| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0684/Э |
| Дугаар | 0696 |
| Огноо | 2020-06-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 0696
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд, улсын яллагч А.Тунгалагтуяа, насанд хүрээгүй хохирогч Ц.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Г, өсвөр насны шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овгийн Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 0792 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овгийн Э.М, Монгол Улсын иргэн, *** оны ** сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ***-ын **-ын ** ангийн оюутан, ам бүл дөрөв, өвөг эцэг, эмэг эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Сансарын ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Өсвөр насны шүүгдэгч Э.М нь 2020 оны 04 дүгээр 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Сансарын ** тоот хашаанд Ц.Г-ийг (15 настай) “хашаанаас гарсангүй” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Х овгийн Э.М нь 2020 оны 04 дүгээр 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Сансарын ** тоот хашаанд 15 настай буюу насанд хүрээгүй хохирогч Ц.Г-ийг “хашаанаас гарсангүй” гэсэн шалтгаанаар зодож, түүний бие махбодод “зүүн гайморовын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод хана, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Э.М-н шүүх хуралдаанд өгсөн: “...Би 18 цагийн орчим би ажлаа тараад, гэрээрээ ороход Г манай хашаанд найзуудтайгаа хамт ирсэн байсан. Тэгэхээр нь би “битгий манай хашаанд ороод бай, би хэлсэн биз дээ, одоо яв, манай эмээ дээрээс хараад уурлаад байдаг юм аа” гээд хэлсэн чинь тоосон шинжгүй байсан. Тэгээд би уурлаад Г-ийг сууж байхад нь цээж рүү нь өшиглөөд, босоод ирэхэд нь нүүр лүү нь хоёр цохисон. Намайг хашаанаасаа гараад явсны дараа манай эгч цусыг нь цэвэрлэж өгсөн гэсэн...” гэсэн мэдүүлэг;
2. Насанд хүрээгүй хохирогч Ц.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...4 дүгээр сарын 14-ний өдөр А “хүрээд ир, юм ярья” гэсэн чат бичихээр нь би гурван найзтайгаа очсон. Бид гурав хашааных нь үүдэнд зогсож байхад М “манай гэр лүү битгий орох гээд бай” гэхээр нь “бид нар орохгүй, А дуудсан юм аа, энд зогсоод уулзчихъя” гэсэн чинь М буцаад гэр лүүгээ орсон. Тэгсэн А хашаанд ороод ир гэж дуудсаар байгаад оруулсан. М А дээр ирээд “аав ирсэн байна, уулзах юм уу яах юм” гэхэд нь “за байж бай, би хүнтэй уулзчихаад гарлаа” гэсэн. М “манайхаас гар би хэлж байсан биз дээ, зайл” гээд байсан. М өмнө ч гэсэн таарах болгондоо “ална шүү” гэдэг байсан. Намайг газар явган сууж байхад нуруу луу өвдөглөсөн. Би босоод хавиргаа бариад өөдөөс нь харсан чинь “хэгжүүн бацаанд дургүй шүү” гээд хоёроос гурван удаа цохиод, газар унахад өшиглөсөн. Тэгээд цусаа цэвэрлээд сууж байхад “иймээ тиймээ юм болбол над руу залга, наад цусаа цэвэрлээд эндээс зайлцгаа” гэж хэлээд гараад явсан. А эгч цаас гаргаж өгөөд цусаа цэвэрлээд явсан. П-тай хамт явж байсан. Тэгэхэд миний цус огт тогтоогүй. Би О ах руу залгаад хэлэхэд тэгж болохгүй, Цагдаад очиж мэдэгдье гээд цагдаад очсон...” гэв.
3. Насанд хүрээгүй хохирогч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Сансарын гудамжинд А гэх охины гэрт очсон. А-ийн хашаанд юм яриад байж байсан чинь түүний дүү М нь хашаан дотор орж ирээд "эндээс зайл” гэхээр нь би "одоо танай хашаанаас гарах гэж байна” гэсэн чинь А дүүгээ “чи өөрөө зайл, би хүнтэй уулзаж байна” гэж хэлсэн. Би газар явган сууж байсан чинь М миний нурууны хэсэгт өвдгөөрөө цохихоор нь би боссон чинь миний нүүрэнд 2-3 удаа гараараа цохисон. Би нүүрээ гараараа дараад тонгойход М миний нүүрэнд хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд миний хамраас цус гарсан чинь А гэрээсээ нойлын цаас гаргаж ирээд би цусаа цэвэрлээд найз П-ын гэрт очсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 4-5 дугаар хуудас);
Насанд хүрээгүй хохирогч Ц.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би ГССҮТ-д хэвтэж хагалгаанд орсон. Надад эмчилгээтэй холбоотой баримтууд байгаа, хохирол төлөгдөөгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 6-7 дугаар хуудас);
4. Гэрч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Сансарын гудамжны хашаанд Г болон түүний найзуудтай уулзаад зогсож байсан чинь манай дүү М ажлаа тараад хашаанд ороод ирсэн. Тэгээд манай дүү “та нар манай хашаанаас гарцгаа, манай эмээ уурлаад байна" гэж хэлсэн чинь хүүхдүүд тоосон шинжгүй зогсоод байсан. Тэгтэл М Г-ийг газарт сууж байхад нь очоод “чи гар” гэсэн чинь Г тоосон шинжгүй байгаад байхаар нь цээжинд нь 1 удаа өшиглөсөн, босоод ирэхэд нь нүүрэнд нь 2 удаа гараараа цохисон…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8-9 дүгээр хуудас);
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4711 дугаартай шинжээчийн: “...Ц.Г-ийн биед зүүн гайморовын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод хана, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 23-24 дүгээр хуудас);
6. Насанд хүрээгүй гэрч Б.Э-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт А-тай уулзахаар Г, П, П, Э нарын хамт очсон. Хашаанд нь А-тай уулзаж байсан чинь А-ийн дүү М ирээд “та нар манай хашаанд яах гэж орж байгаа юм, би та нарыг битгий орж бай гэж хэлсэн биз дээ” гэсэн чинь хажуугаас А М-д хандаж "чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн чинь М Г-ийг газарт сууж байхад нь очоод "хэгжүүн бацаанд дургүй шүү" гэхэд Г боссон, энэ үед М Г-ийн нүүрэнд нь гараараа 1 удаа цохисон. Г доошоо тонгойсон чинь нүүрэнд нь хөлөөрөө 1 удаа өшиглөж 3 удаа нүүрэнд нь гараараа цохисон. Тэгээд хажуугаас А М-г салгасан. Гэрээс нэг эмэгтэй гарч ирээд “та нар хүүхэд алчих ваа” гэж хэлээд буцаад гэртээ орсон. Анундарь гэрээсээ нойлын цаас гаргаж ирээд Г-ийн нүүрийг угаасан…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-19 дүгээр хуудас);
7. Өсвөр насны шүүгдэгч Э.М-н иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 50 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 47 дугаар хуудас);
8. Өсвөр насны шүүгдэгч Э.М-н мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 18 цагийн орчим ажлаа тараад ирсэн чинь манай эгч А 5 хүүхэдтэй хашаандаа уулзаад байж байхаар нь “та нар манай хашаанаас гар, манай эмээ уурлаад байна" гэж удаа дараа хэлэхэд миний үгэнд орохгүй байсан. Г газар суугаад тамхи татаад миний үгэнд орохгүй байхаар нь хөлөөрөө түлхээд “босооч" гэсэн чинь босоод ирсэн. Тэгэхээр нь би Г-ийн нүүрэнд нь гараараа 2 удаа цохисон чинь Г-ийн хамраас нь цус гарсан. Би Г-т "чи өөрөө эхэлсэн шүү, би чамд зөндөө хэлсэн” гэж хэлэхэд Г цусаа угаачхаад манай хашаанаас гараад явсан. Г-ийн биед учирсан гэмтлүүдийг би гараараа нүүрэнд нь 2 удаа цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 38-39 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Ц.Г-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.
Өсвөр насны шүүгдэгч Э.М-н үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ц.Г-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Э.М нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Э.М-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд өсвөр насны шүүгдэгч Э.М нь 619,000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч шүүхийн шатанд нэмж 767,200 төгрөгийг нэхэмжилсэн тул өсвөр насны шүүгдэгч Э.М-гаас 767,200 төгрөгийг 3 сарын дотор гаргуулж насанд хүрээгүй хохирогч Ц.Г болон түүний хууль ёсны төлөөлөгч Э.Г нарт олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгч Э.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Өсвөр насны шүүдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “..Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг дүгнэлтийг сонслоо. Улсын яллагчийн гаргасан саналыг зөвшөөрч байна, маргах зүйлгүй...” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.М-д нэг зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдалд тохирсон бөгөөд түүнийг нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Х овгийн Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.М-д нэг зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг өсвөр насны шүүгдэгч Э.М-д сануулсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.М-гаас 767,200 төгрөгийг гурван сарын дотор гаргуулж насанд хүрээгүй хохирогч Ц.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Г нарт олгож, хохирогч тал цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч Э.М-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА