг найман сарын дотор гаргуулан хохирогч Б.О-д олгож, хохирогч Б.О нь энэ хуралдаанаар хэлэлцээгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.С-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА