Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 0693

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд, улсын яллагч С.Энхням, шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 0856 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Т.Б, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хуваариа цагаан идээ борлуулдаг, ам бүл зургаа, эцэг, эх, гурван дүүгийн хамт Төв аймгийн Батсүмбэр сум, ** дүгээр баг, Мандал, будаантолгойн ** дүгээр гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Толгойт ** дүгээр гудамжинд хохирогч Ө.Б-ийг “бусдыг өмөөрч болиоч” гэж хэлсэнд уурлан нүүрэнд нь цохиж унаган өшиглөсний улмаас хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хөмсөг, хамрын нуруу, хүзүү, баруун эгэмд цус хуралт, хүзүү, эрүү, хамрын нуруунд зулгаралт, дээд уруулд цус хуралт, уруулын салстад цус хуралт, язрал, тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овгийн Т.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Толгойтын ** дүгээр гудамжинд хохирогч Ө.Б-ийг “бусдыг өмөөрч өөр лүү нь болиоч гэж хэллээ” гэсэн шалтгаанаар уурлан нүүр лүү нь гараараа цохиж унаган өшиглөж, түүний бие махбодод “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хөмсөг, хамрын нуруу, хүзүү, баруун эгэмд цус хуралт, хүзүү, эрүү, хамрын нуруунд зулгаралт, дээд уруулд цус хуралт, уруулын салстад цус хуралт, язрал, тархи доргилт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Т.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүх зүйл үнэн зөв тусгагдсан байгаа тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Гэмт хэргийн талаарх: ”...Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт манай хүүхдийг зодсон байна...“ гэсэн гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 дугаар хуудас);

3. Хохирогч Ө.Б-ийн мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн:”...2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Толгойтын ** дүгээр гудамжинд манай шийдэн дээр тоглож байсан хүүхдүүд бөөнөөрөө зогсож байсан. Юу хийцгээж байгаа юм бэ гээд асуутал хүүхдүүд ирээд зодно гээд байна гэхээр нь яахаараа зодолддог юм бэ гэж хэлээд зогсож байтал танихгүй 6 залуу 1 эмэгтэй ирээд “А нь аль вэ” гэж асуухаар нь А “би байна” гэж хэлсэн. Тэгтэл нэг сахалтай залуу (сүүлд нэрийг нь мэдэхэд Б гэх) алнаа чамайг гээд А-ыг гараараа нэг удаа мангасдаж унагаасан. Тэгэхээр нь хажуугаас нь чи болиоч гэж хэлтэл тэр залуу намайг заамдаад нүүр рүү цохиж унагаагаад өшиглөсөн. Гэнэт л би сэргэсэн. Нүүр рүүгээ цохиулаад хэсэгхэн зуур ухаан балартсан байсан...Б гэх залуу миний эмчилгээний зардлыг бүрэн төлж хохиролгүй болгосон. Иймд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас);

4. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5185 дугаартай шинжээчийн:”...Ө.Б-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хөмсөг, хамрын нуруу, хүзүү, баруун эгэмд цус хуралт, хүзүү, эрүү, хамрын нуруунд зулгаралт, дээд уруулд цус хуралт, уруулын салстад цус хуралт, язрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 13 дугаар хуудс);

5. Гэрч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 19 цагийн үед Толгойт ** дүгээр гудамжинд очиход Б руу нөгөө томроод байсан банди нь залгасан. Тэгээд тэр гудамжинд очиход баахан хүүхдүүд бөөгнөрөөд байж байхаар нь бид дөрөв явж очоод Б “А нь хэн бэ” гэхэд нэг хүүхэд“би байна” гэж хэлсэн. Тэгтэл Б тухайн хүүхдийг “чи утасны цаанаас ямар том юм бэ” гэж хэлээд гараараа мангасдаж унагаасан. Тэгтэл хажуу талаас нь нэг залуу “болиоч ээ” гэж хэлэхэд Б “чи юу яриад байгаа юм бэ” гээд тэр хоёр маргалдсан. Тэр хооронд тэнд байсан хүүхдүүд зугтаачихсан. Тэгэхээр нь би хоёр хүүхдийн араас гүйгээд гүйцээгүй буцаж ирэхэд Б-тай маргалдсан залуу доошоо тонгойгоод суучихсан, хамраас нь цус гарчихсан байсан. Б-ын гар цус болчихсон тэр залуугийн хамар нь цус болчихсон байсан. Тэнд байсан хүүхдүүд гар хүрээгүй...Б надтай анх уулзахдаа зодъё гэж хэлээгүй, очиж ярилцаж учраа олно гэж хэлж бид хэдийг дагуулж явсан... гэсэн мэдүүлэг  (хх-ийн 25 дугаар хуудас);

6. Гэрч Ш.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...бид хэдийг гүйгээд буцаж ирэхэд нэг залуугийн хамраас нь цус гарчихсан доошоо тонгойгоод суучихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26 дугаар хуудас);

7. Гэрч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Б ах болиоч гэхэд тэр сахалтай залуу Б ахын нүүр рүү нэг удаа мөргөөд хамраас нь цус гараад, тонгойход нь дээрээс нь дэвсээд байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 31 дүгээр хуудас);

8. Шүүгдэгч Т.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 35 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 53 дугаар хуудас);

9. Шүүгдэгч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:”...прокурорын сонсгосон зүйл ангитай санал нийлж байна. Би Ө.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 60 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр, хохирогч Ө.Б нь эмчилгээний зардалд 500,000 төгрөг авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр хүсэлт гаргасныг прокурорын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 161 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ө.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Т.Б-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ө.Б-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ө.Б нь эмчилгээний зардалд 500,000 төгрөг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Т.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овгийн Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т оногдуулсан таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Б-т сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Б-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА